Авлига гэх нийгмийн гамшигтай сэтгүүлчид хамтран тэмцэнэ

A- A A+
Авлига гэх нийгмийн гамшигтай сэтгүүлчид хамтран тэмцэнэ
Хүн төрөлхтөнд байгалийн гамшиг гэх яах ч аргагүй хүчин зүйл байдаг. Түүнтэй эн зэрэгцэх нэгэн гамшиг бол яах аргагүй авлига, хээл хахууль юм. Гэвч нийгэмд учраад буй энэхүү гамшгийн эсрэг байгууллага аж ахуйн нэгж, цаашлаад хүн бүр хамтран тэмцэж чадвал даван гарч чаддагаараа онцлогтой.

Мэдээж хүн бүрийг авлигын эсрэг үйлсэд уриалан дуудаж чадах хүчирхэг хэрэгсэл бол хэвлэл мэдээлэл.
Тиймээс Авлигатай тэмцэх газар Хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Авлигатай үр дүнтэй тэмцэх нь” сэдэвт уулзалт өнгөрөгч амралтын өдөр боллоо.

Уулзалтыг нээж АТГ-ын дарга Ч.Сангарагчаа хэлэхдээ “Авлигатай тэмцэх гэдэг ганцхан манай байгууллагын ажил биш. Энэ бол хүн бүрийн хийх ёстой ажил. Хэрвээ бид хамтран авлигыг бууруулж чадвал хойч үедээ биднээс барих гавъяа тэр болох юм” гэлээ.

Уулзалтаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, Соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтэс, Мөрдөн шалгах хэлтсийн дарга нар үйл ажиллагаагаа болон хийсэн ажлынхаа үр дүнгээс танилцуулсан юм.

Мөн Авлигатай тэмцэх байгууллага Хэвлэл мэдээллийнхэн хэрхэн хамтарч ажилладаг талаарх туршлагыг Олон улсын зөвлөх Тони Квок тун сонирхолтойгоор хүргэсэн нь сэтгүүлчдийн анхаарлыг яах аргагүй татлаа.

Уулзалтын хамгийн чухал хэсэг нь хэлэлцүүлэг байлаа. Энэхүү хэлэлцүүлэгт АТГ-аас сэтгүүлчдийн ажилд туслаж болох боломжууд болон сэтгүүлчдийн зүгээс хийж болох алхмуудыг ярилцсан юм. АТГ-аас хуулийн дагуу мэдээллүүдийг аль болох чөлөөтэй хүргэж, нээлттэй ажиллахаа энэ үеэр амласан. Харин сэтгүүлчид АТГ-аас гаргасан иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллүүдийг аль болох хурдан шуурхай хүргэх талаар ч ярилцсан. Мөн АТГ-ынхан сэтгүүлчдээс иргэдээс авлига, албан тушаал, хүнд суртлын талаар мэдээлэл хүлээн авдаг 1969 утсыг байнга мэдээлж өгч байгаач ээ гэж хүссэн. Уулзалтаар сэтгүүлчид тус байгууллагатай хамтран ажиллахад чухам юу саад болдог талаар илэн далангүй ярьсан нь тус байгууллагатай цаашид хамтран ойлголцон ажиллахад ихээхэн тус дэм болох биз ээ.

Уулзалтын төгсгөлд энэ төрлийн арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулах нь зүйтэй хэмээн ярилцсан юм.