“Та авлигагүй бүсэд нэвтэрлээ”

A- A A+
“Та авлигагүй бүсэд нэвтэрлээ”
Ботсван улсын нэгэн сайдын өрөөнд ороход ийм бичиг байдаг тухай интернэтийн сайтад мэдээлсэн нь анхаарал татлаа. Хүний анхаарлыг татах гэж зориуд томоор бичсэн энэ дөрвөн үг авлигатай тэмцэх хамгийн шилдэг арга ч байж магадгүй учир дэлхийн олон орны авлигатай тэмцэгчид Ботсваны сайдын энэ үйлдлийг анхааралдаа авчээ. Төрийн сайд хүн ажил хэргийн шугамаар янз бүрийн хүмүүстэй уулздаг, санал солилцдог. Тэдгээр хүмүүсийн дотор ажил ярьж, асуудлыг шийдэх зорилготой нь арай илүү жин дардаг. Харин амин хувийн эрх ашиг хөөсөн, албан тушаалтныг мөнгөөр худалдаж авах гэсэн хүмүүс ч цөөнгүй бий. Магадгүй сайдад авлига өгөх гэж санаархсан хүмүүс дээрх бичгийг хараад лав л мөнгө сарвайж, шударга бус зүйлийг шаардаж чадахгүй болов уу.

Ботсван бол хар тивийн жижигхэн улс. Африк тивийн цөөнгүй улс дарангуйлал, хөгжлийн хоцрогдлоороо муугийн жишээ болон яригддаг гэдгийг хүмүүс мэднэ. Монголын улстөрчид уул уурхайн салбараас болж маргалдахаараа хамаг баялгаа харийнханд цөлмүүлж хоосорсон африкийн орнуудаар жишээ татах нь бий. Үнэхээр ч авлигын индексээрээ африк тивийн улсууд сүүл мушгиж яваа. Тэрхүү орнуудын хөгжлийг хулгайлсан буруутан нь авлига, авлигач түшээд гэдгийг ч дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Харин жижигхээн Ботсван улсын сайдад авлигатай тэмцэх том хүсэл, эр зориг байгаа нь бидэнд нэгийг хэлээд байх шиг. Иймэрхүү тэмцлийнхээ үр дүнд Ботсван улс нийгэмд шударга ёсыг тогтоох ажилд гаргаж байгаа амжилтаараа бусдаасаа хол түрүүлж явна.

Авлигатай тэмцэх ажлыг гав бороохойгоор төсөөлж ойлгох хэрэггүй. Эсвэл авлигыг зогсоох нь хэсэг бүлэг хүний хийх ажил бүр ч биш. Нийгмээрээ, нийтээрээ авлигыг тэвчиж чаддаг уур амьсгалыг бүрдүүлж чадвал улсаараа урагш алхана. Гавьяат хуульч Б.Чимид гуай нэгэнтээ “Хуульчид, сэтгүүлчид бол нийгмийн сэтгэлзүйн инженерүүд юм шүү” гэж хэлж билээ. Түүний хэлсэнчлэн олон нийтийг соён гэгээрүүлэх хүндхэн хэрнээ нэр хүндтэй үүргийг хуульч, сэтгүүлч хоёр адилхан хүлээдэг. Ботсваны сайдын энэ тэмцэл шиг олон нийтийг соён гэгээрүүлэх замаар нийгэмд шударга ёсыг тогтоох нь хамгийн зөв гарц байж мэднэ. Өөрийг нь худалдаж авах гэсэн оролдлогод “Үгүй” гэж хэлж чаддаг албан тушаалтан авлигачдын эсрэг хийх тэмцэлд баатарлаг гавьяа байгуулж байгаа хэрэг шүү дээ. Иймэрхүү маягаар Монгол Улсад “авлигагүй бүс”-үүдийг бөөн бөөнөөр нь байгуулмаар байгаа юм.

Гэхдээ албан тушаалтнууд Ботсваны сайд шиг сэтгэл зүрхнийхээ дуудлагаар, дотоод итгэл үнэмшлээрээ “Авлигагүй бүс”-ийг цогцлоох нь хамгийн чухал. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд гээд шат шатны албан тушаалтнууд өөрсдийнхөө итгэл үнэмшилд “Авлигагүй бүс”-ийг байгуулаасай. Бусдад үлгэр дууриал болог л дээ. Хананд бичиг хадахаас илүү итгэл үнэмшлээрээ авлигад хориг тавья. Цаашлаад стратегийн томоохон ордуудыг эзэмшиж байгаа гадаад, дотоодын компаниуд, сургууль, эмнэлэг, Засгийн газрын агентлагуудын үүдэнд “авлигагүй бүс” гэдгийг үйл ажиллагаандаа бодитойгоор нэвтрүүлж яагаад болохгүй гэж. Авлигачдаар биш ард түмнээр хүрээлүүлж чадсан хамт олон амжилтад хүрнэ, үүнийг дагаад улс орон ч хөгжинө. Яагаад гэвэл авлига бол хөгжил дэвшлийн эсрэг гэмт хэрэг шүү дээ. Монгол хүн бүрт авлигатай тэмцэх хүсэл зориг, сэтгэлзүй байвал улсаараа “Авлигагүй бүс” болох боломж ойрхон байгаад эргэлзэх зүйл огтхон ч алга. Гадаадынхан зуун зууны баатарлаг түүхтэй туурга тусгаар Монгол Улсын алтан хилээр нэвтрэхдээ “Авлигагүй бүс”-д орж ирснээ давхар мэдрэг, бахархаг, сэрэмжлэг.

Б.Түвшинтөгс