Бид авлигыг хэрхэн ойлгож байна вэ?

A- A A+
Бид авлигыг хэрхэн ойлгож байна вэ?
Өнөөгийн нийгэмд Бид бүх шатандаа “авлига” гэх улс төр, эдийн засаг, чөлөөт хэвлэл, боловсрол, эрүүл мэнд, хууль, шүүх эрх мэдэл, бүртгэл хяналтын гээд бүхий л салбарт нүүрлэсэн, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа үзэгдлийг зөвхөн өгч, авалцдаг хээл хахуулийн түвшинд буруу ойлгоод байна.

Энийг би хувьдаа мөн л авлига шигээ аюултайд тооцож байна. Манай хууль тогтоогч, санаачлагчид уг нь “авлига” гэж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж ашиг хонжоо олох, бусдад хууль бус давуу байдал олгох, тэр давуу байдлыг олж авах зэрэг үйлдлүүд эс үйлдхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгоорой гээд Авлигын эсрэг хуулиар тодорхойлон хуульчилсан.
Та бидний авлигын эсрэг тэмцэл түүнийг яаж ойлгохоос шууд хамааралтай. Зарим судлаачид “...авлигатай тэмцэх явдал нь эрх мэдэлтэй тэмцэхтэй адил, тэр нь төр. Тэгэхээр төр өөрөө өөртэйгээ тэмцэнэ гэсэн үг, бүх ялалтуудаас хамгийн хэцүү ялалт нь өөрөө өөрийгээ ялах...” гэсэн утгаар асуудлыг харж байхад өөр нэг нь “... нэг талаас гэмт хэргийн ертөнцийн ул суурь болсон хувийн болон хэсэг бүлгийн хүмүүлэг биш, шудрага бус эрээ цээргүй ашиг сонирхол, нөгөө талаас нийтийн эрх, эрх чөлөө, аюулгүй байдлын баталгаа төр, эрх зүйт тогтолцоо энэ дэлхийд мөнхөд эвлэршгүйгээр оршин байж ирлээ. Гал ус мэт ертөнцийн жам ёсны энэхүү 2 талын дунд авлига гэгч бий болсноор төр нь сохор болж, увайгүй хэсэг бүлэг нь түүний таяг болон харанхуй ангал руу чиглүүлж эхэллээ...”, “...авлига бол ард түмнээс авдаг нэмэлт татвар, гэхдээ энэ татварыг татвар төлөгчөөс гадна өлгийтэй бяцхан үрс хүртэл төлж байна...” гэх зэргээр авлигын мөн чанарыг тодорхойлж байна.

Албан тушаал буюу төр, түүний байгууллагаас иргэний зарим эрхийг хязгаарлан байж, итгэл үзүүлэн олгосон тодорхой эрх мэдлийг урвуулан ашиглаж өөртөө болон бусад этгээдэд “ашиг хонжоо, давуу байдал” гэх материаллаг, материаллаг бус ашигтай байдал бий болгосон бол авлигад хамаарах эрх зүйн зөрчил гаргажээ гэж үзнэ.

Мөн төр, түүний байгууллагын эрх ашгийн эсрэг, эсвэл хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгоор албан үүргээрээ хүлээсэн хийх ёстой үйлдлээ хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг авлига гэж үзэж байхаар Авлигын эсрэг хуулиар төр өөрийн бодлогоо хуульчилан гаргасан.

Авлигын эсрэг хуульд заасан “аливаа эрх зүйн зөрчил” хэмээх өргөн ойлголт дотор нь нөгөө авлига гэж ойлгоод байгаа хээл хахууль, албан тушаалын гэмт хэргүүд багтаж бүрэлдхүүн хэсэг нь л болж байгааг харж болно. Өөрөөр хэлбэл авлигын зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байхаас гадна эрх зүйн зөрчлийн хэлбэрээр илэрнэ.

Тиймээс авлигыг дотор нь авлигын гэмт хэрэг, авлигын шинжийг агуулсан бусад эрх зүйн зөрчил гэж ангилан авч үзье.

Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар АТГ-ын мөрдөн байцаагчид харъяалуулсан гэмт хэргийг авлигын төрлийн гэмт хэрэг (хээл хахууль, албан тушаалын гэмт хэргүүд) гэж үзэх эрх зүйн орчин өнөөдөр үйлчилж байна. Эрүүгийн хуульд заагаагүй олон төрлийн гэмт явдлыг (гэмт хэргийн замаар олсон мөнгийг угаах, хууль бусаар баяжих, хөрөнгө орлогоо нуух гэх мэт) НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцид нийцүүлэх замаар гэмт хэрэгт тооцох асуудал яригдах болсон ч одоогоор эрх зүйн орчины гадна байна. Эрүүгийн хуулинд заасан гэмт явдлыг л гэмт хэрэг гэж үзнэ шүү дээ.

Тэгвэл авлигын зөрчил гэж юу вэ?

Онол талаас бол авлигын үйл ажиллагаатай холбоотой гарч буй захиргааны болон сахилгын зөрчлүүд, харин практик дээр авлигын эсрэг төрийн бодлого, шийдвэр хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй л гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл авлигын гэмт хэргийн бүрэлдхүүнгүй боловч тодорхой санаа сэдэл, зорилгоор өөртөө болон танил талдаа, тал тохой татаж ашиг хонжоо, давуу байдал олгох, олж авах хууль зөрчсөн, шудрага бус явдал юм.

Энэ нь төгс үйлдэгдсэн авлигын гэмт хэргийг хэд дахин нугалахуйц их хэмжээгээр гарч нөхцөл байдлыг хүндрүүлсэн бодит хүчин зүйл болчихсон үзэгдэл. Тулгамдсан боловч эрх зүйн орчны гадна байгаа асуудал гэдгээр харж арга баран суух хэрэггүй бөгөөд хуулиа зөв хэрэгжүүлж, ашиглан арга, замаа олж түүнтэй тэмцэж болно. Зүгээр л иргэний, улс төрийн хүсэл зориг гарга, тэгж чадвал шийдэх арга нь арга замаа олох, эхлэх л юм билээ. Боломжууд байна. Хамгийн энгийн арга зам нь ил тод байх зарчимд тулгуурлан авлигын зөрчлийг нотлоод хэвлэл мэдээллийн хэрэгслийг хуулийн дагуу мэдээллээр хангая. Энэ арга одоохондоо зөвхөн жишээгээрээ үлдэг.

Сонирхолын зөрчлийн тухай хууль, тогтоомжгүй одоо үед (Төрийн албаны тухай хууль, ёс зүйн дүрмүүдийн ганц нэг заалтыг эс тооцвол) авлигын шинжтэй зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох эрх зүйн зохицуулалт хангалтгүй боловч тодорхой хэмжээнд байна гэж үзэж байна. Эдгээр зөрчлүүд нь хууль бусаар мөнгө хандив цуглуулах, түүнийгээ дур мэдэн захиран зарцуулах, хүнд суртал буюу “хийх ёстой үйлдлийг хийхгүй” байх, “эдийн бус ашигтай байдал” буюу давуу байдал бий болгох, эрх мэдэл төвлөрүүлэх, ашиг хожоо олоход чиглэсэн шийдвэр, дүрэм, журам гарган мөрдүүлэх, албан тушаалтанд хуулиар хориглосон зүйлийг зөрчих зэргээр илэрч байна. Хамтын буюу олонхийн шийдвэр гэдэг хариуцах эзэнгүй тендер, сонгон шалгаруулалтын зөвлөл, хорооны тухай хөндөөгүй байгааг анзаарна уу.

Авлигын нөхцөл байдал (авлигын гэмт хэргийн нөхцөл байдал биш)-д нөлөөлж буй өөр нэг асуудлыг энгийнээр нь авч үзье. Хууль сайн мэддэг, судалсан, эсвэл сайн хуульч, өмгөөлөгчтэй бол өдүүлсэн хэрэг нь гэмт хэрэг болохгүй л дээ гэсэн олон нийтийн ойлголтын цаана “сайн” яваа нэгнийг манай тэр тэгнэ ээ, одоо ч дийлдэхгүй ээ мөнгөтэй юм чинь, ах нь сайд юм хойно арга байж уу, сонгуульд мөнгө хаясан юм тэгэлгүй яах вэ эрх нь байгаа хойно гэсэн байдлаар “талд” нь орж хүлээн зөвшөөрөх хандлага илүүрхэж байна. Энэ нь гэмт хэрэг л болчихгүй бол ойр зуурын “ ялыг нь үүрээд ямбаа эдлэх” асуудал байна шүү дээ, эсвэл “улсад 10 саяийн ашиг орууллаа 100-г нь...” гэх сэтгэхүй албан тушаалтанд өөрийн мэдэлгүй л суулгаж амжина.

Шүүхээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй л бол “бусад төрлийн хариуцлага” гэж санаа зовох хэрэггүй, үндсэн хуулийнхаа алтан эрхийг эдлээд бушуухан ажилдаа эргэн орно. Харин бусад улс орнуудад захиргааны, сахилгын, ёс зүйн гээд тохирсон шийтгэлээ хүлээнэ, итгэл үзүүлэх эсэх тухай асуудал яригдана.

Би реферат, диссертаци бичиж буй оюутан, судлаач шиг уншиж мэдсэн эх сурвалжаа тоочиж цаг авах хэрэг алга л даа. Гадаад улс орнуудын болон олон улсын байгууллагуудаас явуулж буй бодлого, арга хэмжээ юунд чиглээд байгааг хувь хүний үүднээс ч ажлын шаардлагаар ч цахим мэдээлэл хөгжсөн өнөө үе өдөр бүр хараад байхыг шаардаж байна шүү дээ.

Иймээс энэ асуудлыг улс төрчид, эрдэмтэн судлаачид анхааралдаа авч, хуульчид, оюутан залуус сонирхон судлах нөхцлийг бүрдүүлээсэй, гол нь уг асуудлаар чөлөөт хэвлэл, мэдээллийн хэрэгсэл дагнасан бодлоготой байгаасай гэж хүсч байна.

Эцэст нь хууль зөрчигчид ногдох хариуцлага зөвхөн эрүүгийн шийтгэл, эсвэл гаргасан шийдвэр нь хүчингүй болоод өнгөрөх явдал биш. Энгийнээр хэлбэл гэмт хэргийг шалган тогтоох, шийдвэрлэх, шүүхэд олон шат дамжлагатай хэцүү, нарийн асуудал, харин хууль зөрчсөн асуудлыг тогтоогоод итгэл хүлээлгэх эсэх асуудлаар сахилгын болон захиргааны хариуцлага /халах, чөлөөлөх, торгох гэх мэт/ хүлээлгэх, олон нийтэд мэдээлэх нь одоохондоо тийм ч шийдэгдэхгүй асуудал биш юм. Эцсийн үр дүн хаана нуугдаж байгааг хамтдаа олцгооё .

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан