АТГ-ын өргөмжит зөвлөх Тони квок: Авлигатай тэмцэхэд зөвхөн ганц байгууллагад найдаж болохгүй, бүгд төлөвлөгөөтэй байх ёстой

A- A A+
АТГ-ын өргөмжит зөвлөх Тони квок: Авлигатай тэмцэхэд зөвхөн ганц байгууллагад найдаж болохгүй, бүгд төлөвлөгөөтэй байх ёстой
Иргэдийн амьдралд дарамт учруулдаг авлига авхайн эсрэг Монгол Улсын төрийн захиргааны бүх байгууллага нэгдэж эхэллээ.
“Авлигатай тэмцэхэд зөвхөн ганц байгууллагад найдаж болохгүй” гэж Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын өргөмжит зөвлөх ноён Тони Квок хэлсэн. Тэрээр НҮБ-ын Шинжээчдийн бүлгийн гишүүн, Азийн сангийн зөвлөх гээд бичээд байвал урт сонгуультай нэгэн.

Гаалийн байцаагчаар ажиллаж байсан залуу 1975 оноос эхлэн Хонконгийн Авлигын эсрэг бие даасан хороонд орж байцаагчаар ажиллаж нэг л мэдэхэд дэд дарга болчихсон явсан. Нийгмийн шударга ёсыг алдагдуулдаг авлигын эсрэг эрчтэй ажиллаж чадсан тул Квокыг олон орны төр засгийн тэргүүнүүд урьж үгийг нь сонсдог юм билээ. Голдуу Азийн орнуудад зөвлөхөөр ажиллаж ирсэн түүний арвин туршлагаас дэлхий нийт суралцах хүсэлт байнга ирүүлдэг гэсэн. Тэрээр Монголд ирж ажиллад хоёр жилийн нүүр үзжээ.

Авлигатай тэмцэхийн тулд төлөвлөгөө хэрэгтэй. Яам, агентлаг бүр өөрийн байгууллагын онцлогт тохирсон, авлигаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй ажлын төлөвлөгөө боловсруулан АТГ болон ЗГХЭГ-т ирүүлсээр байна. Өчигдрийн байдлаар Цагдаагийн ерөнхий газар, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам зэрэг 18 байгууллага “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-гөө гарган АТГ-т ирүүлээд байна. Дээр өгүүлсэнчлэн “Авлигатай тэмцэхэд зөвхөн ганц байгууллагад найдаж болохгүй” гэсэн санаа ноён Квокийн ачаар ийн ажил хэрэг болж байгаа нь энэ.

Иргэн бүрийг “авлигын татвар төлөгч” болгохгүйн тулд өнгөрсөн дөрөвдүгээр сард АТГ, ЗГХЭГ хамтран бүх яам, агентлагийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга нарыг “Авлигын эсрэг ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, сайжруулах арга зам” сэдвээр семинарт оролцуулсан. Үр дүн нь “Яамдын авлигаас урдчилан сэргийлэх дөрвөн тулгуурт ажлын төлөвлөгөөний санал”-ыг боловсруулсан юм.

Авлигаас болж улс орны эдийн засгийн хөгжил буурдаг гэж мэргэжилтнүүд дүгнэсэн нь бий. Эдийн засгын хөгжлөө сааруулахгүй тулд авлигаас урьдчилан сэргийлэх дөрвөн тулгуурыг ёс зүйтэй манлайлал, хувь хүний шударга байдал, тогтолцооны шударга байдал, хяналт шинжилгээ болон хариуцлага гэсэн чиглэлээр тодорхойлжээ.

Дээрх дөрвөн чиглэлийн дагуу яам, агентлаг бүр боловсруулсан төлөвлөгөөгөө ирүүлж байгаа нь энэ юм. Ингэснээр авлигаас урьдчилан сэргийлэх, авлига, хүнд суртлыг арилгах, таслан зогсоох ажилд чухал хөшүүрэг болно гэж тэд үзэж байна.

2008 онд 26 байгууллага авлигаас урдчилан сэргийлэх төлөвлөгөөтэй ажилласан бол энэ жил бүх яам, агентлаг ийм төлөвлөгөө гарган тусгай ажил хийх юм байна.

Зууны мэдээ сонины сэтгүүлч Д.Мягмар