Шударга ёс оюутаны нүдээр - MУИС-Хууль зүйн сургууль Эрх зүйн анги Б.ЭНХМАНДАХ

A- A A+
Шударга ёс оюутаны нүдээр - MУИС-Хууль зүйн сургууль Эрх зүйн анги Б.ЭНХМАНДАХ
Ах дүү хоёр бялуу хуваахаар болж гэнэ л дээ. Батбайгаль ч билүү, Жүр үр ч билүү сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн тэр хоёр өнөөх бялуугаа хуваах гээд чадсангүй. Яг л “кондуктор оюутан хоёр шиг” маргалдаад л эхэллээ. Ах нь: би том юм чинь чамаас ихийг идэх нь шударга хэрэг гээд том жижиг хуваах санал гаргав. Дүү нь: хоёулаа адилхан хувааж авах нь илүү шударга хэрэг. Том жижиг хуваахыг хүлээн зөвшөөрөхгүй гэлээ.

Тэр хоёрын “шударга” гэх зүйлийг ойлгох нь ялгаатай байсан тул маргалдсаар.... Эцэст нь эмээгээ дуудан ”яаж хуваавал шударга байх вэ” гэдгийг асууж байж сая л нэг бялуугаа хуваан идэцгээж гэнэ.

Эмээ : “Нэг нь хуваагаад нөгөө нь сонгоод ав”
Бид өөрсдийнхөө байр суурь, нөхцөл байдлыг мэдээгүй байгаа үед л асуудлыг хөндлөнгөөс нь харж шударга шийдлийг гаргаж чаддаг. Хөшигний ард талын зарчим үйлчилж байгаа тэр үед л шударга ёс бүтээгдэж байдаг. Энэ нь хамгийн ойлгомжтойгоор ах дүү хоёрын хэн нь ч бялууг хуваасан сонголтыг өөр хүн хийх тул аль болох шударга хуваалт хийхийг эрмэлзэнэ гэсэн үг. Учир нь тэр том жижиг хуваачихвал эхэлж сонгох хүн нь томыг нь авчих боломж бүрдэх учраас.

Би хуулийн сургуулийн оюутан. Би эрхээ мэддэг. Бусдын эрхийг ч хүндэтгэдэг.. Гэвч зарим хүмүүст энэ бол огтхон ч хамаагүй .Тэр ч бүү хэл бусадтай адил хүртэх ёстой эрхээ зарим үед хязгаарлуулах нь бий. Хамгийн наад захын жишээ л гэхэд орой гэртээ харихдаа “оюутны visa-гаар /хөнгөлөлтийн картаар/ үйлчлэхгүй” гэх тээврийн үйлчилгээнийхэнтэй маргалдана, эсвэл алхаж харина. Кондукторын гаргасан энэхүү “журам” нь өмнөх зууны “Еврей нар болон нохой нар орохыг хориглоно” гэсэн пайзыг санагдуулна. Би ойлгохдоо үйлчилгээнийхээ тооцоог урьдчилан хийчихсэн, тээврийн үйлчилгээг эдлэх эрх үүссэн гэж бодсон юм. Кондуктор оюутан хоёрын маргалдах шалтгаан нь Оюутны байгууллага Тээврийн газар хоёрын ойлголцож чадахгүй байгаагаас л болж байгаа юм. Маргалдсаар байгаа ах дүү хоёр мэт.

Нийтийн тээврийн газар, оюутны байгууллага хоёрын хооронд анхнаасаа “хөшигний ард талын зарчим” үйлчилсэн бол ямар ч маргаан гарахгүй, хэний ч эрх зөрчигдөхгүй байсан биз. Энэ нь тэгээд тийм ч ойлгомжгүй хэцүү асуудал биш шүү дээ. Ядаж үүнийг л шийдмээр байна. Яаж манайхаас бусад оронд аль алинд нь шударгаар шийдвэрлэж болоод байгаа хэрэг вэ. Маргаанд асуудал байгаа биш, маргалдаад байгаа бидэнд л асуудал байгаа хэрэг.

Шударга ёсыг хангах арга нь хариуцлагын тогтолцоо байдаг. Шударга ёс нь хууль дүрэм хэрхэн мөрдөгдөж байгаагаар илрэн гарах бөгөөд хичнээн шударга ёсны байсан ч “том биетэй ах нь дүүгээ дээрэлхэн бялууг нь булаан авах” тохиолдолд ахад хариуцлага тооцохгүй бол ах дүүд төдийгүй шударга ёсонд аюул занал учирна.

Хариуцлагын зорилго нь мэдээж шударга ёсыг хангахад, ядаж л дахин буруу зүйл хийлгэхгүй байхад чиглэсэн байдаг. Гэтэл энэ зорилгодоо хангалттай хүрэхгүй л байна. Оюутнуудад үйлчилдэггүй үйлчилгээг болж байна гэх үү, Гурван жилийн ялын тогтоол гутал хулгайлсан Болд, гучин саяыг хулгайлсан Болдод адил үйлчлэхийг болж байна гэх үү, Эсвэл өдрийнх орлогын талд ч хүрэхгүй үнээр сар явуулсан буруу үйлдэлийг нь торгохыг болж байна гэх үү? Энэ мэт олон асуудалтай маргамаар байна. Харин кондуктортай дахиж маргалдмааргүй байна...