Мөрдөн шалгах хэлтсийн 2010 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

A- A A+
Мөрдөн шалгах хэлтсийн 2010 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
Тус хэлтэс нь хуулиар хүлээсэн эрх, үүрэг, байгууллагын зорилт, чиг үүрэг, 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор энэ оны эхний хагас жилд дараахь ажлыг хийж гүйцэтгээд байна.
 
Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

Мөрдөн шалгах хэлтсийн үйл ажиллагаа, чадавхийг сайжруулахад шаардлагатай техник хэрэгсэл, боловсон хүчний сургалтын талаар зохих судалгааг хийж, зарим техник хэрэгсэл, холбогдох сургалтыг авахаар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн 2010 оны төлөвлөгөөнд тусгуулсаны дагуу НҮБ-ийн Олон улсын зөвлөх баг тус хэлтсийн чадавхид үнэлгээ хийж, хэрэгцээг тодорхойлох ажлыг хийсэн байна. Дээрх зөвлөхүүдийн гаргах санал, дүгнэлтийг үндэслэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэмж тодорхойлон хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Хэлтсийн ажлыг жил, улирлаар төлөвлөн хэрэгжүүлж ажилласан байна. Хэлтсийн дарга өөрийн ажлыг долоо хоногоор төлөвлөн, дэд даргаар батлуулан хэрэгжүүлж ажилласан бол тасгийн дарга нарын ажлыг долоо хоног бүрээр төлөвлүүлэн баталж, биелэлтийг тооцох, тэдгээр нь хариуцсан тасгийн мөрдөн байцаагч нарын ажлыг өдөр тутам хянаж ирэв.

Мөн хугацаанд газрын удирдлагаас нийт 42 үүрэг, даалгавар өгөгдсөнөөс биелэгдээгүй үүрэг, даалгавар үгүй байна.

Мөрдөн шалгах ажлын үр дүнг хэлэлцэх, зөвлөх, шуурхай мэдээлэл солилцох зорилгоор хэлтсийн шуурхай зөвлөгөөнийг 7 хоногийн Даваа гариг бүр хийж хэвшсэн бөгөөд тайлангийн хугацаанд 25 удаагийн шуурхай зөвлөгөөнийг хийжээ. Уг шуурхайгаас мөрдөн байцаагч, ажилтнуудад 157 удаагийн үүрэг, даалгаврыг хэлтсийн удирдлагын зүгээс өгч, ажлын төлөвлөгөөнд нь тусгуулан хэрэгжилтийг хангуулах, биелэлтийг тусгай бүртгэлээр тооцох ажлыг зохион байгуулсан байх бөгөөд үүрэг, даалгавар биелээгүй тохиолдол гараагүй байна.

Мөрдөн байцаагч, ажилтнуудтай “Бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ”-г байгуулж, нийт мөрдөн байцаагч, ажилтнуудын ажлыг дүгнэсэн байна.

Мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар нийтэд мэдээ, мэдээлэл цацах, мөрдөн байцаагчийн мэдэгдэл, зөрчил арилгуулах талаар хэвлэлд гаргах мэдээлэл зэрэгт анхаарч УССГХ, хэвлэлийн төлөөлөгч нартай хамтран нийт 7 хэвлэлийн мэдээ, мэдээлэл бэлтгүүлж, тухай бүр олны хүртээл болгосон байна.

Мөрдөн шалгаж шүүхээр шийдвэрлүүлсэн эрүүгийн хэргийн “Шийтгэх тогтоолын эмхтгэл”-ийн 2 дугаар цувралыг Азийн сангийн санхүүжилтээр 1000 хувь хэвлүүлэн гаргаж мөн олны хүртээл болгосон бөгөөд 3 дахь хэвлэлтийн эхийг бэлтгэж байна.

Түүнчлэн эхлэн зарим мөрдөн байцаагч нарт хариуцуулсан байсан нэмэлт үүргүүдийг хоёрдугаар улирлаас эхлэн тасгийн дарга нарт хариуцуулсан бөгөөд мөрдөн шалгаж шүүхээр шийдвэрлэсэн хэргийн судалгаа, нэмэлт мөрдөн байцаалтад буцсан, хэрэгсэхгүй болгосон хэргүүдийн судалгаа, мөрдөн байцаагчийн мэдэгдлийн судалгаа, албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан байдал зэрэгт зохих дүгнэлт хийж ажиллав.

Газрын удирдлагаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдэд хэлтсийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны үр дүнгийн талаар болон учирч буй хүндрэл, бэрхшээлийн талаар мэдээлэл, танилцуулга хийсэн байна.

Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт албан тушаалын эсрэг гэмт хэргийн талаар сургалт явуулсан бөгөөд цаашид энэ чиглэлийн сургалтуудыг явуулахад ашиглах гарын авлага, сургалтын материалыг бэлтгэн ажиллаж байна.
 
Хоёр. Үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн талаар

Авлигатай тэмцэх газрын бодлогыг хэрэгжүүлэхээр 2010 оны 1,2 дугаар улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийт 54 ажлыг дангаар болон бусад хэлтэс, албадтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс шүүх, прокурорын төв, орон нутгийн байгууллагуудын удирдах ажилтнуудыг оролцуулсан сургалт, семинар хийх ажлаас бусад ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал:

НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр “Мөрдөн байцаагчийн гарын авлага”-ыг боловсруулж, гарын авлагын талаар НҮБ-ийн Олон улсын зөвлөхийн саналыг авсанбөгөөд хэвлэлтэд шилжүүлэхээр төслийн нэгжид хүргүүлсэн байна. /Гарын авлагыг гаргах ажил удааширсан шалтгаан нь Олон улсын зөвлөхийн санал, зөвлөмжийг хүлээсэнтэй холбоотой болно/

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газартай байцаан шийтгэх ажиллагааны асуудлаар хамтран ажиллах журмын төслийг боловсруулж, газрын удирдлагаар хянуулан ЦЕГ-т хүргүүлээд байна. Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах талаар, харилцан мэдээлэл солилцож байх боломжтой талаар урьдчилан ярьж тохирсоны дагуу тухайн газраас мэргэжилтэн урьж, танилцуулга хийсэн. Цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх ажлыг хэлэлцэж байна.

Хэлтсийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх заавар, журмуудыг нягтлан үзэж, зарим нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах саналыг боловсруулж байна.

Албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор Тамгын хэлтэстэй хамтран Нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэрт нийт 42 албан хаагчид зуслангийн газар олгуулах шийдвэр гаргуулж, газрын гэрчилгээ, гэрээг олгосон байна. Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бусад албан хаагч нарт зуслангийн газар олгуулахаар зохих журмын дагуу хандаад байна. Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын албан хаагчдын орон сууцыг барих зорилгоор хэлтсийн хэмжээнд ажлын хэсэг гарган ажиллуулж, нийслэлийн газрын албанд хүсэлт гаргасны үндсэн дээр ХУД-ийн нутаг дэвсгэрт орон сууц барих газрын зөвшөөрөл, гэрчилгээг гаргуулан аваад дараа дараагийн ажлуудыг үргэлжлүүлж байна.

Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасанчлан хуульчийн гэрчилгээтэй албан хаагчдын кредит цуглуулах давтан сургалтад мөрдөн байцаагч нарыг хамруулах талаар Хууль зүйн үндэсний төвтэй тохиролцоонд хүрсэний дагуу Азийн хөгжлийн банктай хамтран “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны талаар” 4 кредит бүхий сургалтыг зохион байгуулж хамрагдав. Азийн сангийн дэмжлэгээр “Санхүүгийн хяналт шалгалт”, “Банкны санхүүгийн үйл ажиллагаа”-ны талаар сургалтыг зохион байгуулав.

Байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой журам, заавруудад зохих саналыг өгч ирсэн бөгөөд цаашид төлөвлөгөөний дээрхи заалтыг байнга анхаарч, тухай бүр хэрэгжүүлэн ажиллах болно.
 
Гурав. Мөрдөн шалгах ажлын талаар

Гомдол, мэдээлэл хүлээн авах төв нь нийт 449 гомдол, мэдээлэл хүлээн авснаас “Гомдол, мэдээллийн нэгдсэн бүртгэл”-д гэмт хэргийн шинжтэй 242 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь 2009 оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар буурсан байна. Харин Авлигатай тэмцэх газарт хүлээн авсан нийт гомдол, мэдээлэл нэгдүгээр улирлаас 22.9 хувиар, үүнээс гэмт хэргийн шижтэй гомдол, мэдээлэл 23.9 хувиар нэмэгдсэн нь Авлигатай тэмцэх газрын даргын өгсөн үүрэг хэрэгжсэн гэж үзэхээр байна.

Гомдол, мэдээллийн урсгал ийнхүү хэлбэлзэж байгаа нь 1969 утасны сурталчилгааг мэдээллийн хэрэгслээр явуулах, харьяаллын бус гомдол, мэдээллийг хүлээн авахгүй гомдол, мэдээлэл гаргачид зөвлөгөө өгч явуулж байгаатай шууд холбоотой гэж дүгнэхээр байна.

Гомдол, мэдээллийг холбогдох байгууллага, салбараар авч үзвэл нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 51 /36 нь Засаг даргын үйл ажиллагаанд,15 нь Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаанд/, салбар яамны үйл ажиллагаанд хамаарах 4, Улсын Их хурлын гишүүний үйл ажиллагаанд хамаарах 2, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 69 /15 нь цагдаа, 10 нь шүүх, 17 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, 1 нь тагнуул, 1 нь онцгой байдал, 13 нь мэргэжлийн хяналт, 8 нь татвар, 4 нь гааль/, боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарт хамаарах 31 /12 нь боловсрол, 13 нь эмнэлэг, 1 нь хөдөлмөр халамж үйлчилгээ, 5 нь улсын бүртгэл/, газар, ашигт малтмалын салбарт хамаарах 14 /6 нь газар, 8 нь ашигт малтмал кадастр/, төрийн болон орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд хамаарах 6, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хамаарах /хувийн хэвшил/ 17, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 10, бусад 38-ийг тус тус эзэлжээ.

Үүнээс бичгээр 170, утсаар 85, шуудангаар 101, интернетээр 13, биечлэн 75, факсаар 5 гомдол, мэдээлэл ирсэн байна. Мөн төвийн ажилтнууд 131 иргэнтэй биечлэн уулзаж, 196 хүнтэй утсаар холбогдож хууль зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.

Монгол Улсын хилээр нэвтрэх тохиолдолд саатуулахаар эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж буй 89 этгээдийг давхардсан тоогоор бүртгэж, одоогоор нийт 70 иргэнийг саатуулахаар Хил хамгаалах ерөнхий газарт хүсэлт болгосон бөгөөд хагас жилийн хэмжээнд саатуулсан этгээд 3 байна.

Тайлангийн хугацаанд 259 /өмнөх оны үлдэгдэл 17/ гомдол, мэдээллийг хянан үзсэн байх бөгөөд шийдвэрлэлтийн байдлыг авч үзвэл 30 гомдол, мэдээлэлд буюу 12 хувьд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үед хянан үзсэн гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн байдалтай харьцуулахад 1 хувиар өссөн, 112 гомдол, мэдээлэлд буюу 43.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 хувиар буурсан зэрэг эерэг үр дүнгүүд гарсан байна. Харин 94 гомдол, мэдээллийг буюу 36 хувийг харьяаллын дагуу шилжүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.1 хувиар нэмэгджээ. Мөн хугацаанд 2 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт хамтруулан шалгасан нь бусад хууль хяналтын байгууллагууд тус газраас гомдол, мэдээллийг шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор өөрсдийн шалгаж байсан материалыг шилжүүлж ирүүлсэнтэй холбоотой байна.

Гомдол, мэдээллийг хянан үзэх хугацаа хэтрүүлэх явдал өнгөрсөн оны мөн үеийнхээс 85 хувиар буурсан буюу 2 тохиолдол гарчээ.

Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн гомдол, мэдээллийн урсгал, тэдгээрийг хянан үзсэн байдлыг нэгдүгээр улирлын тоон үзүүлэлттэй харьцуулбал нийт хянан үзсэн гомдол, мэдээлэл 53-р буюу 50 хувиар, хянан үзэж эрүүгийн хэрэг үүсгэсэн гомдол, мэдээллийн тоо 4-р буюу 13.3 хувиар тус тус өсч, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гарагсан материалд прокурор эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдол 1 гарсан нь 25 хувийн эерэг үзүүлэлт гэж харагдаж байна.

Тайлант хугацааны эцэст 21 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй байна.

Тус хэлтэс нь 2010 оны хагас жилд хуульд заасан харьяаллын 102 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь 2009 оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар бага байна.

Эдгээрийн 32 нь өмнөх оны үлдэгдэл байх бөгөөд тайлангийн хугацаанд 31 /эрүүгийн хэргээс тусгаарлаж үүсгэсэн 1/ хэрэгт тус хэлтсийн мөрдөн байцаагч нар эрүүгийн хэрэг үүсгэж, 18 хэргийг харьяаллын дагуу хүлээн авчээ. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 6 материалд прокуророос эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Мөрдөн байцаалт явуулсан нийт хэрэг, үйлдлийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилвал төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 40 буюу 25.0 хувь, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 5 буюу 3.0 хувь, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 4 буюу 2.0 хувь, хээл хахууль авах 22 буюу 14.0 хувь, хээл хахууль өгөх 19 буюу 12.0 хувь, хээл хахууль зуучлах 3 буюу 2.0 хувь, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 9 буюу 5.0 хувь, бусад 60 буюу 37.0 хувийг эзэлж байна.

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 24 хэргийг буюу нийт шалгасан хэргийн 24 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар буурсан байгаа нь шалгасан хэргийн тоо бага байгаагаас хамааралтай хэдий ч дүгнэлт хийх шаардлагатай байна. 21 хэргийг буюу 21 хувийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар шилжүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.4 хувиар өссөн байгааг Өршөөл үзүүлэх тухай хууль гарч, хэрэгжсэнтэй шууд холбож үзэхээс өөр аргагүй байна. 17 хэргийг буюу 17 хувийг харьяаллын дагуу шилжүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар буурсан нь эрүүгийн хэргийн зүйлчлэл, харьяаллын талаар маргаан гарах явдал багасч байгааг илэрхийлэхийн зэрэгцээ мөрдөн байцаагч нарын үйл ажиллагаатай холбоотой эерэг үр дүн болжээ. 6 хэргийг буюу 6 хувийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэсэн байна.

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн хэргийн 17 хувь нь ил, 83 хувь нь далд аргаар үйлдэгдсэн байна. Эдгээр хэрэгт нийт 61 хүн сэжигтэн яллагдагчаар татагдсан бөгөөд холбогдогчдыг албан тушаалын байдлаар авч үзвэл төрийн улс төрийн 1 буюу 2 хувийг, төрийн захиргааны 9 буюу 14 хувийг, төрийн тусгай 12 буюу 20 хувийг, төрийн үйлчилгээний 8 буюу 13 хувийг, энгийн буюу аж ахуйн нэгж байгууллагын албан тушаалтан 29 буюу 48 хувийг, гадаадын иргэн 2 буюу 3 хувийг тус тус эзэлж байна.

Хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт шилжүүлсэн эрүүгийн 21 хэргийн 7-г нь тус хэлтсийн мөрдөн байцаагч нар эрүүгийн хэрэг үүсгэж, ЭБШХ-ийн 24.1.1-т зааснаар 1 хэрэг, 24.1.2-т зааснаар 2 хэрэг, 208.1.2-т зааснаар 1 хэрэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-т зааснаар 3 хэрэг тус тус шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн гомдол, мэдээлэлд прокурорын байгууллагаас дугаар олгож шилжүүлсэн 6 эрүүгийн хэргийн 4 хэрэг ЭБШХ-ийн 24.1.1-т зааснаар, 1 хэрэг 24.1.2-т зааснаар, 1 хэрэг 208.1.2-т зааснаар, харьяаллаар шилжиж ирсэн 8 эрүүгийн хэргийн 2 хэрэг ЭБШХ-ийн 24.1.1-т зааснаар, 2 хэрэг 24.1.2-т зааснаар, 3 хэрэг 208.1.2-т зааснаар, 1 хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-т заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгох саналтай шилжсэн байна.

Мөн 5 эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн байх бөгөөд түдгэлзүүлсэн үндэслэлээр нь авч үзвэл 205.1.1 /яллагдагчаар татвал зохих этгээд тогтоогдоогүй/-ээр 2 хэргийг, 205.1.4 /зайлшгүй шаардлагатай гэрч, хохирогч байхгүй/ 2 хэргийг, 205.1.7 /өөр хэргийг шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй /-оор 1 хэргийг тус тус түдгэлзүүлжээ.

Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн эрүүгийн хэргүүд нь хугацааны хувьд 1 хэрэг нь 8 дугаар хугацаанд, 2 хэрэг 10 дугаар хугацаанаас дээш хугацаанд, 2 хэрэг 20 дугаар хугацаанаас дээш хугацаанд тус тус ажиллагаа хийгдсэн байна.

Тайлант хугацааны эцэст ажиллагаанд 29 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.

Эрүүгийн хэрэгт нийт 261 хүн сэжигтэн, яллагдагчаар татагдсан байх бөгөөд холбогдогчдыг албан тушаалын байдлаар авч үзвэл төрийн улс төрийн 12 буюу 4 хувийг, төрийн захиргааны 62 буюу 24 хувийг, төрийн тусгай 44 буюу 17 хувийг, төрийн үйлчилгээний 40 буюу 15 хувийг, энгийн буюу аж ахуйн нэгж байгууллагын албан тушаалтан 99 буюу 37 хувийг, гадаадын иргэн 7 буюу 3хувийг тус тус эзэлж байна.

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 29 шүүгдэгчид холбогдох 9 хэрэг шүүхээр шийдвэрлэгдэн 9 хэргийн 29 шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэж, 4 хэргийн 6 шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2009 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай“ хуулиар ялаас өршөөн хэтрүүлж, 1 хэргийн 1 шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ял оногдуулж, оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, 1 хэргийн 3 шүүгдэгчийг Татварын өршөөлийн тухай хуульд хамруулж шийдвэрлэсэн байна.

Энэ хугацаанд мөрдөн шалгасан нийт эрүүгийн хэрэгт 22 726 076 732 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд 290 795 488 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын явцад барагдуулж, 4 285 080 574 төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн ажиллажээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөн байцаагчийн 12 мэдэгдэл бичсэнээс хугацаандаа хариу авсан 10, хугацаа болоогүй 2 байна.

Мөрдөн байцаагчийн бичсэн мэдэгдлийг салбараар нь авч үзвэл Монгол Улсын Засгийн газрын гишүүнд 2, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад 4, эрүүл мэндийн салбарт 2, цагдаагийн байгууллагад 1, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2, батлан хамгаалах салбарт 1-ийг тус тус бичсэн байна.

Тайлангийн хугацаанд тус хэлтсийн мөрдөн байцаагч нар давхардсан байдлаар 45 удаа гомдол, мэдээлэл шалгах болон эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар 21 аймагт томилолтоор ажиллажээ.
 
Дөрөв. Бусад ажлын талаар

Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы санаачилсан “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүд, УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн санаачилсан “Казиногийн тухай” хулийн төсөл, Монгол Банкны Санхүүгийн мэдээллийн албанаас санаачилсан “Банкнаас хууль, хяналтын байгууллагад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл өгөх журам”-ын төсөл зэрэг, ХЗДХЯ-наас ирүүлсэн “Цаазаар авах ялыг халах тухай” олон улсын эрх зүйн баримт бичгийг Монгол Улс хүлээн зөвшөөрөх эсэх талаар зохих саналуудыг боловсруулж хүргүүлсэн байна. Бусад хэлтэс, албадаас ирүүлсэн баримт бичгүүдэд мөн зохих саналуудыг өгчээ.

БНХАУ-ын Ардын Дээд прокурорын газрын хүсэлт, даалгаврын дагуу анх удаа зарим байцаан шийтгэх ажиллагааг гүйцэтгэж Улсын Ерөнхий прокурорын газраар дамжуулан хүргүүлэх, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд ОУ-ын зөвлөх багийг хүлээн авч ажиллах зэрэг ажлуудыг хариуцан амжуулсан байна.
 
Тав. Дүгнэлт, санал

Тайлангийн хугацаанд тус хэлтэс нь Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хууль тогтоомж, эрх зүйн актын хүрээнд хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, төлөвлөсөн ажлаа тодорхой түвшинд биелүүлэн ажилласан гэж үзэж байна.

Мөрдөн байцаагч нарыг нэмэлт үүргээс чөлөөлж, үндсэн чиг үүргийн ажлыг дагнан хэрэгжүүлэх боломж олгосон нь ажлын эерэг үр дүнгүүд гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байгаа хэдий ч цаашид улам эрчимтэй ажиллаж, илүү үр дүнд хүрэхийн тулд хэрэг нэг бүрт тавих хяналтыг сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг тухай бүр олон нийтэд мэдээлэж байхад анхаарч ажиллах шаардлагатай байна.