Хүйн ээж нарын хөрөнгийн шуналыг Авлигатай тэмцэх газар журамлахаар болов

A- A A+
Хүйн ээж нарын хөрөнгийн шуналыг Авлигатай тэмцэх газар журамлахаар болов
Мөнгөгүй хүн үхэхэд ойрхон цаг үед бид амьдарч байгаа. Уг нь бид алтан гартай эмч нарт баярласан сэтгэлийн илэрхийлэл болгож дугтуйнд хийх мөнгөнийхөө нимгэн зузааныг өөрсдөө мэддэг байсан бол энэ мэдэл авах хүмүүст шилжжээ.

Эмч бүр чадвараасаа хамаарч өөр өөрийн ханшийг тодорхойлдог болсон байна. Ханш нь 100 мянгаас сая төгрөг хүртэл үргэлжилнэ. Доктор, профессор, олонд ам сайтай эмчийн нэг гарт сая төгрөг атгуулж байж нөгөө гартаа мэс заслын багажаа барина.

Мэдээж энэ ойлголтод мэс засал, эх баригч эмч нарын асуудал яригдаж байгаа гэдгийг түвэггүй ойлгож байгаа байх. Эдгээр эмч нар хүмүүн эрдэнийг үхлээс хамгаалж, орчлонд ирэхэд хамгийн түрүүнд гар тосдог юугаар ч зүйрлэшгүй ачтан гэдэг нь бас л түвэггүй ойлгогдоно. Харин хэтэрхий их буян хийсэн эмч нарын буян нь арай л ихэднэ гэж байдаггүй байлтай. Нэг нь үхлийн хаалганы манаач, нөгөөх нь орчлонд ирэх хаалганы угтагч байж хүний эмзэг сэдэв дээр тоглолт хийж, өөрсдөдөө хуулиас гадуур ханш тогтоож байгаа нь их буяныг их нүгэл дагаж явдаг уу гэлтэй.

Иймийн тулд Авлигатай тэмцэх газрынхан эхний ээлжинд авлигад их өртөж байна гэж санал гомдол ихээр ирэх болсон нийслэлийн нэг, гуравдугаар амаржих газар руу анхаарлаа хандуулжээ. Төрөх эмнэлгүүдэд “Авлигатай тэмцэх газрын хайрцаг”-ийг байрлуулжээ. Таны эхнэр, охин төрөхөд ямар эмч, сувилагч ээлжинд гарч байсан, хэчнээн төгрөг өгч байж “хөдөлсөн” зэргийг үнэн зөвөөр бичсэн санал гомдлоо энэ хайрцагт хийхийг Авлигатай тэмцэх газрынхан хүсч байгаа юм. Уг авлигын хайрцгийн түлхүүр Авлигатай тэмцэх газрынханд л байх бөгөөд таны мэдээллийн дагуу эмч нарт ёс зүйн хариуцлага тооцох юм байна. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг 1969, 311919 дугаарын утсаар өгч болох аж.

Саяхан нийслэлийн III амаржих газарт хандсан эмэгтэйг “Халтар 20 мянган төгрөг, набор, вино барьчихаад гүйгээд байх юм” гэж эмч нь загнажээ. Үүнээс үзэхэд эмч нар бүр цайжээ. Хүний өгснийг их, багаар нь ангилж ялгах дээрээ тулсан байх юм. Угаас эх баригч эмч нар мөнгө өгтөл өвдүүлээд л байдаг “уламжлалтай”. Нэгдүгээр төрөхөд шөнөжин өвдсөн ч болоогүй ээ гээд л байлгаад байсан охиныхоо эмчийн гарыг цайлгаад “Эмчид чинь 100 мянган төгрөг өглөө” гэж утасдахад утасны цаана миний охин яаж байна гээд л өрөө рүү нь орж ирж байгаа эмчийн дуу сонстсон гэж мөнгөний хүчийг мэдэрсэн нэгэн ярихыг уржигдархан сонсов.

“Эхнэр төрөөд” гэхэд нь бид “хэдээр” гэж зөрүүлж асуудаг. Ийм энгийн өгүүлбэр болтлоо хөгжсөн бичил мөртлөө хорон, хүний эмзэг сэдэв дээр дөрөөлсөн төрөх эмнэлгүүдийн хахуулийн асуудлыг цэгцлэх цаг нэгэнт болсныг удаа дараалан гарч байгаа эмгэнэлт жишээ баримтаас харж болно. Тухайлбал, хэвлийдээ эрүүл бойжсон хүүхдийг төрүүлэхэд тархийг нь хүнд гэмтээсэн, Эх нялхаст амаржихаар очсон ээж ангир уургаа нялх үрдээ амлуулж чадалгүй амиа алдсан, төрөхийн хүндрэлээс болж бүтэлттэй төрсөн хүүхдийг нь архаг бүтэлттэй, бас уушгины дутмаг хөгжилтэй гэсэн оношоор бусдад буруугаа тулгасан. Тухайн үед хүүхэд нь инкубаторт байхад гуурс нь хий алдлаа гээд сувилагч нь зажилж байсан бохио наасан, утааны уршгаар зүрх нь зогссон хүүхдээ авахуулахаар очсон ээжийг хүлээн авалгүй удаасаар цус алдуулж амь насанд нь аюул учруулсан. Энэ бол бидэнд мэдэгдэж байгаа хэдхэн л жишээ. Хэл ам хийгээгүй тэгсгээд заяа тавилантайгаа эвлэрсэн хэчнээн эх, үр цаана нь байгааг мэдэхгүй. Тиймээс хүйн ээж нарын хөрөнгийн шуналыг журамлахаас өөр аргагүйд хүрч. Энэ ажлаа Авлигатай тэмцэх газар хийхээр болж, эхний үр дүнг хүлээж л сууя.

Сэтгүүлч Л.Мөнхзаяа
“Үндэсний шуудан” сонины 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн