Баянгол дүүргийн шүүхийн 128 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Баянгол дүүргийн шүүхийн 128 дугаар шийтгэх тогтоол
Эрүүгийн хэргийн төрөл, зүйл хэсэг: 268.2-Хээл хахууль авах

ШИЙТГЭХ ТОГТООЛ

2008 оны 4 дүгээр                                        Дугаар 128                                    Улаанбаатар
сарын 28-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Х.Алтанцэцэг, Ж.Байгальмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Б.Баасанцогт,
Улсын яллагч: Л.Бадралт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Хандсүрэн,
Иргэдийн төлөөлөгч Л.Дамдиндорж, Б.Пунсал, Б.Баянбилэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20847013 дугаартай хавтаст хэргийн шүүгдэгч
Монгол улсын иргэн, …онд Улаанбаатар хотод төрсөн, … настай эмэгтэй, ард халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ … хот дахь Гаалийн газар гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан, ам бүл .., …хүүхдийн хамт амьдрах, … дүүрэг … дүгээр хороо, … байр … тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн Л-д холбогдох хэргийг 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч Л нь 2007 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа иргэн А-ийн гаальд мэдүүлсэн ачаа болох гэрийн тавилга бүхий тээшинд гаалийн үзлэг хийж татвар ноогдуулах явцад хясан боогдуулах замаар 200.000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л-ийн:
2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр …ын ачаа тээшний газар ажиллахаар томилогдсон, ингээд 13-ны өдөр иргэн А-ийн 2 ачаа тээшний баримтыг ахлах надад хувиарласан. Энэ өдөр би материалыг хүлээн аваад тамгаа дараад тээврийн бүрдүүлэлтийн тооцоог хийгээд явуулсан. Би ачааг шалгахад 2 хүний нэр дээр 9 төрлийн гэрийн тавилга байсан., үнэлгээ нь бодит биш, хэт доогуур үнэлэгдсэн байсан тул би дахин үнэ тогтоож А-ийн ачааг 3100 юаниар, П-ийн ачааг 3000 юаниар үнэлж татвараа төл гэж явуулсан, тэгээд татвараа төлсөн тул барааг гаргаж явуулсан. Маргааш өглөө нь би ажилдаа иртэл ахлах маань мөнгө төгрөг авсан асуудал гарсан тухай хэлсэн. Би мөнгө аваагүй гэдгээ хэлээд өрөөндөө орж формоо өмсөөд Гаалийн ерөнхий газарт очихоор болсон. Тэгээд кармаандаа гараа хийтэл мөнгө байсан. Би хэрэг бүртгэлийн газар очиж С гэж хүн дээр орж энэ талаар хэлэхэд намайг Авлигатай Тэмцэх газар өргөдөл гаргаж шалгуул гэсэн.
Тэгээд би ГЕГазарт очиж Б гуайтай уулзахад юун мөнгө, би энэ талаар ерөөсөө яриагүй гэж хэлсэн. А намайг мөнгө авсан гэж гүжирдсэнд гомдолтой байна, би энэ асуудлаас болж сэтгэл санаа хямарч бие өвдсөн, мөн ах маань хүнд өвчилсөн тул тодорхой хугацаагаар сахих шаардлагатай болсон тул энэ асуудлыг тухайн үед нь шийдвэрлүүлж чадаагүй юм гэж мэдүүлсэн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д: Манай найзын охин А мебель оруулж ирсэн, тэгээд гааль дээр саатаад байна хэлж өгөөч гэхээр нь би ахлах байцаагч М руу утсаар ярьж хүний барааны бүрдүүлэлт саатаад байна гэнэ, юун болохгүй байгаа асуудлыг шийдвэрлээд өгчих гэж хэлсэн.
Ингээд А-ийн ээж Я надад бараагаа авчихаж, гэхдээ жоохон будлиантай юм болсон шиг байна лээ гэж хэлсэн. Би татвараасаа жаахан илүү мөнгө нэхсэн асуудал гарсан юм шиг байна гэж даргадаа хэлсэн. Энэ явдалаас хэдэн хоногын хойно Л сахилгын хороогоор орох гэж байгааг мэдсэн, Л надтай уулзаж байсан, бид мөнгөний талаар ярилцаагүй, хатуу арга хэмжээ авагдчихвий гэсэн яриа болоод өнгөрсөн гэж мэдүүлсэн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгд гэрч Ц:
2007 оны 9 дүгээр сард өдрийн санахгүй байна би Гаалийн ерөнхий газарт ажиллаж байсан юм. Манай дарга ийм нэг асуудал болсон байна, чи асуугаад тодорхойлолт авчих гээд А гэдэг эмэгтэйг өрөөнд дагуулж орж ирсэн. Би А-г асууж тодорхойлолт авсан, Л-ийг дуудуултал өвчтэй гэсэн, ирж уулзахгүй 14 хоног өнгөрөхөөр нь би удирдлагадаа танилцуулсан.
Гаалийн Ерөнхий газрын сахилгын хороогоор оруулах гэхэд Л ирээгүй тул хурал хойшилсон, дараа нь Л-г ирэхэд нь хурлаар оруулж арга хэмжээ авсан юм.
А нь ээжтэйгээ, ахтайгаа нийлээд 4 хүн Эрээнээс гэрийн тавилга оруулж ирээд 2 хэсэг ачааг Л-ээр шалгуулах болсон, Л мөнгө нэхсэн гэж байсан, хэдэн төгрөг нэхсэн юм бэ гэхэд 200.000 төгрөг нэхсэн гэсэн, тэгээд тэр мөнгийг өгсөн юм уу гэхэд өөрт нь карманд хийж өгсөн гэж хэлж байсан.
Сахилгын хороогоор гаалийн байцаагч хүнээс мөнгө нэхэж авсан байна гэдэг асуудлаар орсон юм гэж мэдүүлсэн мэдүүлэг болон талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан 16, 24, 49, 53, 60 хуудсан дахь нотлох баримтыг шинжиллээ.
Шүүгдэгч Л. нь … дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2007 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр …ачаа тээшний хэсэгт албан үүргээ гүйцэтгэж байхдаа иргэн А-ийн гаальд мэдүүлсэн ачаа болох гэрийн тавилга бүхий тээшинд гаалийн үзлэг хийж татвар ногдуулах явцад 200.000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Л гэмт хэргийг үйлдэхдээ хясан боогдуулах замаар буюу хахууль өгөгчийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахуйц үйлдэл хийхээр заналхийлж хууль бус шан харамж өгөхийг шаардсан буюу эсхүл өөрийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт учрах байсан гэм хор бүхий хор уршгийг зайлуулахын тулд хахууль өгөх аргагүй байдалд хахууль өгөгчийг зориуд оруулсан гэх байдал тогтоогдохгүй байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсгээр зүйлчлэн ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон зүйлчилж, энэ зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Л анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг ял шийтгэл оногдуулахад харгалзан үзлээ.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн прокурорын газраас Л-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Л-ийг хээл хахууль авсан гэмт хэрэгт гэм буруутайг тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар Л-ийг гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.795.000 /гурван сая долоон зуун ерэн таван мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар Л-ийн гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Л бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурьдсугай.
6. Л торгуулийн ялаас ноцтойгоор зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Л урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

ДАРГАЛАГЧ Ц.ОЮУНЧИМЭГ

ШҮҮГЧИД Х.АЛТАНЦЭЦЭГ, Ж.БАЙГАЛЬМАА