Шударга ёс оюутны нүдээр - MУИС-Хууль зүйн сургууль Эрх зүйн 2-1 анги Б.Гончигсумлаа

A- A A+
Шударга ёс оюутны нүдээр - MУИС-Хууль зүйн сургууль Эрх зүйн 2-1 анги Б.Гончигсумлаа
“Шударга бус байдал оюутны нүдээр” сэдвийн хүрээнд
Хүний бус, хуулийн засаглал

Хүний мөн чанар ямагт ашгийг ирэлхийлж байдаг. Түүхийн бүхий л үед Монголчууд бид ч басхүү өөр хоорондоо, бусад улстай эд баялгийн төлөө хатгалдан тэмцэлдэж байсныг эрс буруутгах үндэсгүй. Тэд юун учир ингэж дайтна вэ?
Тухайн үед дайн тулаанаар хүчтэй нь хүчгүйгээ эзлэн түрэмгийлэх нь шударга гэж үзэж, нийгэм дэхь баялаг хүмүүст албадлагын аргаар хувиарлагдаж байв.

Харин хүний эрхийн тухай ойлголт өндөр хөгжсөн 21-р зуунд нийгмийн баялаг хувиарлалтанд өчүүхэн төдий гадны хүч / дур зоргын хууль буюу шударга бус байдал/ нөлөөлөх ёсгүй. Монголын эрх зүйт төрийн үзэл баримтлал энэхүү хандлагатай нэгддэг боловч үйл ажиллагааны хувьд эсрэг байр сууртай мэт харагддаг нь гайхмаар.

Төрийн албан хаагчидийн мэдлэггүй байдал, эс бөгөөд өөрийн үүрэгт ажлаа түргэн шуурхай хийдэггүй, хуучинсаг сэтгэлгээ, хүнд суртал нь бодит байдлыг улам хүндрүүлж байна. Зарим хариуцлагагүй төрийн албан хаагчид эд мөнгөний төлөө өөрийн үүрэгт ажлаа цалгардуулж бусдын эрх ашгийг уландаа гишгэж байгаа нь харамсмаар. Үүний нэгээхэн жишээ бол хороон дарга нар юм. Тэд хорооны иргэдэд тусламжаар ирсэн гурил, будаа, тэргэнцэр гээд л олон зүйлийг хороон дахь өөрийн танилууддаа хувиарлачихдаг. Энд шударга ёс байна уу? Магадгүй тэр хүнд нь хэрэгтэй ч байсан байж болох юм. Гэвч “оочир дараалал” гэдгийг мартаж болохгүй. Гурил будааг /өмчийг/ хувиарлах нь хэрэв түүнийг олж авах, шилжүүлэх ажиллагаанд хүч болон луйвар үл хэрэглэсэн нөхцөлд шударга байх болно.

Зарим хүмүүс “шударга ёс амьдал дээр байдаггүй, хууль бидэнд хэрэггүй ” зүйл хэмээн мэдэмхийрдэг. Энэ бол хэт хөнгөн үг болно. Шударга ёсны тухай ойлголт бий болсон цагаасаа л эхлэн шударга ёсыг хуулиар дамжуулан нийгэмд тогтоох-ыг эртний ромын Улпианаас эхлээд өнөөг хүртэл хүмүүс хичээнгүйлсээр ирсэн. Хуульгүй бол бид шударга ёсыг хаанаа тусгах вэ?
Ёс суртахуунд уу? –болох л юм. Гэхдээ ёс суртахуун ахуй амьдралын хүрээнд л үйлчлэхээс нийгэмд тулгамдсан томоохон асуудлын өмнө хүчин мөхөсддөг.Гэмт хэргийг ёс суртахуунаар зохицуулах нь боломжгүй билээ.

Зарим хууль шударга мөн үү? Гэсэн асуулт биднийг тохуурхадаг. Шударга ёс, ёс суртахуун 2 нь зарим үед зөрчилдөх үе байдаг бөгөөд шудрага ёсыг эс дагавал засаг төрийн зүгээс хариуцлага, ёс суртахууныг дагавал эс олон нийтийн зүгээс зэмлэл хүлээхээс өөр аргагүй болдог. Гагцхүү энэ л үед уншигч таны мэргэн ухаан дутагддаг юм. “Зөвхөн хуулийг ягштал биелүүлдэг хүн л ямар хууль шударга, ямар хууль шударга бус байна гэдгийг мэддэг” гэсэн Махатма Гандигийн үг яахийн аргагүй үнэн. Гурван хүүхэдтэй нэгэн эх болгоомжгүйгээр хүн алсан тохиолдолыг шүүхээс түүнд ял оногдуулахдаа гурван хүүхдийг нь бодолцож үзэлгүйгээр ердийн аллагтай адил хэмжээний ял оноох нь шударга ёс мөн үү?

Францийн их сэргэгч Фредерек Бастиа хуулийг хуульчилагдсан зүй ёс байх ёстой хэмээн үзсэн нь дан ганц хуулийн текстийг харж суудаг бидэнд бодууштай юм.

Дүгнэлтийн оронд-Гарц
Монголын нийгэмд дээр дооргүй хүнд суртал, хуулийг өөртөө ашигтайгаар тайлбарладагаас болж нэг цөөнх баяжин олонх ньхохирч, шударга бус байдал хэдийн газар аваад байна. Энэхүү байдлыг багасгахын тулд хэн нэгний хүчтэй бодлого тус болно гэдэг тун ч үнэмшил муутай.

Энэхүү байдлаас гарах хамгийн үнэн энгийн арга бол Монгол улсын иргэд бид саруул ухаанаар сэтгэн бодож, ёс зүйтэйгээр хуулиа дээдлэн дагаж мөрдөх явдал юм. Гэнэт маргаашнаас л эхлээд бүх хүмүүс хуулиа дээдэлчихнэ гэж байхгүй.

Үнэн бол: Бага гэлтгүй алхам бүр зөв сэтгэлэр шударга үйлийг хичээж явбал хүмүүний сэтгэлгээнд эрх зүйн соёл аяндаа бүрэлддэг.

Шударга үнэн хэзээд мэргэн ухаанаар цангаж байдаг.