Зоос хийхээр ажилладаг автомат тоглоом шиг...

A- A A+
Зоос хийхээр ажилладаг автомат тоглоом шиг...
Бүсгүй одоо ч уйлж суугаа даа. Арван сар хэвлийдээ тээсэн үр нь амьдарч чадаагүйд ямар их шаналж байгаа бол оо. Хэдхэн сарын өмнө эрүүл саруул төрөх байсан хүүхдээ эмчийн хариуцлагагүй, хайнга байдлаас болж алдсан эхийн нулимс одоо ч хатаагүй, урссаар байгаа. Түүнтэй ижил зовлон туулж буй эх, эцэг хэд байгааг хэлэхэд бэрх.

Сүү шиг цагаан өнгийн халаад өмсч, тангараг өргөдөг эмч нарыг бид алтан гартан, авралт эмч, ариун үйлстэн, ач буянтан, энэрлийн дээд хэмээн хамгийн сайхан үгээр тодорхойлон дээдэлдэг. Харин тэдний заримынх нь “алтан” гар мөнгө атгуулахгүй бол хөдлөхөө байж, арын хаалгаар очоогүй хүнд аврал буянаа хайрлахаа байжээ. Шуудхан хэлэхэд, хуулиар хүлээсэн үүрэгтэй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд иргэд, үйлчлүүлэгч нараасаа шан харамж хардаг, авдаг, шаарддаг байдал хэвийн үзэгдэл болоод хувирчихаж. Яг л “Зоос хийхээр ажилладаг автомат тоглоом шиг”.

Ер нь амаржих газруудад танилгүй, эсвэл хэн нэг эмчийнх нь “балиашиг” байхгүй л бол эхчүүд асуудалгүй төрөх талаар саналтгүй болсон гэдгийг иргэд андахаа ч больсон байна. “Чи өнөөдөр хэдэн “балиашигтай” байгаа вэ. Найз нь яахав, ганцхан “балиашигтай”, тиймэрхүү өдөр байна”, Чиний “балиашиг” төрсөн үү, минийх төрсөн, “Манай “балиашиг”-ийн хаялганаас амс”, “Чиний “балиашиг” овоо үнэтэй юм өгөө шив дээ”... гэх мэтийн харилцан яриа төрөх эмнэлгүүдэд өдөр бүр өрнөнө.

Эдгээр газруудад болж буй энэ мэт бүх үйл явдал эхчүүдийн нүдэнд ил байх боловч хэн нь ч хэл үг хийж үл зүрхэлнэ. Ойлгохоос аргагүй л дээ. Хэн ч өнгө мөнгөний өнөө цагт эмч нарын үнэнийг хэлж өөртөө эрсдэл үүрэхийг хүсэхгүй. Харин тэдний эвийг олж байгаад эсэн мэнд амаржихаа л бодно.

Уг нь өвчтэй хүмүүст тусламж үзүүлэх нь эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлынх нь үндсэн үүрэг. Харин манай эмч нар хийх ёстой ажлаа хийснийхээ төлөө бусдын халаасыг тэмтэрч, үйлийг нь үзэж байна. Баянаар нь чамд бялдуучилж илүү үйлчлээд, ядуу гээд надад дутуу үйлчлэх ёс байхгүй ч өгөөгүй бол өгөөгүйгээр нь, өгвөл их, бага өгснөөр нь ялгаж үйлчилнэ. Эмч нар ажилдаа ингэж ханддаг болчихсон байна. “Эмч би эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө, Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглая” хэмээсэн байдаг ч энэ нь ёс төдий зүйл болжээ.

Энэ бүх шударга бус, хууль зөрчсөн байдлыг таслан зогсоох зорилгоор Авлигатай тэмцэх газраас нийслэлийн I, III амаржих газарт авлигаас урьдчилан сэргийлэх тусгайлсан ажлыг хийж эхлээд буй. Эхний ээлжинд санал асуулга явуулж байна. Яг хаана, аль орчинд нь авлига байна вэ гэдгийг тодруулах зорилгоор судалгаа явуулж эхэлжээ.

Дээрх ажил эхлэхтэй зэрэгцээд сүүлийн үед “Ядарсан хэдэн эмч нараар оролдож яах нь вэ дээ, цалин хөлс багатай хүмүүс үсрээд л нэг муу набор л аваа биз” гэх байдлаар сөрөг хандлага гарч байна. Гэтэл зүгээр нэг ядарсан эмчээс “набор авах” хүслээс нь болоод нэг эх, нэг гэр бүл үр хүүхдээ алдаж байна шүү дээ. Иймэрхүү үр дагавартай байдаг учраас нэг муу набор гэдэг яриа байх ёсгүй санагдана. Магадгүй, тэр эх, тэр гэр бүл амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах гэх мэт үндсэн эрхээ мэддэг учраас тухайн эмчид “набор өгье” гэсэн бодол байхгүй, эсвэл боломжгүй ч байсан байж болно. Тэгэхээр хүний зовлон дээр мөнгөний “тоглолт” хийдэг, бусдаас авлагатай юм шиг аашилж буй эмчийн ёс зүйтэй хатуухан ярих цаг иржээ.

Эрхэм эмч нар аа, бүү эмзэглээрэй. Та бүхнийг ор үндэсгүй гүтгэж байгаа хэрэг бус, өөрсдийнхөө өнөөгийн нэр хүндийг цэвэрлэх, цаашлаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлээсэй гэсэндээ бичиж байгаа билээ. Тэгээд ч энэ ажлын гол зорилго та бүхнийг торны цаана суулгах бус харин авлига үүсээд байгаа, үүсч болзошгүй тэр шалтгаан нөхцөлийг устгахад оршиж байгаа юм шүү дээ.

Сэтгүүлч Г.Долгорсүрэн
www.time.mn сайтад
2012 оны 2 дугаар сарын 27-ны өдөр нийтлэгдсэн