Шударга ёс оюутны нүдээр - МУИС-ийн Сэтгүүл зүйн 1-р курсын оюутан О.Эрдэнэцэцэг

A- A A+
Шударга ёс оюутны нүдээр - МУИС-ийн Сэтгүүл зүйн 1-р курсын оюутан О.Эрдэнэцэцэг
Монголчууд бид хөгжил өөд тэмүүлж яваа ард түмэн. Тэгвэл хөгжил гэдэг нь чухам хаана байгаа юм бол? Магадгүй иргэн бүр нь хувийн хауст амьдарч, үнэтэй машин унах тэр үед байж болох юм. Аль эсвэл дэлхийн хамгийн баян хүн монголд байдаг гэвэл манай улс хөгжжээ гэхэд буруудахгүй биз. Харин миний хувьд хөгжил гэдэг бол шударга, ардчилсан нийгмийг цогцлоох явдал юм. Ардчилал гэдэг бол засаглалын хамгийн сонгодог хэлбэр. Ардчилал гэдэг нь өөрөө шударга ёс, тэгш байдал, иргэний нийгэм гэсэн ойлголт юм. Ингээд харахад бид ч хөгжих хол байна даа. Учир нь өнөөгийн монголд “өнгө мөнгө дийлж, хууль нь гууль болох”-ын үлгэр бүрэн утгаараа хөгжиж байна. Нэг хэсэг нь бусдыгаа хэдэн бор төгрөгөөр “тархидаж”, нөгөө хэсэг нь ядруухан ард түмэндээ толгой гэдийлгэж байна. Бид шударга ёс, тэгш байдал гэдэг зүйлийг ярихаас биш хэрэгжүүлнэ гэдгийг ор тас мартчихсан бололтой. Иргэний нийгмийн тухай бол бүр яриад ч хэрэггүй. Шударга байсан нэгнийгээ нухчин дарж, алаглан үзэж байгаа юм чинь аргагүй дээ.

Үндсэн хуулиндаа “…шударга хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийг цогцлооно” гэж заасан нь зүгээр л бэлгэдлийн шинж чанартай зүйл бололтой. Шударга ёс, тэгш байдлыг зөрчдөг хамгийн том зүйл бол авлигал, хээл хахууль мөн. Өнөөдөр 8 настай балчраас 80 настай буурлууд хүртэл авлига гээчийг мэддэг, ярьдаг, бүр хэрэгжүүлдэг болжээ. Энэ нь өөрөө нийгэм маань авлигын торон дотор оршин байгаагийн илрэл биш гэж үү. Бид энэ торонд байгаа мөртлөө ариун шударга ардчилсан нийгэмд 18 жил амьдарсан гэж хэлэх нь зөв гэж үү.

Миний бодлоор хүн төрөхөөсөө эхлээд л авлигалд өртдөг. Би ийм тохиолдол ч олныг мэднэ. Хүүхдээ эрүүл энх, эсэн мэнд амьдрах төрүүлэхийн төлөө хамгийн сайн гэсэн эмчид өргөл барьц өгч байж нэг юм үрийн зулай үнэрлэдэг. Тэгэхгүй бол хүүхдэд тань хайр найргүй хандаж, бүр гэмтээж, насан туршид нь эдгэхгүй эрэмдэг нэгэн болгож орхидог. Өөр нэгэн жишээ дурдъя. Өнөө үед мөнгөтэй эрх мэдэлтэй л бол алуурчин алуурчин биш, хулгайч хулгайч биш болчихоод байна. 7 сарын 1-нд болсон үймээнээр эрдэнэт 5 хүний амь нас эрсэдсэн билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл алуурчин нь олдоогүй, хариуцлага хүлээгээгүй л байна. Алуурчин нь төмөр нүүртэй төр гэдгийг хүн бүр мэдсээр байхад бүрэн эрхтэй төрд хууль гэдэг нь үйлчлэхгүй байсаар л байна. Төр нь хүртэл шударга ёсоо сахихгүй байхад ард түмэн бид шударга ёсыг хаанаасаа ч олох билээ дээ.

Оюутан миний нүдээр Монголд хуулийг биш эд хөрөнгө, эрх мэдлийг дээдэлдэг бичигдээгүй хууль үйлчилж байна. Шударга ёс гэдэг зүйлтэй бид ховорхон таарч байна. Хүн бүр адил тэгш эрхтэй гэж хуулиндаа заачихаад эд хөрөнгө, эрх мэдлээр нь ялгаварлаж байна. Монголчууд бид эрт дээр үеэс шударга ёс, тэгш байдлыг эрхэмлэсээр ирсэн. Чингисийн үед Монгол орон чухам яагаад тийм хүчирхэг байсан юм бол. Үүний нууц нь ердөө л Чингис хаан шударга байсанд оршино. Тэрээр эх орны төлөө зүтгэж чадах эр зоригтон, эрдэмтэн мэргэдийг шударга нүдээр олж харсан нь хөгжлийн нууц байсан юм. Монголчууд бид үнэхээр шударга байж чадвал улс орон маань одоогийнхоосоо илүү хөгжилд хүрнэ гэдэгт би итгэдэг.

Монголчууд бүгдээрээ шударга ёсыг эрхэмлэе, шударга байцгаая. Мэдэж, хийж, бүтээж, чадаж байгаа нэгэндээ зам тавъя. Бид зүрх сэтгэлээрээ өөрсдийнхөө төлөө, эх орныхоо хөгжлийн төлөө шударга ёсыг сахин, нэгдэж чадваас эх орноо ардчилж бас аварч чадна.

Шударга ёсыг эрхэмлэе.