Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 12 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 12 дугаар шийтгэх тогтоол
Эрүүгийн хэргийн төрөл, зүйл хэсэг: 265.2-ТББ, ААН-н албан тушаалтан эрх мэдлээ урвуулах

ШИЙТГЭХ ТОГТООЛ

2008 оны 01 дүгээр                                              Дугаар 12                                       Орхон аймаг
сарын 11-ний өдөр

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж
Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг,
Улсын яллагч Ж.Бямбажав,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, О.Сарантуул,
Шүүгдэгч Ж, У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар.

Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж, У нарт холбогдох 20725136 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, …онд Улаанбаатар хотод төрсөн, … настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үед “Э” үйлдвэрийн Татварын товчооны дарга ажилтай байсан, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл …, нөхөр, … хүүхдийн хамт амьдрах, … аймаг … сум … баг ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ж .
2. Монгол улсын иргэн, … онд Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үед “Э” үйлдвэрийн ерөнхий захиргаанд нягтлан бодогч ажилтай байсан, одоо “Э” үйлдвэрийн Материал хангамжийн баазад нягтлан бодогч ажилтай, ам бүл …, эхнэр, …хүүхдийн хамт амьдрах, … аймаг … сум, … баг …тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, У

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж, У нар нь “Э” үйлдвэрийн ерөнхий захиргаанд нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Нийгмийн дэмжлэгийн сангаас мөнгө авах өргөдөл дээрх үнийн дүнг засч 13.317.840 төгрөг ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
1. Шүүгдэгч Ж мэдүүлэхдээ: 2006 онд наймаа хийх зорилгоор хүнээс мөнгө зээлчихсэн байсан юм. Тэр мөнгө нэхэгдээд байхаар нь өөрийнхөө хийж буй ажлыг ашиглаад мөнгө авчихсан юм. Ингэхдээ нийгмийн дэмжлэгийн сангаас Г-г 750.000 төгрөг авах гэхэд нь 1.000.000 төгрөг нэмээд бичсэн байгаад аваад өгөөрэй гэж хэлээд 1.000.000 төгрөг авсан. Ү-г80.000 төгрөг авахад нь 800.000 төгрөг нэмж бичээд авсан. Авч байсан баримтыг ашиглаад дараах хүмүүсийн нэр дээр тухайлбал О 500.000 төгрөг, Г 350.000 төгрөг, Н 762.840 төгрөг, Ж 1.000.000 төгрөг, Б 500.000 төгрөг, Д 900.000 төгрөг, Х 1.765,000, Б 400.000 төгрөг, М 3.000.000 төгрөг, Т 1.000.000 төгрөг, Д 840.000 төгрөг тус тус авсан. Миний өөрийн дангаар үйлдсэн нь 11 удаагийнх нь 11.317.840 төгрөг, У хамт 2 удаагийнх нийлээд нийт 13.317.840 төгрөгийн хохирол учруулсан. Өвчтэй байх үедээ У гуйгаад Н-н нэр дээр 1.000.000 төгрөг гаргуулж үүний 500.000 төгрөгийг У-д өгсөн. У-ийн эхнэр Ц-ийн нэр дээр баримт бүрдүүлэлгүй, дараа нь нөхөөд хийчихье гээд 3.000.000 сая төгрөг гаргасан. Үүнийхээ 1.500.000 төгрөгийг авсан. Өмнө нь У бид хоёр төмрийн наймаа хамтарч хийгээд би түүнээс авлагатай байсан юм, түүндээ авсан. Анх 2006 оны 4 дүгээр сараас эхлээд ийм зүйл хийсэн ба хамгийн сүүлчийнх нь 2007 оны 1 дүгээр сарын үйлдэл байгаа. Намайг хянах ёстой нягтлан нар намайг гарын үсэг зуруулах гээд орохоор надад итгэдэг учраас гарын үсэг зурдаг байсан. Нийгмийн дэмжлэгийн сангийн гишүүн бус хүмүүст зээл олгосныг шалгасан бол илэрнэ л дээ. 2004,2005 онуудын санхүүгийн баримтад шалгалт хийж байсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзаад хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.
2. Шүүгдэгч У мэдүүлэхдээ: 2006 онд би өөрийн байрыг …банкны зээлийн барьцаанд тавьсан байсан юм. Банкнаас зээлээ төлөхийг шаардаад байраа хураалгах гээд хэцүү байсан юм. Тэгээд би Ж-г гуйгаад эхнэр Ц-н нэр дээр баримт бичиг бүрдүүлэлгүйгээр 3 сая төгрөгийг гаргуулсан. Үүнийхээ 1.500.000 төгрөгийг Ж-д өмнө нь өртэй байсан болохоор түүндээ өгсөн. Т-н нэр дээр 1.000.000 төгрөг бичээд өгөөч гэж Ж гуйхаар нь түүнийг бичиж өгөөд 500.000 төгрөгийг авсан. Би нийгэм соёлын ажил хариуцсан нягтлан бодогч, Ж-тэй нэг өрөөнд суудаг. Хэн нэг нь эзгүй чөлөөтэй байх үед дээд албан тушаалтнуудаас амаар өгсөн үүргийн дагуу ажил үүрэг гүйцэтгэж байсан. Хуурамч бичиг баримт бүрдүүлээд Нийгмийн дэмжлэгийн сангаас мөнгө авдаг гэдгийг мэдэхгүй л дээ. Өөр хийсэн хэрэг байхгүй, хөнгөн ял шийтгэж өгнө үү, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Ж, У нар нь “Э” үйлдвэрийн ерөнхий захиргааны нягтлан бодох хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Нийгмийн дэмжлэгийн сангаас мөнгө авах өргөдөл дээрхи үнийн дүнг засах, хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэргээр ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж шүүгдэгч Ж нь дангаар 11 удаагийн үйлдлээр, У-тай бүлэглэн 2 удаагийн бүгд 13 удаагийн үйлдлээр, шүүгдэгч У нь Ж-тэй бүлэглэн 2 удаагийн үйлдлээр нийт 13.317.840 төгрөг ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн.
Хохирогч Б мөрдөн байцаалтад 2007-12-04-ний өдөр өгсөн: Манай байгууллагад нийт 13.317.840 төгрөгийн хохирол учирсан үүнээс өнөөдрийн байдлаар “Нийгмийн дэмжлэгийн сан”-ийн нябо С-ийн гаргасан тодорхойлолтоор 11.117.840 төгрөгийг кассаар дамжуулж тушаасан байна.
… Одоо үлдэгдэл 2.2 сая төгрөгийг төлж байгууллагыг хохиролгүй болговол Ж, У нарт гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй… гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 292/,
Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлагааны 2007-06-08-ны өдрийн 02 тоот дүгнэлт /ХХ-ийн 140-142/
Гэрч Ц, Г, Т, О, Б, Ү, Э нарын мэдүүлэг,
“Э” үйлдвэрийн 2007-03-13-ны өдрийн 04/33 тоот тодорхойлолт /ХХ-ийн 288/
2007-12-04-ний өдрийн 12 тоот хохирол барагдуулсан Ж-тай холбоотой 11.117. 840 төгрөг төлбөр хийгдсэн тухай зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх хэрэгт ач холбогдолтой, үнэн зөвд тооцлоо.
Шүүгдэгч Ж, У нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, тэднийг ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нарт оногдуулах ялыг тэдний үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ, оролцсон оролцоо зэргийг харгалзан ялгамжтай оноох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж, У нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Ж, У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулж тэдний урьд нь ял шийтгүүлж байгаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж, У нарыг ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дах хэсэгт зааснаар
шүүгдэгч Ж нягтлан бодогч хийх эрхийг 1 жил 6 сарын /нэг жил зургаан сарын/ хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих,
шүүгдэгч У нягтлан бодогч хийх эрхийг хасахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар ялтан Ж-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, ялтан У-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Ж цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ялтан У цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ялтан Ж, У нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэхь хэсэгт зааснаар ялтан Ж-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар,
ялтан У-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж, У нарт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ