Авлигатай тэмцэх газрын ажилтнууд орон нутагт ажиллаж байна

A- A A+
Авлигатай тэмцэх газрын ажилтнууд орон нутагт ажиллаж байна
Авлигатай тэмцэх газрын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг энэ сарын 3-наас эхлэн орон нутагт ажиллаж байна.
Ажлын хэсэг бүх аймгаар явах бөгөөд орон нутагт шударга байдал ямар байгааг газар дээр нь шалгаж, танилцах юм. Өнгөрсөн онд аймгийн Засаг дарга, аймгуудын төрийн бус байгууллагуудын сүлжээний ахлагч, Авлигатай тэмцэх газрын Урдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга гэсэн талууд Авлигаас урдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээг Ерөнхий сайд, Авлигатай тэмцэх газрын дарга, Иргэний нийгмийн зөвлөлийн дарга батламжилжээ. Энэхүү гэрээний дагуу Засаг дарга, төрийн бус байгууллагын сүлжээ аймаг орон нутагтаа ямар ажил хийж байгаатай танилцан, зөвлөмж өгөхөөс гадна хоёр жил тутамд гаргаж УИХ-д танилцуулдаг Авлигын индексийг гаргахад шаардлагатай судалгааг хийх давхар зорилготойгоор ажлын хэсэг орон нутагт ажиллаж байгаа юм.

Тухайлбал, ажлын хэсэг энэ сарын 9-ний өдөр Төв аймагт ажиллалаа.
Төв аймагт ажлын хэсгийг ирээд байхад нь бид дараах сурвалжлагыг тус аймгаас бэлтгэсэн юм.
Ажлын хэсгийн ахлагч, Авлигатай тэмцэх газрын Урдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Ж.Төмөрхуягаас шалгалтын талаар тодрууллаа.

-Ажлын хэсэг одоогоор аль аль аймгуудад ажиллаад байна вэ, шалгалтын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу хоёр ажлын хэсэг гарч, бүх аймгуудад ажиллаж байна. Манай ажлын хэсэг энэ сарын 3-наас эхлэн графикийн дагуу говийн бүсийн аймгуудаар яваад, өнөөдөр Төв аймагт ирлээ. Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх талаар хэрхэн ажиллаж байгааг газар дээр нь шалгаж дүгнэх, ажил явуулахад дутагдаж байгаа арга зүйн талаар тусламж үзүүлэх, өөрөөр хэлбэл шалган туслах зорилгоор бид ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд аймгийн Засаг дарга, иргэний нийгмийн төлөөлөл, Авлигатай тэмцэх газрын байгуулсан гурвалсан гэрээний хэрэгжилтийг шалган дүгнэж арга зүйн туслалцаа үзүүлж байна. Мөн аймаг болгонд байдаг Гэмт хэргээс урдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд авлигаас урдчилан сэргийлэх талаар хэрхэн тусгаж, ямар ажил төлөвлөн хийж байна вэ гэдгийг шалгаж байгаа.

Говийн бүсийн аймгуудад Засаг даргатай байгуулсан гурвалсан гэрээний хэрэгжилт сайн байна. Тэр дундаа Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар гэрээний дагуу үйл ажиллагааг маш идэвхтэй зохион байгуулжээ. Өөрөөр хэлбэл, авлигаас урдчилан сэргийлэх ажил явуулах төрийн бус байгууллагуудын сүлжээнээс илүү сайн ажиллаж байна. Харин Өмнөговь аймагт төрийн бус байгууллагуудын сүлжээний үйл ажиллагаа сайн байна, Дорноговь аймагт хангалттай, Говьсүмбэр аймагт хангалтгүй гэж хэлж болохоор байлаа.
Өнөөдөр Төв аймагт шалгалтын ажил үргэлжилж байна.

-Ажиллах явцдаа судалгаа шинжилгээ хийж байна уу?

-Ажлын хэсэгт манай газрын Судалгаа шинжилгээний албаны ажилтан багтсан. Тэр ажилтан хоёр судалгаа авч байгаа. Судалгааны нэгдсэн дүн шалгалтын төгсгөлд гарна.

Бид Төв аймгийн Төрийн бус байгууллагуудын сүлжээний ахлагч Ч.Цэцэгээтэй мөн уулзаж ярилцлаа. Тэрээр,

-Төв аймагт авлига хүнд суртал бүрэн арилчихаагүй, Мэргэжлийн хяналт, Газрын алба хүнд суртлаараа иргэдийг чирэгдүүлдэг гэсэн мэдээллийг иргэд өгдөг. Төв аймгийн бизнес эрхлэгч 140 орчим иргэнээс гуравдугаар сард авсан судалгаагаар Мэргэжлийн хяналт, Газрын албаныхан хүнд сурталтай гэсэн тодорхойлолт гарсан. Ялангуяа Мэргэжлийн хяналтын байгууллага хүнд сурталтай, иргэдийг элдэв хууль дүрмээр чирэгдүүлдэг гэсэн дүн гарсан. Бизнес эрхлэгчид дүрэм журам яръж асуудал шийдэхгүй удааж байна гэж Мэргэжлийн хяналтын байгууллагад шүүмжлэлтэй хандсан байна лээ. Газрын алба ч гэсэн асуудалд их хойрго хандаг болох нь хэд хэдэн судалгааны явцад ажиглагдсан. Мөн аймгийн Засаг даргын тамгын газрын хувьд иргэдэд үйлчлэхдээ бага зэргийн хүнд суртал гаргадаг гэсэн байгаа. Манай аймагт дэвшилттэй байгаа нэг зүйл бол төрийн үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэдэг болсон явдал. Иргэний бүртгэл, Нийгмийн даатгал, Газрын алба гэх зэрэг төрийн үйлчилгээ үзүүлдэг бүх байгууллагуудын ажилтнууд нэг дор сууж иргэдэд үйлчилдэг. Уг цэгээр үйлчлүүлсэн иргэд нэг цэгийн үйлчилгээтэй болсноор авилга хүнд суртал, хээл хахууль багасан гэж ам сайтай байдаг гэж ярилаа.

Бид мөн тус аймгийн иргэдтэй уулзаж ярилцсан юм.

Иргэн Н.Батжаргал,
- “Нэг цэгийн үйлчилгээс иргэний бичиг баримттай холбоотой бүх асуудлаа нэг дор шийдүүлээд гарах боломжтой юм билээ. Мөн үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөр, нийгмийн даатгалын асуудлыг шийддэг” гэж байв. Гэхдээ нэг цэгт үйлчилгээг төвлөрүүлсэн ч бусад төрийн үйлчилгээ цалгар хэвээрээ байгаа гэдгийг иргэд хэлж байсан.

Авлигатай тэмцэх газраас орон нутагт ажиллаж байгаа ажлын хэсгийг Төв аймагт ирээд байхад нь бид дээрх сурвалжлагыг бэлтгэлээ. Тус газраас 21 аймгийн удирдлагад төрийн бус байгууллагуудын сүлжээтэйгээ хамтран ажиллах зөвлөмж өгсөн. Мөн иргэний нийгмийн байгууллагад ч төрийн үйлчилгээнд хөндлөнгийн хяналт тавих чиг үүргээ сайжруулах зөвлөмж өгөөд байгаа юм. Төв аймагт ажилласан ажлын хэсэг үргэлжүүлээд хангайн аймгуудаар явах юм. Тэд энэ сарын 10-наас Дархан, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгуудад графикийн дагуу ажиллана.

Харин хоёр дахь ажлын хэсэг нь Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад ажиллаж байна.

Ц.Эрдэнэцэцэг
“Монголын мэдээ” сонинд