Гуниг сарниулсан хөдөө нутаг

A- A A+
Гуниг сарниулсан хөдөө нутаг
Баруун бүсийн хөгжлийн тулгуур төв Ховд аймагт очоод ирлээ. Очиж, буцах нийлээд 3000 км замыг машинаар туулан ирж яваа урин цагийн өнгө нэмэх байгальтай ханьсаж явах таатай байв. Дөрвөн аймгийн нутаг дамжих 3000 гаруй км замын уртад үзэж, харж, сонсч дуулсан сонин сайхан мэдээ ч их л байна. Тэр бүгдээс онцлон Ховд нутгийг зорьж очсон ажлынхаа талаар хүргэе.

СҮЛЖЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГ

Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгуул-лагууд нэгдэн сүлжээ байгуулж, авлига, хээл хахуул, хүнд сурталтай тэмцэж ажиллахаар болсон гэсэн товчхон мэдээлэлтэй Ховд аймгийг зорьсон миний бие тус аймагт болох нэгэн сургалт семинарыг сурвалжлах зорилготой.

Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгуул­­­лагууд өнгөрсөн 2008 онд өөрсдийн санаачлагаар нэгдэн, аймаг аймагтаа төрийн бус байгууллагын сүлжээ байгуулж улмаар иргэний нийгмийн зөвлөл болж өргөжин, зохион байгуулалтад оржээ. Тэд өнөөдрийн нийгэмд хамгийн амь бөхтэйгээр оршин байгаа авлига, төрийн албаны хүнд суртлын эсрэг тэмцэж, нийгмийн энэ таагүй үзэгдлээс урдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй, далайцтай хийх зорилготойгоор нэгдэж нийлсэн гэнэ. Энэ ажлаа чанартай, ард иргэдэд өгөөжтэй хийхэд нь тэдэнд арга зүйн зөвлөгөө, тусламж хэрэгтэй болсон учир Авлигатай тэмцэх газар тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг болжээ. Дэмжиж ажиллаж байгаагийн нэг илрэл нь 21 аймагт байгуулагдсан төрийн бус байгууллагын сүлжээний ахлагч, ажилтнуудыг юуны түрүүн сургалтад хамруулж чадавхжуулж байгаа нь аж. Энэ ажлын хүрээнд баруун бүсийн хөгжлийн тулгуур төв Ховд аймагт Увс, Ховд, Баян-өлгий, Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгийн төрийн бус байгууллагуудын сүлжээний ахлагч, ажилтан нийлсэн 30 гаруй хүн цугларан, тэдэнд хийх ажлынх нь чиглэлээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд зөвлөмж өгч сургалт, семинар зохион байгууллаа.

Үүнээс өмнө төвийн болон зүүн бүсийн аймгуудын төрийн бус байгууллагын сүлжээний ахлагч, ажилтнуудыг хамруулан сургалт зохион байгуулж байсан билээ.

СҮЛЖЭЭД ЯМАР АЖИЛ ХИЙВ?

Сургалт семинарын үйл ажиллагаа Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын хуралдааны их танхимд эхэлсэн эхний өдөр дээр дурьдсан зургаан аймгийн төрийн бус байгууллагуудын сүлжээний ахлагчид аймаг, орон нутагтаа хийж хэрэгжүүлсэн ажлаа танил­­цууллаа.

Увс аймгийн төрийн бус байгууллагуудын сүлжээний ахлагч С.Ургамал орон нутгийнхаа төр захиргааны байгууллагыг иргэдэд хүндрэлгүй, элгэмсэг үйлчилдэг болгохыг зорин ажиллахын зэрэгцээ орон нутгийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагаанд төрийн байгууллагуудад хөндлөнгийн хяналт тавин ажил­­­­­­лаж байгаагаа ярив.

Говь-Алтай аймгийн сүлжээний ахлагч Б.Түмэндэмбэрэл авлигаас урдчилан сэргийлэх чиглэлээр есөн ажил хийхээр төлөвлөж, Засаг даргаараа батлуулан ажиллаж буйгаа, Завхан аймгийн сүлжээний ахлагч С.Дашдорж төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдлийг арилгах зорилгоор төрийн байгууллагын ажилтнуудад сургалт, сурталчилгаа хий­­дэг талаараа, Баянхонгор аймгийн сүлжээний ахлагч Д.Ирина орон нутгийн төрийн захиргааны байгууллагыг иргэдэд нээлттэй байлгах, төрийн байгууллагын үйлчилгээг хөнгөн шуурхай болгоход иргэд өөрсдөө санал санаачилга гарган идэвхтэй байх тогтол-цоог бүрдүүлэхээр ажиллаж байгаагаа ярьсан.

Ховд аймгийн хувьд арван төрийн бус байгууллагын 41 хүнтэй сүлжээ ажиллаж, иргэдээс төрийн байгууллагын хүнд сурталтай, чирэгдэлтэй үйлчилгээний талаар санал гомдлыг нь 21969 дугаарын утсаар, мөн саналын хайрцгаар хүлээж авдаг байна. Баян-Өлгий аймгийн тухайд иргэдэд төрийн ямар үйлчилгээ хүрэхгүй байгаа талаар, тэдэнд төрийн албаар үйлчлүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байгааг орон нутгийнхаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан аймгийн удирдлагууддаа нээлттэй мэдээлэхийг чухалчилдаг аж.

Сургалт семинарт оролцохоор ирсэн хүмүүс аймаг орон нутагтаа хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар ийнхүү мэдээлж байв. Мэдээж, энд өгүүлснээс ихийг аймаг орон нутагтаа хийж хэрэгжүүлж буйгаа ярьсан. Бүгдийг багтаах боломжгүй учир ийнхүү зах зухаас нь тэмдэглэлээ.

Юутай ч энэ мэт нэлээдгүй ажлыг төрийн бус байгууллагын сүлжээнийхэн хийж хэрэгжүүлж эхэлж байгаагийн хэрээр орон нутгийн удирдлагууд иргэддээ хандаж, төрийн байгууллагууд нь үүд хаалгаа нээж, үйл ажиллагаагаа ил тод болгох эхлэл тавигджээ. Тухайлбал, бидний очсон Ховд аймгийн тухайд бүх төрийн байгууллагууд нь сар бүрийн нэг өдөрт төв талбайдаа нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж, энэ өдөр иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, асуудлыг нь шийдвэрлэдэг гэнэ. Биднийг тус аймагт ажиллах үеэр эмч, сувилагчид нь чагнуур, даралтны аппарат зэргээ зэхэж, төв талбайдаа гарч ирэн, иргэдийн эрүүл мэндийг үзэж, үзлэг шинжилгээнд хамруулж байв. Сумдаас орж ирсэн малчид заавал эмнэлгийг зорьж очилгүйгээр ажил хөөцөлдөн гадуур явах зуураа даралтаа үзүүлж, зөвлөгөө аваад явахад ийм үйлчилгээ их тустай байдаг гэж эмч нар нь хэлж байсан.

Зөвхөн Ховд аймагт ч бус 21 аймагт бүгдэд нь төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх ажлын үрийг Төрийн бус байгууллагуудын сүлжээнийхэн ийнхүү суулгаж эхэлжээ.

Сургалт семинар гурван өдөр үргэлжилсэн. Энэ өдрүүдийн туршид сургалтад оролцогчид орон нутагт төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, хөнгөн шуурхай үзүүлдэг орчинг хэрхэн бүрдүүлэх, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг яаж өргөжүүлэх, орон нутгийн удирдлагын үйл ажиллагаанд иргэдийн хяналтыг бий болгох замаар авлига, хүнд суртал, чирэгдлийг таслан зогсоох үр дүнтэй, өгөөжтэй ямар арга зам байгаа талаар хэлэлцэж, бас бие биенийхээ хийж байгаа ажлаас харилцан туршлага солилцож байв.

Мөн энд ярьж буй зүйлээ ажил хэрэг болгох санал, зөвлөмжийг сургалт зохион байгуулахаар очсон Авлигатай тэмцэх газрын албан хаагчид сургалтад оролцогчдод тухай бүрт нь хэлж өгч, харилцан санал бодлоо солилцлоо.

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН СҮЛЖЭЭ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА БАЙНГЫН, ТАСРАЛТГҮЙ ЯВУУЛАХ ЁСТОЙ

Мэдээжийн хэрэг үйл ажиллагаа нь байнгын тууштай, тогтмол байж зорьсон үр дүндээ хүрэх нь ойлгомжтой. Ховд хотноо болсон дээрх сургалт семинарын үеэр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат баруун бүсийн гэлтгүй, бүх аймгийн төрийн бус байгууллагуудын сүлжээний ахлагч, ажилтнуудад үйл ажиллагаагаа явуулахад нь, тухайлбал, авлигаас урдчилан сэргийлэх ажил явуулахад нь шаардлагатай бүх талын арга зүйн туслалцаагаар Авлигатай тэмцэх газраас хангаж, дэмжлэг үзүүлж ажиллана гэдгийг хэллээ. Мөн төрийн бус байгууллагуудын сүлжээ үйл ажиллагаагаа байнгын, тасралтгүй, аймгийн ард иргэдэд хүртээмжтэй, өгөөжтэй явуулах ёстойг зөвлөсөн.

ТӨГСГӨЛ

Ховд аймагт ажиллахдаа Монголын маань нийгэм бүхэлдээ хүнд суртал, хээл хахуульд чөдөрлүүлчихсэн, үүнийг ердийн л нэг, байх ёстой зүйл мэт дасан зохицсон байдал нүүрлэчихээ юү дээ гэсэн гунигт бодолтой явснаа сарниулав. Нийгмийн бараан бүхэнтэй тэмцэж, гэрэл гэгээг авчрах юмсан гэсэн бодол, сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс хөдөөд олон болж, үүнийхээ төлөө ч тэмцэж эхэлж. Гэхдээ хараахан ажил нь жигдрээгүй байна уу даа гэсэн бодол төрсөн.

Юутай ч хэдэн жилийн өмнөхийг бодвол орон нутгийн төрийн захиргааны байгууллагын хүнд суртлыг байх л ёстой ердийн зүйл гэж хүлээж авдаг байсан хөдөөгийнхний маань сэтгэлгээнд өөрчлөлт гарчээ. Эрүүл саруул ирээдүйгээ бүтээхийн төлөө өөрсдөө хичээн зүтгэх учиртай гэдгийг тэд гүн гүнзгий мэдэрчихэж.

Тиймээс ч өөрсдийн санаачилгаар төрийн бус байгууллагууд нь нэгдэн, сүлжээ байгуулж, өдгөө авлига,төрийн албаны хүнд суртлын эсрэг тэмцэх, авлигаас урдчилан сэргийлэх ажил хийх хариуцлагатай үүргийг хүлээн ажиллаж эхэлжээ. Хэдийгээр авлигын гэмт хэрэг бүх аймагт бүртгэгдээд байгаа ч хэдэн жилийн дараа ийм төрлийн нэг ч хэрэг гардаггүй төрийн алба, тийм зүйл хийхийг огт хүсдэггүй төрийн албан хаагчид 21 аймагт ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудын сүлжээний ажлын үр дүнд төрөн гарна гэдэгт итгэж байна.

...Хөгжлийг боомилсон авлига, хүнд сурталтай хийх тэмцэл ШУДАРГА ЁСЫГ тогтоохын төлөө ажил хөдөөд ийнхүү эхэлжээ.

АТГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Эрдэнэцэцэг
“Шинэ хуудас” мэдээллийн хуудас