Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 147 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 147 дугаар шийтгэх тогтоол
Эрүүгийн хэргийн төрөл, зүйл хэсэг: 268.2-Хээл хахууль авах

ШИЙТГЭХ ТОГТООЛ

2008 оны 4 дүгээр                                            Дугаар 147                                          Улаанбаатар
сарын 18-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Ням-очир
Улсын яллагч: Г.Гэрэлтуяа
Шүүгдэгч: Н, С.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Л.Азжаргал, Ж.Тэгшмандал, Н.Энхтуяа, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар, С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2, 32.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 20606313 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, …онд … аймгийн суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч, халдвар судлаач их эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Улсын мэргэжлийн хяналтын газрын … аймгийн … боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд эрүүл ахуй халдвар судлалын улсын байцаагчаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл …, эхнэр хүүхдийн хамт … сумын … дугаар багийн … дугаар хэсэгт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Н.
Монгол Улсын иргэн, … онд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ … аймгийн … боомт дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан, одоо “ Х” олон улсын нисэх буудалд гаалийн улсын байцаагчаар ажил хийж байгаа, ам бүл …, эхнэр хүүхдүүдийн хамт одоо … дүүргийн ...дугаар хороо, … дүгээр байрны … тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх С.
Н, С нар нь бүлэглэн, Н нь Улсын мэргэжлийн хяналтын газрын … аймгийн … боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд эрүүл ахуй халдвар судлалын улсын байцаагчаар, С нь … боомт дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж, ажил үүргээ тус тус гүйцэтгэж байхдаа 2006 оны 01 дүгээр сарын 15 ны өдөр албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу хязгаарласан эд зүйл // ямаа, үхэр, чоно, зээрийн мах, зэсийн баяжмал-ийг МУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр урьдчилан амлаж, яллагдагч Н нь Ж-ийн зуучлан танилцуулсан, БНХАУ-ын иргэн Бу гэгчээс БНХАУ-ын мөнгөн дэвсгэртээр 6000 /зургаан мянган/ юань буюу Монгол төгрөгөөр 909600 /есөн зуун есөн мянга зургаан зуу/ төгрөгийн хээл хахууль авсан,
С нь Н-ийн авсан хээл хахуулийн мөнгөнөөс 300000 /гурван зуун мянган/ төгрөгийг авахаар тохиролцож, хээл хахууль авахаар завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н мэдүүлэхдээ: 2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гадаадын харъяатын Ж хэдэн ямааны мах байна гаргаад өгөөч гэхээр нь С-д хэлж ийм юм байна гээд гуйгаад гаргаад өгсөн чинь, нөгөө машин дотор нь ямааны махнаас өөр чоно, зээр, молибден гээд олон юм байж байгаад хил дээр баригдаад маргааш нь намайг 13 цагийн үед дуудаад 72 цаг хорино гээд надаас байцаалт авсан. Надад Ж тухайн үедээ хятадуудын жоохон мах байгаа гэж хэлж байсан. Тухайн үед цагаан сар болох гэж байсан болохоор хүнсэндээ хэрэглэх гэж байгаа мах юм байхдаа гэж бодоод зөвшөөрсөн. Намайг өөр юм байгаа юм биш биз дээ гэсэн чинь үгүй, хэдхэн мах байгаа гэж хэлж байсан. Нэг доор ажилладаг хүн гуйж байхад нь итгээд машиныг нь онгойлгож үзээгүй. Тэр өдөр өгсөн эхний байцаалтдаа бол би бүх болсон зүйлээ үнэнээр нь ярьсан. Тэгээд 3 хоногийн дараа намайг дуудаад “Чи хэргээ хүлээ танай хүмүүс чинь чамайг 8000 юань авсан гэж хэлж байна, чи тэр мөнгөө гаргаж ир тэгэхгүй бол чамайг одоо сэжигтнээр 14 хоног саатуулах гэж байна” гэж хэлсэн. Би 3 хоног саатуулагдах үедээ ходоодны шархлаатай болохоор юу ч идэж чадаагүй миний бие маш их өвдөж байсан. Тийм болохоор би тэр үед хүн алсан гэсэн ч хүлээн зөвшөөрөхөөр байдалд орсон байсан. Тийм болохоор би цагаан сараар хэрэглэх гэж байсан 6000 юань байсныг гаргаж өгсөн. Тэгээд надаас бүх зүйлээ ярихгүй бол хорино гээд айлгаад, дарамтлаад байсан болохоор би айгаад тийм мэдүүлэг өгсөн. Би цаашаа үргэлжлүүлж хоригдохоос маш их айж байсан. Миний хамгийн эхэнд өгсөн мэдүүлэг үнэн зөв, надад хүнээс мөнгө төгрөг авсан асуудал байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С мэдүүлэхдээ: 2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хилийн гарах талд ажлаа хийж шалгаж байсан, тэр өдөр ачаалал нэг ихсээд нэг багасаад энгийн нэг өдөр байсан. Машинууд өдөр нь гараад буцаж орж ирээд шөнө хил хаахаас өмнө дахин гарах гэж орой тийшээ хилийн ачаалал яг хаахын өмнө ихэсдэг юм. Тэр үед 1 дүгээр сарын сумо гараад би ирсэн машиныг шалгаад завсар чөлөөгөөр шалган байр руу орж телевизээр сумо хараад байж байсан чинь хорио цээрийн Н надаас “хэдхэн ямааны мах ачсан машин байна, гаргаад өгөөч” гэж надаас гуйсан. Би нэг доор хэдэн жил цуг ажилласан, хятад талын харъяатын албаны хүмүүсийн мах байгаа юмаа гээд гуйхаар нь зөвшөөрсөн. Хэрвээ нэг хятад орж ирээд надаас ямааны мах байгаа юмаа гэсэн бол хэзээ ч зөвшөөрөхгүй байсан. Тэгээд би зөвшөөрөөд хил хаахаас өмнө хүрээд ир гэсэн. Тэгсэн хил хаахаас өмнө Н-ийн хэлсэн бүхээгтэй … гэсэн дугаартай хаяг самбар машин ирэхээр нь Н гуйсан юм даа гэж бодоод машиныг үзлээ гарахыг зөвшөөрөв гэж зураад явуулсан. Тэр шар бичиг бол баланк байдаг ба би хоосон гэсэн бичиг хийж өгөөгүй. Нөгөө машин тэгээд хөдлөөд явсан удалгүй урд хил дээр машин саатуулагдлаа гэхээр нь харсан чинь Н-ийн хэлсэн нөгөө машин байсан. Машин дотроос ямааны махнаас гадна бүтэн чоно, 2 шуудай молибден гарч ирсэн. Тэгэхээр нь би Н-д уурлаад цохиж авч байсан. Би энэ хэрэг дээр мөнгө авсан асуудал байхгүй. Тэр машиныг шалгалгүй гаргасан нь миний алдаа би энэ алдаан дээрээ хууль бусаар эд зүйл Улсын хилээр нэвтрүүлсэн гэсэн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байсан. Би хийх ёстой байсан ажлаа хийгээгүйгээс Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаад “Өршөөл үзүүлэх тухай хууль” гараад хэрэг хэрэгсэхгүй болсон. Тэгээд энэ асуудал дууссан гэж бодож байсан чинь, сүүлд Авлигатай тэмцэх газраас дуудаад байцаалт авсан. Би энэ асуудлаас болоод ажлаа чөлөөтэй хийж чадахгүй маш их хэцүү байдалд байна. Олон дахин авсан авсан гээд яриад байхаар нь нээрээ авсан ч юм болов уу гэсэн бодолд өөрөө ороод явж байна. Хүн ингээд хэрэгт ороод ирэхээр нэр хүнд гэж байхгүй маш их хэцүү байдалд ордог юм байна. Надад авлига авсан асуудал байхгүй, харин хууль бусаар Улсын хилээр бараа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Я: 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлэхдээ: 2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай гэрийн буюу хашаанд байх агуулахаас Ял, Бу, Эр гэх Өвөрмонголчууд хаяг самбар гэх бичигтэй чингэлэгтэй машинд ямаа, зээр, чонын мах ачиж байсан, хил гаргана гэж байсан, эдгээр махыг … аймгийн төв, … сумдаар явж худалдаж авсан, молибденыг нь Б гэх залуу хадгалж байгаач гэж орхисон байсныг тэд ачаад явсан байсан. Манай агуулахыг Эр гэх хятад нь түрээслэж байсан, түлхүүр нь өөрт нь байдаг юм гэжээ. /хх- 42- 43/.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д: 2007 оны 10 дугаар сарын 5-ны өдөр мэдүүлэхдээ: 2006 оны 1 дүгээр сард байсан санагдаж байна. Нэг өдөр намайг гэртээ байхад Э ах утсаар яриад машин ачаанд орж байгаа ачаагаа ачаад машинаа аваад ир гэсэн. Тэгээд очиход ЗИЛ-130 маркийн … СҮА машины тэвшин дээр ачаа ачсан, чиргүүл дээр нь доод талд нь ямааны мах, ачаад завсраар нь чонын мах зээрийн мах ачсан байсан, Замын-Үүдэд очоод айлын хашаанд буулгасан, ачаа буулгах үед Э ах эхнэртэйгээ яваад өгсөн, би машин дээрээ үлдсэн байсан юм. Тэр махыг … аймгаас нэрийг нь мэдэхгүй 2 хужаа ачуулж байсан. …ээс хамт ирсэн Б гээд залуу байсан. …рүү явах үед бараг араас дагаад яваад байсан байх ойрхон яваад байсан гэжээ. /хх- 46/.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э: 2007 оны 10 дугаар сарын 4-ны өдөр мэдүүлэхдээ: Би аймгийн зах дээр ногооны лангуу ажиллуулдаг юм. 2006 оны 1 дүгээр сард яг хэдний өдрийг нь санахгүй байна. Намайг …аймгаас …боомт явах гэтэл, та эндээс хоосон явах юм чинь ачаа ачих уу? гэж арьсны ченж Эн асуухаар нь би “ирж очих бензинээ хангалттай хийгээд өгөх юм бол болж байна” гээд тохирсон. Тэгээд Дэнжийн байрны урд байдаг усан сангийн урд талын Эн-ийн гэрийн ард нь байдаг складнаас ямааны арьс, ямааны мах ачиж байсан. Тэгээд би хамт явдаг жолооч Эр-г машин дээрээ орхиод гэр рүүгээ явсан. Ер нь бол Эр анх миний машиныг асаагаад ачаа ачих газар нь очсон байсан. Тэр газраас нь манай гэр ойрхон болохоор эд нар ер нь юу ачдаг улс юм гэж бодоод намайг очиход Эн-ийн гадаа ямаа ачаад зогсож байсан. Миний машины тэвшин дээр ачаад, хаанаас юм бүү мэд нэг чиргүүл гаргаад ирсэн. Чиргүүл дээрээ бага ачна гэж байсан. Тэгээд орой 20 цагийн үед ачаагаа ачиж байхаар нь яваад очсон чинь тэнд Эн, Тө, Ба гэдэг ах мөн 2 хужаа байсан. Тэгээд би бензин тосны мөнгөө аваад гарсан. Машины дэвшнээс дээш нэг гулууз мах илүү гарахаар ачаад чиргүүл дээр бүр бага ачаад берзинтээр бүтээсэн байсан. Тэгээд би боомт дээр ирээд Ба-ийн хашаанд ачаагаа буулгасан гэжээ /хх- 47/.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б: 2006 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлэхдээ: 2006 оны 1 дүгээр сарын 5-ны орчим Улаанбаатарт байхад Я миний утас руу яриад Эрээнд хэзээ ирэх гэж байна, Замын-Үүд рүү ирэхдээ нэг юм аваад ирээч, нэг хүн вагон дээр авчирч өгнө, найдвартай газар хадгалаад өгөөч, би өөрөө очоод авна гэж хэлсэн, ингээд нэг өвөрмонгол, нэг монгол 2 хүн вагон дээр ирж, 2 ширхэг хар цүнхтэй зүйл авчирч өгсөн, өглөө очоод Ба-ын гэрт хадгалуулсан. Я өөрөө очоод авна гэж хэлсэн. Тэр цүнх нь нилээн хүнд цүнх байсан. Би цүнхийг нь онгойлгож үзээгүй гэжээ /хх- 52/.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж 2006 оны 3 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлэхдээ: 2006 оны 1 дүгээр сарын 15-ны орой 17 цаг өнгөрч байхад АЗШНБ-ын гарах чиглэлийн талд манааны үүрэг гүйцэтгэж байхад хил хаахаас 5-10 минутын өмнө … дугаартай хаяг самбар машины жолооч өвөрмонгол ирж паспортоо шалгуулсан, гаалийн хяналт шалгалт хийгдсэн, С гэх гаалийн байцаагч шалгасан гээд шалгаж гаргахыг зөвшөөрсөн бичиг үзүүлсэн, ингээд хилээр нэвтрэх зөвшөөрөл болох штамп дарсан, гааль шалгаад хоосон байна явуул гэж байсан, тухайн үед гарах тал дээр гаалийн улсын байцаагч С шалгалт хийж байсан, манайх гаалийн зөвшөөрөлгүй бол хилээр тээврийн хэрэгсэл гаргахыг зөвшөөрдөггүй гэжээ /хх- 53/.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д 2007 оны 10 дугаар сарын 2-ны өдөр мэдүүлэхдээ: “чоно, цагаан зээрийг МУ-ын хилээр нэвтрүүлэх тохиолдолд Байгаль орчны яамнаас тусгай зөвшөөрөл олгодог. Өөрөөр хэлбэл хатуу шалгалт зохицуулалтын доор худалдаа хийгддэг. Чоно, цагаан зээр нь хязгаарласан бараанд орно, хилээр гаргаж байгаа тохиолдолд тэмдэгтийн хураамж төлдөг. Энэ дээр хорио цээрийн улсын байцаагч хяналт тавих ёстой” гэжээ /хх 54-55/.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Бу 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн мэдүүлгийн орчуулгад: 2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Э, Я /Юн Шень/ хоёр ирж уулзаад 5 орчим тонн ямааны мах байна, машинд ачаад бэлэн болгосон, чи хил гаалийн хүнтэй уулзаад гаргахад тус болооч мөнгө өгье гэсэн, ингээд би гадаад хэлтсийн Ж-с ямааны мах байна яаж гаргах вэ? гэж асуусан, тэр намайг хорио цээрийн Н-тэй танилцуулсан, дан ямааны мах байна, гаргаад өгвөл 6000 юань өгье гэж хэлсэн, тэгээд би 6000 юаныг өгөөд машины жолоочтой утсаар яриад одоо ор гэж хэлсэн. Тэгээд би яваад өгсөн, Эрээний хилээр гарсаны дараа жолооч надтай утсаар яриад машин хил дээр баригдсан гэж хэлсэн. Мөнгө өгч, авч байх үед бид хоёроос өөр хүн байгаагүй гэжээ. /хх 38-41, 215-216/.
Мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн Лин 2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлэхдээ: Уг хураагдсан бараа Юн гэх хятад хүнийх, хаяг самбар машинд ачааг ачсан байсан, жолооч байхгүй болоод намайг дуудсан юм. Машинд мах битүү ачсан байсан, би ямааны мах байна л гэж бодсон, Юн надад Монголын хил, гааль, хорио цээрийг Бу гэх Өвөрмонгол хариуцна, асуудал гарвал түүнтэй яриарай гэсэн. Орой 17 цагийн орчимд Бу над руу утсаар яриад одоо машинаа асаагаад хүрээд ир, хорио цээр дээр зогсож болохгүй шууд гааль дээр зогсоорой гэсэн. Гааль дээр гадаа С байсан, машины арын хаалгыг онгойлгоогүй, шууд шар бичиг хийж өгөөд хурдан яв гэсэн, ингээд хамгийн урд талын штамп дардаг хаалт дээр очиход цагдаа байсан, бараагаа шалгуултал дотроос нь ямааны махнаас гадна, зээр чоно, мөн 2 шуудай хар шороо /молибден/ гарсан гэжээ /73-74/.
2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Лин мэдүүлэхдээ: Намайг яваад очих үед хаяг самбар гэсэн бичигтэй машин биржийн гадаа байсан. Уг ямааны махны эзэн Юн гэгч байсан. Надад Монголын хил, гааль, хорио цээрийг Бу гэх өвөрмонгол хариуцна, асуудал гарвал түүнтэй яриарай гэсэн. Миний хажууд Юн 6000 юань Бу-д хил гааль аргална гэж авч байсан. Бу хэнтэй ярихыг нь мэдээгүй. Бу гааль дээрээс орой 17 цагийн үед над руу яриад одоо машинаа асаагаад хүрээд ир гэсэн. Хил рүү ороод Бу хорио цээр дээр орж болохгүй шууд гааль дээр зогсоорой гэсэн. Гааль дээр очиход гаалийн байцаагч С байсан. Надад шууд хоосон шар бичиг хийж өгөөд яв гэсэн. Тэгээд би цаад хил дээр очоод баригдсан. Тэр үед Бу хилийн цогцолбор дотор байсан байх, Уг нь хорио цээрийн Н ярьсан гэсэн. Уг ачааны машин миний машин биш гэжээ /хх -75/.
2006 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Лин яллагдагчаар мэдүүлэхдээ: … хил рүү машин бариад гааль дээр очиход С байсан. Машины арын хаалгыг онгойлгоогүй ба шууд л яв гээд бичиг хийж өгсөн. Шар бичиг буюу машин хоосон гэсэн бичиг бичиж өгөөд хурдан яв гэсэн. Тэгээд ХЦ-т штамп даруулаад гарсан, тэгээд хамгийн урд талын хаалт дээр цагдаад баригдсан. Тэгээд Бу-с холбоо тасарсан. Бу-д 6000 юань өгсөн гэж байсан. Мөн ГИХАЭА-ны Ж-тэй яриад тэр нь хорио цээрийн Н-тэй ярьсан гэж утсаар асуухад ярьж байсан. Харин намайг хил дээр С шалгасан гэжээ /хх 76-79/.
Мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн Ж. 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлэхдээ: 2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн орчимд Бу гэх өвөрмонгол залуу ирээд ямааны мах хилээр ямар шугамаар яаж гаргадаг юм бэ? гэж асуусан, Бу бол байнга хилээр зорчдог хүн. Тухайн үед гаднаас хорио цээрийн Н орж ирсэн, тэгэхээр нь би хорио цээрийн юмыг мэддэг хүн нь энэ хүн гээд би зааж өгсөн, тэгээд тэр хоёр гараад явсан, Бу надад мөнгө төгрөг эд зүйл амлаагүй, би ч аваагүй. Дараа нь Н орж ирээд нөгөө хятадаа дуудчих гэсэн чинь Бу манай өрөөний хажууд явж байхаар нь дуудаад тэр хоёрыг уулзуулсан. Бу 6000 юань байна, хаяг самбартай ямааны мах байна гаргаад өгөөч гэсэн, Бу мөнгөө гаргаж өгсөн зуутын дэвсгэртээ юань байсан, Н бага байна гээд аваад халаасандаа хийсэн, удалгүй Н орж ирээд С-тай яриад тохирчихлоо гэсэн гэжээ /хх- 98-99, 100-101, т102-105, 106-107, 108-109/.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н мэдүүлэхдээ: 2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би хилийн цогцолбор дээр орох тал дээр албан үүрэг гүйцэтгэж байсан. Гадаадын харъяатын Ж ямааны мах байна, гаргачихмаар байна, эзэн нь өвөрмонгол байна, 6000 юань өгье гэж байсан, тэгэхээр нь би гарч тухайн үед экспорт тал дээр гарч байсан гаалийн байцаагч С-тэй уулзаад дан ямааны мах байгаа ачаа нь бэлэн байгаа, 2000 юань ч гээгүй, 300000 төгрөг гэж хэлсэн, С зөвшөөрсөн, тэгээд би Ж-д болчихлоо гэсэн. Тэгсэн бид 2-ыг тэдний өрөөнд байхад Б гэх өвөрмонгол дан зуутын дэвсгэртээр 6000 юань гаргаж өгөөд машинаа аваад ир гэсэн ба машин хил рүү орлоо гэхээр нь шууд гааль дээр оч гээд С-д утсаар нөгөө ямааны мах ачсан машин гэж хэлсэн, удалгүй С утсаар яриад нөгөө машиныг цагдаа зогсоолоо гэсэн. Энэ үед мөнгө өгсөн хятад алга болсон байсан. Миний хувьд зөвхөн ямааны мах гэж ойлгосон. С, Ж нарт сүүлд нь мөнгө өгье гэж бодсон. 2000, 2000-г өгье гэж бодсон. 6000 юаныг бүгдийн цагдаад хураалгасан. Миний ажил үүргийн хуваарь бол МУ-ын хилээр олон улсын хөл хориот халдварт өвчин нэвтрэхээс сэргийлэх болон хилээр нэвтэрч байгаа бараанд хяналт тавих үүрэгтэй гэжээ. /хх 80-81, 82, 83-86, 87-88, 89 /.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С мэдүүлэхдээ: 2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би гарах тал буюу экспорт тал дээр албан үүрэг гүйцэтгэж байсан., 17 цаг 30 минутын орчим хорио цээрийн Н уулзаад манай хятадын талын хорио цээрийнхэн хувийн хэрэгцээндээ ямааны мах авсан юм, түүнийг гаргах гэсэн юм, 70 орчим ямааны мах байгаа гэсэн, хятад фортер маркийн …дугаартай машин ирсэн, жолооч нь Өвөрмонгол байсан, тэгээд би шалгасан, татваргүй гэсэн бичиг хийж өгсөн, Н уг машины дугаарыг утсаар хэлсэн. Тэр машин цааш яваад баригдсан гэжээ /хх 90-91, 92-94, 95-96, 97/.
Шүүгдэгч Н, С нарын ажлын байрны тодорхойлолтууд /хх 117-118, 127-129 /.
Монгол Улсын Их хурлын 1998 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 05 тоот тогтоолын 2 дугаар хавсралт: Монгол улсын хилээр тарифын бус бусад хязгаарлалттай нэвтрүүлэх бүлэг барааны жагсаалт /хх 157-158/.
Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, Монгол улсыэ хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт /хх 159-160/.
Эд зүйлийн үнэлгээ, хохирлын тооцоо /хх 142-149 /.
Шүүгдэгч Н нь 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр сэжигтнээр /хх 80-81/, 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр сэжигтнээр 2 дахь удаа /хх 82/, 2006 оны 3 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар /хх 83-86/, 2007 оны 10 дугаар сарын 5-ны өдөр яллагдагчаар 2 дахь удаа /хх- 87-88/, 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар 3 дах удаа /хх- 89/,
Шүүгдэгч С нь 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр сэжигтнээр /хх 90-91/,2006 оны 3 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар /хх 92-94/, 2007 оны 10 дугаар сарын 4-ны өдөр яллагдагчаар 2 дахь удаа /хх- 95/,2007 оны 10 дугаар сарын 25-ны өдөр яллагдагч 3 дахь удаа /хх- 97/, тус тус байцаалт өгсөн тэмдэглэлүүд,
Шүүгдэгч Н, С нарын урьд ял шийтгэлгүй гэсэн Цагдаагийн байгууллагын ял шалгасан хуудас /хх 121, 132/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад:
Шүүгдэгч Н нь Улсын мэргэжлийн хяналтын газрын … аймгийн … боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд эрүүл ахуй халдвар судлалын улсын байцаагчаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр С-тэй бүлэглэн 2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 146 ширхэг ямааны гулууз мах, 1 ширхэг үхрийн гулууз мах, 16 ширхэг чонын мах, 2 ширхэг арьстай зээрийн мах, 73 кг зэсийн баяжмал /молибден/ зэрэг хязгаарласан эд зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлхээр урьдчилан амлаж БНХАУ-ын иргэн Бу гэгчээс БНХАУ-ын мөнгөн дэвсгэртээр 6000 /зургаан мянган/ юань буюу монгол төгрөгөөр 909600 /есөн зуун есөн мянга зургаан зуу/ төгрөгийн хээл хахууль авсан,
Шүүгдэгч С нь … боомт дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр Н-ийн авсан хахуулийн мөнгөнөөс 300000 /гурван зуун мянган/ төгрөгийг авахаар тохиролцож, хээл хахууль авахаар завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь БНХАУ-ын бүртгэлтэй … дугаартай fortland маркийн битүү чингэлэгтэй машинд үзлэг хийж, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, фото зураг /хх 15-16, 17-19/, Н-ээс хээл хахуульд авсан 6000 юаныг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргасан мөрдөн байцаагчийн тогтоол /хх 20-21, 206/, Монгол улсын хилээр тарифын бус бусад хязгаарлалттай нэвтрүүлэх бүлэг барааны жагсаалт /хх 158/, Монгол улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт /хх 159-160/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Я, Д, Г, Ж, Эр, Б, яллагдагч Ж, Лин нарын өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Н-ийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж хээл хахууль авсан, С-ыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй хээл хахууль авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Мөрдөн байцаалтын шатанд эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-ын 100-тын мөнгөн дэвсгэрт 60 ширхэг буюу 6000 юаныг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н, С нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, тэдний хувийн байдлыг харгалзан үзэж торгуулийн ялыг сонгон хэрэглэж, уг ялыг гэмт хэрэг үйлдэгдэх үед /2006.1.15/ мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /42500/-гээр оногдуулав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н-ийг хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, С-ыг хээл хахууль авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар Н-д хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч хийх эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин буюу /42500х250/=10625000 төгрөгөөр торгох,
Шүүгдэгч С-т Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 32 дугаар зүйлийн 32.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар гаалийн улсын байцаагч хийх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 дахин буюу /24500х200/=8500000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг журамлан гэмт хэрэг үйлдэж олсон 6000 юаныг улсын орлого болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т заасныг журамлан Н, С нар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг журамлан Н, С нарт оногдуулсан гаалийн улсын байцаагч хийх эрх хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Н 3 хоног хоригдсон, С цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, ялтан Н, С нарт авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногын дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Н, С нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ