Н.Баясгалан: Харилцан үр ашигтай олон улсын хамтын ажиллагааны үндсэн дээр авлигатай амжилттай тэмцэнэ /2011.07.08/

A- A A+
Н.Баясгалан: Харилцан үр ашигтай олон улсын хамтын ажиллагааны үндсэн дээр авлигатай амжилттай тэмцэнэ /2011.07.08/


-Манай улс одоогоор дэлхийн хэчнээн улс орнуудтай, авлигатай тэмцэх байгууллагуудтай нь хамтын ажиллагаатай вэ. Ямар чиглэлүүдээр хамтран ажиллаж байна вэ?


-БНСУ, БНХАУ, Хонгконг-Макао, ХБНГУ, ИБУИВУ, Индонези, Австрали, АНУ зэрэг улс, орнууд болон эдгээр улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагуудтай харилцаа тогтоосон.

Дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэх чиглэлээр ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд харилцан, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг бүх талаар эрмэлздэг. Сайн туршлагаасаа солилцох, албан хаагчдаа харилцан сургах, туршлага судлуулах, сургалтад хамруулж, мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэх, шалгагдаж буй эрүүгийн гэмт хэрэг дээр эрх зүйн туслалцаа авах, боловсронгуй болсон хууль эрх зүйн зохицуулалтуудыг судалж, нэвтрүүлэх зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагаа тогтоодог. Монгол улсын Авлигатай тэмцэх газар ч мөн хамтын ажиллагаа тогтоосон улс орнуудтай дээр дурьдсан чиглэлүүдээр хамтран ажиллаж байгаа. 2005 онд батлагдсан Авлигын эсрэг НҮБ-ын конвенци нь гишүүн орнуудыг авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр өргөн хүрээнд харилцан мэдээлэл солилцон техникийн туслалцаа үзүүлэх зэргээр идэвхтэй хамтран ажиллахыг уриалаад зогсохгүй, конвенцид нэгдэн орсон улс орнуудын хооронд эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаагүй байгаа тохиолдолд ч гэсэн конвенцийн холбогдох зүйл заалтыг баримтлан авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан бие биедээ хамгийн өргөн хүрээнд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлж ажиллах эрх зүйн орчин, боломжийг бий болгож өгсөн юм. Энэ дагуу гэхэд л одоогоор манай байгууллагын мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж буй эрүүгийн хэрэг дээр эрх зүйн туслалцаа авах тухай хүсэлтийг Хонг Конг, БНСУ, АНУ-ын холбогдох албадад зохих шугамаар тус тус хүргүүлж холбогдох хариуг аван ажиллаж байна.

-Хамтын ажиллагаа тогтоож, хамтарч ажилласны үр дүн гарч байна уу?

-Дэлхий нийтийг хамарсан даяарчлалын үйл явцын нөлөөгөөр авлигын төрлийн гэмт хэргүүд ч мөн глобалчлагдаж хил хязгааргүй болсон хэдий ч хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд улс орнуудын хил хязгаар ихээхэн хүндрэл учруулж байгаа. Тиймээс идэвхтэй, харилцан үр ашигтай олон улсын хамтын ажиллагааны үндсэн дээр авлигатай амжилттай тэмцэнэ гэсэн үзэл баримтлал дээр сүүлийн үед олон улсын хамтын нийгэмлэг санал нэгдсэн. Манай улс ч бас үүнээс хоцрох ёсгүй. Иймээс Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтэс нь байгууллагын гадаад харилцаа болон олон улсын эрх зүйн асуудлуудыг нэгтгэн хариуцаж зохион байгуулах чиг үүрэг хүлээдгийн хувьд гадаад улс орнуудын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон олон улсын байгууллагуудтай холбогдож, хамтарч ажиллах хүсэлтээ илгээдэг. Мөн манай байгууллагад гадаад улс орнуудаас хамтарч ажиллах талаар хүсэлт ирдэг. Хүсэлтийг судалж үзээд, харилцан санал солилцон ажилласнаар хамтын ажиллагаа тогтоон, хамтын ажиллагаагаар тохирсон ажлуудаа хийж гүйцэтгээд явахад үр дүн гарна. Ер нь улс орны дотоод дахь ардчиллын институц, үнэт зүйлсийн тогтвортой байдал, тасралтгүй хөгжил, түүнчлэн олон улсын болон бүс нутгийн түвшин дэх авлигын эсрэг, шударга ёсны төлөө санал санаачлага, арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцох, нээлттэй бодлого барьж ажиллах нь манай орны хувьд авлигатай тэмцэх салбарт амжилт гаргах хамгийн чухал, гол хоёр томоохон хүчин зүйл юм. Иймд цаашид бид гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллана.

-Тайландын Авлигын эсрэг үндэсний комиссын ерөнхийлөгч бүрэлдэхүүний хамтаар энэ өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байна. Тайландын Авлигын эсрэг үндэсний комисстой мөн дээр дурьдсан чиглэлд хамтран ажиллах уу?

-НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн үзэл баримтлалын хүрээнд Монгол улсын Авлигатай тэмцэх газар болон Тайландын Авлигын эсрэг үндэсний комисс хоорондын харилцаа, хамтын ажиллагаагаа ойртуулан хөгжүүлэх үүднээс харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж байгаа. Энэ ажлын хүрээнд төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай ажлын уулзалт хийхээс гадна УИХ-ын даргад бараалхаж, тус улсад авлигатай хэрхэн тэмцдэг талаар санал бодлоо солилцох юм.