Шударга ёс оюутны нүдээр - MУИС-МКС-ийн Онолын математикийн 2 дугаар ангийн оюутан О.Золбоо

A- A A+
Шударга ёс оюутны нүдээр - MУИС-МКС-ийн Онолын математикийн 2 дугаар ангийн оюутан О.Золбоо
Өнөөгийн монголын нийгэмд хаа сайгүй байгаа нэгэн сэтгэл эмзэглүүштэй зүйл нь хийж чадахгүй мөртлөө хийрхэж чаддаг олон оюутан залуустай болоод байгаа явдал мөнөөс мөн билээ. Яагаад би үүнийг чухамдаа энд дурдаж байна вэ гэвэл бидний дунд, тэр тусмаа монгол хэмээх агуу түүхт улс гүрний хойчийг залгамжлан авч явах ёстой оюутан залуус бидний дунд сэтгэлгээний хоосрол хэмээх аюултай сэтгэл оюунд үүсдэг цөлжилт бий болоод байгаа явдалыг зүгээр хараад сууж чадахгүй байгаад байгаа юм.

Би ч гэсэн адилхан оюутан хүн. Гэхдээ жирийн нэгэн оюутан биш байна. Яагаад гэвэл өнөөдөр энэхүү шударга ёс хэмээн улиг болтлоо яриад ухаарч нэг ч хийхгүй байгаа ихэнх оюутнуудаас ялгаатайгаараа би өнөөдөр энд энэхүү эссег бичиж явуулах хэрэгтэй гэж үзсэн юм. Шударга ёс тэгвэл оюутны нүдээр ямар байгааг би хэлье л дээ. Бүгдээрээ л шударга ёс ярьж байгаа энэ үед би та бүхэнд өөртөө тохиолдсон нэгэн явдлыг ярьж өгье.

Саяхан би нэгэн найзтайгаа хууч хөөрч суулаа. Бид хоёр олон ч юм ярьж, найз маань ч л яриа эхэлсэн цагаасаа эхлэн улс орон муу байна, шударга зүйл алга гээд л надад баахан л шударга ёсны талаар айлдаж өгдөг юм байна. Сонсож сонсож эцэст нь миний сониуч зан хөдлөөд тэгвэл шударга ёс гэж одоо чи яг юуг хэлэх гээд байгаа юм бэ гээд асууж орхитол мань эр гацаад олигтой тодорхойлж ч чадсангүй духаа маажсан юм.

Энэ бол тэрхүү миний яриад хэлэхийг зориод байгаа эмгэнэл. Бидний ихэнх нь яг юуг шударга ёс гэдгээ бид өнөөдөр ухаарахгүй байна. Хөгшин залуу хүүхэд багачууд бүгдээрээ. Тэр ч байтугай төрийн түшээд түмэн олны төлөөлөл маань хүртэл шүү. Тэгвэл оюутны нүдээр би одоо шударга ёсыг энд тодорхойлъё.

Шударга ёс гэдгийг би өөрөө өөртөө шударга байх гэж үздэг. Өөрийн хийсэн үйлдэлд эзэн болж, өрөөлийн сайн сайхны төлөө зүтгэж, ардчилалын мөн чанарыг гүнээр ойлгож, 1990 онд авсан айхтар том бэлэг иргэний эрх чөлөөгөө бүрнээр ухаарч, өөрөө өөртөө эзэн байх ухамсартай, өрөөлийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэх чадвартай, жинхэнэ утгаараа нийгэмд төлөвшсөн бие хүн болох тэрхүү замыг өөрийн сэтгэлийн хатуу тэвчээр, эр зориг, өөдрөг үзлийнхээ хүчээр даван туулж буй тэрхүү өөрөө өөрийгөө ялан дийлж байгаа цаг, хором, мөч бүрийн нийлбэр нь шударга ёс байх учиртай. Яагаад гэвэл өөрөө өөртөө шударга хандаж сурсан хүн л өрөөл бусдад шударга хандах чадвартай болдог учраас тэр.

Харин үүнийг бидний ихэнх нь ухаарахгүй байгаад л хамгийн харамсалтай нь оршиж байгаа юм. Гэхдээ тэдэнд тархи толгой, ухаан дутаагүй ээ. Зөвхөн үүнийг би одоо л хийхгүй бол дараа болохгүй гэж бодоод өөр дээрээ аваад хэрэгжүүлэх тийм санаачлага, тийм хөдөлмөр, тийм зүтгэл л дутаад байгаа юм. Монголын маргааш гэдэг аюултай тахлыг бид сэтгэл оюунаасаа арчиж хаяагүй цагт хэзээ ч шударга ёсыг тогтоож чадахгүй. Өөрөө өөртөө эзэн болсон цагт харин улс орны хэмжээнд шударга ёсны талаар ярьж болох болно. Нэгж хүн бүрийн өөрөө өөртөө хандах шударга байдлаар эх орны хэмжээнд шударга ёс бүрэлдэн бий болох болно.

Тэр цагийг харин бүтээн бий болгох гайхамшигт замын эхлэл нь зөвхөн хүн бүрийн өөрөө өөртөө хандах шударга байдал байх болно. Тиймээс энэ эссег маань уншиж буй хүн болгоноос би ганц л зүйлийг хүсмээр байна. Та бүхэн гайхамшигтай сайхан өв соёл, бахархалтай улс орны иргэд шүү. Мөн гайхамшигтай чадвартай ч хүмүүс. Гэхдээ би тийм гээд цээжээ дэлдээд гүйгээд байхдаа гол нь биш гагцхүү хийж бүтээж буй зөв шударга хөдөлмөр зүтгэлээр чинь л ирээдүйн шударга сайхан монгол орон бий болох болно шүү. Үүнийг харин хэзээ ч битгий мартаарай.


Монгол Улсын Их Сургуулийн Математик Компьютерийн Сургуулийн
Онолын Математикийн 2 дугаар ангийн оюутан О.Золбоо