Авлига, хүнд сурталтай хийх тэмцэл хөдөөд эхэлжээ

A- A A+
Авлига, хүнд сурталтай хийх тэмцэл хөдөөд эхэлжээ
Авлига, хээл хахууль, хүнд суртал гэдэг зөвхөн Улаанбаатарт байдаг зүйл биш хойно нийгмийн энэ гажуудалтай хөдөөд ч бас тэмцэл хийх нь мэдээжийн хэрэг.

Тиймээс авлига, хүнд суртлыг газар авахуулахгүй байх, авлигаас урдчилан сэргийлэх ажлыг хийх зорилготой төрийн бус байгууллагын сүлжээ 21 аймагт байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Авлигатай тэмцэх газраас санаачилснаар төрийн бус байгууллагын сүлжээ байгуулагдсан бөгөөд тус сүлжээнийхэн авлига, хүнд сурталтай тэмцэл хийх ажилдаа тус газраас чиглэл зөвлөмж авч үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Төрийн бус байгууллагын сүлжээдэд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулахад нь дэмжлэг үзүүлэх, сүлжээний ажилтнуудын мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд хийх ажлынх нь чиглэлээр зөвлөмж өгөх зорилгоор Авлигатай тэмцэх газар сургалт, семинар зохион байгуулдаг бөгөөд өнгөрөгч гурав, дөрөвдүгээр сард төвийн болон зүүн бүсийн аймгуудад, харин энэ тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд Ховд аймагт баруун бүсийн аймгуудыг хамруулан сургалт зохион байгууллаа.

Сургалтад оролцохоор Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай гэсэн баруун бүсийн таван аймаг дээр нэмэгдээд Баянхонгор аймгийн Төрийн бус байгууллагын сүлжээний ахлагч, ажилтан нийлсэн 30 гаруй хүн Ховд хотноо цуглаж, орон нутагт төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, хөнгөн шуурхай үзүүлдэг орчинг хэрхэн бүрдүүлэх талаар, мөн төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон нутгийн удирдлагын үйл ажиллагаанд иргэдийн хяналтыг бий болгох замаар авлига, хүнд суртал, чирэгдлийг таслан зогсоох үр дүнтэй арга замуудын талаар хэлэлцсэн.

Ховд аймгийн хувьд арван төрийн бус байгууллагын 41 хүнтэй сүлжээ ажиллаж, иргэдээс төрийн байгууллагын хүнд сурталтай, чирэгдэлтэй үйлчилгээний талаар санал гомдлыг нь 21969 дугаарын утсаар, мөн саналын хайрцгаар хүлээж авдаг бол Баян-Өлгий аймагийн хувьд иргэдэд төрийн ямар үйлчилгээ хүрэхгүй байгааг орон нутгийнхаа хэвлэл мэдээллээр дамжуулан аймгийн удирдлагадаа нээлттэй мэдээлэхийг чухалчилдаг байна.

Төрийн бус байгууллагын сүлжээд энэ мэтчилэнгээр үйл ажиллагаагаа явуулахад нь Авлигатай тэмцэх газраас арга зүйн туслалцаагаар хангаж, дэмжлэг үзүүлж ажиллах юм. Дэмжлэг үзүүлнэ гэдэг нь Төрийн бус байгууллагын сүлжээдийн үйл ажиллагааг байнгын, тасралтгүй, аймгийн ард иргэдэд хүртээмжтэй, өгөөжтэй байхад чиглүүлж байна гэсэн үг.

Төрийн бус байгууллагуудын сүлжээ орон нутагт ажиллаж эхэлснээр төр үйлчилгээгээ ард иргэдэд хөнгөн шуурхай хүргэх ажлын эхлэл хөдөөд тавигдсан байна гэж сургалтыг зохион байгуулсан Авлигатай тэмцэх газрын Урдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан Д.Дуламсүрэн ярьж байлаа. Төрийн бус байгууллагын сүлжээд авлига, хүнд суртлыг өдөөгөөд байгаа дүрэм журам байна уу, тийм дүрэм журмыг төрийн байгууллага гаргаж байна уу гэдгийг судалж тогтоон, өөрчлүүлэхээс эхлээд цөөнгүй ажил хийж эхэлснийг тэрээр мөн хэлж байлаа. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлж байгаагаас эхлээд төрийн бус байгууллагын сүлжээнийхний хийхээр зорьж тэмүүлсэн ажил чамлахааргүй их гэнэ. Гагцхүү төрийн бус байгууллагын сүлжээд үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж, тэдний ажлыг иргэд, төрийн байгууллагууд ойлгож, дэмжин хамтын ажиллагаагаа хөгжүүлэх л одоо чухал байгаа ажээ.

“Нийгмийн толь” сонин