Авлига Монголчуудад юу авчрах вэ?

A- A A+
Авлига Монголчуудад юу авчрах вэ?
Бид авлига гэдэг нийгмийн хорт хавдар болсон үзэгдэлтэй тэмцэх хэрэгтэй. Болж өгвөл түүнийг ор мөргүй устгах нь зүйтэй гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг нь хүн төрөлхтний өөрт болон хойч ирээдүйд нь хөнөөл үзүүлэх муу зүйлсээс хамгаалах зөн совингийн илэрхийлэл гэлтэй.

“Хүн хэлэхээс нааш ухаарахгүй, цаас чичихээс нааш цоорохгүй” гэдэг. Нийгмийн хөгжлийг боомилж байгаа аюулт үзэгдэл болох авлига бидэнд, бидний ирээдүйд ямар хор хөнөөл учруулах вэ гэдгийг хүн бүхэн дор бүрнээ тунгаан бодож, авлигаас ангижрахад хувь нэмрээ оруулж байх нь туйлын чухал юмаа.

Үндэсний болон гадаад орны эрдэмтэн судлаачид дэлхий нийтэд хандан авлига ямар хор хөнөөл учруулдаг, учруулж болох талаар хүргэхийг хичээдэг. Ингэснээрээ авлигатай тэмцэх ажилд бүх нийтийг уриалж хамтаар тэмцэх хүсэл сонирхлыг бий болгохыг эрмэлздэг юм.

МЭӨ 13-р зуунд Ассирийн соёл иргэншлийн үеийн томоохон албан тушаалтан болон Ассирийн хун тайж хээл хахууль авдаг байсныг гэрчлэх Ассирийн хун тайжийн нэр бүхий олдвор 1997 онд олдсон нь авлига гэгч энэ үзэгдэл хүн төрөлхтний түүхэнд эрт үеэс улбаатайг илэрхийлж байгаа хэрэг.

Монголчуудын хувьд, “Хаанаасаа хаалгач нь”, “Танилтай бол талын чинээ” гэх мэтчлэн цааш хөврөх зүйр үг, үлгэр домог түүнчлэн харийнханд худалдагдан эх орноо гадны боолчлолд өгсөн Монгол ноёдын тухай “Авдар авдар алтаар ардаа худалдсан ноён уу даа” гэж харуусан дуулах ардын дуу, ялзарч муудсан махыг цэргийн ангиудад шахаж байгаад дургүйцсэн Д.Сүхбаатарын анхны бослого хөдөлгөөн, тойрон хүрээлэгчид болон тусгай хангамжтай тэмцэх уриа лоозон бүхий ардчилсан хувьсгал зэрэг нь авлига гэгч энэ хорлолт үзэгдэл түүхийн бүх цаг үед байсныг илэрхийлдэг. Марка Поло ч “Монголд ихэс дээдэстэй нь уулзахад алхам тутамд мөнгө нэхдэг” гэж тэмдэглэн үлдээсэн нь бий.

Авлига гээч нийгмийн “хорт хавдар” шууд бий болчихдоггүй, хүний биед үүсдэг хорт хавдрын өвчний нэгэн адил аажим аажмаар бий болж, нийгмийг хамарч, хэзээ нэгэн цагт НИЙГЭМ-АВЛИГА хоёр бие биенгүйгээр оршин тогтнохгүй болсон байдаг.

Авлига ямар хор уршигтай вэ?

  • Бизнесийн шударга өрсөлдөөн байхгүй болдог.
Шударга өрсөлдөөн байхгүй болсноор бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, чанар муудан, иргэдийн аюулгүй байдалд занал учруулж эхэлнэ. Хэт монопол байдал бий болж, төрийн албан хаагчдыг худалдан авч эхэлнэ.
  • Хоцрогдсон техник, технологи орж ирэх нь ихэсдэг.
Стандартын бус техник, тоног төхөөрөмж, шаардлагагүй технологи ихээр орж ирнэ.
  • Үнэ өртөг ихтэй ач холбогдол багатай төслүүд ихээр орж ирдэг.
  • Чанаргүй бараа бүтээгдэхүүн нэмэгддэг.
Улсын хилээр чанаргүй, хугацаа нь дууссан, технологийн хувьд хоцрогдсон бараа бүтээгдэхүүн орж ирэх нь нэмэгдэнэ. Дотооддоо чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь нэмэгдэнэ.
  • Үйлчилгээ, зарим төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг өсгөдөг.
  • Жирийн ард түмний амьдралд хүндээр тусна.
Өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн авч дийлэхгүй. Чанаргүй бараа бүтээгдэхүүний улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал ихсэнэ.
  • Авлига гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа, гэмт хэрэгтнүүдийн үйл ажиллагааг дэмжигч хамгаалах хэрэгсэл болно.
  • Засгийн газар болон төрийн бусад байгууллага хүссэн үр дүндээ хүрч чадахгүй.
Авлигаар томилогдсон албан тушаалтан үр бүтээлтэй ажиллаж чадахгүй. Шударгаар ажилд орох, үр дүнтэй ажиллах боломж хаагдахаар сурагч, оюутнуудын сурах эрмэлзлэл буурч боловсролын тогтолцоонд гажуудал үүсч эхэлнэ
  • Ардчилалын үнэт зүйл аажмаар алга болно.
Шударга ажилтнууд үзэл бодлынхоо төлөө шахагдан, гадуурхагдаж эхэлнэ. Асуудлыг олонхоор бус эрх мэдэлтнүүд шийдэж эхэлнэ. Хүмүүс хэн нэгэн хүн, ашиг сонирхлын бүлэглэлийн нөлөөнд аажмаар орж эхэлнэ.
Ардчиллын үнэт зүйл алдагдсанаар сонгуулийн авлига гаарч, ард түмний саналыг луйвардах нь ихсэнэ.
  • Авъяас чадалтай чадварлаг хүмүүс гадаад руу ихээр гарч эхэлнэ. Ингэснээр улс орноо хөгжүүлж чадахгүй.
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага шударга, чадварлаг хүмүүсийг шахан гадуурхаж тэднийг ажиллах боломжийг боогдуулна.
  • Тухайн орны нөхцөл байдлыг гадаадынхан илүү сайн мэддэг болно.
Тухайн орны хүний үнэ цэнэ буурч үндэсний эрдэмтэн судлаачдаас илүү гадаад хүний үгийг сонсдог болно.
  • Авлига газар авснаар төрийн алба тэр чигээрээ ёс зүйн хэм хэмжээгээ алдан элэгдэж эхэлнэ.
Нийтээрээ авлигад идэж байхад “Би ганц дайчин болоод яах вэ” гэж өөрөөсөө асуухад хүрдэг.
  • Засаг төр авлигад идэгдсэнээр олон түмний итгэл алдарч явуулж буй үйл ажиллагааг дэмжихээ больдог.
Төрийн өндөр албан тушаалтнууд авлигад автсанаараа жирийн иргэд ч “Би яагаад болохгүй гэж” бодон ингэснээр бүгд авлигад автаж байна гэсэн төсөөлөл бий болоход хүргэнэ.
Хувийн хэвшил, төрийн бус байгууллагад авлигад автаж эхэлнэ.
  • Улс төрчид авлигатай зоригтой тэмцэх хүсэл сонирхлоо илэрхийлэх, тухайн үйл ажиллагаанд манлайлан оролцохдоо болгоомжилж эхэлнэ.
  • Улс орны эрх ашгийн төлөө бус хувийн явцуу эрх ашгаа хөөж улс төрийн түвшинд алсын харсан ард түмэндээ ашигтай шийдвэр гаргах эр зориг буурч, нийгмийг тайвшруулахад чиглэгдсэн халамж нэмэгдэж улсын хөгжил саарч уруудаж эхэлнэ.
  • Хууль, дүрэм, журам, зааврын ажиллах, хүчин төгөлдөр үйлчлэх боломжийг хааж, хуулийн дагуу үйл ажиллагааг хүлж багладаг.
Хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэх сонирхол буурч эхэлнэ
  • Авлигын бүхэл бүтэн сүлжээ үүсч бие биенээсээ хараат болж, авлигын талаарх мэдээлэл нь бие биенээ сүрдүүлэх хэрэгсэл болно.
Өрсөлдөгчөө хууль бусаар дампууруулах, төрийн өмчийг үнэгүйдүүлэн өөрийн болгох, банк санхүүгийн хямрал ихсэнэ.
  • Хүчний байгууллага, нийгмийг хянах дарангуйллын бүтцэд хөрөнгө ихээр зарцуулагдах, тэднийг өөрсдийн мэдэлд авах өрсөлдөөн ил, далд ихсэнэ.
  • Хууль, хяналтын байгууллагуудын нэр хүнд унана.
Авлигатай тэмцэх гэсэн хууль хяналтын байгууллагын нэр хүндийг авлигад автсан ашиг сонирхлын зөрчил бүхий бүлэглэл унагаах ажил эрчимжиж хурдыг нь сааруулахад чиглэгдсэн үйл ажиллагаа эрчимжинэ. Хууль хяналтын байгууллага авлигад автана. Хууль хяналтын байгууллагын ажилтнуудын тавьсан шаардлагыг иргэд биелүүлэхээ болино.
  • Асуудлыг хуулийн дагуу бус хууль бусаар, хүч хэрэглэх замаар шийдэх нь ихсэнэ.
Иргэд хууль хяналтын байгууллагад итгэх итгэл нь алдарч эрхээ хамгаалуулж чадахаа болино. Нийгэмд ард түмний ирээдүйдээ итгэх итгэл багасч, баян хоосны ялгаа илт нэмэгдэж нийгмийн хамарсан шүүмжлэл өрнөж бухимдал нэмэгдэнэ. Ядуурал ихсэж, улс оронд нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал бий болно.

Авлига гэгч ийм л аюултай нийгмийн хорт үзэгдэл. Ийм үзэгдэлтэй эвлэрээд байсаар байх уу. Хүн бүхэн Авлигад “Үгүй” гэж хэлэх үү. Сонголт таны гарт байгаа.

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга
Б.Батзориг