Өршөөлийн хуулиас болж Монгол Улс 40 тэрбум төгрөгөөр хохирлоо

A- A A+
Өршөөлийн хуулиас болж Монгол Улс 40 тэрбум төгрөгөөр хохирлоо
-Авлига надад хэрэггүй ээ, хуулийн дагуу ажлаа хийцгээе-

Монгол Улсыг авлига хээл хахууль гээч бараан хар үүл нөмрөөд удаж байна. Энэхүү бараан хар үүлний сүүдрийг арилгахын тулд төр засгаас Авлигатай тэмцэх газрыг байгуулсан. Үүний буянаар авлига нэхсэн ч өгөхгүй гэх хүний тоо өсөж байсан ч өнгөрсөн долдугаар сарын 9-нд УИХ-аар баталсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хууль Авлигатай тэмцэх газрынхны хөдөлмөрийг шалдаа буулгачихав. Ямар сайндаа л манай улс олон улсын байгууллагаас гаргадаг авлигын индексийн үзүүлэлтээр 106-аас 124 болтлоо ухарч байх вэ дээ.

АТГ-ынхан авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болговол ажилд ахиц гарна гэж ярьж байгаа. Үнэхээр ч Эрүүгийн болон Авлигын эсрэг хуулийг эргэн харж зарим цоорхойг нь нөхмөөр зүйл бишгүй л байгаа. Байгаа хууль зүйн орчинд нь тохируулан ажиллах гэхээр цоорхойтой хууль маань авлигачдыг, албан тушаалаа урвуулан ашиглагчдыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлчихөөд байна. Төрийн, татвар төлөгч бидний мөнгийг хайр найргүй үрэн таран хийж, хувьдаа ашиглан шамшигдуулсан 40 гаруй хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдан хэрэгсэхгүй болоод байгаа. Энэ хэргийн улмаас татвар төлөгч бидэнд болон улсад 40 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирчихаад байгаа юм.

Гэтэл Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулиар гэм буруутай нэгнийг өршөөх нь хүнлэг энэрэнгүй зарчимд нийцэж байгааг хүмүүс үгүйсгэхгүй. Харин татвар төлөгчдөөс татаж цуглуулсан хөрөнгийг үгүй хийж өөрсдөө баяжиж байгаа нь шударга ёсонд нийцнэ гэж үү.

Уг нь Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийг эргэж харахыг хууль төрөхөөс өмнө сануулж байсан ч наадам ойртож, найр хавтгайрах дөхсөн цаг үеийг далимдуулан цоорхойтой хууль баталж авлигач, албан тушаалаа урвуулагчдыг өршөөсөн нь манай улсын авлигын индексийн үзүүлэлт 2009 оноос өмнө тогтмол гурав гэсэн үзүүлэлттэй гарч авлига буурч байсан үзүүлэлт бий. Харин Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хууль энэ үзүүлэлтийг гурваас 2.7 хүртэл ухраасан гэдэгтэй санал нэгдэх биз. Хэрэв манай хууль тогтоогч, санаачлагчид тухайн үед хуулиа эргэн харсан бол авлигачдаа, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж өөрсдөө баяжсан этгээдүүдийг өршөөсөн ч улс, нийгэмд учруулсан хохирлыг ямар нэгэн хэмжээгээр нөхөн төлүүлэхээр зохцуулалт хийж болох л байсан. Тухайлбал, Өршөөл үзүүлэх тухай хуульдаа “Хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа ял шийтгүүлж байгаа этгээд бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ялаас өршөөн хэлтрүүлнэ” гэсэн үг л оруулаад өгсөн бол татвар төлөгч энгийн иргэдийн хөрөнгө буцаж төрийн санд орох боломжтой л байсан болов уу.

Нэгэнт батлагдсан хуулийг буцаах боломжгүйгээс хойш цаашид хууль тогтоогчид маань энэ мэтийн цоорхойг дахиж гаргуулахгүй гэж л найдъя.

Харин тэр болтол иргэд, төрийн байгууллагын албан тушаалтнууд маань “Авлига надад хэрэггүй ээ. Хууль журмынхаа л дагуу ажлаа хийе” гэж хэлж, түүнийгээ хэрэгжүүлж л байя. Тэгэхийн тулд Туурга тусгаар Монгол Улсынхаа хуулийг ягштал биелүүлж, амар хялбар аргаар ажлаа амжуулах гэсэн хүний өөдөөс үгүй гэж хэлчихэд л болно шүү дээ. Энэ үгийг хэлэхэд амархан. Уг дөрөвхөн үсгийн эвлүүлж “үгүй” гэж хэлснээрээ та тухайн үед хэн нэгний өмнө буруутаж, уур хилэн, зэмлэл гэсгээлийг өөртөө хүлээж магадгүй. Гэхдээ та хууль журмын дагуу ажиллаж байгаа л бол Монгол төрийг хохироохгүй. Та ч өөрөө хохирохгүй. Энэ үгийн хэлж чадсанаараа та харин ирээдүй хойч үеэ ч, Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалахад оруулж буй хувь нэмэр тань гэж хэлэхэд буруутахгүй биз ээ.