Албан царай ба аминд ордог авлигын тухай

A- A A+
Албан царай ба аминд ордог авлигын тухай
Манай орон, эх орон гэж сүржигнэлгүйгээр бид хэд энүүхэн зуураа их, бага ажлаа амжуулахад заавал нэг танил хэрэг болоод байх юмаа. Хэн нэг хүн ямар их олон танилтай гэж санана. Танил байхгүй бол танилын, танилын танил байж л таараа. Социализмын үед “коммун царайлсан” гэгддэгээс бусад нь бүгд алба, амины ажлаа чухамхүү олон түмэнтэйгээ гэмгүй явсны хүчээр л амжуулдаг байлаа шүү дээ. Монголд үй олноороо шургалсан тэдгээр “коммун царайлсан” этгээдүүд Зөвлөлтийн гар, хөл нарт матаасаа шууд өгдөг байснаараа тун аюултай байсан юм шиг байна лээ. Түүнээс дарга, цэрэггүй бүгдээрээ л цагаан сарыг тэмдэглэж аав, ээждээ золгохыг хүсдэг байв.

Одоо энэ АТГ авилгатайгаа яаж тэмцэх , авлигаа хөнөөх ямар арга сэдэж буй, дэлхий нийтэд авилггүй орон гэгдэхийн тулд юу хийх талаар үндэсний онцлогтой ямар нэгэн гарц олох байх. Амьдрал дээр хүү нь, эсвээс аав нь хээл хахуулын хэрэгт орооцолдвоос чигч шудрага ёсоо яс барих юм байх даа. Мөн ч хүйтэн цэвдэг сэтгэлтэй нөхөр л ингэж чадна. Төрөлх араншин увайгүй биш байх, наад захын ёс суртахуун хэвийн байх нь чанга хуулиас илүү ач холбогдолтой байдаг. Иргэдэд хэзээд авралын од хаа нэгтэй байдаг байсны хүчинд үхэхээс бусад юмны” учир” олдож байлаа. Гэхдээ одоо ингэж найзан дундаа хуулийг маазруулж явдаг цаг нэгэнт өнгөрчээ.

Хувийн шүдний эмнэлэгт шүдээ авхуулах шат дараалсан хувилбар байдаг. Үнэ тарифийг хараад л хэл амгүй эрэмбээрээ их бага ёолох боломж бүрдсэн. Ихэнх төрийн ба төрийн бус үйлчилгээг шүдний эмнэлэг шиг албан ёсоор үнэлээд өгчихвөл тэндээс авилгын хэрэг олдохоо байна. Тэгвэл ядарсан нэг нь байнга ёолоод л байх уу гэж гэж эх орончид ам тагладаг. Тэр яагаад ядуу амьдарсан нь сэжигтэй болохоос”Орон бүхний...” ядарсан болгоны төлөөх нийгэм энд огтоос алга болоод 17 жил болжээ. За тэгээд цааш нь эмнэлэг, сургууль, цагдаа, мэрэгжлийн хяналтын байгууллага, шорон, шүүх хувьд очих, хувьчлагдахгүй нэг нь аж ахуйн тооцоонд ороод эхэлбэл дэлгүүрийн худалдагчаас үнэгүй бараа авах, авилгадах хоёр ын ялгаа адилхан болох ч юм шиг. Хувийн хэвшил их зонхилж байна. Тэдний дунд авилга гэсэн ойлголт ер байдаггүй. Хэдэн бор төгрөгнөөс үзэл бодлоо сольсон сэтгүүлч маргааш нь олонгүй болж хэн ч тоохоо больж буй нь монгол цөөхний харгай л даа.

Авилга хаана их вэ гэсэн судалгааг харж байхад мэдээж төрийн ба улсын байгууллагууд ярайтал бичигддэг. Аливаа зөвшөөрөл олгогч, зөвшөөрөлийн дагуу үлэмж орлого бий болгогч газруудыг төр зориуд бий болгон түүн дээрээ эрх баригчид өөрсдийн хүнээ байршуулсан байдаг. Сүүлийн жилүүдэд зөвхөн нийслэлд нэгэн газар,нэгэн компани барилга барихын тулд 150 ширхэг их бага хүнд сурталтны амыг хаах хэрэг гарч байна. Эдний аль нэгийг тоолгүй орхивол ихэд гомдохоор барахгүй тоогдохын тулд юу ч хийхээс үл буцна. Тэгэхээр нэг үнэнч найзтай урьд нь болоод байсан бол одоо 150 худлаа найз гараад ирэв. Тэд нар руу харж инээсэн болгон гарч ирээд “Цаана чинь авилгал аймаар болжээ” хэмээн эзэн биегүй хашгирч байна. Авилгалд хамгаа барсан хүн хашгаралгүй яахав. Гэхдээ авилгатай тэмцэнэ гэдэг тэдний төлөө үйлчлэх ёстой ч юм биш. Сайндаа л нэг “Баатар”-ыг шоронд хийж хонзонгоо авах төдий. Тэгэхээр АТГ-ын хийх ажлын тал нь “гарын үсэг”-ийг хэрхэн цөөлөх вэ гэдэгт хандах ёстой боловуу. Мянга мянган бухан бяруунууд юу идээд таргалчихав гэж хардаж суухын оронд ганц бодон гахайг хотол түмнээрээ ажиглах амар аа. Гааль, мэргэжлийн хяналт зэрэг хянадаг байгууллагуудын ихэнх бүтэц хувьд шилжвэл шийдвэр гаргагч нарын булхайг хар аяндаа ухаад гаргаад ирнэ. Нэг нөхөр “Цианит натри” хилээр оруулж ирэхэд түүнийг илрүүлснийхээ төлөө үнийн дүнгийн талыг нь цохьдог хувийн компани ядаж барьсан ангаа мөд тавихгүй их зууралдана даа.

Өөр нэг санаа бол төрийн бүх байгууллагад хяналтын камер суурилуулах. Камерын нөгөө үзүүрт дээд шатны удирдлага, сонин хэвлэл, цагдаагийнхан дуртай үедээ хараад сууж байг. Супермаркетууд бараагаа хулгайчид алдахгүйн тулд эзэд нь өрөөндөө камер руугаа хялалзаад байж байдаг. Тэр дэлгүүрт бас л нэг бичил засаглал явагдаж байгаа бөгөөд дампуурахгүйн тулд ийм аргыг сонгосон.Манай дунд гарын түшмэд ажлын өрөөгөө ийм хяналттай болчих вий гэхээс үнхэлцгээ хагартал айдаг. Гудамж талбайг камержуулбал бүх төрлийн цагдаа нар цалингаараа яаж амьдрахыг нь харах боломж гарна. Энэ мэтчилэн төрийн ба улсын ажлыг мөнгө идэх шансгүй болгоод орхихоор ясны төрийн хар хүн биш мөртлөө тийшээ зүтгээд байдаг сонин сонин дарга нараасаа ангижрана.

Сэтгүүлч Ж.ГАНГАА