Мөрдөн шалгах хэлтсийн 2009 оны үйл ажиллагааны тайлан

A- A A+
Мөрдөн шалгах хэлтсийн 2009 оны үйл ажиллагааны тайлан
Тус хэлтэс нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, байгууллагын зорилт, 2009 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор дараахь ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
 
Нэг. Удирдлага, зохион байгуулалт, Авлигатай тэмцэх газрын 2009 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн талаар

1. Тус хэлтэс нь 2 тасаг, 6 хэсгийн зохион байгуулалттай нийт 30 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн хэлтсийн бүтцэд Гомдол, мэдээлэл хүлээн авах төв ажиллаж байгаа болно.

2. “Авлигатай тэмцэх газрын 2009 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Мөрдөн шалгах хэлтсийн 2009 оны ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлуудаас Гүйцэтгэх албатай хамтарсан зөвлөгөөн хийх ажлаас бусад ажлууд хэрэгжсэн байна.

3. Авлигатай тэмцэх газрын стратеги төлөвлөгөө батлагдаагүй байгаа хэдий ч Мөрдөн шалгах хэлтсийн хэтийн үйл ажиллагаа, стратегитэй холбоотой төслийн саналыг боловсруулан өгч, төсөлд тусгуулсан байна.

4. Мөрдөн шалгах хэлтсийн үйл ажиллагаа, чадавхийг сайжруулахад шаардлагатай техник хэрэгсэл, боловсон хүчний сургалтын талаар зохих судалгааг хийж, зарим техник хэрэгсэл, холбогдох сургалтыг авахаар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн 2009 оны төлөвлөгөөнд тусгуулсанаар мөн хөтөлбөрийн санхүүжилтээр “Мөрдөн байцаагчийн гарын авлага”-ыг боловсруулж, гадаадын зөвлөхүүдийн саналыг тусгаснаар хэвлэхэд бэлэн болгоод байна. Түүнчлэн АНУ-ийн Азийн санд хүсэлт болгосноор Гомдол, мэдээлэл хүлээн авах төвд шаардлагатай зарим техник хэрэгслийг авсан нь төвийн үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлсэн арга хэмжээ болов.

5. Эрүүгийн хэрэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийн бүртгэлийн нэгдсэн программын талаар холбогдох санал, нэмж хийлгэх зүйлийн захиалгыг өгч нөхөн гүйцэтгэлүүлсэнээр программыг албан ёсоор хүлээн авч, ашиглалтад өгөв. Цаашид АТГ-аас шалгаж шилжүүлсэн эрүүгийн хэргийн хөдөлгөөний хяналтын системийг АНУ-ын Азийн сангийн санхүүжилтээр бий болгохоор ажлыг эхлүүлээд байна.

6. Мөрдөн шалгах ажлын тайлангийн хавсралтыг нэмж боловсруулж, мөрдөн байцаагчийн мэдэгдэл, хариу мэдэгдэх хуудас, томилолтоор ажиллах удирдамжийн төслийг шинээр боловсруулан баталж, мөрдүүлэн ажиллаж байна.

7. УИХ-ын гишүүн Ч.Сайхансамбуугаас ирүүлсэн “Эрүүгийн төрөлжсөн хуулийн төсөл”, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэгт санал боловсруулж хүргүүлжээ.

8. Мөрдөн байцаагч ажилтнуудын ажлыг дүгнэх үзүүлэлтүүдийг дахин боловсруулж, уг үзүүлэлтийн дагуу нийт мөрдөн байцаагч нарын улирал, хагас бүтэн жилийн ажлыг дүгнэсэн байна.

9. Мөрдөн шалгах хэлтсийн бүртгэлийн программын заавар, зөвлөмжийг гаргаж бэлэн болгохоор ажиллаж байна.

10. Мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар нийтэд мэдээ, мэдээлэл цацах агуулга, хуваарийг тодорхойлсон удирдамжийг Тамгын хэлтсийн даргатай хамтран баталж мөрдүүлсэн бөгөөд хэлтсийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар болон цаг үеийн бусад асуудлаар нийт 30 удаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийтлэл, мэдээ, мэдээлэл нийтлүүлж, телевиз, радиогийн шууд ярилцлага, нэвтрүүлгүүдэд оролцсон байна.

11. Мөрдөн шалгаж шүүхээр шийдвэрлүүлсэн эрүүгийн хэргийн “Шийтгэх тогтоолын эмхтгэл”-ийн эхний дугаарыг бэлтгэж хэвлүүлэн нийтийн хүртээл болгосон бөгөөд хоёр дахь дугаарыг хэвлэлтэд шилжүүлээд байна.

12. Тайлангийн хугацаанд газрын удирдлага, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, бусад байгууллага, албан тушаалтанд мэдээлэл өгөхтэй холбоотойгоор үүрэг, даалгаврын дагуу болон цаг үеийн шаардлага, санаачилгын дагуу нийт хүлээн авч мөрдөн шалгасан эрүүгийн хэрэг, гомдол, мэдээлэл, үйл ажиллагааны үр дүн, шаардлагатай сургалт, техник хэрэгсэл зэрэгтэй холбоотой судалгаа, танилцуулга 20-г гаргаж ажилласан байна.

13. Газрын даргын тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу явагдсан түвшин тогтоох шалгалтад бэлтгэх ажлын хүрээнд мөрдөн байцаагч нараас 7 хоног бүр тестээр шалгалт авч, тэдгээрийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч, хамт олныг урьдчилан бэлтгэх төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажилласнаар хэлтсээрээ шалгалтад амжилттай оролцов.

14. “Улсын хил дээр зорчигч, тээврийн хэрэгслийг саатуулах, шийдвэрлэх журам”-ын төслийг боловсруулж, таван газрын дарга нарын тушаалаар батлуулж мөрдүүлсэн байна. Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн Ерөнхий газартай хамтран ажиллах журмын төслийг бэлтгэж байна. Түүнчлэн АНУ-ийн Азийн сангаас зохион байгуулсан “Шүүх, прокурор, АТГ-ын хамтын ажиллагааны талаархи” сургалт, хэлэлцүүлэгт санаачлагатай оролцсон байна.

15. Нийслэлийн шүүхийн эрүүгийн хэргийн танхим, дүүргүүдийн Ерөнхий шүүгч нар, НПГ-ын МБАХТ 2 дугаар албаны прокурорууд, АТГ-ын мөрдөн байцаагч, ЭЦГ, ТЕГ-ын ажилтнуудыг оролцуулсан хамтарсан сургалт, семинарыг санаачлан зохион байгуулав.

16. Мөрдөн шалгах хэсгүүдийн хэмжээнд хариуцсан чиглэлээр дагнан сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хянах, энэ талаар хэсгийн ахлах мөрдөн байцаагч нараас хийж гүйцэтгэж байгаа ажлын сонсголыг тусгай хуваарийн дагуу хэлэлцүүлэх, хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй асуудлуудыг хэрхэн ойлгож хэрэглэхийг зохицуулсан удирдамжийн баримт бичгийг боловсруулж гаргах, мөрдүүлэх, эрүүгийн хэргийн тайлан, танилцуулгыг гаргаж хэвшүүлэх, мөрдөн байцаагч нарыг шалгасан хэргийнх нь шүүх хуралдаанд оролцуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж байгаа нь мөрдөн байцаагч нарын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, мөрдөн байцаалтыг шуурхай явуулах нөхцөлийг хангахад чиглэсэн арга хэмжээ болж байна.

17. Мөн хугацаанд нийслэлийн прокурорын газартай хамтарсан зөвлөгөөн, сургалт, семинарыг нийт 4 удаа зохион байгуулж оролцсон байна.

18. Монгол Банкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны орон тооны бус Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүнээр хэлтсийн дарга ажиллаж АТГ, СМА-ны хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох журмыг 2 газрын хооронд батлан хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал, дүгнэлт гаргаж ирэв.

19. Мөрдөн байцаагч нарын сахилга хариуцлагыг өндөржүүлж, ёс зүйн болон сахилгын аливаа зөрчил гаргуулахгүй байх, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор мөрдөн байцаагч нарын цаг ашиглалт, гүйцэтгэсэн ажилд тасгийн дарга нар өдөр тутмын хяналт тавьж байна. Мөрдөн байцаагч нар болон ажилтнууд гадуур ажиллахдаа ГМХАТ-д бүртгүүлж байгаагийн зэрэгцээ гадуур ажиллах хуудсыг тасгийн дарга нарт өгч бөглүүлж байна.

20. Байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой журам, заавруудад зохих саналыг өгч ирсэн бөгөөд цаашид байнга анхаарч, тухай бүр нэмж өөрчлөх, шинэчлэх арга хэмжээг авах болно.

21. Амжилттай мөрдсөн хэргүүдээс сэдэвлэн зохиол бичүүлж цуврал кино хийх санхүүжилтийг АНУ-ын Азийн сантай ярьж шийдвэрлүүлсэн бөгөөд тайлангийн хугацаанд “Төлөөс” цуврал киноны нэгдүгээр анги бэлэн болж нийтийн хүртээл болсон, 2,3 дугаар ангиуд бэлэн болох хэмжээнд болсон байна.
 
Хоёр. Байгууллага, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх талаар

Хэлтсийн ажилтнуудын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор албан хаагч нарын хүсэлтийг харгалзан Тамгын хэлтсээс санаачлан зохион байгуулж байгаа удаа дараагийн англи хэлний сургалтуудад мөрдөн байцаагч нар хамрагдаж ирлээ.

Түүнчлэн хэлтсийн мөрдөн байцаагч, ажилтнуудын мэдлэг, ур чадвар, мэргэшлийг дээшлүүлэх зорилгоор дотооддоо “Нягтлан бодох бүртгэл”, “Татварын тухай”, “Газрын тухай” асуудлаархи сургалтууд болон УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Доржготовтой “Мөрдөн байцаалтын арга, тактик, практик” сургалт, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн “Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлах товчоо”-ны дарга н.Жаргалтай “Шүүх нягтлан бодох шинжилгээний талаарх” сургалтыг тус тус хамтран зохион байгуулав.

Хүний эрхийн үндэсний комисс, АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос зохион байгуулсан сургалт, АНУ-ын Муж улсуудын шүүхийн Үндэсний төвөөс зохион байгуулсан мөрдөн байцаагч нарын сургалтад 10 мөрдөн байцаагчийг, Хүний эрхийн үндэсний комисстой урьдчилан тохиролцож “Эрүүдэн шүүхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар”, Трансперенси Интернешнл Монгол ТББ-тай хамтран “Шүүхийн авлига, худалдан авах ажиллагаан дахь авлига” зэрэг сургалтуудыг зохион байгуулж, мөрдөн байцаагч нарыг хамруулав.

Чингэлтэй дүүргийн шүүх, прокурорын газраас зохион байгуулсан “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахад анхаарах асуудлууд” сэдэвт уулзалт, семинарт хэлтэс, тасгийн дарга нар, Монгол Банкны СМА-наас зохион байгуулсан “Мөнгө угаах, тероризмтэй тэмцэх талаархи эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг, Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулсан “Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй харилцахад анхаарах асуудлууд” сэдэвт сургалт, Трансперенси Интернэшнл ТББ, Үндэсний аудитын газраас хамтран зохион байгуулсан сургалт, Хүний эрхийн үндэсний комиссоос зохион байгуулсан “Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт санамж бичгийн хэрэгжилтийг тооцох уулзалт, семинар зэрэгт тус тус оролцов.
Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээтэй албан хаагчдын кредит цуглуулах давтан сургалтад мөрдөн байцаагч нарыг хамруулах талаар Хууль зүйн үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтантай тохиролцоонд хүрч, зохих санхүүжилтийг Дэлхийн банкнаас хийлгэхээр болсоны дагуу зохих хөтөлбөрийн сургалтыг шат дараалан хэрэгжүүлж нийт 17.5 багц цагийн сургалтад хамрагдав.

Сангийн яамнаас “Худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалт” сэдэвт сертификат бүхий сургалтыг мөн зохион байгуулж зарим мөрдөн байцаагч нарыг хамруулсанаар тэдгээр нь эрхийн сертификат авсан байна.

Ханнс Зайделийн сангаас зохион байгуулсан “Эрүүгийн эрх зүйн сургагч багш бэлтгэх сургалт”-д хэлтсийн дарга хамрагдсан байна.

Тасгийн дарга Д.Наранбаатар БНСУ, Малайз улсад, ахлах мөрдөн байцаагч О.Одхүү Египтэд, хэлтсийн дарга Э.Амарбат АНУ, Австрали, Филлипин улсуудад, мөрдөн байцаагч Б.Шинэбаатар Хонг Конг-д тус тус зохих сургалт, мэргэжил дээшлүүлэх, танилцах арга хэмжээнүүдэд оролцсон байна.
 
Гурав. Мөрдөн шалгах ажлын талаар

3.1.Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн талаар
Урьд оны үлдэгдэл 25 гомдол, мэдээллийн хамт гэмт хэргийн шинжтэй нийт 689 гомдол, мэдээлэл шалгасныг шийдвэрлэлтийн байдлаар нь авч үзвэл 68 гомдол, мэдээлэлд буюу 11.0 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, 357 гомдол, мэдээлэлд буюу 51.0 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж, 230 гомдол, мэдээллийг буюу 33.0 хувийг харъяаллын дагуу шилжүүлж, 14 гомдол, мэдээллийг буюу 2.0 хувийг эрүүгийн хэрэгт хамтруулан шалгасан байна. Ажиллагаанд 20 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй байна.

Эрүүгийн хэрэг үүсгэх саналтай шилжүүлсэн 13 материалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан 5 материалд прокурор эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Дээрх гомдол, мэдээлэлд холбогдуулан нийт 653 хүнийг шалгасан байх бөгөөд тэдгээрийг албан тушаалын байдлаар нь авч үзвэл төрийн улс төрийн албан хаагч 89 буюу 13.6%, төрийн захиргааны албан хаагч 158 буюу 24.2%, төрийн тусгай албан хаагч 139 буюу 21.2%, төрийн үйлчилгээний албан хаагч 166 буюу 25.4%, энгийн буюу аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан 98 буюу 15.1%, гадаадын иргэн 3 буюу 0.5%-ийг тус тус эзэлж байна.

Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг тэдгээрийн агуулга, холбогдох байгууллага, салбараар авч үзвэл нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 128 /89 нь Засаг даргын үйл ажиллагаанд, 39 нь Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаанд/, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 169 /64 нь цагдаа, 14 нь прокурор, 22 нь шүүх, 4 нь хил хамгаалах, 16 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, 29 нь мэргэжлийн хяналт, 2 нь татвар, 13 нь гааль, 5 нь ОБЕГ/, боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарт хамаарах 124 /47 нь боловсрол, 40 нь эмнэлэг, 24 нь нийгмийн даатгал, 13 нь эд хөрөнгийн улсын эрхийн бүртгэлийн газар/, газар, ашигт малтмалын салбарт хамаарах 51 /37 нь газар, 14 нь ашигт малтмал кадастр/, төрийн болон орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд хамаарах 12, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хамаарах /хувийн хэвшил/ 30, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 13, сонгуулийн үйл ажиллагаанд хамаарах 4, УИХ-ын гишүүний үйл ажиллагаанд хамаарах 11, бусад 147-ийг тус тус эзэлсэн байна.

3.2. Эрүүгийн хэргийн талаар:
Тус хэлтэс нь тайлант хугацаанд хуульд заасан харьяаллын 177 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.
Мөрдөн байцаалт явуулсан нийт хэрэг, үйлдлийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилвал төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 55 буюу 18.0 хувь, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 10 буюу 3.0 хувь, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 9 буюу 3.0 хувь, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 3 буюу 1.0 хувь, хээл хахууль авах 54 буюу 18.0 хувь, хээл хахууль өгөх 41 буюу 13.0 хувь, хээл хахууль зуучлах 6 буюу 2.0 хувь, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 7 буюу 2.0 хувь, бусад 127 буюу 40.0 хувийг эзэлж байна.

Ажиллагаа хийсэн дээрх эрүүгийн хэргийн 76 хэрэгт тус хэлтсийн мөрдөн байцаагч нар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасны 68-ыг гомдол, мэдээллийн дагуу, 8-г өөр эрүүгийн хэргээс тусгаарлаж үүсгэсэн байна.

Оны эхэнд мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн 11 хэрэг байснаас 7 эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтыг сэргээн шалгасан бөгөөд одоо мөрдөн байцаалт түдгэлзээтэй эрүүгийн 6 хэрэг байна.

Цаашид түдгэлзүүлсэн хэргийг сэргээн шийдвэрлэх асуудалд ихээхэн анхаарал тавих бөгөөд тасаг бүрт мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн хэргийг тодорхой мөрдөн байцаагчид хариуцуулан ажиллаж байна.

Эрүүгийн хэрэгт нийт 407 хүн сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдсан бөгөөд холбогдогчдыг албан тушаалын байдлаар авч үзвэл төрийн улс төрийн албан хаагч 21 буюу 5.0%, төрийн захиргааны албан хаагч 69 буюу 17.0%, төрийн тусгай албан хаагч 67 буюу 16.0%, төрийн үйлчилгээний албан хаагч 55 буюу 14.0%, энгийн буюу аж ахуйн нэгж байгууллагын албан тушаалтан 184 буюу 45.0%, гадаадын иргэн 11 буюу 3.0%-ийг тус тус эзэлж байна.

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 51 хэргийг буюу нийт шалгасан хэргийн 29.0 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 37 хэргийг буюу 21.0 хувийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 39 хэргийг буюу 22.0 хувийг харьяаллын дагуу шилжүүлэхээр тус тус шийдвэрлэж 22 хэргийг буюу 12.0 хувийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэсэн байна.

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн 51 хэргийн зүйлчлэлийг авч үзвэл төрийн албан тушаалтан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 9, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 2, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 1, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 2, хээл хахууль авах 32, хээл хахууль өгөх 29, хээл хахууль зуучлах 6, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 3, бусад зүйл хэсэг 36 байна.

Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эрүүгийн 37 хэргийн 20-ыг нь тус хэлтсийн мөрдөн байцаагч үүсгэсэн байх бөгөөд тэдгээрийг үндэслэлээр нь авч үзвэл 10 хэрэг нь Өршөөлийн тухай хуулиар, 2 хэрэг нь ЭБШХ-ийн 208.1.1, 25 хэрэг нь ЭБШХ-ийн 24.1.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болсон байна.

Энэ хугацаанд мөрдөн шалгасан нийт эрүүгийн хэрэгт 27 746 173 704 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд 1 403 128 949 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын явцад барагдуулж, 4,689,860,386.00₮, 13500 ам.доллар төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн ажиллажээ.
2009 онд 28 шүүгдэгчид холбогдох 17 хэрэг шүүхээр шийдвэрлэгдснээс 11 хэргийн 15 шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэж, 4 хэргийн 9 шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялаас өршөөн хэлтрүүлж, 1 хэргийн 2 шүүгдэгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 1 хэргийн 2 шүүгдэгчийг үйлдлийг цагаатгасан байна.

Тайлант хугацааны эцэст ажиллагаанд 25 эрүүгийн хэргийн буюу нийт шалгасан хэргийн 14.0 хувийн үлдэгдэлтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар 2009 онд тус хэлтсийн мөрдөн байцаагч нараас нийт 41 мэдэгдэл бичсэнээс хугацаандаа хариу авсан 31, хариу ирүүлэх хугацаа өнгөрсөн 9, хугацаа болоогүй 1 байна.

Хүлээн авсан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, мөрдөн шалгасан эрүүгийн хэргийг ажилласан мөрдөн байцаагч нартай нь харьцуулан үзвэл дунджаар нэг мөрдөн байцаагчид 7-8 эрүүгийн хэрэг, 29-30 гомдол, мэдээлэл ногдож байна.
 
Дөрөв. Дүгнэлт

Мөрдөн шалгах хэлтэс 2009 онд Мөрдөн байцаагч нарын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, тэдгээрийг мэргэшүүлэх, Мөрдөн шалгах ажлын эрх зүйн орчныг сайжруулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөрдөн байцаалтын үр дүнг нэмэгдүүлэхийг зорилтоо болгон ажилласан болно.

Эдгээр зорилтуудаас мөрдөн байцаагч нарыг мэргэшүүлэх, мэдлэг, мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилт хангалттай хэрэгжсэн болох нь авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс тодорхой харагдаж байна. Мөрдөн шалгах ажлын эрх зүйн орчныг сайжруулах зорилтыг хангахаар бусад хууль хяналтын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хамтарсан журмууд баталж мөрдүүлсэн, батлахаар бэлтгэж байгаа зэргээс болон хууль тогтоомжид оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналуудыг гаргаж хүргүүлсэн, тэдгээр нь ажлын хэсгийн хэмжээнд дэмжигдэн хэлэлцэгдэж байгаа зэргээс хэрэгжээгүй гэж дүгнэхээргүй байна.

Харин хэлтсийн үндсэн чиг үүрэг болох Мөрдөн шалгах ажлын үр дүнг нэмэгдүүлэх зорилтын хувьд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал хээл хахууль өгөх, авах гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн зэрэг эерэг эерэг үр дүн гарсан хэдий ч мөрдөн байцаалт явуулсан эрүүгийн хэрэг, яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн хэрэг, мөрдөн байцаагчийн бичсэн мэдэгдэл зэрэг нь буурсан байгаагаас энэ зорилт төдийлөн хангалттай хэрэгжсэн гэж үзэх боломжгүй байна.

Ажлын энэ үр дүнд Өршөөл үзүүлэх тухай хууль ихээхэн нөлөөлсөн хэдий ч мөрдөн байцаагч нарын шуурхай, хуульч ажиллагаатай салшгүй холбоотой болох нь маргашгүй юм.

Иймд дээрх байдлуудад дүгнэлт хийж, 2010 онд Хуульч, шуурхай ажиллагааг эрхэмлэж, авлигын гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн байцаалтын үр дүнг нэмэгдүүлэх, Мөрдөн шалгах ажлын эрх зүйн орчин, хамтын ажиллагааг сайжруулах, гадаад харилцааг өргөжүүлэх үндсэн зорилтыг тавьж ажиллахаар хэлтсийн хамт олны хурлаас шийдвэрлэсэн болно.