Албан тушаалтнуудын нуусан хөрөнгө, орлогыг илрүүллээ

A- A A+
Албан тушаалтнуудын нуусан хөрөнгө, орлогыг илрүүллээ
-ХОТЫН ГААЛИЙН ГАЗРЫН ДАРГА ОРОН СУУЦ, ДӨРВӨН АВТОМАШИН, ХОЁР КОМПАНИА, НМХГ-ЫН АХЛАХ БАЙЦААГЧ ГУРВАН ОРОН СУУЦ, ҮНЭЭНИЙ ФЕРМ, 313 ХУВЬЦААГАА НУУСАН БАЙЖЭЭ -

Хөрөнгө, орлогын мэ­дүүл­гээ хугацаанд нь гаргаж өгөө­гүй, эсвэл эх үүсвэрийг нь заагаагүй албан ту­шаалт­­­нуу­дын мэдүүлгийг нягтлан шал­гаснаар үл хөд­лөх хөрөнгө, банкин дахь төгрөгийн хадга­ламж, хувь­цаа зэргийг ил­рүүлсэн бай­на. Тиймээс тө­рийн албан хаагчийн тангаргаа зөрчсөн дээрх нэр бүхий албан хааг­чийг үүрэгт ажлаас нь тү­д­гэлзүүлэх шийдвэрийг Нийс­­лэлийн мэргэжлийн хя­­­налтын газрын дарга Л.Бям­­басүрэн гаргасан байна.

Ц.Жанлавын асуудлаар АТГ-аас ЕрӨнхий сайдад албан бичиг хүргүүлжээ
Ийнхүү хөрөнгө орлогоо худал мэдүүлэгсэд байна. Түүнээс гадна “муу дээр муу­хай” гэдэг шиг худал мэдүүлс­нийг тогтоож ха­риуц­лага тоо­цох гэхээр гэ­дий­гээд суугаа нь бас байх юм. Үү­ний “амьд жишээ” бол Дор­нод аймгийн Засаг дарга Ц.Жанлав. Тэрээр өөрийн бо­лон эхнэрийнхээ нэр дээр бүрт­гэлтэй хоёр орон сууц, барилга байгуу­ламжийг бус­дад худалдаж олсон 50 сая төгрөгийн ор­ло­го, өө­рийн эзэмш­лийн “Дорнод” бөхийн өргөөнөөс олдог орлогоо нуус­ныг ил­рүүл­сэн ч өнөөг хүртэл ямар ч ха­риуцлага хүлээгээгүй явна. Аймгийн ИТХ-ын тэр­гүүлэгч­дэд энэ талаар албан бичиг илгээсэн ч Засаг дар­гаа хөрөнгө орлогоо мэдүү­лэх­дээ, “мартамхай” байс­ныг нь “ууч­лаад” өнгөрөө­жээ.

-Увс аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан өө­рийн өмчлө­лийн 11 барилга байгууламж, үл хөдлөх хө­рөн­гийг 2008, 2009 онд дараалан нуусан байх юм.

-ГЕГ-ын байцаагч Д.Пү­рэв­дулам ч хөрөнгө, орло­гоо мэ­дүү­лэхдээ хагасыг нь мартаж орхисон байв. Тэ­рээр гэр бү­лийн гишүүдийн­хээ нэр дээр байдаг банкин дахь төгрөгийн хадгаламж, хувьцаа худалдаж олсон их хэмжээний орлого, аж ахуйн нэгж зэргээ мэдүүлээгүй нь тогтоогдсон. Түүнийг ийнхүү хөрөнгө, орлогоо худал мэ­дүүлсэн асуудлаар өнгөр­сөн тавдугаар сард ГЕГ-ын даргад албан тоот явуулсан ч огт хариу ирүүлээгүй гэнэ.

Энэ бүхнээс харахад, хө­рөнгө, орлогоо хагас ду­туу мэдүүлэхэд хариуц­лага хү­лээдэггүй юм байна гэх ханд­лага бий болохгүй гэх газаргүй.

Хөрөнгө, орлогоо худал мэ­дүүлсэн албан ту­шаал­тан бүрт хариуцлага тооцох бо­ломжгүй байгаа нь одоо­гийн хууль тог­тоом­жийн заалт оновчгүйтэй хол­боо­той гэж хэлэх хүн олон бай­на.

Дорнод аймгийн Засаг дар­га Ц.Жанлавыг хөрөнгө, орло­гоо худал мэдүүлснийг тог­тоож, Авлигын эсрэг хуульд заасны дагуу ха­риуц­лага тоо­цох бичгийг аймгийн ИТХ, Зас­гийн газ­рын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдад хүргүүлсэн ч аймгийн ИТХ-аас АТГ-т хариу ирж.Тэгэхдээ, “Хө­рөнгө орло­гоо худал мэ­дүүлсэн бол заа­вал албан тушаалаас огцруул гэсэн юм алга, үндэслэл болно л гэсэн байна” гэж уг хариу бичигт гэдийжээ.

Ингэж л хариулах нөх­цөл байдал үүсчээ. Тиймээс тө­рийн албан хаагч хөрөн­гө, орлогоо санаатай худал мэ­дүүлсэн нь шалгалтаар тог­тоогдсон бол заавал ха­риуц­лага тооцохоор чангат­ган хууль­чилж өгөх шаард­лага тулгарч байгааг дээрх жишээ­нээс харж болно. Албан ту­шаалтан хууль зөрчиж мэ­дүүлсэн нь тог­тоогдвол ха­риуцлага тооцох албан бичгийг харъяа бай­гууллагын удирд­лагад хүр­гүүлдэг. Авлигын эсрэг хуу­лийн 13.5-д хөрөнгө, ор­логын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсвэл бүртгүүлээгүй буюу са­наа­тай худал мэдүүлсэн бол энэ нь тухайн албан ту­шаалт­ныг огц­руулах, түд­гэл­зүүлэх, халах үндэслэл болно гэж заасныг уг албан бичигт сануулдаг аж. Хуульд заасан энэ хариуц­лагыг тооцох эрх нь одоогоор тухайн албан тушаалтны удирдлагад байгаа ч ха­риуц­лага тооцоогүй нь олон. Албан хаагчдаа арга хэмжээ авсан эсэх тухай хариугаа хуга­цаанд нь өгөө­гүй албан тушаалтныг 150-200 мянган төгрөгөөр торгох заалт бий. Төрийн байгуул­лагын удирдлагуудад энэ торгууль юу ч биш санагддаг байж магадгүй. Тэгээд ч “хуульд халах үндэс­лэл бол­но гэс­нээс хал гээгүй байна” гэж мөчөөрхөж суу­даг юм байх.

Бидний хөрш БНХАУ-д гэ­хэд төрийн ал­бан хаагч хө­рөнгө, орло­гоо худал мэ­дүүл­сэн бол шууд ажлаас нь чө­лөөлж, эрүүгийн хэрэг үүсгэн тухайн хөрөнгийг ямар аргаар олс­ныг шалга­даг бай­на. Харин манайд бол эсрэ­гээрээ.

АЛБАН ТУШААЛТАНД ТООЦОХ ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАХ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЛАА

Хөрөнгө, орлогоо худал мэдүүлснийг шалгаж тог­тоо­чихоод хариуцлага тоо­цолгүй орхивол мэдүүлэг авахын ч хэрэг алга. Хэн хэндээ ажил удаж, цаас бөглөж суухын хэрэг юу байна. Ингэж нэг нь бөглөж, нөгөө нь шалгаад өнгөр­сөөр байх уу. Тэгвэл хө­рөнгөө худал мэдүүлсэн бол заавал хариуц­лага тооцох, тооцох хариуц­лагыг тодор­хой болгож чангат­гахаар холбогдох байгуул­ла­гаас ажлын хэсэг гаргасан мэ­дээлэл байна. Ажлын хэс­гийнхэн Авлигын эсрэг хууль болон Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруу­лах төслийг боловс­руулж, УИХ-д өргөн барьсан гэнэ. Хөрөнгөө худал мэ­дүүл­сэн албан тушаалтан хээв нэг аж­лаа хийж байгааг өөрчлөхийн тулд үндэсний хууль тог­тоом­жоо Авлигын эсрэг НҮБ-ын кон­венцид нийцүүлэх юм байна.

Авлигын эсрэг НҮБ-ын кон­венцид хөрөнгө, орло­гоо худал мэдүүлснийг хууль бусаар бая­жих гэсэн то­мъёо­лолд оруу­лан эрүү­гийн хэрэг үүсгэхээр тус­гасан байдаг аж. “Төрийн албан тушаалтан өөрийн ор­лого­тойгоо харьцуулахад их хэмжээний хөрөнгөтэй болс­ноо үндэслэлтэйгээр тайлбар­лаж чадахгүй бол үүнийг эрүү­гийн ял хү­лээл­гэх арга хэмжээ авах” хэ­мээн заасан нь энэ юм. Эс тэгвээс төрийн албан хааг­чид ямар замаар олсон нь мэдэгдэхгүй хөрөнгө, орло­гоо нууж, тэр нь илэр­лээ ч хариуц­лага тооцохгүй байх жишиг тогтож магадгүй нь.

С.Сосоржав “Үндэсний шуудан” сонин