Баянзүрх дүүргийн шүүхийн 170 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Баянзүрх дүүргийн шүүхийн 170 дугаар шийтгэх тогтоол
Эрүүгийн хэргийн төрөл, зүйл хэсэг: 268.1-Хээл хахууль авах

ШИЙТГЭХ ТОГТООЛ

2008 оны 4 дүгээр                                        Дугаар 170                                       Улаанбаатар хот
сарын 02-ны өдөр

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга Д.Оюунчимэг
улсын яллагч Г.Гэрэлтуяа
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтөр
гэрч Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 20847012 тоот хэргийг 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч
ОЛСОН НЬ:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн … онд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ … дүүрэг дэх Замын Цагдаагийн зохицуулагч цагдаагаар ажиллаж байсан, ам бүл … эхнэр, хүүхдийн хамт …дүүргийн … хороо … тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Л нь
2007 оны 12 дугаар сарын 22-нд … дүүрэг дэх Замын Цагдаагийн зохицуулагч цагдаагаар ажиллаж байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явсан Б-г саатуулан шалгаж, зөрчил илрүүлэн, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч Цагдаагийн байгууллагын тухай хууль болон ажлын байрны тодорхойлолтонд заасан албан үүргээ хэрэгжүүлээгүй, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ төлөө Б-с урьдчилан амлалгүй 35000 төгрөгний хээл хахууль авах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Л нь 2007 оны 12-р сарын 22-ны орой Замын Цагдаагийн газрын …дүүрэг дэх ЗЦТ-н зохицуулагч цагдаагаар ажиллаж ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тус дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б-ийг саатуулан шалгаж зөрчил илрүүлэн жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч, улмаар түүний ашиг сонирхолынх нь үүднээс Цагдаагийн Байгууллагын Тухай Хууль, Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хууль болон ажлын байрны тодорхойлолтонд заагдсан албан үүргийг хэрэгжүүлээгүй буюу албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг / тухайлбал зөрчлийн талаарх тэмдэглэл үйлдээгүй, бичиг баримтыг нь буцаан олгосон/ хийснийхээ төлөө Б-с 35.000 төгрөгийн хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн.
Шүүгдэгч Л: 2007 оны 12 сарын 22-нд … зочид буудал дээр хамгаалалтанд гарч байтал орой 16 цагийн үед … УБК дугаарын машин урсгал сөрөөд орж ирсэн. Би тээврийн хэрэгслийг зогсоож жолоочийг шалгахад архи үнэртэж байсан. Зорчигчийг нь буулгаад постон дээр очиж согтуурлын хэмжээг шалгах гээд … пост руу машиныг жолоодоод явсан. Хамгаалалттай байсан болохоор бичиг баримтыг нь өгч чадаагүй. Эргүүлийн цагдаад өгөх гээд иртэл Б надтай уулзаад надаас гуйгаад амьдрал ахуйгаа яриад байхаар нь бичиг баримтыг нь буцаагаад өгсөн. Жолооч танд ёстой их баярлалаа гээд 35000 төгрөг өгсөн. Би эргүүлээд түүнд 2000-3000 төгрөгийг нь буцааж өгсөн. Тэр маш их баярлалаа гээд явсан гэх мэдүүлэг.
Б-н: 2007 оны 12 сарын 22-нд … зочид буудлын тэнд Мицубуши …УБК өөрийн эзэмшлийн машинтай … орох гээд хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан. Би урсгал сөрөөд орчихсон. Бас жаахан архи үнэртүүлсэн байсан. Гэнэт цагдаа зогсоогоод та согтуу байна постон дээр очиж шалгана гээд машиныг Л бариад явсан. Журмын хашаанд хийнэ гэж байсан. Цагдаагийн постон дээр очоод бичиг баримттай хүн авчирч машинаа аваарай гээд бичиг баримтыг маань аваад явсан. Надад бичиг баримтыг өгчихөөч гээд би өөрөө гуйсан. Хахууль ч гэж бодоогүй байсан. 35000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг.
Хх-н 5-6-р талд гэрч М-н: 2007 оны 12 сарын 22-ны өдөр эргүүлийн офицерийн үүргийг би гүйцэтгэж байсан. Бид … зочид буудлын урд хамгаалалтанд гарсан. Л тээврийн хэрэгсэл зогсоож шалгах эрхтэй бөгөөд надад согтуу жолооч журмалсан тухайгаа мэдэгдээгүй. Уг нь бол жолооч журмалсан тухайгаа ЗЦГ-т шууд аваачиж материалжуулаад мэдээнд оруулах ёстой гэх мэдүүлэг зэрэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Л-г хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн 268-р зүйлийн 268.1-д заасан эрх хасах нэмэгдэл ял хэрэглэж хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүх тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтуудыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Л нь хх-н 15-р талд авагдсан 1995 оны 7-р сарын 29-ний өдрийн Цагдаагийн Ерөнхий Газрын Замын Цагдаагийн Газрын Даргын б/ 154 тоот тушаалаар хот хоорондын эргүүлийн цагдаагаар томилогдон ажиллаж байгаад хх-н 92-р талд авагдсан Цагдаагийн Ерөнхий Газрын харъяа Замын Цагдаагийн Газрын 2008 оны 3-р сарын 17-ны өдрийн 11/2-597 тоот тодорхойлолтоор 1998 оны 9-р сарын 7-ны өдрөөс …дүүргийн Замын Цагдаагийн Тасагт цагдаа зохицуулагчаар томилогдон ажиллаж байсан нь тогтоогдож байна.
Л нь 2007 оны 12 сарын 22-ны өдөр … дүүргийн нутаг … зочид буудлын орчимд зохицуулагч цагдаагаар ажиллан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Б нь өөрийн эзэмшлийн Тоёото галант маркын … УБК дугаарын автомашин … зочид буудлын хажуу талын замаар хойноосоо урагшаа чиглэлд явж байхдаа замын урсгалын чиг зөрчиж эргэх хөдөлгөөн хийсэн зөрчил гаргасан гэж зогсоож шалгахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж үзээд драйгер үлээлгэн автомашиныг нь жолоодон Замын Цагдаагийн постон дээр очиж бичиг баримтыг хураан авч … цагдаагийн хэлтэс дээр очоорой гэж хэлээд явсан байна. Шөнө 22-23 цагийн орчимд нь тус хэсэг дээр ирэхэд нь гадаа нь Б зогсож байгаад өрөөнд нь дагаж орж 2 оюутан хүүхэдтэйгээ байдаг, ажилд ороод удаагүй байгаа учраас бичиг баримтыг минь буцаагаад өгчихгүй юу гэж хэлээд 37.000 төгрөг өгөхөд нь 2000 төгрөгийг нь таксидаад харь гэж хэлээд эргүүлж өгөөд үлдсэнийг авч Б-ийн бичиг баримтыг өгсөн нөхцөл байдал нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Л-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг илрүүлсэн үед согтуурлын зэргийг багажаар тогтоож, тэр тухайгаа тэмдэглэл хөтлөж жолоочоор гарын үсэг зуруулан эрүүлжүүлэх шаардлагагүй бол бичиг баримтыг нь хураан материалжуулаад нэгдсэн мэдээнд оруулж ажлаасаа буухдаа эргүүлийнхээ офицерт мэдэгдэх албан үүргийг хэрэгжүүлээгүй, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн нь тогтоогдсон гэж үзэв.
Л-н хээл хахуульд авсан 35.000 /гучин таван мянган/ төгрөгийг Эрүүгийн хуулийн 49-р зүйлд заасны дагуу улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Б нь Л-д хээл хахууль өгсөн нь тогтоогдсон боловч хх-н 104-р талд 2008 оны 3-р сарын 17-ны өдрийн 44 тоот прокурорын тогтоолоор Б нь 2007 оны 12-р сарын 25-ны өдөр хээл хахууль өгсөн талаараа Авлигатай тэмцэх газарт сайн дураараа илчилж ирсэн учир Эрүүгийн хуулийн 12-р зүйлийн 12.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалтыг дагуу хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
1. Л-г хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 268-р зүйлийн 268.1-д зааснаар Л-н зохицуулагч цагдаагаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Л.Батцэрэнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн 49-р зүйлийн 49.2-д зааснаар Л-н хээл хахуульд авсан 35.000 /гучин таван/ төгрөгийг улсын орлогод оруулсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд ялтан Л-н хорих ял биечлэн эдлэх хугацааг 2008 оны 4-р сарын 02-ны өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.
7. Давж заалдах, гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсанаас хойш Нийслэлийн шүүхэд 14 хоногын дотор давж заалдах, гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй дурьдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Л-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН