Шударга ёс оюутны нүдээр - МУИС-ОУХС-ОУЭЗХ 2-5 ангийн оюутан А.Гантуяа

A- A A+
Шударга ёс оюутны нүдээр - МУИС-ОУХС-ОУЭЗХ 2-5 ангийн оюутан А.Гантуяа
Монголын нэг өдөр, тэр тусмаа монгол оюутны нэг өдөр хэрхэн “Шударга бус” гэгчийн үлгэр болж байгааг одоо энд өгүүлье.
Өглөө ”Америкт амьдарч байна “хэмээн зүүдлээд баярлан сэрэх минь шударга бус. Даруй угаалгын өрөөндөө ороод турк саван, солонгос шампунь, ядахнаа орос 00-ийн цаас хэрэглэх минь шударга бус. Хувцаслаж дуусаад харахад өмссөн зүүсэн дотор минь “made in Mongolia” бараа нэг ч байхгүй байгаа нь шударга бус. Жаахан азнаад гэрээс гаруут уушиг дүүрэн утаа амьсгалах минь ч шударга бус. Буудал дээр удаан бээрсний эцэст ирсэн автобусанд орвол кондуктор эгч хахир хоолойгоор “ Визаныхаа хамтаар Оюутны үнэмлэхээ үзүүл” гэж хашгичих нь шударга бус. Сургууль хүртлээ хагас километр хүрэхгүй зайнд алхах мөртлөө Монголынхоо хүйтэн салхийг зүхэх би, даанч шударга бус.

Сургуульдаа ирээд лекцэндээ орвол ганц ном харж цээж бичиг хийлгэчихээд, тарах цагаа хүлээн тарчилж буй багш минь бас шударга бус санагдана. Урьд шөнө нь бие даалт гэж хоёрхон номноос хуулж тавьсан зургаан хуудас цаасаа багшдаа сарвайх би өөрөө ч шударга бус. Энэ мэтээр “Ирцээр дүгнэдэг систем”-ийн өмнө хүчин мөхөсдсөндөө гурван ч цагийн “цээж бичгийг” арай ядан өнгөрөөх минь шударга бус. Авилгал хээл хахуулийн гар хөл болж, бусдын байр суурийг эзлэн, хэдхэн бор төгрөгөөр “оюунтан” хэмээх нэрийг зүгээр л худалдаад авчихдаг оюутанцарууд “Монгол Улсын Их Сургууль”-ийн босгыг дэндүү намхан болгосон учраас гарцаагүй шударга бус. Харин “Оюунтан” хэмээх нэрийг зүүгч би бээр, энэ бүхнийг алхам тутамдаа харсаар байгаа мөртлөө юу ч хийж чадалгүй дуугүй дөмбийх нь бас л шударга бус.

Гэртээ ирээд зурагтаа асаавал Монголын гэх бүх сувгаар Солонгосын савангийн дуурь ээлжилж, Солонгос маягийн хайр дурлалыг суртчилах нь дэндүү шударга бус. Хэрээ галууг дагаж хөлөө хөлдөөхийн үлгэрээр Чань Ву шиг залуу мөрөөдөх монгол охид олон болсон нь хөөрхийлөлтэй дээрээ бас шударга бус. Ашгүй ММ агентлагийн мэдээ эхлэхэд сувгаа солихыг шаардах найз минь чи шударга бус.

7 сарын 1нд гэрээсээ гарсныхаа төлөө шоронгийн давчуу өрөөнд жийрхэн суугаа үрсийн ээжүүд Монголын Үндэсний Телевизээр уйлж байгаа нь шударга бус. Хийгээгүй хэргийнхээ төлөө яланд уначих гээд байгаа Гүндалай гишүүн та, СОС-с алга болоод 43 хоногийн дараа амьгүй олдсон 15хан настай хүү чи шударга бусын ганцхан жишээ. Харин ээж охин 2-ыг жишим ч үгүй худалдсан И овогт хужааг Монголын нутагт алхахыг зөвшөөрсөн гаалийн хахуульчин та бол жинхэнэ шударга бус. Цаашлахын бол хэн нэгэн хахуультай нь эх орны минь эд баялагийг зөөгөөд гарахад юу ч дуугардаггүй мөртөө “хамгийн шударга улс төрч номинаци”-д нэр дэвшигч эрхэмүүд та нар аймшиггүй бөгөөд шударга бус. Энэ бүгдийг би шударга бусаар дүүрсэн монголын сонингуудаас олж харах нь юутай шударга бус.

Одоо яах вэ? Оюутан би юу хийвэл болох вэ? Ёс суртахуунтай байж, хуулийг сахин биелүүлбэл шударга бус явдал чи надаас ангижрах уу? Авлига бусад муу үйлийг тэвчвэл ард түмэн минь шударга бусаас өндийх болов уу? Энэ мэтчилэн олон асуултыг өөртөө тавивч хариултаа ололгүй онгорхой үлдээх тэнэг толгой би өөрөө шударга бус. Тиймээс бичсэн эссэ минь ч шударга бус.
Одоо яая гэхэв, орондоо оръё! Харин дахин нэг шударга бус маргаашийг эхлэхгүйн төлөө хариултыг нь би зүүдэндээ тэрлээсэй!