Мөрдөн шалгах хэлтсийн 2007 онд хийж гүйцэтгэсэн ажил

A- A A+
Мөрдөн шалгах хэлтсийн 2007 онд хийж гүйцэтгэсэн ажил
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2007 оны 09 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн тус газрын харьяалалтай гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулж эхэлсэн болно.

Ингээд та бүхэнд 2007 онд тус хэлтсээс хийж гүйцэтгэсэн мөрдөн шалгах ажлын зарим үр дүнг үүгээр товч танилцуулья.

Гомдол, мэдээлэл хүлээн авах төв нь нийт 277 гомдол, мэдээлэл хүлээн авснаас “Гомдол, мэдээллийн нэгдсэн бүртгэл”-д гэмт хэргийн шинжтэй 217 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс биеэр 54, утсаар 44, шуудангаар 115, интенетээр 4 гомдол, мэдээлэл хүлээн авсан байна. Мөн төвийн ажилтнууд 202 иргэнтэй биечлэн уулзаж, 616 хүнтэй утсаар холбогдож, тэдгээрийн 250 хүнд утсаар хууль зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.

Тайлангийн хугацаанд хүлээн авч хянан үзсэн гэмт хэргийн шинжтэй 217 гомдол, мэдээллийн 100-г иргэдээс, 84-г байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн байх бөгөөд бусад 33 гомдол, мэдээллийг нэрээ нууцалсан буюу хаяггүй гомдол, мэдээлэл эзэлж байна.

Дээрх гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн байдлыг авч үзвэл 24 гомдол, мэдээлэлд буюу 11 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, 105 гомдол, мэдээлэлд буюу 48 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж, 26 гомдол, мэдээллийг буюу 12 хувийг харъяаллын дагуу шилжүүлж, 30 гомдол, мэдээллийг буюу 14 хувийг эрүүгийн хэрэгт хамтруулан шалгасан байх бөгөөд оны эцэст 32 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй байна.

Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны чиглэл, давтамжаар нь авч үзвэл 37 гомдол, мэдээлэл буюу 17 хувийг нутгийн захиргааны болон өөрөө удирдах ёсны байгууллага /ЗДТГ, ИТХ/-д, 20 гомдол, мэдээлэл буюу 9 хувийг газрын алба, тэдгээрийн албан хаагч нарт, 29 гомдол, мэдээлэл буюу 13 хувийг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтанд, 10 гомдол, мэдээлэл буюу 5 хувийг цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд, тус бүр 7 гомдол, мэдээлэл буюу 3 хувийг нийгмийн даатгалын байгууллага, албан хаагчийн үйл ажиллагаанд, ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх үйл ажиллагаа, тэдгээрийн албан хаагч нарт, татварын албанд, мэргэжлийн хяналтын байгууллага, тэдгээрийн албан хаагч нарт, 6 гомдол, мэдээлэл буюу 2.7 хувийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, албан хаагч нарын үйл ажиллагаанд, тус бүр 5 гомдол, мэдээлэл буюу 2.3 хувийг ОБЕГ, харьяа нэгжүүдийн алба хаагч нарт, гаалийн байгууллагын үйл ажиллагаанд тус тус холбогдуулж гаргасан байна. Бусад гомдол, мэдээлэл нь дээрх салбаруудад хамаарахгүй, тухайлсан албан тушаалтнуудтай холбоотой байна.

Тус хэлтэс нь хуульд заасан харъяаллын 86 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Эдгээрийн 24 хэрэгт тус хэлтсийн мөрдөн байцаагч нар эрүүгийн хэрэг үүсгэж, 57 хэргийг харьяаллын дагуу хүлээн авчээ. Түүнчлэн тусгаарласан 3 эрүүгийн хэрэг, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалд прокуророос эрүү үүсгэсэн 5 эрүүгийн хэрэгт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэнээс сэргээсэн 2 эрүүгийн хэрэгт тус тус байцаан шийтгэх ажиллагаа явуулсан байна. Энэ хугацаанд мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн 12 хэргийг харьяаллын дагуу хүлээн авчээ.

Мөрдөн байцаалт явуулсан нийт эрүүгийн хэргийг гэмт хэргийн ангиллаар нь авч үзвэл 2 гэмт хэрэг буюу 2.3 хувь нь хөнгөн, 68 гэмт хэрэг буюу 79.1 хувь нь хүндэвтэр, 16 гэмт хэрэг буюу 18.6 хувь нь хүнд гэмт хэрэг тус тус эзэлж байгаа бөгөөд гэмт хэргийн хүнд ангилалд хамаарах 16 хэргийн 6 хэрэг буюу 37.5 хувь нь хээл хахууль авах гэмт хэрэг, бусад 10 хэрэг буюу 62.5 хувь нь Эрүүгийн хуульд заасан бусад хүнд гэмт хэргүүд байна.
Харин эдгээр хэргийг гэмт хэргийн төрлөөр нь ангилж үзвэл давхардсан байдлаар төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг 21 буюу 17 хувийг, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэрэг 16 буюу 13 хувийг, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан гэмт хэрэг 7 буюу 5.7 хувийг, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт хэрэг 5 буюу 4 хувийг, хээл хахууль авах гэмт хэрэг 22 буюу 17.8 хувийг, хээл хахууль өгөх гэмт хэрэг 12 буюу 9.7 хувийг, хээл хахууль зуучлах гэмт хэрэг 2 буюу 1.6 хувийг, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг 9 буюу 7.3 хувийг, бусад гэмт хэрэг 29 буюу 23.5хувийг тус тус эзэлж байна.

Эрүүгийн хэрэгт нийт 212 хүн холбогдон шалгагдсаныг албан тушаалын байдлаар авч үзвэл төрийн улс төрийн албан хаагч 15 буюу 7.1 хувийг, төрийн захиргааны албан хаагч 28 буюу 13.2 хувийг, төрийн тусгай албан хаагч 47 буюу 22.2 хувийг, төрийн үйлчилгээний албан хаагч 25 буюу 11.8 хувийг, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан 89 буюу 42 хувийг, гадаадын иргэн 4 буюу 1.9 хувийг тус тус эзэлж байна.

Дээрх албан тушаалын гэмт хэргүүдээс 50 нь буюу 58.1 хувь нь Улаанбаатар хотод, 34 нь буюу 39.5 хувь нь хөдөө орон нутагт, 2 нь буюу 2,3 хувь нь өөр улсад үйлдэгджээ.

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 15 хэргийг буюу нийт шалгасан хэргийн 17.4 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 12 хэргийг буюу 14 хувийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 8 хэргийг буюу 9.4 хувийг харьяаллын дагуу шилжүүлэхээр тус тус шийдвэрлэж 4 хэргийг буюу 5 хувийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэсэн байна. Энэ хугацаанд 3 эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлжээ.

Тайлант хугацааны эцэст ажиллагаанд 44 эрүүгийн хэргийн буюу нийт шалгасан хэргийн 51.2 хувийн үлдэгдэлтэй байна.

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн 15 хэргийг гэмт хэргийн ангиллаар нь авч үзвэл 13 нь хүндэвтэр, 2 нь хүнд гэмт хэргүүд байна.

Харин гэмт хэргийн төрлөөр нь авч үзвэл үйлдлийн давхардсан байдлаар төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг 1, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэрэг 4, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан гэмт хэрэг 1, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт хэрэг 3, хээл хахууль авах гэмт хэрэг 7, хээл хахууль өгөх гэмт хэрэг 8, хээл хахууль зуучлах гэмт хэрэг 1, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг 2, бусад нийлмэл гэмт хэрэг 6 байна.

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн дээрх 15 хэрэгт нийт 51 хүн холбогдсоноос төрийн улс төрийн албан хаагч 1, төрийн захиргааны албан хаагч 1, төрийн тусгай албан хаагч 15, төрийн үйлчилгээний албан хаагч 6, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан 26, гадаадын иргэн 2 байна.

Хэрэгсэхгүй болгох санал гаргасан 12 эрүүгийн хэргийн үндэслэлийг судлахад ЭБШХ-ийн 24.1.1-д заасан буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр 6 хэргийг, Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн дагуу 4 хэргийг, ЭБШХ-ийн 24.1.2-т заасан буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 1 хэргийг, ЭБШХ-ийн 24.1.1, 24.1.3-т заасан буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан давхар үндэслэлээр 1 хэргийг тус тус хэрэгсэхгүй болгуулахаар санал гаргажээ.

Хэрэгсэхгүй болгох санал гаргасан эдгээр хэргийн 3-т тус газрын мөрдөн байцаагч нар эрүүгийн хэрэг үүсгэсэн байх бөгөөд тэдгээрийн 1 хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу, 1 хэрэг нь ЭБШХ-ийн 24.1.3-т заасан буюу гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан үндэслэлээр, 1 хэрэг нь ЭБШХ-ийн 24.1.1-д заасан буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр тус тус шилжүүлж шийдвэрлэжээ.

Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх санал гаргасан 3 хэргийн 2-г ЭБШХ-ийн 205.1.4-т заасан үндэслэлээр буюу зайлшгүй шаардлагатай гэрч, хохирогч байхгүй тохиолдолд, 1 хэргийг ЭБШХ-ийн 205.1.1-д заасан үндэслэлээр буюу яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүй үндэслэлээр тус тус түдгэлзүүлсэн байна.

Тайлант хугацаанд тус хэлтсийн 13 мөрдөн байцаагч гомдол, мэдээлэл шалгах болон эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийхээр давхардсан байдлаар 26 аймагт 19 удаагийн томилолтоор 95 хоног ажиллажээ.

Ажлын дээрх үзүүлэлтийг мөн хугацаанд ажилласан мөрдөн байцаагч нарт хувилвал нэг мөрдөн байцаагч дунджаар 3 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулж, 8 гомдол, мэдээллийг хянан үзсэн байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн шалгах чиглэлээр 2007 онд хийж гүйцэтгэсэн ажлыг тоймлон мэдээлвэл ийм байна.

Цаашид бид өөрсдийн ажлын үр дүнгийн талаар улирал бүр мэдээлэх болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.
 
МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТЭС