ИЛ ТОД БАЙДЛЫГ ӨӨРСДӨӨСӨӨ ЭХЛҮҮЛНЭ!

A- A A+
ИЛ ТОД БАЙДЛЫГ ӨӨРСДӨӨСӨӨ ЭХЛҮҮЛНЭ!
Таван сарын өмнөөс НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, АТГ-тай хамтран “Монгол улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Хэнтий аймагт “Шударга ёс, ил тод байдлын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” ажлын хэсэг Хуульзүйн хэлтсийн дарга Ж.Ганбаатараар ахлуулан байгуулагдсан юм. Тэрбээр, төлөвлөгөөний төслөө боловсруулж дууслаа, дөрвөн үндсэн тулгуур, зургаан зорилт, 29 хэрэгжүүлэх ерөнхий арга хэмжээний жагсаалт бүхий энэ төсөлдөө санал авахаар АТГ-т уламжлаад байна. Дараа нь аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эсвэл ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулах бодолтой байна гэж мэдэгдлээ.

Төлөвлөгөө ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжих учиртай. Төлөвлөгөөний төслийг боловсруулах явцад 1400 гаруй иргэдээс санал асуулгыг түүвэрлэн авчээ. Сонирхолтой нь, аймгийн төвд ч, хөдөө суманд ч ялгаагүй санал өгсөн иргэд хамгийн их авилга, хүнд сурталтай газраар цагдаа, орон нутгийн ЗДТГ, эрүүл мэндийн салбарыг яг адилхан нэрлэсэн байна. Төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ж.Ганбаатар ярихдаа, “Дөрвөн тулгуурын нэг дэх нь ёс зүйтэй манлайлал юм. Энэ нь шийдвэр гаргах түвшний удирдлагууд маань шударга ёс, ил тод байдлыг өөрсдөөсөө эхэлнэ гэсэн үг. Хоёр дахь тулгуур болох хувь хүний шударга байдал гэдэг нь төрийн албан хаагчид иргэдэд нээлттэй байж ажлаа хууль тогтоомжийн хүрээнд явуулах ёстой гэсэн санааг агуулсан. Гурав дахь тулгуур болох байгууллагын тогтолцооны шударга байдал гэдэг нь ил тод, шударга байдлыг хангахын тулд байгууллагынхаа зүгээс юу хийж чадах вэ гэсэн үг. Харин дөрөв дэх тулгуур нь, дээрх гурван тулгуурын зарчмыг хэрэгжүүлэхийн тулд хөндлөнгийн хяналт байх ёстой гэсэн санаа. Хяналтыг манай иргэд, ИНБ-ууд, төрийн мэргэжлийн байгууллагууд хэрэгжүүлэх болно. Бид хамгийн их авилга, хүнд сурталтай 10 байгууллагын жагсаалтыг гаргасан. Хүнд суртал, ил тод бус байдлыг халахын тулд зөвлөмж боловсруулж Засаг даргынхаа зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгээд байна” гэлээ.
Ийнхүү тэрбээр, Хэнтий аймагт мэдээллийн хаалттай байдал үргэлжилж иргэдийнхээ өмнө төрийн байгууллага нь хүнд суртал гарган итгэлийг нь хүлээж чадахгүй байгааг хүлээн зөвшөөрлөө.

Олон нийт ч, тэдний өөрсдийнх нь авсан судалгаагаар Хэнтийн төрийн байгууллагын ажилд “Муу” гэсэн дүнг нэгэнт тавиад байгаа билээ. Учир нь, орон нутгийн төрийн байгууллага нь, шударга ёс, ил тод байдлыг хангаж чадахгүй байна гэж аймгийн төвийн төдийгүй хөдөө сумдын иргэд нь ч адилхан хариулт өгч авилга, хүнд суртал оршсон газруудын эхний таван байранд багтаан жагсаасан байна.