Б.Батзориг: Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хамгийн том хэрэглэгч нь сэтгүүлчид /2011.11.15/

A- A A+
Б.Батзориг: Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хамгийн том хэрэглэгч нь сэтгүүлчид /2011.11.15/
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль гэсэн нэртэй цоо шинэхэн хууль батлагдан, хэрэгжиж эхлээд 4 сарын хугацаа өнгөрчээ.

Нийгэмд хамгийн том бэрхшээл, асуудал болоод буй төрийн албаны мэдээллийн хаалттай байдал, үүнийг дагасан төрийн албаны хүнд суртлыг арилгахад маш том хөшүүрэг болно гэж хуульч, судлаачид, олон нийтийн байгууллага, сэтгүүлчдийн дүгнэн хэлж буй энэ хуулийг иргэд, олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга Б.Батзоригтой ярилцлаа.

Авлигатай тэмцэх газар авлига, хүнд сурталтай тэмцэх хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд уг хуулийг хэрэгжүүлэх, сурталчлахад хошуучлах гол үүргийг хүлээх байгууллага юм.

-Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль батлагдсан болон хэрэгжиж эхэлсэн талаар олон нийт, иргэд төдийлөн сайн мэдээлэлтэй байж чадахгүй байх шиг байна. Сурталчлаад эхэлбэл аяндаа мэддэг болох байх. Энэ хуулийг хэрэгжүүлснээр иргэдэд ямар эерэг боломжууд бий болох вэ. Өөрөөр хэлбэл, төрийн албаар үйлчлүүлэхэд учирдаг янз бүрийн дарамт, хүндрэлүүд арилах уу?

-Авлига, хүнд сурталтай тэмцэхэд хамгийн үр дүнтэй гэж олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн арга бол төрийн байгууллагын ил тод байдлыг хангах юм. Транпаренси интернэшнл олон улсын байгууллагаас улс орнуудын авлигын индексийг жил бүр тооцон гаргадгийг уншигчид мэдэж байгаа байх. Төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхийн тухай хууль батлагдахгүй удаж байгаа, төрийн байгууллагын үйл ажиллагаа нээлттэй бус байдаг нь авлигын индексийн үзүүлэлтэд муугаар нөлөөлдөг байсан. Тэгвэл одоо энэ хуулийг баталчихлаа, дагаад төрийн байгууллагын, төрийн албаны мэдээлэл иргэдэд нээлттэй, ил тод болж байна. Тиймээс, иргэд, олон нийт төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж, үйл ажиллагаанд нь шүүмжлэлтэй хандах боломжтой болж байна. Үндсэндээ иргэд төрийн үйл хэрэгт оролцох боломж урд өмнөхөөс илүү нээлтттэй болж байна. Одоо хамгийн гол асуудал нь олон нийтийн дунд энэ хуулийг хэрхэн ашиглах талаар сурталчилгааг эрчимжүүлэх шаардлагатай.

-Хууль батлагдах нь батлагдлаа. Яг хэрэгжээд эхлэхээр төрийн байгууллагууд иргэдэд хүссэн мэдээллийг нь ил тод, нээлттэй, хурдан шуурхай өгөх тал дээр одоогийн байгаа байдлаа дээрдүүлж, ахиц гаргахад нөлөөлж чадах уу. Манайд нийтлэг байдаг дутагдал хуулийг хэрэгжүүлэхдээ их хойрго шүү дээ?

-Хуулийг үл хүндэтгэх буюу үгүйсгэх хандлага манайд ажиглагддаг. Нэгэнт хууль батлагдсан бол хэн ч гэсэн дагаж мөрдөх үүрэгтэй. Бид ийм нийгэмд амьдрах сонголтоо 20 жилийн өмнө хийчихсэн. Хуульд захирагдахгүй, дур зоргоороо амьдрахыг хүсдэг хүмүүс аль ч улсад байдаг. Тэдний хязгааргүй дураараа авирлахыг хязгаарладаг зүйл бол хууль. Гэхдээ хэрэгждэг, хэрэгжүүлдэг хууль шүү. Төрийн албан хаагчид хууль хэрэгжүүлэх тэргүүн эгнээнд байдаг. Харин хууль хэрэгжээд эхлэнгүүт ямар хүндрэл учирч байгаа, түүнийг даван туулах эрх зүйн зохицуулалтыг хэрхэн шуурхай шийдэх тогтолцоо манайд төдийлөн сайн хөгжөөгүй. Хууль хэрэгжээд эхэлсэн даруйд үүссэн хүндрэлийг түргэн засаж залруулдаг тогтолцоо муугаас болж ихээхэн хохирол бодитойгоор амсаад эхэлчихлээ шүү дээ.

Монголд засаглалын статистикийн хөгжил их тааруу учир ямар нэгэн хуулийн хэрэгжилтийг түргэн шуурхай, бүрэн гаргах боломж хязгаарлагдмал байдаг нь үүнд нөлөөлдөг байж болох юм.

Хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжүүлж байгаад хяналт тавих хүмүүс, өөрөөр хэлбэл энэ хуулийн хамгийн том хэрэглэгч нь сэтгүүлч та нар. Хуулийг сайн сурталчилж, ач холбогдлыг нь иргэд, олон нийтэд танин мэдүүлж ажилласнаар энэ хуулийг баталсны үр дүн гарна. Нэгэнт хэрэглэгчид нэхээд шаардаад байвал хуулийн хэрэгжилт илүү сайжрах байх.

-Энэ хуулийг хэрэгжүүлэхэд, өөрөөр хэлбэл өдөр тутамдаа ашигладаг, үнэхээр чухал хууль гэдгийг нийгэм мэддэг, мэдэрдэг болгохын тулд юу хийвэл, ямар ажил, арга хэмжээ зохион байгуулбал үр дүнтэй байх бол?

-Ерөөсөө л иргэдэд хуулийг танин мэдүүлэх. Хуулийн ашиг тусыг товойлгон сурталчлах ажил хийх. Иргэд хуулийг мэдэж, хуулийн дагуу ийм мэдээллийг авъя гэж шаардах нь уг хуулийг хэрэгжүүлэхэд хамгийн том хөшүүрэг болно.

Энэ хууль төрийн албаны шинэтгэлийг хурдасгахад төдийгүй авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтооход шууд нөлөөтэй хүчтэй багц хуулийн нэг. Одоо хэрэгжүүлэх л хэрэгтэй. Энэ хуулийг иргэд, иргэний нийгмийн байгууллагынханд сурталчлах ажлыг холбогдох байгууллагууд эрчимтэй хийх байх.

-Хууль сурталчлах ажлын санал, санаачилгыг Ерөнхийлөгчийн тамгын газар, Глоб интернэшнл төрийн бус байгууллага гээд байгууллага, олон нийт хийж эхэлж байна. Авлигатай тэмцэх газрын зүгээс юу хийж байна, хийх гэж байна вэ?

-Энэ хуулийг батлуулахад иргэний нийгмийн олон байгууллагууд тэр дундаа Глоб интернэшнл ТББ, Нээлтэй нийгэм форумын арав гаруй жилийн тууштай үйл ажиллагаа ихээхэн тус болсныг та бүхэн сонин хэвлэлийн түүхийн хуудаснаас харж болно. Бас Засгийн газрын идэвхтэй үйл ажиллагаа, УИХ-ын хүсэл сонирхол бас дээрээс нь Ерөнхийлөгчийн санаачилсан иргэний танхим, түүний салбар зөвлөлийн үйл ажиллагаа ихээхэн дэм болсон байх.

Авлигатай тэмцэх газар байгуулагдсан цагаасаа эхлэн авлигатай тэмцэх суурийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлогын шинжтэй авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нэг бол төрийн байгууллагын ил тод байдлыг бий болгох байсан. 2008 оноос хойш манай байгууллага Засгийн газрын хэрэг эрхлэх газартай хамтран үе шаттай авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд энэ хуулийг хэрэгжүүлэх сэтгэлгээ, урьдач нөхцөлийг үндсэндээ бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагад энэ зохицуулалт тийм ч шинэ зүйл биш. Бид төрийн байгууллагын ил тод байдлыг хангах талаар эхнээсээ ажиллаж ирсэн. Тийм болохоор бид энэ хуулийг хэрэгжүүлэхэд бусдад үлгэр жишээ болохуйц байх ёстой гэж үзэж ажиллаж байгаа. Тиймээс ч Авлигатай тэмцэх газар хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.

Мөн саяхан Глоб интернэшнл ТББ-аас сэтгүүлзүйн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн багш нар, сэтгүүлчдийг оролцуулан зохион байгуулсан “Таамагт суурилсан судалгаа” сэдэвт эрэн сурвалжлах сэтгүүлзүйн үндэсний сургагч багш бэлтгэх сургалтад манай байгууллагаас хамтран оролцож, сургалтад оролцогчдод “Авлига, албан тушаалын хэрэг ба эрэн сурвалжлах сэтгүүлзүй” сэдвээр мэдээлэл хүргэлээ. Энэ үеэр эрэн сурвалжлах сэтгүүлзүйг цаашид хөгжүүлэхэд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг маш сайн ашиглах талаар хөндөн ярилцсан. Өмнө нь сэтгүүлчид төрийн байгууллагаас мэдээлэл авахад янз бүрийн шалтгаанаар хүндрэл учирдаг байсан бол одоо төрийн байгууллага ямар мэдээлэл өгөхийг хуульчилсан учраас төрийн байгууллагаас баримт, мэдээлэл авч, эрэн сурвалжлах болон сэтгүүлзүйн бусад бүтээлдээ ашиглах гарц чөлөөтэй болсноороо нийгэмд маш их ач холбогдолтой.

-Саяхан энэ хуулийг олон нийтэд таниулах, мэдүүлэх зорилгоор “Иргэний мэдэх эрх” гэсэн хэлэлцүүлгийн нэвтрүүлэг Боловсрол суваг телевизээр гарч байсан. Тэр үеэр хэлэлцүүлэгт оролцогчид төрийг, өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдыг “дарга” гэдэг сэтгэхүйтэй хэвээр байна, энэ сэтгэхүйгээсээ салж өгөхгүй байна гэсэн шүүмжлэл гаргаж байсан. Төрийн албыг хүнд сурталгүй, чирэгдэлгүй, шударга ажиллахыг сануулдаг, анхааруулдаг, энэ чиглэлээр ажилладаг Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн хувьд та төрийн алба иргэддээ яаж үйлчлэх ёстой талаар санал бодлоо хуваалцана уу?

-Төрийн албан хаагчид дарга байна уу, цэрэг байна уу ялгаагүй эхлээд бүгд өөрсдөө хуулиа сайтар хэрэгжүүлж бусдад үлгэр дууриал болох ёстой. Дараа нь иргэдэд шаардлага тавих ёстой болов уу. Өөрөөр нүүрээ угаагүй байж бусдыг нүүрээ угаа гээд шаардаад байж болохгүйтэй адил. Хууль зөрчсөн хүмүүст тэр дундаа төрийн албан хаагчдад хүлээлгэх хариуцлага чанга байх нь зүйтэй байх. Хэрэв тийм өндөр шаардлагыг хангаж чадахааргүй бол өөр ажил хийх сонголт нь чөлөөтэй шүү дээ.

Түүнээс гадна төрийн албан хаагч хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг зөв байна уу, буруу байна уу хамаагүй ягштал мөрдөх ёстой. Хэрэв муу хуулийг ягштал баримтлаад сөрөг үр дагавар гарвал хариуцлагыг төрийн албан хаагч бус хууль тогтоогчид өөрсдөө хүлээдэг жишигтэй байвал зүгээр юм болов уу. Одоо муу нэрийг ихэвчлэн төрийн байгууллага, албан хаагчид л үүрч байна шүү дээ. Гэхдээ төрийн албаны шинэтгэлийн талаар УИХ, Засгийн газар багагүй ажил хийж байгааг үгүйсгэж болохгүй, олон жилийн турш аажмаар бий болсон тогтолцооны гажигийг тодорхой бодлоготой, аажмаар хийхийг улс орнууд хичээдэг бололтой. Энэ гажгийг огцом аргаар засах нь өндөр эрсдлийг дагуулж болзошгүй. Ер нь ямар аргаар монгол төрийн шинэтгэлийг хийх нь улс төрийн шийдэл.

-Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль гарлаа, сайн юм боллоо л гээд байдаг. Гэтэл ийм хуультай болсноороо төрийн алба мэдээллээ нууцлах тал дээрээ бүр илүү “мэргэшсэн” болох сөрөг тал гарах болов уу?

-Ямар ч байсан ийм мэдээллийг ил болго гээд хуульчиллаа. Иргэний мэдээлэл авах эрхийг зөрчсөн төрийн албан хаагчийг халах хүртэл арга хэмжээ авахаар хуульчилсан. Төрийн байгууллагад нууцлах зүйл байлгүй яахав. Тийм болохоор ямар мэдээллийг нууцалж байгаа хууль зүйн үндэслэлээ олон нийтэд ил болгох ёстой байх. Тухайн төрийн байгууллагын мэдээллээ нууцалсан үндэслэл нь хууль бус бол захиргааны хэргийн шүүхэд хандаж тухайн шийдвэрийг хүчингүй болгуулж болно шүү дээ.

-Хуульч хүний хувьд та энэ хуулийг ямар нэг хийдэл, цоорхойгүй, бодит байдал дээр үнэхээр үр дүнтэй хэрэгжих хууль болсон гэж дүгнэж байгаа юу. Хэрвээ үгүй бол энэ хуульд ямар нэг “но” бий юу?

-Хууль ямар ч байсан батлагдсан. Хэрэгжүүлэх явцдаа шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг хийгээд явах боломжтой учраас тийм “но” гарвал засч залруулж болно.

Хууль хэрэгжүүлэгч төрийн албан хаагчийн хувьд ямар нэг “но” эрэхээс илүүтэй хуулийг хэрэгжүүлэх боломжийг илүү харах хэрэгтэй байх. Хийе гэвэл арга олдоно хийхгүй гэвэл шалтаг олдоно гэдэг. Б.Чимид багшийн “Хуулийг шүүмжлэхийн тулд бус хэрэгжүүлэхийн тулд баталдаг” гэснийг төрийн албан хаагчдад дахин дамжуулаад хэлье гэж бодож байна.

-Улс төрийн хүрээнд авлига хамгийн их байдаг талаар танай албанаас хийсэн судалгааны дүнг хэдэн сарын өмнө олон нийтэд мэдээлж байсан. тэгвэл энэ хууль улстөрийн хүрээний авлигыг бууруулахад нөлөөлөх болов уу?

-УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэр гаргах явц тодорхой нөхцөлд нууц байдаг. Харин батлагдсаны дараа хэн санаачилсан, хэн санхүүжүүлсэн, хэний хийсэн судалгаанд тулгуурлаж хийгдсэн гэх мэдээлэл ил байх нь улс төрийн хүрээний авлигаас урьдчилан сэргийлэхэд тустай. Олон улсын практикаас харахад гадаад, дотоодын тодорхой бүлэглэлийн эрх ашгийг хамгаалах үйлдлийг санаатай болон санамсаргүй хийх тохиолдол гардаг. Энэ нь гишүүд болон албан тушаалтнуудыг бусдаас хараат болгож улмаар бусдын гар хөл болохоос өөр аргагүй байдалд хүргэх эрсдлийг бий болгодог. Үүнээс хамгаалах нэг арга бол яах аргагүй Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай энэ хууль. Бас УИХ-ын Авлигын эсрэг бүлгэмийн гишүүд болох Ж.Энхбаяр, Х.Тэмүүжин, Т.Сүхбаатар нарын санаачлан, боловсруулж буй төрийн албанд ашиг сонирхлын зөрчлийг зохицуулсан хуулийн төсөл байна.

-Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор иргэдэд хандаж хэлэх зүйл байна уу?

-Хуулиа уншиж, судлаарай гэдгийг нэгдүгээрт хэлэх байна. Мөн өндөр хөгжилтэй орны иргэд хохирол хүлээсэн бол 100 төгрөгний төлөө 1000 төгрөгний зардал гаргаж заргалддаг. Хамгийн гол нь тэд хууль зөрчсөн хүнд хариуцлага тооцуулж, нийгмээ шударга хөгжихөд хувь нэмрээ оруулсандаа, өөрийнхөө зөвийг шүүхээр албан ёсоор тогтоолгосондоо сэтгэл ханамж авдаг. Манайд 1000 төгрөгний хохирлоо нөхөн төлүүлэхийн тулд түүнээс илүү төгрөгний зардал гаргаад заргалдаад яваад байх хүн хэр олон бол. Бас дээрээс нь эрхээ хамгаалахын тулд заргалддаг хүнийг манайхан юу гэж муу хэлдэг билээ. Мөн адгийн зарга арав хоног гэгчээр шийдэгддэггүй уддаг. Дээрээс нь гомдол гаргагчийг чирэгдүүлдэг шат дамжлага байсаар л байна. Ийм учраас манайд стратеги өмгөөллийг хөгжүүлэх, эсвэл иргэдийн өмнөөс төлөөлөн заалдах эрхийг бий болгоход анхаарах ёстой юм болов уу гэсэн бодолтой явдаг.