Шударга ёс оюутны нүдээр - МУИС-Хууль Зүйн Сургууль-Олон улсын эрх зүйн 3-р курсын оюутан Л. Галбаатар

A- A A+
Шударга ёс оюутны нүдээр - МУИС-Хууль Зүйн Сургууль-Олон улсын эрх зүйн 3-р курсын оюутан Л. Галбаатар
Хуулийн оюутан би нэгээс гуравдугаар курс хүртлээ эрх зүйн онол, түүхийн хичээлээр “шударга ёс”-той танилцлаа. Энд аль нэг сэтгэгчийн үзэл баримтлалыг ишлэх гэсэнгүй. Харин шударга ёсны талаар би юу бодож сууна вэ?

Хаана амьдарч байгаагаасаа үл хамааран хүн бүр төрийн байгууллагаар аюулгүй байдлаа хангуулах ёстой. Энэ бол шударга ёс.
Монгол Улсын зэвсэгт хүчин бол галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисын аюулаас иргэдээ хамгаалах үүрэгтэй .

2007 оны 6 сарын 7-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд хашаандаа тоглож байсан бага насны 3 хүүхэд их бууны сумны дэлбэрэлтэд өртлөө. Газарт булагдсан их бууны сум 3 хүүхдийн нэг Ө.Сугарбатыг нүдгүй, гаргүй болголоо .

6 настай Ө. Сугарбат Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд нүдний мэс засал хийлгэж, 3 цаг орчим үргэлжилсэн мэс заслын үр дүнд түүний нүднээс 1.1 см төмрийн хэлтэрхий гаргаж авчээ .

Ийм зүйл болсонд хэн буруутай вэ? Сайншандад газар өмчлүүлэх шийдвэр гаргасан Засаг дарга уу? Газарт шигдсэн байсан их бууны сумыг санаандгүй олсон 3 хүүхэд үү? Хашаандаа хүүхдүүдээ тоглуулсан эцэг, эх үү? Байнга бэлэн байж галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисын аюулаас хамгаалах ёстой зэвсэгт хүчин үү?

Би зэвсэгт хүчин гэж хэлнэ. Тодруулбал, Зэвсэгт хүчний жанжин штаб, түүний тусгай үүргийн бүлэг. Энэ бүлгийн гол ажил аюулаас урьдчилан сэргийлэх юм.

Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ыг ойлгохыг оролдлоо. 2008 оны 9 дүгээр сарын 25-нд МҮОНТ-ийн оройн мэдээгээр ЗХЖШ-ын тусгай үүргийн бүлгийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга П. Гантөмөр мэдээллэж байна аа.
Засгийн газрын тогтоолын дагуу нийслэл, 7 аймагт Зэвсэгт хүчний тусгай үүргийн бүлэг ажиллаж, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисыг илрүүлж, устгал хийж байгаа. Ирэх 7 хоногт төслийн гүйцэтгэл дуусна. Булган, Эрдэнэт үлдээд байгаа.
Тэгэхээр нь, 9 сарын 25 дээр нэмэх нь 7 хоног, 10 сарын 2 гэхэд галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисын аюулаас бүрэн хамгаалагдана гэж бодож байлаа.

Гэвч . . .
10 сарын 3-нд Дорноговийн Эрдэнэ сумын 14 настай хүү хонь хариулж яваад хуучин цэргийн анги байсан газраас сургуулийн гар бөмбөг олж, оролдсоны улмаас бөмбөг тэсэрч нүүрийг нь түлсэн байна. Түүнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа.
 
Хаанаас ч галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис олдож мэдэхээр байна.
2007 оны 5 сарын 5-нд Баянгол дүүргийн 7-р хороо 32-р байрны оршин суугч орой гараашдаа машинаа тавих гэж байгаад их бууны сум олжээ.
 
Яг юу нь болж өгөхгүй байгааг ЗХЖШ хамгийн ихээр мэдэж байгаа.

Шударга ёс гэдэг хууль дээдлэхтэй холбоотой гэж боддог.
Үндсэн хуулийн 17-р зүйлд Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн . . . эх орноо хамгаалах үүрэгтэй гэжээ. Харин Зэвсэгт Хүчний тухай хуулийн 11-р зүйлийн 11.2-д Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналт нь төрийн хууль тогтоомжийн биелэлт, зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн удирдлагын үйл ажиллагаа болон төсвийн санхүүжилт, зарцуулалтыг нээлттэй, ил тод хянах үйл ажиллагаа мөн гэжээ.

Энэ бичлэг бол би шударга ёсыг эрхэмлэн Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлж, Зэвсэгт хүчний тухай хуульд заасан иргэний хяналтаа хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр билээ.