Шударга ёсны тухай - МУИС-ЭЗС Маркетинг-3 Д.Гэрэлт-Од

A- A A+
Шударга ёсны тухай - МУИС-ЭЗС Маркетинг-3 Д.Гэрэлт-Од
Эсрэг талгүй нөхцөл байдал гэж ер үгүй (Сенека)

Орших юм бүхэн олон талтай, өвс ч тэр чулуу ч тэр, шударга ёс ч тэр. Жаргалын цаана зовлонгийн гэрэл сүүмэлздэг, ашгийг уршиг ямагт мөшгиж байдаг шиг ямар ч шударга ёсны цаана шударга бус, шударга бусын цаана шударга оршдог билээ. Охин нь хүнд өвчинд нэрвэгдээд аргагүйн улмаас авилгал авсан түшмэлд нүгэлтэн цол тохирох уу? Эсвэл хүний амь аварсан буянтан болох уу?

Шударга ёсыг юугаар хэмжих вэ? Хүмүүсийн аливааг хэмжих хэмжүүр нь олонхийн санал байдаг. Олонхи ухаантай гэж үзсэн бол бөх, уяач, захын наймаачин байх нь хамаагүй ухаантайд тооцогдоно. Өлссөн олонхи гараа өргөөд л нэгнийгээ барьж идэх шийдвэр гаргаж болно. Яагаад гэвэл олонхийн шийдвэр зөв байдаг учраас. Минийхээр бол шударга ёсны их хэмжүүр нь байж хэрхэвч болохгүй. Шударга ёс нь нийгэмд ашиг тусаа өгөхүйц байх ёстой л доо. Гэхдээ хамгийн гол нь хэнд ч хор хүргэхгүй, ёс суртахуунлаг байх ёстой. Цогттайж кинон дээр Цогттайж өөрийн хүүгээ Төвдөд урвасных нь төлөө цаазаар авдаг. Энэ надад шударга гэхээсээ илүү хэрцгий гаж санагддаг. Ийм зэрлэг өндөр үнээр нэр төрөө олж авах гэсэн хүсэл надад өчүүхэн ч алга. Орчин үеийн Цогттайжтангууд ч та бидний дунд оршин шударга хүн гэдэг нэр авахын төлөө яахаас ч буцахгүй авирлаж, хэнээрхэж байдаг шүү дээ. Эндээс л бодож Шопенгауэр “ Эмийн тун хэтрэхтэй адил зэмлэл болон шүүмжлэл нь шударга ёсны хэмжүүрээс хэтрэх цагт зорилгодоо хүрдэггүй” гэдэг үгээ хэлсэн бизээ. Тэвчих нь ч хэтрүүлэх нь ч утгагүй. Давуулж харвах нь сумаа байнд хүргээгүйгээс ямар ялгаатай билээ.

Шударга бус хүмүүс арилаагүй цагт шударга хууль үгүйлэгдсээр байх болно. (М.Ганди)

Шударга ёс хүчтэй байж, хүч шударга байх ёстой. Хүчгүй шударга ёс арчаагүй үлбэгэр, шударга ёсгүй хүч бол угтаа дарангуйлал харгислал. Хэрэвзээ шударга ёс хүчтэй (төртэй) нэгдэх юм бол энэ нэгдлээс илүү хүчирхэг зүйл гэж үгүй билээ. Хуулийн зорилго бол дээрх хоёрыг нэгтгэх. Нэрт эрдэмтэн сэтгэгч Ф.Бастиа “ Хууль ёс нь ерөөс шударга ёсыг сахин хамгаалахын төлөө үүсч бий болдог гээд ..... Хууль бол зохион байгуулалттай шударга ёс” гэснийг энд дурьдах нь зүйтэй. Төр нь өөрийн боломж бололцооноос үүдэн шударга ёсыг бүхэлд нь хуульчилдаг бөгөөд зөвхөн наад захын элементарний асуудлуудыг л тусгаж өгдөг. Өөрөөр хэлбэл хуулийн утга нь “ Чи эхнэрээ араар нь тавьж болноо би өршөөе. Харин хүн алж, хулгай л битгий хийж үзээрэй. Тэгэхийн бол бүгд найрамдахыг чинь уншина шүү” гэсэн үг. Хэрэвзээ бүх хүн шударга болчихвол хуулийн хэрэг юусан билээ. Гэвч хорвоо жирийн нэг эссэ бичигчийн саналаар болох биш.

“Урлагийн амыг бол эрх мэдэл таглаж байна
Ухаантны дүрийг бол тэнэг нь сүрхий эсгэж байна
Энгийн нэг ноомойг эрхэмсэг үнэнч гээд нэрлэж байна
Эрхэм алдартан харин авилгачийн гарт тамлуулж байна”. (У.Шекспир Сонет 66)

17-р зуунаас хойш юу ч өөрчлөгдөөгүй ажээ. Энэ хугацаан дахь хөгжил дэвшил зөвхөн материаллаг хүрээнд л хамаатай байх нь. Гэтэл аливаа ард түмэнд шударга ёс бол иргэншилтэй дүйцэхүйц чухал зүйл. Учир нь хүн төрөлхтний үнэт зүйлс бүхэн шударга ёстой л холбоотой. Хэрэв тэр ширгэвэл диваажин эзгүйрч эрлэгийн элчийн мөрөөдөл биелэх биз.

Атаа жөтөө, харгислал хийгээд хэлбэр төдий зүйлсээс ангид нийгэм руу тэмүүлцгээх хэрэгтэй. Хүмүүс өөрсдөө хүсэх юм бол тийм байх бүрэн боломжтой. Шударга үнэнч байдлыг нэг удаагийн үйлдэл төдийхнөөр бус өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшил болговол зохино. Яруу найрагч Филоксенд тохиолдсон нэгэн түүхээр энэхүү эссэгээ өндөрлөе.

Яруу найргийн авъяасаар Филоксентэй харицуулахын аргагүй Дионисий жанжин шүлгийг нь үзээд үнэлээгүй төлөө найрагчийг чулуу бутлуурын ажилд зүтгүүлжээ.Хэсэг хугацааны дараа Дионисий найрагчийг суллаж шинэ шүлгээ үзүүлжээ. Тэгээд сэтгэгдлийг сонсоё гэхэд Филоксен “ Намайг дахиад чулуу бутлууртаа явуул даа” хэмээсэн гэдэг.