Шударга ёс, шударга төрийн албан хаагчаас эхэлнэ - МУИС-НШУС Улс төр судлал 3а ангийн оюутан С.Өсөхбаяр

A- A A+
Шударга ёс, шударга төрийн албан хаагчаас эхэлнэ - МУИС-НШУС Улс төр судлал 3а ангийн оюутан С.Өсөхбаяр
Шуналдаа хөтлөгдсөн өчүүхэн хүмүүс бид шударга гэсэн үгийг бага хэрэглэхээ болжээ. Амьдарч байгаа нийгэмд маань хүнд суртал, хээл хахууль цэцэглэж байна. Энэ бүхэн ёс суртахуунгүй зарим төрийн албан хаагчдаас үүдэлтэй гэж би үздэг. Нэн тэргүүнд тэднийг ажлаас нь халвал зохих юм.

Авилга аваад сурсан доод, дунд, дээд шатны албан хаагчид Монгол төрийн нэр хүндийг унагасаарл байна. Хүндлэх сэтгэл төрөхгүй хойно иргэд яахин төрдөө итгэж чадах билээ. Зөв замаар явах гэсэн нэгнээ авилгачид дэвсэлж, хаа сайгүй ургадаг хогийн шарилж шиг газар авчээ. 2004 онд авилгын индексээрээ /CPI/ Монголчууд 3 оноо авч дэлхийн 180 орноос 99-д жагсч байснаа олимпийн алдартан төрсөн энэ жил оноогоо яс барьж жагсаалтын 102 луу ухарсан нь энэ бүхнийг нотолж байна. / Transparency international org-ийн судалгаа /

Хятадын гүн ухаантан Күнз:-“Мунхаг хүн эд хөрөнгө, алдар нэрийн төлөө тэмцдэг тул төрийн албанд тохоож үл болно”.гэж “Шүүмжлэл өгүүлэл” шастирдаа сургасан байдаг. Түүнийхээр ард түмний төлөө ажиллах сэтгэлтэй, ёс зүйтэй нэгэн л төрийн хар хүн болох ёстой юм. Ёс зүйн шүүлтүүрээр тэднийг шалгаж авах ёстой гэсэн үнэт зөвлөгөө одоо хүртэл ач холбогдлоо алдаагүй байх.

Үнэнч албатууд байхгүй болсон мэт ярьдаг хүмүүс надад төдийлөн таалагддаггүй. Хийж байгаа ажилдаа зарчимч, тууштай явдаг нь цөөн болоод бусдынхаа бараан сүүдэрт л дарагдчихаад байгаа юм.

Ромын дээд албан тушаал болох Консулыг хашиж байсан Катон гэгч ажилдаа үргэлж явган очдог, үнэтэй хувцас өмсч үзээгүйгээрээ бахархаж, хувийнхаа бүхий л ачаа хөсгийг өөрөө зөөдөг байжээ. Албандаа тохоогдоод Испаниас буцан Итали руу усан замаар ирэхдээ мөнгө хэмнэхийн үүднээс унаж байсан морио зараад, замын зардал хийсэн гэдэг.Энэ эрхэм шиг Улаанбаатараас Увс руу хувийнхаа зардлаар явах үлгэр жишээ ч УИХ-ын гишүүн манайд байгаа болов уу?

Муу, муухай, хорон зүйлс үнэндээ аймхай хулчгар хүлцэнгүй хүмүүсээс л үүддэг. “Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол түүнд оролцож байгаагаас ялгаагүй” гэж Английн философич, улс төрч Э.Берк хэлсэн. Хуулинд заасан үйлчилгээгээ үзүүлэхийн оронд багц,багц мөнгийг хүсч байгаа ичгүүргүй дээгүүр тушаалтнуудыг шууд л 1969-рүү утасдаж мэдэгдэх хэрэгтэй. Зориг дутмаг нэгэн хүчин мөхөс байдлаа мэдэрч дуугүй тэдэнд ембүү атгуулахыг илүүд үздэг нь тэднийг улам даврааж байна.

Өндөр хэргэм зэрэг, байр суурь хүнийг бусдаас нь хэтэрхий холдуулан тасалж, энгийнээр харьцахад садаа учруулж, эцэст нь бүх хариуцлагаас гадна орхигдоход хүргэдэг. Юу дуртайгаа хийж болно гэж итгэсэн заримынх нь буруутай үйл ажиллагааг нь зоригтой илчилж, халснаар бусад нь сургамж аван ард түмэндээ үйлчилнэ гэсэн бодол намайг шударга ёс тогтоно гэдэгт улам бат итгүүлдэг.

МУИС-НШУС Улс төр судлал 3а ангийн оюутан С.Өсөхбаяр