Авлигатай тэмцэх газрыг өмөөрч бичихийн учир...

A- A A+
Авлигатай тэмцэх газрыг өмөөрч бичихийн учир...
Авлига гэгч нийгмийн гамшиг болсон хорт үзэгдэлтэй тэмцэж, нийгмийг эрүүл саруул болгохын төлөө зорилго тавиад түүнийхээ төлөө хүч чадлаа заран, чадах ядахаараа хүчин зүтгэж буй хүмүүс бол Авлигатай тэмцэх газрын удирдлага, албан хаагчид.
Гэтэл энэ хүмүүсийг, энэ байгууллагыг эсэн бусаар доромжлон гүтгэж, нэр хүндийг нь унагах гэж улайрагчид сүүлийн үед олдоод байна уу даа.

Төрийн мөнгөөр хувьдаа байр орон сууц, гутал хувцас авдаг, усанд сэлж зугаацдаг, хар хальсаар цонхыг нь бүрсэн машин унаж тансагладаг гэж зарим нэг нь гоочлов.
Авлигатай тэмцэх газар эс хүссэн ч төрд эрх мэдэлтэй хүмүүсийг шалгадаг. Шалгуулж байгаа тэр хүмүүс нь тэдэнд өс санадаг газар.

Өс хонзонгоо элдвийн гүтгэлэг, дарамт, дайралт болгон тэднийг балбана. Эрх мэдэлтнүүдийн онилох бай болоод байгаа энэ газрынханд урам өгөх гэж, тэдэн лүү учир утгагүйгээр ус цацаад байх хэрэггүй болов уу гэдгийг илэрхийлэх гэж эл нийтлэлийг бичихийг зорьсон билээ. Яагаад болохгүй гэж.

Эрүүгийн гэмт хэргийн сэжигтнүүд Монголын хууль хяналтын байгууллагуудаар иймэрхүү маягаар тоглоод байж болох уу?

Ганцхан Авлигатай тэмцэх газар ч бус шүүх, прокурор, цагдаа гээд Монголын хууль хяналтын байгууллагуудаар эрүүгийн гэмт хэрэгтнүүд үнэндээ тоглодог болж. Гэмт хэрэгт сэжиглэн шалгасных нь төлөө, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирох ял шийтгэлийг оногдуулсных нь төлөө эргүүлээд эдгээр байгууллагууд руу элдвийн дайралт, дарамт, гүтгэлгийг хайр найргүй илгээдэг байдал газар авлаа. Бараг нэг нь нөгөөгөөсөө үлгэр дуурайл авч, даган дуурайдаг болсон. Үүнийг энд бичсэн, бичээгүй хүмүүс хангалттай мэддэг, ойлгодог болсон болохоор илүү зүйлийг нуршаад яахав.

УИХ-ын гишүүн Л.Гүндалай хэд хоногийн өмнө Авлигатай тэмцэх газрын удирдлага, албан хаагчид өөрсдөө гэмт хэрэгт холбогдсон баттай баримт, мэдээллийг өгнө гэж сэтгүүлчдийг цуглуулаад “Төрийн мөнгөөр хувьдаа байр, гутал хувцас авсан байна. Авлигын хэргийг илрүүлэх гэж усан доогуур сэлдэг юм байх, усанд сэлэх гэж улсын өчнөөн сая төгрөг үржээ” гэж ирээд л ээлжит жүжигээ тавилаа.

“Энэ мэдээллийг гаргаж өгсөн сэтгүүлчид 25 мянган төгрөг өгнө” гэж эрээ цээрээгүй хэлэхээсээ ч тэр үл нэрэлхэв.
Сэтгүүлчдэд мөнгө амлан байж /Үнэндээ энэ нь хээл хахуулийн нэг хэлбэр/ хэвлэлд гаргуулахыг тэгтлээ их хүссэн тэр мэдээлэл нь батлагдаж, нотлогдоогүй зүйл.

Холбогдох хууль хяналтын байгууллагууд нь шалгаад, “Авлигатай тэмцэх газрынхан үнэхээр гэмт хэрэг үйлджээ” гээд тогтоочихсон бол энэ газрыг хэн ч буруутгаж, сэтгүүлч миний бие ч буруутгаж болно. Гэтэл тийм юм байсангүй. Батлагдаж, нотлогдоогүй мэдээллийг түгээн дэлгэрүүлэх ямар ашиг сонирхол ингэхэд энэ гишүүнд байгаа юм бол...

Л.Гүндалай гишүүнийг Авлигатай тэмцэх газар шалгаад, гэм буруутай эсэхийг нь магадлан шийдвэрлүүлэхийн тулд энэ хүний УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөөч гэдэг асуудлыг Улсын ерөнхий прокуророор дамжуулан УИХ-д тавьчихаад байгаа.

Гэтэл УИХ эл асуудлыг шийдэлгүй өчнөөн хоног хугацааг өнгөрөөж байх хооронд эргүүлээд эрүүгийн гэмт хэргийн сэжигтэн нь энэ байгууллагад иймэрхүү маягаар халдаж байна.

Авлигатай тэмцэх газар хараат бус, бие даасан байдлаа хадгалах гэж ядаж яваа газар. Энэ газрын талаар батлагдаж, нотлогдоогүй, албан ёсны бус мэдээлэл цацан, нэр хүндийг нь унагах ажиллагаа явагдаж байгаа нь аливаа асуудлыг ялгаж салгаж ойлгодог хэнд ч илэрхий.

Нэр хүндийг нь унагах ийм юмыг гаргаж тавибал, ингэснээрээ энэ байгууллагыг айлгаж, өөрийгөө гэмгүй болгуулна гэж найдсан бол эндүүрэл байлгүй дээ. Монголын хууль хэнд ч ижил тэгш үйлчлэнэ гэж үнэхээр найдаж байна.
Ингэхэд, Монголын хууль хяналтын байгууллагуудаар гэмт хэргийн сэжигтнүүд иймэрхүү маягаар тоглоод байж болох уу, УИХ гэмт хэргийн сэжигтнүүдийн хоргодох байр юмуу гэдгийг ч дашрамд асуумаар санагдлаа.

Орон сууцны дэмжлэгийг төсвөөс, зориулалтын дагуу гарах ёстой зардлаас гаргажээ

Авлигатай тэмцэх газрыг зүгээр ч нэг өмөөрч бичих гэсэнгүй. Төрийн мөнгийг дур мэдэн хувьдаа зарцуулсан нь үнэн эсэх, улсын өч төчнөөн сая төгрөгөөр яагаад “тансагласныг” тэр газраас тодрууллаа.

Хэвлэл мэдээллийн ажилтных нь тайлбарлаж байгаагаар бол, албан хаагчиддаа байр авахад дэмжлэг үзүүлсэнд хууль тогтоомж зөрчсөн асуудал байхгүй гэнэ. Орон сууцны дэмжлэгийг төсвөөс, зориулалтын дагуу гарах ёстой зардлаас гаргаж өгсөн гэдгийг ч хэллээ.

Өмнө нь Авлигатай тэмцэх газар энэ асуудлаар хууль зөрчөөгүй гэдгээ ч мэдэгдэж байсан санагдана.

Сүүлийн үед цацагдаад байгаа мэдээлэлтэй холбогдуулж холбогдох мэргэжлийн байгууллагууд Авлигатай тэмцэх газрын санхүүгийн үйл ажиллагааг шалгаж байгаа аж. Мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргахад хууль зөрчиж, төрийн мөнгөөр тансагласан эсэх асуудал тодорхой болох юм.

Түүнээс нааш, гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүн албан ёсны бус баримт барьчихаад түүнийгээ олон нийтэд дэлгэснээр шийдэгддэг асуудал биш ажээ.

Дашрамд дурьдахад, Гааль, Нийгмийн даатгал, яам агентлагууд гээд адилхан төрийн байгууллагууд албан хаагчиддаа байр орон сууц өгдөг тэр жишигийг л Авлигатай тэмцэх газар баримталсан нь ойлгомжтой л байна. Гэвч гэм буруутай болгож харагдуулах гээд байгаа ашиг сонирхол үүнийг бүрхэгдүүлээд байгаа нь тоогүй.

Тэд үнэхээр төрийн мөнгөөр тансагласан уу, эсвэл...

Авлигын хэргийг усан доороос хайгаад байгаа Авлигатай тэмцэх газрынхан албан контортоо хоёр, гурван компьютер ширтээд сууж байдаг юм байх. Бас болоогүй ээ, гутал хувцсаа хүртэл төрийн мөнгөөр авч өмсдөг гэнэ.
Үүнийг нь бас л өмөөрч бичмээр санагдаад болсонгүй.

Учир юун гэвээс, шинэ тутам байгуулагдсан байгууллага компьютер техник төхөөрөмж авч л таарна. Тэгээд ч бичгийн машин цохиж, гараараа цаас эрээчиж суудаг цаг ард үлдсэн. Цаг үетэй хөл нийлүүлж явснаараа энэ байгууллага, байгууллагын албан хаагчид яагаад чичлүүлэх ёстой юм бол. Тэгээд ч нэг хүн хоёр, гурван компьютертэй юу гэдэг нь бас л батлагдаж, нотлогдоогүй. . .
Ажил мэргэжлийнхээ онцлог, шаардлагад тохируулаад төрийн тусгай байгууллагын хувьд энэ газрын албан хаагчид байнгын бэлэн байдалд байх ёстой. Үгүй ядаж, байнгын бэлэн байдлаа хангаж байх ёстой байх.

Усанд сэлдэг нь ямар ч үед албаны бэлэн байдлаа сахих эрүүл чийрэг бие бялдартай, бэлтгэгдсэн албан хаагчтай байх гэсэн байгууллагын бодлого байх гэж найдаж байна. Онцгой байдлынхан ч гэсэн усанд сэлдэг. Төрийн тусгай байгууллагууд энэ мэтээр албан хаагчдаа бие бялдрын хувьд төрийн тусгай албан хаагчийн шаардлагад нийцүүлж бэлтгэх ёстой гээд арга хэмжээ авч байгаа нь харин ч сайн хэрэг биш үү. Усанд сэлж байгаа нь ийм л асуудлыг нь шийдэж өгч байгаа болохоос зугаацуулаад, тансаглуулаад байгаа явдал биш биз ээ. Арай өөр талаас нь харъя л даа.

Албан хаагчдынхаа амь нас, аюулгүй байдал, албаны бэлэн байдал, мэдлэг ур чадварт анхаарснаараа Авлигатай тэмцэх газар яагаад чичлүүлэх ёстой юм бол оо, бодох л асуудал.

Ингэхэд, бусад төрийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг дэлгэвэл Авлигатай тэмцэх газрынхаас их юм гарна гэдэгт би лав итгэлтэй байна.

Энэ байгууллагыг хамгаалдаг газар байна уу?

Өмөөрч бичихийг хүссэн бас нэг сэдэв нь энэ.
Авлигатай тэмцэх газар эрсдэлтэй ажил явуулдаг төрийн тусгай байгууллага.
Төрд эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын зүгээс маш их эсэргүүцэлтэй тулгардаг, цаашид ч тулгарах нь ойлгомжтой. Угаасаа энэ байгууллагын онцлог ийм. Ийм байгууллагыг хамгаалдаг газар байна уу, ингэхэд.
Хоёр жил гаруйн хугацаанд сайн, муугаар хэлүүлэн барин энэ газар ажлаа хийсээн. Одоо харин энэ байрнаас нь ухраах уу, эсвэл нэг алхам ч гэсэн урагшлуулах уу гэдэг асуудал тулгараад байх шиг.
Манай төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд өөрсдөө авлигатай тэмцэх хүсэл зоригтой байвал урагшлуулахад ч юухан байхав.

Авлигатай тэмцэх газарт хандаж хэлэх үг ч бас байна

Тиймээ, энэ газрынханд хандаж хэлэх үг ч бас байна. Өмөөрч бичихэд учир бий.
Хэдийгээр өмөөрмөөр санагдаад үүнийг бичсэн ч танай байгууллагыг төрийн тусгай байгууллагынхаа хувьд тийм сайн, төгс сайн ажиллаж чадаж байгаа болов уу гэдэг эргэлзээ олон нийтэд бий. Ийм эргэлзээ зарим талаар танай байгууллагын хаалттай байдлаас үүдэж үүсдэг ч байж болох юм шүү.

Төрийн мөнгийг үнэхээр тансаглаж үрээд байна уу, өргөсөн тангарагтаа захирагдаж, үнэнчээр ажлаа хийх гэж үрээд байна уу гэдгийг сурвалжлах боломжийг сэтгүүлчдэд олгож өгөөч. Ийм завшаан тохиолдвол, нэг хүн хоёр, гурван компьютер сугавчлаад сууж байна уу гэдгийг ч мэдэх боломж ядаж гарна шүү дээ, олон нийтэд.

Бас ард түмнийхээ дэмжлэгийг авч ажиллаач. Эрүүл саруул сэтгэхүйтэй, энэ бүх муу муухайгаас салъя гэсэн энгийн сайхан хүмүүсийн дэмжлэгийг аваад, тэдний санал бодлыг ч тусгаад ажиллавал яасан юм бэ гэж бодогдох юм.
Эцсийн эцэст та бүхнийг ард түмэн л ойлгож дэмжихээс биш танайд шалгуулдаг улс төрчид, өндөр албан тушаалтнууд дэмжихгүй гэдэг нь ойлгомжтой шүү.

Л.Эрдэнэ “Үндэсний шуудан” сонин