Ертөнцөд авлига байдгийн учир

A- A A+
Ертөнцөд авлига байдгийн учир
НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, бидний мэдэх ертөнцийн хамгийн хөгжилтэй улсуудын нэг болох Наран улсын ээлжит ерөнхий сайд авилгын гэх тодотголтойгоор огцорч байдаг. Гэтэл Ардчиллын өлгийд байрлах НҮБ-ийн дарга хүүдээ тендер өгч болдгийг, Наран улсын Ерөнхий сайд нь хөгшид, өвгөдийн даатгалын санг сонирхлоороо оролдох зовлонтойг сонсоогүй юм шиг явж огцрохыг нь тоолгүй явж иржээ бид. Учир нь Монголд тэдний ярьдаг их мөнгө хэзээ ч байгаагүй. Гэвч бид авилгажсан орнуудын тухай жагсаалтад толгой цохиж явна. Авилга гэж биднийг олон улсын дэвжээнд гутаатал тархсан эд мөн үү? Мөн бол гэтлэн давахад юу хүрэлцээтэй вэ?

Үнэндээ бол төрийн өндөрлөгт гарсан Монгол, түүнийг сонгож дэвшүүлсэн Монгол хоёр огт өөр хэлээр ярьдаг болсон учраас би ийм холоос эхэлж байгаа юм, авилгын тухай. Манай Монголд авилга бий. Яагаад авилга үүсээд байгааг ч би ухварлаж чадна. Иргэд ч бас чадна. Их хурлын гишүүн бас чадна. Чадахгүй хүн алга. Тийм учраас авилга байна гэж бүгдээрээ боддог, итгэдэг, итгэхийг хүсдэг. Өөрт нь тулаад ирэхлээр хэрэгжүүлдэг. Бүгд хэрэгжүүлээгүй юм гэхэд итгэчихсэн учраас авилга үүсгэх, санаачлах, хардахад ойгүй. Тийм ч учраас нэлэнхүй авилгын сэтгэлгээ авилгагүйн ертөнцийг хоосонтой зүйрлэж эхэлдэг. Авилгатай тэмцэх чадваргүй болдог, нийгэм өөрөө. Бүр хэтрээд, хэн нэгнийг намнах хэрэгсэл болж хувирах аюулыг бий болгож байна. Амжилтгүйдэл, азгүйтэл, бүтэлгүйтэл, буруутал болгоноо авилга гэж сүржигнэн нэрлэж ч сурсан бололтой.

Бороотой өдөр зам дээр тогтсон ус үсэрсний төлөө бүлэг цагдаа жолоочийг дарамтлахыг харсан хүн төрийг авилгажсан гэж үзнэ. Зүгээр л зарагдаж байсан махыг зах дээр очиж мөнгөөр зодож авчихаад өөрийн харъяаны лангуугаар дамжуулж өндөр үнээр эргүүлэн худалдаж байгаа улстөрчийг авилгач гэнэ. Галт тэргэнд хөх паспорт үзүүлээд явж буй албан тушаалтан хойд хөршөөс хуурамч эм зөөж хүүхэд, хөгшдийг хордуулахыг юманд чинээ бодолгүй бохир мөнгө босгохыг авилга гэнэ. Газар зохион байгуулалтын жил бүрийн төлөвлөгөөг батлуулаагүй мөртлөө газар олгоод буй Засаг дарга авилгач мөн. Хог хаягдлын мөнгийг иргэдээс, аж ахуйн нэгжээс хуу хамдаг боловч хэд дахин идэж замруулдаг дарга ч авилгач юм. Ийм агуулгаар бол Монголд авилга байна. Энэ тэгэхдээ Монгол улсыг авилгажсан орнуудын жагсаалтанд зуун хэдэд байрлуулах шалтгаан мөн үү, эсвэл байрлуулах шалтаг болж байна уу гэдэг харин бидний бодох ёстой асуудал юм. Засч шийдэх асуудал юм. Зуугаас тавьд орж ирэх, оруулахгүй байгаа бол яагаад гэдгийг асуух эрхтэй болтлоо залруулж чадах асуудал юм. Үнэндээ бол төсвийн хөрөнгө хяналтгүй, тендер хэмээх нэлээд бохир замаар хуваарилагдаж, аль эсвэл төрийн эрх мэдлийг урвуулан ашиглах гээд хууль бус үйлдлүүд энд голлож байна. Хууль зөрчснийг авилга гэж андуураад байна уу? Энэ тухай өгүүлье.

Юуны өмө сонгуулийн хууль болохгүй байна. Сонгуульд ялсан хүн бүгдийг шийддэг гэсэн горьдлого хэт их байна. Сонгуульд ялагч эцсийн дүндээ ердийн нэг “гуйлгачин” гэдгийг сонгосон, сонгуулсан талууд мартаад эхэлдэг гунигт төөрөгдөл эхний том шалтгаан болдог. Ялсан хүн баг бүрэлдүүлэх нэрээр өөрийн идсэн, идэх гэж санаархсан болгоныг нуух гэж, мартагнуулах гэж, улстөрийн болон амин хувийн хонзон авах гэж бөөн халаа сэлгээ хийдэг. Тэрийгээ сонгууль, парламентын засаглал, ардчилал хэмээн хол эндүүрдэг, бүр санаатай эндүүрдэг. Бас үүнийг ойлгосон болж туйлшрахлаараа төрийн албан хаагч нэг байрандаа байх ёстой, тогтвортой ажиллах ёстой, намын харъяалалгүй байх учиртай гээд л онолдож, хийсвэрлэж, мөрөөдөж, муйхарладаг. Монголын эн байхгүй нөхөр нам байгуулж сэмбэгнээд парламентад сууж байгаа нь сонгуулийн хуулийн буруу. Монголд тохирсон сонгууль явуулахгүйгээр, нэр дэвшигч Хэнтийд бус Монгол даяар танигдсан, эсвэл Монгол даяар хүлээн зөвшөөрөгдсөн улстөрийн хүчнийг төлөөлж байж гэмээ нь УИХ-д тоогдох учиртай. Ялсан “нэр дэвшигч” гээд төр бантагнуулах, ганцаарчилж “шоудах” боломж эрхэм “депутат”-д байх учиргүй. Ялсан хүн төрийн албанд томилогдож, сонгогдож очихдоо өөрийн улстөрийн багтай тухайн газар очих нь зүйн хэрэг. Урдаас нь мэргэжлийн гэж “товойсон” хөдөлшгүй хэдэн нөхөд угтах мөртлөө хөшүүндэх нь заваан бөгөөд зэвүүн. Удахгүй тэднийг халах, солих, хахуульдах түвшинд хүртлээ төр, засгийн механизм гацаж эхэлдэг. Нэгэнт хар сэрээр бүтсэн эрэмдэг зэрэмдэг баг авилга, эрх мэдэл, төсвийн хөрөнгийн үргүй зардлын эх үүсвэр болдог. Бүхнийг нуух, хаах мэдрэмж төрийг түмнээс зугтаалгах үндэс, эхлэл болдог. Иймээс ялсан улстөрч удирдлагын багтайгаа тухайн газар очиход мэргэжлийн хэмээх баг бэлтгэлтэй байх ёстой. Ямар ч тайлбар, буруутгал байх учиргүй. Тэр битгий хэл төрийн албан хаагч гэдэг нөхдийг нэг байр суурин дээр 3-аас хэтрэхгүй жил байлгадаг байх хэрэгтэй. Ахихгүй бол халдаг. Ахисан бол итгэж найдаад цаг үргэлж ижил зиндааны өөр ажилд дэвшүүлдэг байх хэрэгтэй. Албан тушаал дээрээ хүн 3-аас олон жил болохоор гаршаад, илүү дутууг мэдрээд эхэлдэг бололтой юм билээ. Бас ямар ч ахиц гаргахгүй байгаа ажилтанг байлгаад байх боломжгүй шиг санагддаг. Үнэндээ бол мэргэжлийн хүн гээд авто замын инженерүүд л авто замын яаманд ажиллана гэвэл дэндүү өрөөсгөл бас шударга бус зохиуцуулалт, авилга үүсэх үндэс болно. Авто зам нийтийн хэрэглээний асуудал болохоор тэр. Төрийн албан хаагчдыг 2-3 жилийн завсартайгаар яам, салбар хооронд хутгаж, тухайн ажлын байранд амжилт үзүүлээгүйг халдаг тогтолцоог нэвтрүүлэхгүйгээр авилга, төрийн албаны хүнд суртал алга болохгүй. Улстөрийн баг, тухайн салбарт ажиллах төрийн албан хаагчдын бүрэлдэхүүний харьцааг төр зохицуулж хуульчилбал зохино. 1:4 гэдэг ч юм уу. Ийм шалтгаанаар, тийм учраас авилгыг алга болгох хүсэл тэмүүллээр бодох юм бол улстөрд хүчээ үзэгчийн, сонгуульд нэр дэвшүүлгчийн чансааны асуудал чухалд орох болж байна. Улстөрчийг жалга довоос өөрөөр сонгох, худал амлалт, мөнгө төгрөг, албан тушаалын занганаас мултлах ганц арга зам нь түүнд тохирсон сонгуулийн хууль байх болно. Сонгуулийн оновчтой хуульгүйгээр авилга арилахгүй. Улаан-Үүд зорчих цэнхэр паспорттой төрийн албан хаагч хулхи эм зөөж монгол хүүхдийг хордуулах боломжийг ийм хууль л хааж чадна. Нэг үгээр бол, сонгуулийн болон төрийн албаны тухай бүдүүвчилсэн, тунхаглал шинжтэй ажиллагаагүй хуулиуд хуулийг үл хэрэгжүүлэх, хууль бус эрх мэдэл, хөрөнгө мөнгө зувчих нэг шалтгаан болж байна.

Хөгжлийн тодорхой, товч, оновчтой бодлого алга. Хэн нь мэдэгдэхгүй нэг этгээд магадгүй, төрийн мэдээлэлд илүү ойр байсан субьект тодорхой газарт мэдээллийн давуугаар лиценз эзэмшиж эхэлсэн гэж бодъё. Үүнийг сонирхогч талууд олон өөр өнцөгөөс харж байна. Уг хүн, эсвэл түүний хөрөнгө оруулагч, аль эсвэл тэднийг долдойдсон уул уурхайнхан нэг үг хэлдэг. Уурхай гэж асар эрсдэлтэй. Тэр дор юу байгааг тааж мэдэшгүй, ийм эрсдэл хийсний төлөө бүх олдсныг бид авах учиртай, тэртэй тэргүй хангалттай ажлын байр, татвар энэ тэрээр нөхөн төлбөрөө хангалттай өгсөн гэж авдаг. Төр болохоор яахаа ч мэдэхгүй зөнгөөрөө урсаж байдаг. Нэг нь Тогтвортой байдал гэж, нөгөө нь Хөрөнгө оруулалт гэж залан гэрээ байгуулах, байгуулахгүйгээ шийдэж ядан цаг барна. Ийнхүү хөгжлийн тодорхой бодлогогүйн гайгаар авилга гаднаас экспортлогдож эхлээд байна. Уул уурхайгаар дамжин лиценз наймаалах, хөрөнгө оруулах нэрээр авилга цэцэглэж байна. Монгол хүн нүүрс түлсний төлөө мөнгө төлдөггүй, өөрийн нутгаас олборлож хайлуулсан төмрөөр гэрээ барьдаг бодлогогүйгээр, энэ бодлого хэзээ эхэлж хэрэгжихийг заахгүйгээр авилга зогсохгүй. Уул уурхай авилга хөрсжих суурь болох ёсгүй. Нэгэн өгүүлбэрээр бол монгол хүн бүр тодорхой мэдэж байдаг хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын, түүний хэрэгжилтийн үе шаттай, товч, оновчтой, заавал хэрэгждэг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, хэрэгжүүлээгүй бол хариуцлага тооцогддог хөтөлбөр алга байгаа нь авилга тархах хоёрдугаар үндсэн шалтгаан болж байна.

Хуулийн хэрэгжилтийг хүчээр хангадаг тогтолцоо үгүйлэгдэж байна. Хууль хэрэгжихгүй, хуулийг сахисан нь сахиагүйн өмнө ялагдах маягийн үзэгдлүүд нийгэмд харагдаад үзэгдээд ирэхлээр авилга бий болох таатай нөхцөл бүрдэж байна. Гудамжинд, ердийн монгол өрхөд ороод асуухад л энэ тухай яриа гарах болгонд гуниг төрдөг. Энэ гунигийн шалтгаан ойрхон. Хууль зохицуулдаг бус шийтгэдэг, ноёдод цоорхойтой, номхонд халтай болсонд энэ бүхэн оршдог. Үнэндээ бол хуулийг хэрэгжүүлдэг нь энгийн иргэд болоод байгаагаас ийм үзэл бодол тарж орхижээ. Одоо буй болсон төр, захиргааны хэт нүсэр, иргэд, аж ахуйн нэгжүүдэд олон шат дамжлагатай үйлчилдэг, түүгээр дамжуулан бий болдог хүнд суртал, мэдээллээр боомилсон дээрэнгүй хандлагыг өөрчлөхгүйгээр, төрийг нээлттэй болгохгүйгээр, хуулийн үг үсэг бүрийг ёсчлон биелүүлэхгүйгээр дунд болон бага шатны авилгыг таслан зогсоох бүү хэл багасгаж ч чадахгүй юм. Мэдээлэл хаалттай, төрийн үйлчилгээ явцуу хүрээнд эргэлдэж, өргөн олон түмэнд хүртээмжгүй, хязгаарлагдмал байгаагаас төр, захиргааны байгууллагын эрхтэн дархтнууд хуулийг өмчлөх, хуулийн заалтыг өөрийнхөөрөө уншиж хэрэглэх, түүгээр дарамтлан өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргадаг нь авилга төрөх үндсэн нэг механизм болж байна. Хуулийн цоорхойг ашиглах боломж эрх дархтанд л бий. Хууль цоорхойгүй байх учиртай, хууль ард иргэдэд зориулагдсан байх ёстой, хууль үг үсэггүй хэрэгждэг байвал авилга гишгэх газаргүй болох жамтай. Аливаа Засгийн газар хуулийг дээдлэн сахидаг, ард иргэдэд нээлттэй үйлчилгээтэй, мэдээллийн чөлөөтэй орон зайтай байх ёстой. Асуудлыг шийддэг, уг шийдвэр нь хуулийн дагуу гарч, хэрэгждэг байх шаардлагатай. Хуулийн хэрэгжилтийг хүчлэн хангуулахгүй явдал газар авсан нь авилга гарах гуравдугаар шалтгаан болж байна.

Ийм гурван шалтгаан, учир гогцоог тайлж чадвал гаднын хүнээр авилгач гэж хэлүүлэлгүй нүүр бардам алхаж чадахаар байна. Тэдэнд ингэж хэлүүлдэг гээд гомдох, ичих нь нэг их чухал биш ч яагаад ийн хэлүүлж байгаагаа ухаарч авах нь илүү чухал юм. Ийм гурван шалтгааныг устгахад нийтээрээ, нийгмээрээ, төр, захиргааны болон иргэний нийгмийн байгууллагууд оролцож, аль хэдийнээ байгуулагдсан бүтэц, эрхзүйн орчиндоо дулдуйдан зүтгэвэл бид өөрсдөдөө итгэлтэй байх эрхтэй болно, чингэвэл дэлхийд бас итгэл төрнө. Авилгыг хэт хийсвэрлэж улстөржүүлэх, онолжуулах шаардлагагүй, бас огт байхгүй шиг тоомжиргүй хандаж бүр боломгүй. Авилга бол практик юм. Түүнийг хэрэгжүүлдэг хувь хүмүүс байна, гаршсан цөөн албан тушаалтан байна, өдөөдөг улстөрийн томилгооны буруу тогтолцоо байна, санаатай зохион байгуулагдсан газрын ч гэх юм уу, замын ч гэх юм уу бүлэг байж болох магадлалтай. Яг үнэндээ бол ганц Монгол ч бус дэлхий даяараа авилгад умбасан аж. Дээрх гурвыг бүгдийг шийдсэн төгс төгөлдөр хаа нэг байвал, тэр нь бидэнд хэрэгтэй байгаа бол дагацгаая, үгүй бол хоосон бурцгааж өөрсдийгөө бүү гутаа.

Дамбын Гантуяа /Улстөр судлаач, сэтгүүлч/