Ц.Эрдэнэцэцэг: Авлигатай тэмцэх газар төрийн бүх байгууллагатай хамтарч ажилладаг /2011.10.07/

A- A A+
Ц.Эрдэнэцэцэг: Авлигатай тэмцэх газар төрийн бүх байгууллагатай хамтарч ажилладаг /2011.10.07/
Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Эрдэнэцэцэгээс дараах зүйлийг тодрууллаа.

-Авлигатай тэмцэх газар сүүлийн үед ямар хэргүүдийг шалгаж байна вэ. Одоогийн байдлаар хэчнээн хэрэг шалгаж байна?

-Авлигатай тэмцэх газар ерөөсөө л Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлгийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, 264 дүгээр зүйлд заасан төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, 265 дугаар зүйлд заасан төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, 266 дугаар зүйлд заасан төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, 268 дугаар зүйлд заасан хээл хахууль авах, 269 дүгээр зүйлд заасан хээл хахууль өгөх, 270 дугаар зүйлд заасан хээл хахууль зуучлах, 273 дугаар зүйлд заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэн найман төрлийн эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар дээрх найман төрлийн хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгахаар харъяалуулсан байдаг. Иймээс Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй хэргүүд дээрх төрлийн л хэргүүд байгаа гэсэн үг.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг гагцхүү прокурорын зөвшөөрснөөр, түүний бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдээлдэг. Мөрдөн байцаалтын ажиллагааны нууцлалыг хангах, хадгалахын тулд хуульд ингээд заачихсан учраас Авлигатай тэмцэх газарт тийм, тийм хэргүүд шалгаж байна гээд зарлах боломжгүй юм. Шалгаж байгаа хэргийн тоог бол мэдээж хэлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар 39 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

-Авлигатай тэмцэх газар албан тушаалтнуудыг шалгах бус хамтарч ажилладаг, тухайлбал, Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатарыг шалгуулахаар хэд хэдэн удаа өгсөн. Гэвч Авлигатай тэмцэх газартай Засаг дарга Ч.Эрдэнэбаатар хамтын ажиллагааны гэрээтэй, орон нутгийн төсвийн мөнгөнөөс найман сая төгрөгийн ухуулга, сурталчилгаа хийлгэсэн учраас шалгадаггүй гэсэн мэдээлэл байна. Засаг дарга Ч.Эрдэнэбаатарыг шалгуулахаар танай газарт гомдол, мэдээлэл ирж байсан уу. Ирж байсан бол шалгасан уу. Шалгаад яаж шийдвэрлэж байсан юм бол. Мөн Засаг дарга Ч.Эрдэнэбаатартай яаж хамтарч ажилладаг юм бэ?

-Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатартай холбоотой гомдол, мэдээллийг шалгасан. Түүнтэй холбоотой Засгийн газраас ядуу иргэдийг орон гэртэй болгох төслийн хүрээнд тус аймагт хувиарлагдсан мөнгөний үлдэгдлийг зориулалтын бусаар зарцуулсан, зам засч, сайжруулахаар улсын төсвөөс өгсөн мөнгийг хувьдаа завшсан, эрх мэдлээ ашиглан ЗДТГ-т орон сууц, “Ланд круйзер” авто машин өндөр үнээр худалдаж авсан, МАХН-ын дэд дарга хүнийг өөрийнхөө хуулийн зөвлөхөөр ажиллуулж, цалинжуулсан, тендерт нэр бүхий компанийг үндэслэлгүйгээр шалгаруулсан, өөрийн компанид өөр компаниас эрх мэдлээ ашиглаж мөнгө шилжүүлж авсан гэх үйлдлүүдийг шалгуулахаар гомдол, мэдээлэл ирүүлснийг шалгаад, дээрх үйлдлүүд нь нотлогдохгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй нь гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, санхүүгийн болон бусад баримтууд, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон тул шалгасан мөрдөн байцаагч нь хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. Прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Аль ч мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад мөрдөн байцаагч хэргийг тал бүрээс нь шалгаж, тогтоодог. Ингэж л ажиллах үүрэг хүлээсэн хүмүүс. Хэргийг шалгаж, үнэн мөнийг тогтоох үүрэг хүлээдэг болохоос хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй. Мөрдөн байцаагчийн шалгаж, гаргаж ирсэн материалыг прокурор хянаж үзээд, түүнийхээ үндсэн дээр хууль журмын дагуу шийдвэрээ гаргаад явдаг. Ганц Авлигатай тэмцэх газрын ч юмуу шалгаснаар хэрэг шийдэгддэггүй, ийм л хуультай. Байцаан шийтгэх бүх ажиллагаа прокурорын, хуулийн хяналтан дор явагддаг.

Засаг дарга Ч.Эрдэнэбаатартай Авлигатай тэмцэх газар хамтын ажиллагааны гэрээтэй, орон нутгийн төсвөөс найман сая төгрөгийн ухуулга, сурталчилгаа хийлгэсэн гэдэг мэдээллийн тухайд энэ мөн л ташаа ойлголт, мэдээлэл байна.

Авлигатай тэмцэх газар төрийн бүх байгууллагатай хамтарч ажилладаг. Тэр дундаа аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллагатай илүү нягт хамтарч ажилладаг. Засаг дарга гэлтгүй тэр аппаратад ажиллаж байгаа бүхий л албан хаагч, дарга, удирдлагатай авлигын эсрэг, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллаж байна. Тухайлбал, орон нутагт төрийн захиргааны байгууллагын нээлттэй ил тод байдлыг хангах, хүнд суртлын эсрэг хамтран ажиллахаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.6-д заасныг удирдлага болгон 2008 онд Авлигатай тэмцэх газар, тухайн аймаг, орон нутгийн иргэний нийгмийн зөвлөл, Аймгийн Засаг дарга гурвалсан гэрээ байгуулсан. Уг гэрээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Авлигатай тэмцэх газрын дарга, тухайн аймгийн иргэний нийгмийн зөвлөлийн ерөнхий зохицуулагч нар баталсан байгаа. Ил тод, нээлттэй, тэгш, хүртээмжтэй төрийн үйлчилгээний орчинг бүрдүүлэх, төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүнд суртал, чирэгдлийг таслан зогсоох зорилготой энэхүү гурвалсан гэрээний дагуу Авлигатай тэмцэх газар аймаг, нийслэлийн төрийн захиргааны бүх байгууллагатай хамтарч ажилладаг. Хамтын ажиллагааны хэлбэрт төрийн байгууллагын албан тушаалтнууд, иргэдэд авлигын эсрэг сурталчилгаа хийх, сургалт зохион байгуулах, мэдээллээр хангах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх гэх мэтийн олон ажил, арга хэмжээ бий. Хамтарч ажиллаж байгаа зорилго нь хэн нэг эрх мэдэлтнийг, даргыг шалгахгүй байх биш, харин тухайн аймаг, орон нутагт авлига, хүнд суртлыг арилгах, иргэдэд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, шуурхай хүргэдэг болох зорилгод л чиглэгддэг.

Дээр дурьдсан гурвалсан гэрээний үндсэн дээр анх санал санаачилга нь гарч, хийгдэж байсан ажил улам өргөжиж эдүгээ улсын хэмжээнд төрийн бүх байгууллагууд Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлдэг болж байна. Хэнтий аймгийн ЗДТГ аймаг, орон нутагтаа авлига, хүнд суртлыг бууруулах, төрийн үйлчилгээг хурдан шуурхай болгох чиглэлээр Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлдэг байгууллагын л нэг. Төлөвлөгөөндөө тусгаж олон ажил санаачилж, хийж, зохион байгуулсан. Тэр ажил, арга хэмжээгээ ч орон нутгийн иргэддээ сурталчилж, мэдээлж байгаа. Энэ ажилд тодорхой хэмжээний мөнгө мэдээж зарцуулсан байдаг байх. Ийм л ажил, арга хэмжээ юм. Үүнийг Авлигатай тэмцэх газар аль нэг аймгийн Засаг даргатай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад, сурталчилгаа хийлгүүлдэг гэж гуйвуулж, буруу, ташаа ойлгодог юм болов уу.

-“Хөх Монгол” гэж бүлгэмээс хоёр өдрийн өмнө хэвлэлийн бага хурал хийж, тэр үеэрээ “АТГ-ын нэг хэлтсийн дарга саяхан хуримаа хийсэн байна. Хурим дээрээ LX 570 машин хоёр гурваар нь авсан. Найз нөхдөөр нь дамжуулаад түүний гар хөл болдог эрхэм ноёд нь бэлэглэсэн. Мөн нэгээс дөрвөн өрөө байрыг гурав, дөрвөн хүн бэлэглэлээ. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл юм” юм гэж мэдээлж байсан. Төрийн тусгай байгууллагын нэг албан тушаалтан хуримаа хийгээд, ийм их хэмжээний бэлэг сэлт авсан бол энэ мэдээж төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй. Гэвч тийм хурим найр болсон юмуу гэдгийг тодруулж, үнэн зөв мэдээллийг өгөхийг хүсч байна?

-Авлигатай тэмцэх газрын ямар ч хэлтсийн дарга хурим хийгээгүй. Хурим хийхээр, гэр бүлгүй хэлтсийн дарга нэг ч байхгүй. Энэ зуун хувь ташаа мэдээлэл байна. Гэхдээ ийм үйлдэл үнэхээр болсон уу гэдгийг дээрх мэдээллийг тараасан хүмүүс холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулж, тогтоолгох бүрэн боломжтой.

-Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан П.Даш хэвлэлд ярилцлага өгөхдөө өөрийг нь улстөржсөн асуудлаас болж шалгаж, хэлмэгдүүлсэн, Авлигатай тэмцэх газрынхан намайг Өршөөлийн хуульд хамрагдчих гэж гуйдаг байсан гэж дурьдсан байгаа. Үүнд тайлбар өгөх үү?

-П.Дашийн хэвлэлд өгсөн ярилцлагаас харахад, дээд шатны шүүхэд давж заалдана гэсэн байна лээ. Тэгээд ч шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байгаа байх. Иймд шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой болно.

Дашрамд хэлэхэд, Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа албан тушаалтнууд гэм буруутай эсэхээ шалгуулахдаа “Би буруугүй, намайг улстөрийн шалтгаанаар хэлмэгдүүлж, золиосолж байна” гэдэг шүү дээ. Ийм мэдээлэл нийгэмд Авлигатай тэмцэх газар хүн хэлмэгдүүлдэг, ажлаа хийж чаддаггүй газар юм шиг ойлголт төрүүлдэг. Худал мэдээллийг мянга давтахаар үнэн болдог гэдэг биз дээ. Ийм л жишгээр өөрийнхээ нэр хүндийг авч гарахын тулд ч юмуу зарим албан тушаалтнууд энэ байгууллагын эсрэг сөрөг, муу мэдээллийг цацдаг нь анзаарагддаг, ойлгомжтой байдаг.


www.gogo.mn
О.АРИУНБИЛЭГ