Шударга ёс оюутны нүдээр - МУИС-НШУС Улс Төр Судлалын 3-а ангийн оюутан Э.Саранцэцэг

A- A A+
Шударга ёс оюутны нүдээр - МУИС-НШУС Улс Төр Судлалын 3-а ангийн оюутан Э.Саранцэцэг
Юуны өмнө энэхүү эссе-г уншиж байгаа эрхэм таны мяндсан утас мятрашгүй хөврөх мэт мянга, мянган өдрийн тань амар амгаланг айлтгаж, лагшин тунгалаг байж, оюуны цартаа тань бурханы мэлмийд ойрхон байхыг хүсье.

Оршлын оронд
Би бол хүн. Би бээр огторгуйн уудамд он цагийн урсгалаар аялан буй тэнхлэгт нүдэн гаригийн 2 тэрбум 6 зуугийн нэг нь. Би бээр эх дэлхийн элгэн хөрснөө эзэн нь болон дэвжсэн хүн сармагчин өвөгтэй, хүннү, сяньби удамтай хүн төрөлхтний түм түмэн үрсийн нэг нь. Би бээр эмгэн буурал дэлхийн элгэн тушаа оршигч хөгжил дэвшлийн замналтай, хүмүүнлэг ардчилсан нийгэмтэй хөх Монгол улсын өсөн өндийж, өргөжин дэвжиж яваа ирээдүй залгамж үеийн нэг нь.

Ямартаа ч миний бие Монголын түүхийн ган тулганд ноцох хувьтай нэгэн аргал болон төрсөндөө хараа цэгц, нуруу тэнэгэр явдаг нэгэн.

Агуулга
Хөх тэнгэрийн сүсэгтэй, хүлэг морин ханьтай монгол түмэн 1921 оны хувьсгалаар үндэсний эрх чөлөөгөө олж авснаас хойш улс орноо социализмын эх өлгий болгох агуу зорилго тавин түүний замаар замнаж байсан. Гэвч энэ бүхний цаанаас хүний эрх, эрх чөлөөг магтан дуулах, эрэлхийлэх үзэл санаа цухалзаж эхэлснээр социализмыг түлхэн унагааж, хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийг сонгосон бөгөөд ингэснээр монгол улс дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхах, даяаршлын их харгуйд орсон гэдгийг буурал түүх бэлхнээ өгүүлнэ.

Орчин үед шударга ёс, ёс суртахуун бодит байдал дээр ямар байгаааг хүн бүр өөр өрийн нүдээр харж үнэлэлтөгч бүр дүгнэлт хийж байна. Шударга байх явдал нь хамгийн энгийн зүйл болох бидний өдөр тутамдаа хийж гүйцэтгэдэг ажлаас л эхэлнэ. Шударга байдлыг нугачан дарж байгаа зүйл нь авилга мөнөөс мөн гэдэгтээ хэн ч үл маргах биз ээ. Өнөөдөр найман настай балчраас наян настай буурал хүртэл авилга гээчийг ярьдаг мэддэг болжээ, бүр хэрэглэж байна. Энэ нь чухамхүү монгол орны нийгэм авилгын торон дээр оршиж байгаагийн илрэл биш гэж үү? Бид энэ авилгын торон дээр байгаа мөртлөө ариун шударга ардчилсан нийгэмд 18 жил амьдарсан гэж ам бардам хэлэх юу л бол.

Хүн хүүхдээ эрдэм номтой шударга үнэнч, төр нийгэмдээ хэрэгтэй сайн хүн болгоно гэж бодсон мөчөөсөө л ямар цэцэрлэг, сургуульд хэн багшийн ангид оруулах вэ? Гээд аль сайн гэсэнд нь танил тал засаж, архи, набор тэргүүтнээр “ил авилга” өгдөг. Энэ мэт жишээг тоочвол хэдэн ч өдөр зарцуулагдах байх. Гэхдээ цухас дурдвал, миний эргэн тойронд… Би юмны наана, цааныг ойлгож эхэлсэн тэр мөчөөс л өдөр тутамдаа авилга гэгч этгээдтэй таарч тулгарч байжээ.

Бага ангийн бяцхан дүүгээ авах гэж нэг удаа сургууль дээр нь очлоо. Дэвтрийг нь шалгахад хичээлээ бичээгүй байх юм.учрыг нь асуутал тэр өдөр хамгийн хойно суугаад самбар дээрх юмаа харж чадаагүй гэнэ. Хамгийн жижиг биетэй гээд урд суудаг болохоор юунд хойшлуулсныг нь багшаас нь асуутал : хардаггүй юм бол шил зүүлгэхгүй юу, урд суулгахгүй гэж ёозгүйхэн хариулж байна. Гэвч төдөлгүй би хариултаа олсон юм. Эрдэм чадлаараа гайхагдсан, туршлагатай багш гэгдэх тэр эрхэмд өгөх өргөл барьц дутсанаас тэгсэн аж. Балчир хүүхдийг хэл ам хийж ангиас нь гаргаад яахав дээ гэж ээж нь бодсон учраас тэр хүнд хүсээд байсан юмыг нь бэлэглэсэн сурагтай. Бэлэглэсэн ч гэж дээ аргагүй эрхэнд өгсөн хэрэг шүү дээ. Тангараг өргөөгүй ч өргөснөөс өөрцгүй, хүн амын боловсролын төлөө хүчин зүтгэгч ахмад сурган хүмүүжүүлэгч хүн 2-р ангийн бяцхан сурагчаас цагаан толгой, 4 аргын тоо заасныхаа төлөө/хийх ёстой ажлаа хийснийхээ төлөө/ бэлэг хэмээх нэрийн дор хээл хахууль нэхэн суух нь ичгэвтэр гэхэд дэндүү гутамшигтай явдал биш гэж үү. Харамсмаар .., ай халаг. Хүүхэд насны хиргүй гэнэн сэтгэлээр эрдэм сурах гэж хичээж явахад цаана нь багшийн шунаг сэтгэлийн хар сүүдэр, үзэгний хошуу хоёр дүнг нь шийдээд байгаа юм биш биз та минь. Гэхдээ заахаа зааж сургадаг, шударга оюун ухааныг тахин шүтдэг, алсын харгуйд хөтөч болсон ардын багш манайд олон. Чухам нийгмийн ороо бусгаа энэ үед багш хүн тэр л эрхэм нандин ёс зүйч үнэнч шударгаараа үлдээсэй гэсэндээ хэлсэн юм.

Энэхүү жишээ бол Монгол улсад оршин буй олон бодит үзэгдлийн энгийн л нэг хэлбэр. үнэндээ нийгэм дэх шударга бус явдлын талаар монголын толгойтой бүхэн мэдэж, чихтэй болгон нь сонсож байгаа. Гэвч энгийн иргэд бүү хэл эрхэм төр засаг нь дүлий дүмбэ оргин суугаад байгаа учраас өнөөгийн Монгол авилга өглөгийн агуу хэлхээ аалзны тороор хэрэгдсэн юм. Даан ч шударга бус явдлын талаарх эсэргүүцэл тун ховор, эгээ л өдрийн од шиг. Ихэнхи нь олонхио дагаж дуугүйхэн шударга бус явдалд автсаар байгаа болохоор эрхэм авилга гуай хэзээ ч алга болохгүй, мөхөж сөнөхгүй, нийгэм маань ч эрүүлжихгүй. Албан тушаалаа хүнд сурталд урвуулах, ам хэлээрээ соллилцохыг би өөрийн биеэрээ мэдэрлээ.

Энд хэн нэгний эрх ашиг зөрчигдөж байна.
Энд монгол улсын хөгжлийн ирээдүй ч шийдэгдэж байна.
Энд үндэсний шударга ёс мөхөж байна.
Энд ардчиллын үнэт чанаар устгагдаж байна.

Хүмүүсээ! Энэ нийгмээ одоо л аврахгүй бол маргааш оройтно. үндэсний шударга ёсны шилдэг хамгаалагчид нь бид байх болно.
Одоо Монголд 184 их дээд сургуульд 130000 гаруй оюутан суралцаж байна. Бид хээл хахууль, өмссөн зүүснээрээ бус монгол чанараар өрсөлдье. Ингэж байж л миний Монголын ирээдүй хөгжин цэцэглэнэ. Ийм сэтгэхүйтэй олон аав ээжийн охид хөвгүүд байгаа гэдэгт миний бие итгэл төгс байна.

Ямартаа ч хуулинд бөхийсөн төрийн дор шударга ёсыг мандуулахын төлөө хүн бүр аливааг зөв аргаар хийж, ажил үүргээ үнэнч гүйцэтгэхээс л эхэлнэ гэж миний бие бодож байна. Монголчууд бидэнд халирч буцаж, хойш суух тухай ойлголт зохихгүй.

Шунал ихэдвэл, шулам болно.
Шударга ёс шулмыг устгана.
Шударга ёс үүрд мөнх.

МУИС-НШУС Улс Төр Судлалын 3-а ангийн оюутан
Энх-Амгалангийн Саранцэцэг