Тэнэг шударга - РТДС-ийн Сэтгүүл зүйн ангийн оюутан Г.Лхагвадорж

A- A A+
Тэнэг шударга - РТДС-ийн Сэтгүүл зүйн ангийн оюутан Г.Лхагвадорж
Сүүлийн үед тэнэг шударга явдал олширч байна. Эсвэл би өөрөө сүүлийн үеэс л анзаарч эхэлсэн байх... саяхны жишээ дурдъя.
... Сонгуулийн үеэр хүмүүс хүмүүсээр хүмүүсийг сонгуулсан баримт байна. Гэвч сонголт зөвхөн сонгогчийн гарт...
Солиорно биз. Сонгуулагчийн гаргасан шийдвэрийг сонголт гэнэ. Сольж өөрчилж болох эрхийг сонголт гэдэг бөгөөд ашигтай газар нь арилжиж болно.

2008 оны 11 сарын 30-ны өдөр болсон ИТХ-ын нөхөн, дахин сонгуулийн үеэр сонголтын тухай дээрх ойлголт зарим тохиолдолд биелэлээ олсон билээ. “Сонгогдогч”-ийн зүгээс “Сонгогч”-д зорилусан жоохон юм /мөнгө/ өгч. Нөгөөх нь авч. Тэгээд л нэр дэвшигч буюу сонгогдогч нь “сонгуулагч”, сонгогч нь “сонгож өгөгч” болчихож байгаа юм. Маш энгийн бөгөөд шударга. Хүний юм зүгээр авчихаад хариу барих нь хүн чанартай бөгөөд шударга явдал. Хүнд юмаа өгчихөөд хариу авах нь ч мөн адил шударга ёсон.
Ийм “шударга”-ыг тэнэг шударга гэж нэрлэсугай... Тэнэг шударга бол шударга бус гэсэн үг.

Сонгууль гэдэг нь угаасаа сонголтыг бусдаар үйлдүүлэх гэсэн үг юм гэнэ ээ. Сонго+уул. Сонгуул болж байгаа юм. Ганц “ь”-ээс болж шал өмнөө юм бодож авцгаадаг маань буруу болж таарлаа...
ИТХ-ын нөхөн сонгуулийн эхний хувилбар ирцдээ хүрээгүйгээс хүчингүй болсон бөлгөө. Харин дарин сонгуулийн үеэр тийм явдал давтагдсангүй. Учир нь зарим залхуу... хүмүүс хүсэл шуналынхаа ачаар сонгуульд идэвхитэй оролцжээ. Мөнгө өгөөгүйд нь бус мөнгө өгсөнд нь саналаа өгөх нь мөнөөх л шударга ёсон. Хамгийн аймаар нь “Сонгуулийн нэгдсэн дүн” хэмээх саванд “сонголт”, “хариу барилт” хоёр холилдон олонхийн санал болж таарсан явдал юм. Энэ чинь ариун явдал уу?

“Шударга ёсны хэмжүүр бол олонхийн санал байж таарахгүй” /Фридрих Шиллер/ гэдгийн аанай л бодож үзүүстэй.
Ерөөс “шударга” гэдэг ойлголт нь үнэн гэдэгтэйгээ адилхан харьцангуй ойлголт ажээ. Аз болоход Альберт Эйнштейн “харьцангуйн онол”-оо нээснээр энэ мэт ярвигтай ойлголтуудыг бид ялгаж салгаад байх боломжтой болжээ. Тухайлбал: Би сонгуульд мөнгө өгч, авч оролцдог хүмүүсийг шударга бус гэж үздэг. Гэтэл миний энэ үзэл бодол тэдэнд ч бас шударга бус санагдаж болох юм. Энэ мэт зөрөлдөөнтэй “шударга”-уудыг аль нь мэргэн бөгөөд олон түмэнч, ирээдүйтэй, “алсын хараа”-тай байна гэдгээр нь ялгаж салгаж болно. Бүх нийтийн эрх чөлөөг хөндөөгүй, нийтлэг эрх ашигт захирагдаж байвал тэр нь жинхэнэ шударга ёс. Харин дэлхий ертөнц дээр ганцаараа амьдарч буй мэт бусдын эрх ашгийн хохироож, нийтийн эрх чөлөөнд цөвтэй бол тэр нь шударга бус.

Миний бодлоор “шударга”-ыг мэргэн шударга, мунхаг шударга, ач холбогдолтой шударга, ач холбогдолнүй шударга, өнгөц шударга, аминчхан шударга, олон түмэнч шударга гэх мэтээр хувь хүний тухайн цаг,нөхцөл байдалд хийсэн сонголт, гаргасан шийдвэрээр нь ангилж болмоор мэт ээ. Шударга эсвэл шударга бус байх нь сонголтын л асуудал. Би өнөөдөр тамхи татах уу, үгүй юу? Намайг тамхи татах болгонд уурладаг найз охиндоо тамхи татсан гэж хэлэх үү? Үгүй юу? Тамхи үнэртүүлчихээд “би тамхи татаагүй” гээд мэлзээд байх нь буруу юу? Зөв үү?...

Амьдрал бол тэр чигээрээ сонголт. Сонголт бол шударга ёс эсвэл шударга бус.
Би яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бидний амар тайван амьдралд нөлөөлөөд байгаа, энэ нийгэмд бугшсан шударга бус явдлыг тодорхой түвшинд нь аваачихын тулд бид өөрсдөө л шударга байх ёстой. “дуслыг хураавал далай...” гэдэгчлэн бид өөрсдөө л хувь хувьдаа шударга байгаад эхлэхээр л боломжийг сайхан шударга нийгмийг бүрдүүлчихэж болмоор. Гэвч шударга бус явдлыг бүр байхгүй болгоод, түүх болгочихъё гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Зөвхөн тухайн зүйлд л байх боломжтой. Тухайлбал: Хулгайч хүн хулгай хийхээ больжээ. Хулгай хийдэг байсан амьдрал нь түүх болжээ. Гэвч хулгайч хүмүүс ахин бий болж, хулгайч хүмүүс нийгэмд амьдарсаар л байдаг... Урам хугарч, амьдрал утгагүй мэт санагдах боловч мөн чанартаа бол тэр нь амьдралыг улам бүр утга учиртай болгож байдаг билээ. Хэрвээ “муухай” юм гэж байхгүй бол “сайхан” юм гэж байхгүй. “Худлаа” байхгүй бол “үнэн” оршихгүй. Шударга бус үгүй бол шударга ёс гэж сүржигнээд байх шаардлагагүй. Аливаа юманд өрсөлдөгч гэж заавал байх ёстой. Тэгэхлээр хэм хэмжээнээсээ хэтрээд бүр төрд гарчихсан шударга бус явдлын “өрсөлдөгч” нь бид байх учиртай.
Дээрээс минь чулуу нурааж яваа тэр шударга бус хүмүүс нураасан чулуутайгаа хамт ойчоод өгөх үед нь бид шударга ёсоо тунхаглах цаг ирнэ. “Бидний хүсээд байгаа өөрчлөлт нь бид өөрсдөө байх учиртай” гэж хэлсэн Энэтхэгийн аугаа удирдагч Махатма Ганди чухамхүү үүнийг л өгүүлсэн буй заа. Тэгвэл “сайн хүн байх амархан, шударга хүн байх л хэцүү” гэж Виктор Хюго хэлжээ. Гэвч бид хэцүүгээс айгаад байхийн бол жинхэнэ шударгыг олж авч чадахгүй. Ихэнх хүмүүс хэцүүтэй нөхөрлөж чаддаггүй. Тэгээд л хулгайч луйварчин дээрэмчин болчихож байгаа юм.

Хэрэв чи хүний түрийвч олвол яах вэ? Багагүй мөнгөтэй бас утасных нь дугаар нь байж байна. Бөөн олз гээд авах уу? Эсвэл утас руу нь залгаад аваачиж өгөх үү?

Жинхэнэ шударга хүн бол нэг төгрөг ч хувьдаа завшилгүй эзэнд нь буцаагаад өгнө. Эзэн нь харин шударга ёсыг үнэлдэг хүн байгаад өөрөө мөнгө өгвөл өөр хэрэг...

Буддын шашинд “үйлийн үр” гэдэг ойлголт бий. Үйлийн үрийг ойлгож ухамсарласан хүн бол хэзээ ч муу юм үйлддэггүй.
Ойр хавьд нь ямар ч хүн байхгүй байх тохиолдолд хүний хэтэвчтэй мөнгийг авчих тун амархан тэгээд ерөөсөө мэдэгдэхгүй байх боломжтой байхад үйлийн үрийг ухамсарласан хүн бол тийм зүйл хийхгүй. Яагаад гэвэл үйлийн үр нь хэзээ нэгэн цагт ирэх учраас. Бид өнөөдөр ямар байгаа нь өнгөрсөн үеийн тусгал. Маргааш ямар байх нь өнөөдрөөс шалтгаална. Өнөөдөр би нэг жаахан хүүхдийг дээрэмдлээ гэж бодъё. Маргааш шоронд орсон байх болно. Бид өөрсдийнхөө хүсэл шуналыг хорих нь үнэхээр хэцүү л дээ. Гэвч тэр хэцүүгээс айгаад амар хялбарийг сонгож шударга бус явдалд дагаар орогсод нь бид л лав биш.