Шударга ёс оюутны нүдээр - МУИС-НШУС сэтгэл судлал 2-р ангийн оюутан Ч.Нямсүрэн

A- A A+
Шударга ёс оюутны нүдээр - МУИС-НШУС сэтгэл судлал 2-р ангийн оюутан Ч.Нямсүрэн
Гурван жилийн өмнө би үе тэнгийнхнийхээ дуу хоолой болж нэгэн чуулганд оролцож билээ. Чуулганы явцад олон ч зүйл хэлэлцэж, хүүхдэд хамгийн ойр дотно ханддаг эрхэм хүн “хүүхдийн элч”-ийг сонгох боллоо. Олон ч хүн нэр дэвшиж дор бүрнээ өрсөлдөж байхад манай багш намайг дуудаж:

– Нэргүй даргад л саналаа өгөөрөй? Хувь хүний хувьд ч их сайн хүн шүү гэж хэлж байсан юм. Хамгийн их хүндэлдэг хүнээсээ тийм үг сонсоод үнэхээр их гайхаж тухайн үедээ итгэл алдарч байснаа санаж байна. Энэ л цаг үеэс шударга бус зүйлтэй холилдож, хоронд нь найрагдаж ирсэн байх. Хүүхдийн гэнэн цайлган зангаар тухайн үедээ үнэхээр л багшийнхаа хэлснээр саналаа өгч билээ. Тиймээс миний алдааг надаас бусад хэн гуай ч битгий давтаасай гэсэндээ энэхүү зохиомжоо бичиж байна. Хийж бүтээх хүсэл эрмэлзлэл, зорилго тэмүүллээ хэрэгжүүлэхийн тулд танил талаа түшиж, нэр алдарт хүрж хүрээллээ тэлсэн хэн нэгэнд таалагдах гэж гүйдэг хүмүүс бидний нийтлэг хэрнээ дутагдалтай чанарыг яалтай ч билээ. Нийгэм дэх шударга ёсны хэмжүүр алдагдаад байна энээ тэрээ гэж ярих дуртай мөртлөө түүндээ ямар ч ач холбогдол өгөлгүй түүндээ дасан зохицоод явж байгаа та бид үнэхээр өрөвдөлтэй юм. Эх орны ирээдүй болсон оюутнуудын дарга, цэрэг болох сонгуулиас эхлээд эвлэрэл, талцлын уурхай болсон цагаан ордон дахь эрхэм гишүүдийн булхай гээд л нийгмийн аль ч давхраанд газар авч, “үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэсэн үгийн үнэ цэнэ алдагдсан өнөө нийгэмд шударга ёс хэзээ тогтож, нийгэм тогтворжих юм бол доо. “Өөрийнхөө толгой дээрх өвсийг харахгүй мөртлөө бусдын толгой дээрх үсийг харна” гэгчийн үлгэрээр улстөр энэ тэр гэж том толгой гаргаад яахав. Харин өөрийн ойр орчимд шударга ёсны хэмжүүр хэрхэн алдагдаад байгааг дор сийрүүлье.

Саяхан манай сургуулийн ОЗ/оюутны зөвлөл/-ийн сонгууль сүр дуулиантай болж, миний мэдэх гурван ч хүн өрсөлдлөө. Сонгуулийн үр дүнд тэдний хэн нь ч гарсангүй. Сонгууль өнгөрнөөс хойш хэд хоногийн дараа тэдний нэг нь –Чи бол зальтай охин гэж хэлэв. Чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч буй миний бие хэн нэгний ятгалгаар санал өгөөгүйдээ ийнхүү хэлүүлсэндээ гайхаж хэлэх ч үггүй болж хэсэгтээ л эвгүй байдалд орлоо. Магадгүй ээ гудамжинд явж байгаа хэн нэгнээс энэ үгийг сонссон бол тэгтлээ хүндээр хүлээж авахгүй л байсан байх харин оюуныг эрэлхийлэгч Монгол залуу хүн тийнхүү ярьж байхад үнэхээр харамссан юм. Ирээдүйн хөгжлийг тодорхойлохуйц зарим залуус ийм л байдлаар нийгмийн харилцаанд оролцож, хэн нэгэндээ сэтгэлийн шарх, хараат амьдралыг бий болгож байна. Орчин ийм байхад юун улстөрийн хор, начны найраа ярихтай манатай сэтгэл минь өвдөж, итгэл минь алдарч байна.

Гэхдээ би:
Сайн талаараа үлгэрлэгч Монгол хүнийг биширч
Саруул ухаан, шударга ёсыг эрхэмлэгч та бүхэнтэй нэгдэж
Сайхан ирээдүйг зөгнөгч гэнэн мөрөөдөлдөө хөтлөгдөж байна.
Энэхүү мөрөөдөлд хүрэхийн тулд яах ёстой вэ? гэж маш их эргэцүүлсний үндсэн дээр өөрчлөлт миний гарт, миний орчинд байгааг мэдэж, хэн нэгэнд найрагдаж, шударга бус зүйлд орооцолдож байсан тэр бүхэндээ өнөөдрөөс л цэг тавъя гэсэн шийдвэрт хүрлээ.

Тиймээ, Өөрчлөлтийг өөрсдөөсөө л хайцгаая. Би, чи, та бид өөрсдөө өөрчлөгдөж байж бусдад үлгэр дууриал болж чадна.
Тийм учраас: Шударга ёсны төлөө өөрөө өөртөө шударга байя
Шударга ёсыг уландаа гишгэгчидэд өөрөө үлгэрлэе.

Шударга ёсны төлөө тантай нэгдэж гараа өргөсөн:
МУИС-НШУС сэтгэл судлал II Ч.Нямсүрэн