Шударга бусаас зайлсхийх, би - МУИС-Сэтгүүлзүйн 2-р ангийн оюутан Б.Ганбилэг

A- A A+
Шударга бусаас зайлсхийх, би - МУИС-Сэтгүүлзүйн 2-р ангийн оюутан Б.Ганбилэг
Та энэ хуудас цаасан дээрх бичвэрийг уншихаар буй бол юун түрүүн эдгээр үг, үсгийг эвлүүлэн, эргэцүүлсэн хүн нь “шударга бус” миний бие шүү гэдгийг сануулъя. Хэрэв та шударга бусчууд бидэнд үнэн голоосоо дургүй бол өгүүлбэрийг нухацтай анхаарч, хайран цагаа үрэхгүй байх боломжтой гэдгийг бас хэлэх байна.

Харин энд хүртэл уншсан бол таныг миний бодол ,эргэцүүлдээ гарц эрсэн төрөгдөлийг маань унших нь хэмээн би сэтгэлээ. Юун түрүүн "Шударга хүн биш ээ, би” гэсний учрыг тайлбарлахыг минь зөвшөөрнө үү. Шударга байдал гэдэг энгийнээр бол худал хэлэхгүй, хулгай хийхгүй, булхайцахгүй амьдарч, буруу зүйлийг жигшиж явахыг хэлдэг билээ. Хэтэрхий энгийнчилсэн байхыг үгүйсгэхгүй ч миний бие дээрх бүгд үнэн шинж билээ. Миний бие эдгээртэй аль болох сөргөлдөж, жигшиж явдагаа нуух юун. Гэсэн ч шударга гэж өөрийгөө хэлэх болоогүй л байна.

“Амлая, найз нь чамд тусална аа!” гэж хэлчихээд амжихгүй, завгүй болох үе надад олон тохиолдоно. Яагаад гэвэл орчлон дээр надад найз гэдэг ганцхан биш, асуудал бэрхшээл шиг л олон. Бүх найздаа хэлсэн үгэндээ хүрч туслахад “Бүгдийг нь бус ЧУХЛЫГ нь” гэсэн шалгуур өөрийн эрхгүй тавигдавч, бусдыг ялгаварлахгүй байхыг чармайна. Аж төрөхүйд энэ л хууль үйлчилнэ. Худалч хүн, би.

Дэлгүүр ороод гарахдаа хулгайч болчихно. Гэхдээ хүний халаас ухсан хэрэг биш л дээ. Талх худалдаж авахдаа л “Атар талх 50 төгрөг хямдарсан гэсэн хаа байна?” гээд 590 төгрөгөө бариж зогсчихоод уурлаад байвал ядаж л хүний хэдэн мянган эсийг устгаж, эрүүл мэндээс “хумсална” Нэг их ноцтой хулгай биш санагдаж байвал барааны үнийг “ярих” гэдэг жинхэнэ хулгай бий. Хаа холоос ачиж тээвэрлэж авчирсан эдийг нь зохих үнээс нь доогуур “ярисаар” байгаад авах нь бидэнд ашигтай юм шиг мөртлөө хөдөлмөр мөлжсөн хулгай л юм даа. Ингээд бодоод байвал олон зүйл хулгай болчихож магадгүй юм. Нийтийн хулгай ч гэж байх шиг. Гэхдээ онцлог нь өөрөө өөрөөсөө хулгайлна. Ингэхээр дунд сургуулийн багш нарын хэлдэг “Даалгавараа хуулаад намайг биш өөрийгөө хуурч байгаагаа мэдэж байна уу, чи?” гэсэн зэмлэл санаанд бууж байна. Харин би энэ тухай биш
сонгуультай холбоотой ганцыг хэлье . Үнэгүй юманд “нугасгүй” Монголчуудыг хэдхэн баячууд хуйлруулан цуглуулж чадна, үнэгүй зүйлээрээ. Гэтэл “буян болох” үнэгүй зүйлс нь ягтаа тулахаар бидний цалингаас суутгасан мөнгөнөөс хулгайгаар бүрдүүлсэн “сан” байдаг. Бид мэддэг хэрнээ л авдаг шүү дээ. Хулгайч шиг л.

Булхайцаад хожсон хүний ялалтыг төдий л үнэлдэггүй хатуу хууль бий. Харамсалтай нь булхай нь дэлгэгдэхгүй гэж бодсондоо хүмүүс үүний нэг их анхаардаггүй. “Цэвэрч, сайн хүний үйлдэл бусдын нүднээс далд ч мөн тийм л байдаг” гэх үгийг хараад надад хүн өөрөө өөртөө шударга байна гэдэг хэрэгтэй л зүйл юм гэж бодож байж билээ. Сэтгүүлзүйд “паппараци” гэж нэршил байдаг. Тэдний ажлын гол шугам нь хэн нэгэн хүн бусдын нүднээс далд байгаа гэдэгтээ бүрэн итгэж, хэн ч хараагүй байхад хийдэг үйлдлээ хийж байх агшинг олж, олон нийтэд дэлгэх гэж моно үзлээр тайлбарлая. Өөртөө шударга бус хандах аа гэж.

Буруу зүйлийг бид эсэргүүцсээр явдаг мөртлөө цаагуураа дэмжигч нь ч болж явдаг. Хотын утааны 60 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа гэр хороололчуудтай тэмцэлдсээр, тэрсэлдсээр байдаг мөртлөө “Долоон буудалд” байдаг ээждээ шуудай нүүрс аваад л очдог шүү дээ. Өнөөгийн нийгэмд цаг барих, шударга байх гэдэг шиг хүнд ажил алга. Бусдаас хамааралгүйгээр бүх эрхийг эдэлж чадвал л шударга хүн бий болох боломжтой юм уу даа. Ингээд бодохоор дээхэн үеийн хэмжээлшгүй эрх мэдэлт хаан л биш бол энэ цаг үед шударга байхад хэцүү л болсон бололтой. Газарт хоёр хаан байхгүй гээд Гүр хаан үхлийг сонгож байсан. Ийм байтал Монголд шударга байдлыг тогтоох гээд 2’600’000-уулаа хаан ба хатан байж яавч таарахгүй.

Залуу хүн байж юм болгоныг буруу талаас нь харлаа гэж хөгшин залуугүй намайг зэмлэхийг би хүлээн зөвшөөрье. Гэхээ байгаа үнэнийг бид худлаа гээд “булаад” явсаар байх нь эцэстээ хэлж ч мэдэхгүй сөрөг үр дагавар дагуулж магад. Хөөрхөн биш хүнийг хөөрхөн хөөрхөн гэж хичнээн хэллээ ч хөөрхөн бусаараа л байдаг шүү дээ. Харин хөөрхөн биш гэдгийг нь хэлээд байхгүй ч гэсэн ямар ч байсан худлаа магтахгүй байвал тэр хүнээс өөр шинэ гайхамшиг төрж болох. Үүний л адилаар үнэн төрхөндөө санаа зовж дуугүй гүрийгээд яахав, түүнээс өөр гарцыг л хайх хэрэгтэй болов уу. “Мэдэхгүй байна гэдэг ичмээр зүйл биш, мэдэхгүйгээ мэддэг болгохын тулд юу ч хийхгүй байна гэдэг л ичгүүр” гэдгийг саная. Бид өөрсдөө ч мэдэлгүй худалч, хулгайч, булхайч болоод амьдарч яваа. Гэлээ ч үүнийгээ бодоод шаналаад суух биш, үүнээс ичиж далдлаад нуух биш, шударга байдалд алхамаар ч гэлээ ойртох хэрэгтэй.
Ардчилал хэрхэн гарч байсныг бодоод үзье. Нэг л толгойгоор ажиллах бүх нийгмийн дотор өөрт нь тохирохгүй бодлого явуулсаар байгааг эсэргүүцсэн хэд хэдэн хүн нэгдэж байж ардчилалын салхийг үлээлгэсэн. Тэдний хүсэл нэгтгэж, хамтран ажиллуулж шинэ улс төрийг бий болгосон. “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдэг Н.Энхбаяр ерөнхийлөгч л хэлээд “хувьчилчихсан” болохоос уг нь жинхэнэ үнэн үг юм шүү дээ. Шударга байдлыг хүсэн хүлээсэн залуус, хөгшид, ухаантан, ажилтан, эр, эм бүгд нэгдэж л чадвал шударга нийгэм ирэх юм. Газар газар нэг, хоёр удаа ганцаараа шударга байдал гэж орилоод байвал рок хамтлагийн тоглолтон дээр шивнэлдэж байгаа юм шиг л байх нь үнэн. Олон хүний хоорондын харилцаа гэдэг энгийн тайлбартай нийгэмд байгаа бурууг зөв болгохын тулд ганц хүний дуу хоолой хүчин мөхөсдөнө. Нийгэмд хэсэг бүлэг нь л өөрчлөгдөөд ирвэл нийгэмд өөрчлөлт ханхалдаг гэдгийг санацгаая.

Шударга Монголчууд эвтэй байж, шударга нийгмийн төлөө дорвитой хөдөлвөл булхайт өнөөдрийг нударгаараа нам цохино.