Төрийн байгууллагын мэдээлэл дээд зэргээр нээлттэй байвал олон нийтийн хяналт төдий чинээ сайн болно

A- A A+
Төрийн байгууллагын мэдээлэл дээд зэргээр нээлттэй байвал олон нийтийн хяналт төдий чинээ сайн болно
Дундговь аймгийн төв Мандалговь хотноо говийн бүсийн аймгууд буюу Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн төрийн захиргааны байгууллагын ажилтнууд, тухайн аймгуудад үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэдийг оролцуулсан “Орон нутгийн удирдлагын үйл ажиллагаанд шударга ёс, ил тод байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдэвт сургалт, семинар болж өнгөрлөө.

Авлигатай тэмцэх газраас авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг нэгдсэн бодлого, чиглэлээр аймаг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, энэхүү арга хэмжээний нэг хэсэг болгон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шударга ёс, ил тод байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх нь“ төсөлтэй хамтран шударга ёс, ил тод байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах арга зүйг орон нутгийн төрийн захиргааны байгууллагын ажилтнуудад эзэмшүүлэх зорилгоор бүсчилсэн сургалт, семинарыг аймгуудад зохион байгуулж байгаа юм.

Энэхүү сургалт, семинарыг өмнө нь Төв, Хэнтий, Дархан-Уул аймгуудад бүсчилсэн байдлаар зохион байгуулсан юм.

Шударга ёс, ил тод байдлыг хангах төлөвлөгөөтэй болох нь ямар ач холбогдолтой вэ?

Төлөвлөөгүй, урсгалаараа явж байгаа ажил үр дүнд хүрдэггүй. Энгийн хэрнээ энэ үг ихийг өгүүлж байгаа.
Ямар ч ажлыг төлөвлөж, төлөвлөгөөнийхөө дагуу хийх нь бодит үр дүн гарахад сайн нөлөө үзүүлж, энэ утгаараа хүнд хүрэх нь ч илүү. Үйл ажиллагааг төлөвлөснөөр богино, дунд, урт хугацаанд гарах үр дүнг урьдчилан харах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ аймаг, орон нутаг, байгууллагынхаа хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлон, дараа дараагийн ажлыг систем, дэс дараатай авч хэрэгжүүлэх үндэс нь болно.

Манай төрийн байгууллагууд олон үйл ажиллагааг зохион байгуулдаг боловч иргэдийн зүгээс төрийн байгууллагуудын ажилд шүүмжлэл гарч байдаг. Хэрэгцээ шаардлагаа үндэслэн яг хийх ёстой ажлаа зөв төлөвлөж, түүнийгээ ажил хэрэг болгох байдал дутмаг байдгаас ийм байдал үүсдэг байж болзошгүй юм.

Шударга ёс, ил тод байдлыг хангах төлөвлөгөөтэй болж, түүнийгээ хэрэгжүүлэх нь магадгүй, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, авлига, хүнд суртлаас урьдчилан сэргийлэх нэг арга хэрэгсэл болох учиртай.

Сургалтын үр дүн
Шударга ёс, ил тод байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг дээр дурдсан аймаг бүрт ажиллаж байгаа байгаа бөгөөд ажлын хэсгийн төлөвлөгөө боловсруулах чадавхи нэмэгдсэн байх нь уг сургалтын гол үр дүн болно.

Сургалт, семинар зохион байгуулснаар гарах үр дүнгийн талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шударга ёс, ил тод байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх нь“ төслийн үндэсний зохицуулагч Ч.Энхбатаас тодруулахад,
-Хоёр өдөр сургалт, семинар хийхдээ төлөвлөгөө боловсруулах арга зүйг эзэмшүүлэх зорилгоор хичээл зааж байна. Мөн төлөвлөгөө боловсруулах дадлага хийлгүүлж, төлөвлөгөөнд нийтлэг тусгаж хэрэгжүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт гаргуулж байна. Аймгууд төлөвлөгөөнд нийтлэг тусгаж хэрэгжүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт гаргахдаа чухам ямар ажил үйлчилгээг хийх вэ гэдгийг иргэдийн дунд судалгаа явуулж тодорхойлох хэрэгтэй.

Сургалт, семинар зохион байгуулснаар төлөвлөгөө боловсруулах арга зүйг зааж, эзэмшүүлж байгаа төдийгүй төлөвлөгөө боловсруулах бэлтгэлийг хангуулж байна.

Тэрээр мөн, аймгуудын төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгээс гадна сургалтад оролцсон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид, иргэд, “Ийм төлөвлөгөө боловсруулах ажил манай аймагт зохион байгуулагдаж байна” гэдгийг иргэддээ мэдээлж, энэ ажилд иргэдийг татан оролцуулах шаардлагатайг онцолж байсан төдийгүй “Орон нутгийн удирдлагын үйл ажиллагаанд шударга ёс, ил тод байдлыг хангах төлөвлөгөө” нь захиргаа юмуу, удирдлагын байгууллагынханд бус иргэдэд зориулагдсан, иргэдийн төлөө хийх ажлын төлөвлөгөө гэдгийг хэлж байлаа.

Төлөвлөгөөнд нийтлэг тусгаж, хэрэгжүүлэхээр гаргасан санал санаачилгууд...

Дундговь аймагт зохион байгуулсан “Орон нутгийн удирдлагын үйл ажиллагаанд шударга ёс, ил тод байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах арга зүй” сургалтад оролцогчид

-төрийн захиргааны байгууллагуудаас ямар нэг шийдвэр гаргахдаа иргэдийн санал санаачилгыг тусгах буюу иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шударга явуулах, иргэний нийгмийн байгууллагуудаар төрийн үйлчилгээний байгууллагуудын тодорхой төрлийн үйлчилгээнд хөндлөнгийн хяналт, шинжилгээ хийлгүүлж, зөрчил дутагдлыг мэдээлэх, жил бүрийн эхээр иргэний чуулган зохион байгуулж, аймгийн тухайн жилийн бодлогыг тодорхойлох зэргээр олон ажлыг хийхээр санал санаачилга гаргаж байв. Түүнчлэн, төрийн байгууллагын мэдээлэл дээд зэргээр нээлттэй байвал олон нийтийн хяналт төдий чинээ сайн байж, авлигатай тэмцэж, хүнд суртлыг арилгаж чадах учраас төрийн байгууллагууд мэдээллээ ил тод, нээлттэй байлгах шаардлагатай гэдгийг сургалтад иргэдийг төлөөлж оролцсон хүмүүс хэлж байсан.

Оролцогчдын зүгээс гаргасан энэхүү санал санаачилгууд аймгуудын шударга ёс ил тод байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийнхэнд хэрэгцээ шаардлагаа зөв тодорхойлоход нь нэмэр тус болно гэдгийг сургалт, семинарыг зохион байгуулагчид хэлж байлаа.

Авлигаас урьдчилан сэргийлэх ажил улс орон даяар...

2008 оны эхээр Авлигатай тэмцэх газар Монгол Улсын Засгийн газартай хамтран Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, Ерөнхий сайдын захирамжаар батлуулан мөрдөж байгаа. Энэ төлөвлөгөөний нэг арга хэмжээ нь яам, агентлагууд болон, төрийн байгууллагуудыг авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөтэй болгож, төлөвлөгөөний биелэлтийг хянаж, үнэлгээ өгөх замаар авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх явдал билээ.

Анхны төлөвлөгөө боловсруулах ажил эхлэхээс өмнө яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар, ажил хариуцсан мэргэжилтнүүдийг сургалтад хамруулан, төлөвлөгөөг хэрхэн боловсруулах талаар сургалт хийжээ.

Үүний үр дүнд эдүгээ бүх яам, агентлаг авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болон ажиллаж байгаа юм. Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлаа жил бүр тогтмол төлөвлөж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлж ажиллаж байгаа төдийгүй төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ өгөх ажил хийгдэх зэргээр шат шатанд ахиц дэвшил гарч байна.

Яам, агентлагийн түвшинд Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө ийнхүү хэрэгжиж байгаа бол орон нутагт шударга ёс, ил тод байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах арга зүйг эзэмшүүлэх сургалт семинар болж байна.

Цаашид бүх аймгууд энэхүү сургалт, семинарт хамрагдсанаар аймаг болгон “Шударга ёс, ил тод байдлыг хангах төлөвлөгөө”-тэй болж, тэрхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлснээр Монгол Улс даяар авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн бодлого, чиглэлээр хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.