Шударга ёс оюутны нүдээр - РТДС Сэтгүүлчийн 3Б ангийн оюутан Д.Аздэлгэр

A- A A+
Шударга ёс оюутны нүдээр - РТДС Сэтгүүлчийн 3Б ангийн оюутан Д.Аздэлгэр
Өнөөгийн нийгэмд шударга ёс гэх зарчим бараг түүх болж дээ. Энэ тухай ямар ч баримтыг дэлгэн ярихад, болох ёстой юм болдогоороо болж байгаа мэт аашлах хүмүүс ч захаасаа аваад дуусахгүй биз. Нийгмийг бохирдуулагч, ард түмний цөхрөлийг барагч, авилга, хээл хахуулийг газар авхуулагч гээд шударга бус ёсны муу муухай болгоныг тоочоод байвал дуусахгүй. Жирийн оюутан би л гэхэд энэ нийгмийн шударга бус олон зүйлийн тухай дэлгэж чадна. Гэхдээ шударга ёс оюутны нүдээр гэсэн болхоор худлаа цэцэрхэж хэн нэгний дургүйг хүргэлгүй нийгэмд, оюутан бидний өмнө хамгийн түрүүнд тулгардаг шударга бус ёсны талаар баримттай нь дурдая гэж бодлоо.

Манай улсын хэмжээнд нийт 152 их, дээд сургуулийн, 176 мянга гаруй оюутан залуус эрдмийн их далайгаас сувд шүүрэх гэж хичээж явна. Шүүрэх шүүрэхдээ тэд асар их үнээр, аав ээжийнхээ хэдэн бор төгрөгийг үрэн таран хийж өдөр хоногийг өнгөрөөж байна. Хамгийн хачирхалтай нь тэдгээр оюутнуудын маань ихэнх хувь нь төгсөөд ажлын байргүй, сураад толгой хоосон хоцорч байгаа нь даанч харамсалтай. Дэмий л диплом өвөртөлж, ажилгүйчүүдийн тоог нэгээр нэмсээр. Гэтэл үнэхээр авьяас чадалтай, суръя, боловсроё гэж бодсон зарим нь, тодруулбал ядуухан айлын чадуу хүүхдүүд нь яаж ч чадахгүй хоцорч байгааг харахад зүрх шимшрэх юм. Шударга бус ёс эндээс л эхлэдэг байх. Би нэг баримт дурдая л даа. Манай улсын шилдэг боловсон хүчинг бэлтгэдэг, санхүү эдийн засгийн салбартаа тэргүүлэгч сургууль бол яахын аргагүй Монгол улсын их сургуулийн, Эдийн засгийн сургууль. Энэ сургуульд сурах гэж жилд хичнээн мянган хүүхэд, залуус элсэлтийн шалгалтад ордог ч шигшиж, шүүж, шалгасны эцэст 400 гаран хүүхэд л элсдэг байна. Гэтэл эдгээр элсэгчдийн 40-50 хувь нь өөрийнхөө толгойгоор бус мөнгөөр ордог гээд хэлчихэд буруудахгүй болов уу.

Тус сургуулийн энэ 2008-аас ирэх 2009 оны суралцагчдын шилжилт хөдөлгөөны баримтаас харахад өнгөрсөн хичээлийн жилийн эхэнд суралцагчдын тоо нийт 1965 байгаагаас 481 нь төгсөх курсын оюутан байх аж. Гэвч тэдний 120 гаруй нь сурлагаар хасагдаж үлдсэн хэсэг нь дипломын ажил хийх эрхээ авдаг ч дахиад л нэг хэсэг нь төгсөж чадахгүй хоцордог. Захын оюутнаас асуусан ч энэ тухай мэдэх биз дээ. Арван жилдээ муугаараа дуудуулж явсан хүүхдүүд төгсөөд ямар сайн сайхан сургуульд орсон болохыг нь хараад хэн хүнгүй л гайхдаг. Бүр сүүлдээ өнөөх их, дээд сургуулиуд маань өөрсдөө хандивийн анги гээчийг нээчихээд өнгө, мөнгө харан сургаж байна. Хандивийн анги байхгүй ч гэлээ хоёроос гурван сая төгрөгийн хахуулиар ордог сургуулиуд ч байх юм. Эхнээс нь нэрлэ гэвэл Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг гээд хэлчихье. Эмч, багш, эдийн засагч гээд хамаг л хэрэгтэй боловсон хүчингүүдээ иймэрхүү байдалтай бэлтгэхээр өнөөгийн нийгэм яаж өөдлөх вэ дээ. Шударга ёсыг уланд гишгэх байтугай, газарт булах биз. Уг нь монгол шиг жижигхэн оронд хэрэгтэй хэрэггүй энэ олон их дээд сургуулийн хэрэг байгаа гэж үү. Чанартайхан хэдэн сургуульдаа олигтойхон шаардлага тавиад, үнэхээр чадалтай нэгэн нь л сурч явбал эх орны ирээдүй болсон оюутан залуус чинь эхнээсээ л шударга ёсыг хүндлэх бус уу.