Шударга ёс оюутны нүдээр - MУИС-НШУС-ийн оюутан Батцэцэг

A- A A+
Шударга ёс оюутны нүдээр - MУИС-НШУС-ийн оюутан Батцэцэг
Ихэнх хүний шударга ёсыг хайрлах сэтгэл шударга
бус явдалд өртөх вий гэсэн “Айдас” л юм шүү дээ.
Ларошфуко

Үнэхээр сонин юм шүү. Бид өдөр тутам цаг үргэлжид шударга бус явдлуудтай учирч түүнтэй нүүр тулдаг. Гэхдээ бид энэ бүхнийг үзэн ядаж үгүй хийх хэрэгтэйг мэддэг хэрнээ яагаад өдий хүртэл юу ч үгүй болтол нь арилгаж чадахгүй байгаа юм бол? Шударга бус явдлыг гайхаж түүнийг жигшихээсээ илүүтэйгээр өөрсдийнхөө энэ арчаагүй гэмээр байдалд дүгнэлт хиймээр. Оюутан бид хэдийгээр энэ бүх хууль бус явдал гарсаар байгааг дуугүй харан суух нь өөрсдөө үүнд оролцож буй хэрэг биш гэж үү. Бид өөрсдийнхөө сонгосон мэргэжлээ маш сайн эзэмшиж,амжилтанд хүрч,ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж буй оюутан залуус билээ. Харин бидний тэр зорилго зорилтуудад маань саад болоод буй хэн нэгний гэм буруутай үйлдлүүдийг таслан зогсоох цаг нэгэнт болжээ. Гэтэл бид энэ хуурамч байдалд дэндүү дасаж орхисон нь туйлын харамсалтай. Шударга бус явдлыг байх ёстой зүйл мэтээр хандаж байгаа нь бид үүнд ялагдсан хэрэг биш гэж үү. Монголчууд бид өөрсдөөрөө бахархаж,хөгжиж дэвшиж байна гэж үргэлж ярьдаг.

Тэгвэл байдал огт өөр байна шүү дээ. Үнэндээ бидэнд АНУ,ХБНГУ,Япон гээд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай “Эн” зэрэгцэх боломж хангалттай байна. Бидэнд бүх зүйл бий Хамгийн гол нь “Нийгэм”-ээ эрүүл саруул болгож бүхий л давхрааг хамарсан шударга бус явдлыг бодитойгоор устгаж цэгцлэх хэрэгтэй. Үүний эхлэл нь бид бие биедээ хатуу хяналт шаардлагыг тавьж,зөвхөн “үнэнч” байдлыг эрэлхийлэх нь чухал юм. Бид хүнлэг байхгүйгээр хэзээ ч шударга байж чадахгүй. Зөвхөн өнөө маргаашийг л бодож өөрийгөө ч өрөөлийг ч хуурсан хуурамч амьдарлаар амьдрах тийм сайхан гэж үү. Шударга бусаар асуудлыг төвөггүйхэн шийдээд байгаа тэр хүмүүс оройтоогүй байгаа дээрээ бүгдийг ухаармаар юм шиг. Ийм эмгэнэлтэй байдлаар олсон амжилт,нэр хүнд,эд хөрөнгө тийм их удна гэж үү. Гагцхүү цаг хугацаа л бүгдийг харуулна шүү дээ. Оюутан залуусаа бид шударга бус байдалд хэзээ ч ялагдаж бууж өгч болохгүй. Хэрэв бид амьдарлаа үнэ цэнэтэй байгаасай гэж хүсч байгаа л бол шударга ёсыг цэцэг мэт дэлгэрүүлэх хэрэгтэй. Энэ бол хамгийн энгийн зөв арга гэж бодож байна. Гэхдээ шударга ёс юу ч үгүй байгаа юм уу гэвэл бас үгүй ээ. Харамсалтай нь шударга явдлаасаа харьцангуй бага байгаа учраас л бид бухимдаж,цөхөрөнгөө бараад байна шүү дээ. Одоо нэг гүнзгий амьсгаа аваад бүгдийг өөдрөгөөр төсөөлье. Бид эвтэй байхдаа хүчтэй. Тиймээс олуулаа энэ бүх хууль бус явдлыг эсэргүүцэж дуу хоолойгоо нэгтгэн бүгдийг хийцгээе.

Нүдээ аниад ,чихээ бөглөөд,амаа таглаад хараагүй,сонсоогүй юм шиг хэлэхгүй өнгөрөхөө больцгооё. “За яахав” гэсэн гутранги бодлоосооо салж,дэмий айдасаа мартацгаая. Бид ирээдүйгээ л бодох хэрэгтэй. Юу юунаас илүү шударга ёсыг эрхэмлэе. Оюутан бид гайхамшигтай зүйлсийг бүтээх чадвартай. Тиймээс шударга бус байдлыг таслан зогсоох тийм ч их оюун ухаан,мэдлэг боловсрол шаардаад байх асуудал биш юм. Энэ бол цэвэр хувь хүний ухамсарын асуудал юм.Үүнийг хүн бүрийн толгойд суулгая. Жорж санд шударга ёс худалдагдахаараа үхдэг гэж хэлсэн байдаг.Тэгвэл шударга ёсоо худалдаж байгаа хүнийг хүн гэж хэлэхэд хэцүү л болов уу. Энэ бол зүгээр л өрөвдөх сэтгэлгүй,хувиа бодсон,хүн чанэргүй,өчүүхэн зүйлийн төлөө урсгалаар амьдарч яваа зорилгогүй нэгэн юм. Харин хэн ч ийм байхыг хүсэхгүй,амьдарлын төлөө тэмцдэг,үнэнч шударга ёсыг эрхэмлэдэг,агуу зорилготой байвал бидний замд саад гэж үгүй. Оюутан бидний нүд сайн муу бүхий л зүйлийг олж харж чаддаг нь “азтай” хэрэг шүү. Энэ нь бидэнд аливаа зүйлийг дүгнэж цэгнэн,ялган салгахад маш том тус болж байна. Бид боломжоо алдахгүйн тулд яг энэ мөчөөс эхлээд тэмцэх хэрэгтэй. Тиймээ шударга ёс мандтугай!