Баянгол дүүргийн шүүхийн 130 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Баянгол дүүргийн шүүхийн 130 дугаар шийтгэх тогтоол
Эрүүгийн хэргийн төрөл, зүйл хэсэг: 268.1, 271.1-Хээл хахууль авах, Албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдэх

ШИЙТГЭХ ТОГТООЛ

2008 оны 4 дүгээр                                         Дугаар 130                                        Улаанбаатар
сарын 29-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Х.Алтанцэцэг даргалж, шүүгч Ц.Оюунчимэг, Ж.Байгальмаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар С.Цэрэндуламыг суулган
Иргэдийн төлөөлөгч Б.Пунсал, Б.Баянбилэг Л.Дамдиндорж
Улсын яллагч: Л.Бадралт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: К.Бауржан /0-320/, Б.Ганбаатар /0-007/ нарыг
Иргэдийн төлөөлөгч Л.Дамдиндорж, Б.Пунсал, Б.Баянбилэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 271-р зүйлийн 271.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М холбогдох 20847014 тоот эрүүгийн хэргийг 2008 оны 3-р сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, …онд Улаанбаатар хотод төрсөн, … настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, … дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагч ажилтай, ам бүл …, эхнэр …хүүхдийн хамт амьдрах, … дүүргийн … хороо, … хороолол, …р байрны … тоотод суух, урьд ял шийтгэлгүй, М
Шүүгдэгч М нь 2007 оны 11-р сарын 16-ны өдөр “П” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд албан үүргээ гүйцэтгэж байхдаа иргэн И-ийн гаальд мэдүүлсэн 3 ширхэг автомашинд гаалийн үзлэг хийх явцдаа хясан боогдуулах замаар 300000 төгрөгийн хээл хахууль авсан, баримт бичгийг зориуд хуурамчаар үйлдсэн гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Би 2007 оны 11-р сарын 12-ноос 16-ны хооронд “П” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд ахлах байцаагч Г, О нарын хамт ажилласан. Тэгээд 14-ний өдөр иргэн И-ын мэдүүлсэн барааг шалгах хуваарийн дагуу ажилласан. Эхний контейнерийг нээхэд 3 машин гарсан. “Ниссан прсиж” маркийн их ховор машин байхаар нь “Та нар андуурч үнэлүүлсэн юм биш үү” гэхэд “Үнэлгээний байцаагч нар хүснэгт харж үнэлгээ тогтоосон” гэж байсан. Маргааш нь дахин нэг “Ниссан прсиж” маркийн машин буусан тул уг машинуудыг түр саатуулаад И-ыг “Үнэлгээг дахин хянуулж ир” гээд бичиг баримтыг өгч хотын гааль руу буцаасан. Ингээд 15-ны өдөр өнгөрсөн. 16-ны өглөө би мэдүүлэг тушаах гэж хотын гааль дээр ирээд үнэлгээ хийсэн. Гэ байцаагчтай уулзаж “Чи Ниссан прсиж машиныг Ниссан прися-тай андуураад үнэлгээг хийгээд байгаа юм биш үү” гэхэд Гэ үйлдвэрлэсэн он, моторын багтаамжаар нь үнэлсэн үнэлгээ үзүүлээд энэ үнэлгээгээр тогтоосон гэж байсан. Гэхдээ “Ниссан прсиж”-ийг мэдэхгүй байсан тул би зааж өгч байсан. Эргээд ирэхэд 3 чингэлэг задалж байсан ба И “Нөгөө хоёроо яахав” гэхээр нь “Гаргана аа, нааш нь тат” гэсэн Үдээс хойш “Алтан трейд”-ын 6 чингэлэг ургамалын тосыг нарийвчилж шалгах болсон. Мөн хажуугаар сэлбэг материал буусан. Нийтдээ 12-13 чингэлэг ачаа бууж ачаалал ихтэй өдөр байсан. Тэгээд орой нь контортоо орж ирж шалгасан ачааныхаа бүрдүүлэлтийг хийж дуусаад хүмүүсээ явуулаад байхад И орж ирсэн. “Чи машинуудаа яасан бэ” гэхэд “Ахлах Г явчихлаа” гэхээр нь “Дуудчих” гэхэд эргээд оруулаад ирсэн. Тэгээд ахлах Г О хоёр бүрдүүлэлт хийж өгөөд би баримтаа янзлаад үлдсэн. Тэднээс хойш 10 минутын дараа би гарсан.
Суудлын зориулалттай ”Мазда вонго” маркийн машиныг ачааны гэж мэдүүлээд онцгой албан татвар төлөөгүй байсныг ахлахад мэдэгдсэн. Уг машин дотор 11 ширхэг хуучин дугуй, 2 гупер, 1 салхины шил ачсан байсан ба түүнийгээ гаальд мэдүүлээгүй байсан. И-с “Яагаад гаальд мэдүүлээгүй юм бэ” гэж асуухад “Өмнө ирсэн машины шил байгаа юм” гэж байсан. Тэгээд “Сэлбэгийн татварыг зорчигчийн хуудсаар төлье” гэхээр нь би зөвшөөрөөгүй, “Заавал бүрдүүлэлт хийх ёстой” гээд энэ талаар ахлах Г-д хэлэхэд өөрөө үзээд машиныг саатуулах үүрэг өгсөн. “Сэлбэгийг яахав” гэхэд “Солигдож алдагдаж болзошгүй тул гаргасан нь дээр байх, саатуулах хуудас бичиж барьцаа ав” гэсэн боловч хэмжээг нь хэлээгүй юм. Би тооцож үзээд “Ойролцоогоор 300000 төгрөгийн татвар, торгууль оногдох юм байна. Энэ мөнгийг барьцаанд үлдээчих” гээд И-с авсан юм. Ямар нэг бичиг баримт үйлдээгүй.
Би нэг дэх өдрөөс эхлээд 3 хоног эмнэлэгт хэвтэж, саатуулах хуудсыг 22-ны өдөр нөхөж бичсэн. Тухайн үед нь саатуулах хуудасны маягт байгаагүй юм.
Би тухайн үед гаалийн хууль тогтоомжид заасан эрхээ хэрэгжүүлсэн юм гэв.
2.Хохирогч И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2007 оны 11-р сарын 12-ны өдөр анх гаальд машинаа мэдүүлж, тэр өдөртөө хотын гаалиар яваад бичиг баримтаа бүрдүүлээд өнгөрсөн. Тэгээд татвараа төлөөд 13-ны өдөр “П” ХХК-ийн талбай дээр очиж бичиг баримтаа байцаагчид бүртгүүлээд үдээс хойш чингэлгээ задлуулсан. Тэгэхэд байцаагч М “Багаар үнэлүүлж, татвар дутуу төлсөн байна, ойролцоогоор 500 000 гаруй төгрөгийн татвар дутуу байна. Очиж тодруул” гэсэн тул маргааш нь хотын гааль руу очиход Гэ байцаагч “Хүн үнээ багасгая гэдэг байтал чи өсгөе гэж ирдэг сонин юм. Би зохих журмаар нь үнэлгээг тогтоосон” гээд үнэлгээний журналаа үзүүлсэн. Тэгээд эргээд очоод уулз гэсэн. Энэ үнэлгээг хийлгэхэд миний зүгээс ямар нэг байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй.
Ингэж наашаа цаашаа 2-3 удаа явж залхаад 16-ны орой М байцаагчид 200000 төгрөг өгөхөд тэр “Бид 3-уулаа ш дээ” гэхээр нь 100 000 төгрөг нэмж өгсөн. Энэ үед ямар нэг барьцаанд авч байгаа талаар надад юм хэлээгүй болно.
Би байцаагч нарыг тусгаарладаг хаалтын цаана гараад ахлах байцаагчийн ус буцалгагчийн дэргэд зогсож байгаад өгөхөд М байцаагч цонхноосоо холдож, гэрлээ унтрааж байгаад уг мөнгийг авсан. Мөнгө өгөхөд бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэгээд тэр оройгоо 2 “Ниссан прсиж” машинаа, машин дотор ирсэн сэлбэгийн хамт гаргаж авсан. Тэр сэлбэг бол урьд ирсэн машины салхины шил эвдэрсэн байсныг явуулсан байсан ба 2 машины гупер салгасан байсан, дугуйнууд нь бүгд хуучин, өрөөсөн дугуйнууд байсан болно.
“Мазда вонго” машиныг авъя гэхэд “Давхар хяналтанд орчихсон байгаа, гаргах боломжгүй гэсэн. Уг машины хувьд албан татвар ногдох машин байсныг мэдээгүй, ирсэн бичиг баримтыг нь үндэслээд л гаальд мэдүүлсэн. Тэгээд байцаагч нарын шаардлагын дагуу дараа 7 хоногт нь онцгой татварыг нь төлөөд машинаа авсан юм. Уг машинд 3 сая төгрөгний татвар төлсөн. Гадуур явж үзэхэд тийм машинд 500 000 төгрөгийн татвар л төлсөн байна билээ.
Энэ явдлаас болоод миний цаашдын бизнест гаалийн байцаагч нарын зүгээс хүндрэл учрах вий гэж эмээж байна гэв.

Гэрч Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн И-с ирсэн гомдлыг ажил үүргийн хуваарын дагуу би шалгасан юм. Тэгэхэд Байцаагч М гаалийн бүрдүүлэлт хийхдээ 300 000 төгрөг авсан гэдэг асуудал гарсан байсан. 17 цагийн үед “П” ХХК-ийн гаалийн хяналтын талбай руу очиж үзэхэд суудлын зориулалттай “Мазда вонго” машин байсан. М-г дуудаж бичиг баримтыг шалгахад 13-ны өдөр гаальд мэдүүлсэн байсан ба энэ хугацаанд ямар нэг ажиллагаа хийгээгүй байсан.
М уг нь 300 000 төгрөгийг “Мазда вонго”-гийн бүхээгт байсан хуучин сэлбэгийн татварын барьцаанд авсан гэдэг боловч намайг үзэхэд ямар ч тэмдэглэл байгаагүй, шалгалтын явцад нөхөж бичээд авчирч байсан. Тэр нь он, сар, өдөр ч байхгүй байдаг юм. Мөн бараа, тээврийн хэрэгсэл саатуулах хуудас бичээгүй байсан. Саатуулах хуудсыг тухайн үед нь бичих ёстой байсныг мөн нөхөж бичсэн. Гаалийн улсын байцаагч бараа, эд хөрөнгө барьцаалах эрхгүй. “Бараа, эд хөрөнгө барьцаалах журам”-ыг ГЕГ-ын дарга баталдаг. Энэ журамд зааснаар барьцаа авахдаа гэрээ байгуулна. Гэрээг тухайн гаалийн газар, хорооны дарга, мэдүүлэгч аж ахуйн нэгж болон зорчигчтой байгуулна гэж тодорхой заасан байдаг.
Гаальд мэдүүлээгүй бараа илэрсэн тохиолдолд байцаагч шалгалт хийхээс татгалзаж, энэ тухайгаа ахлах байцаагчид мэдэгдэж, гаалийн мэдүүлгийг бичиг баримтын шалгалт хийсэн байцаагч руу буцаадаг. Гэтэл М нь энэ заалтыг зөрчиж мэдүүлгийг өөр дээрээ 7-8 хоног байлгасан байдаг.
Ингээд М-д холбогдох асуудлыг Гаалийн ерөнхий газрын сахилгын хороонд шилжүүлсэн юм. Сахилгын хорооноос М-д арга хэмжээ аваагүй. Эрүүгийн хэргийн шинжтэй гэж үзвэл Цагдаагийн байгууллагад шилжүүлдэг журамтай. М ч өөрөө сахилгын хорооны хурал дээр Авлигатай тэмцэх газраар шалгуулах хүсэлт гаргасан гэсэн гэв.
4. Гэрч О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2007 оны 11-р сарын 16-ны өдөр би хуваарийн дагуу “П” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд ажиллаж байсан. Иргэн И машинууд мэдүүлсэн байсан. Миний хувьд 1 “Ниссан прсиж” машинд шалгалт хийсэн. М мөн тийм машин үзсэн ба бид үнэлгээг багаар хийлгэсэн байж магадгүй гэж үзээд дахин хянуулахаар буцаасан. И үдээс хойш Гэ байцаагч үнэлгээг зөв гэж байна гэж ирсэн.
Орой явах гээд машинаа халаагаад зогсож байхад М байцаагч дуудаж байна гэхээр нь ороход “Ниссан прсиж”-ийг гаргая гэсэн. Тэгээд би өөрийн үзсэн машины бүрдүүлэлтийг хийгээд гарсан. Ахлах байцаагч Г нэвтрэх бичигт тамгаа дарж өгсөн.
Бараа саатуулах баримтыг шууд бичих журамтай боловч маягт байгаагүй тохиолдолд дараа нь нөхөж бичдэг явдал бий. Барьцааны гэрээг хотын гаалийн газар байгуулна. Мөн бэлэн мөнгө авчихаад дараа нь баримтаа бүрдүүлэх тохиолдолд ч хааяа гардаг гэв.
5. Гэрч Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2007 оны 11-р сарын 12-ноос 16-ны хооронд “П” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд гаалийн ахлах байцаагчаар ажилласан. Иргэн И-с гаальд мэдүүлсэн баримтыг би хүлээж аваад машинуудыг шалгах үүргийг байцаагч М, О нарт өгсөн.
Гэтэл “Ниссан прсиж”-ийн үнэлгээ маргаантай, “Мазда вонго” машин нь суудлын зориулалттай байхад ачааны гэж мэдүүлсэн байсан. Тэгээд хотын гаалийн газрын хэрэг зөрчилтэй тэмцэх албанаас байцаагч В-ийг дуудаж үзүүлсэн юм.
Үнэлгээ хийсэн байцаагч Гэ баазын үнэлгээгээр үнэлсэн, үнэлгээ зөв гэсэн тул “Ниссан прсиж” машинуудыг гаргасан. Харин “Мазда вонго”-г саатуулсан ба тухайн үед саатуулах хуудас байгаагүй тул дараа нь нөхөж бичсэн юм. Би М-с мөнгө аваагүй. О бид хоёрыг явсны дараа мөнгө авсныг сүүлд мэдсэн юм гэв.
6. Бараанд ГХШ хийсэн тухай тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 17/
7. УБГГ-ын Гаалийн улсын байцаагч Б-ын гаргасан тодорхойлолтын хуулбар /хх-ийн 26/
8. Бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-ийн 29/
9. Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар /хх-ийн 30/
10. И-д торгууль ногдуулсан шийтгэврийн тасалбарын хуулбар /хх-ийн 31/
11. Зөрчлийн тухай тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 35/
12. Бэлэн мөнгө буцаан олгосон тухай тэмдэглэл /хх-ийн 36/

Шүүгдэгч М нь 2007 оны 11-р сарын 16-ны өдөр “П” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд албан үүргээ гүйцэтгэж байхдаа иргэн И-ын гаальд мэдүүлсэн 3 ширхэг автомашинд гаалийн үзлэг хийх явцдаа 300 000 төгрөгийн хээл хахууль авсан, 2007 оны 11-р сарын 22-ны өдөр бараа тээврийн хэрэгслийг саатуулах 001371 тоот хуудсанд хахуульд авсан 300 000 төгрөгийг саатуулсан мэтээр зориуд худал бичилт хийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байна.
Прокуророос М-г хясан боогдуулах замаар хээл хахууль авсан гэж үзэж, түүний үйлдлийг ЭХ-ийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн боловч хахууль өгөгчийн хууль ашиг сонирхолд хохирол учруулахуйц үйлдэл хийхээр заналхийлж хууль бус шан харамж өгөхийг шаардсан буюу хохирогчийг өөрийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт учрах хор уршгийг зайлуулахын тулд хахууль өгөх аргагүй байдалд зориуд оруулсан шинж тогтоогдохгүй байна.
Иймд прокуророос түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн ЭХ-ийн 268 дугаар зүйлийн 268.1 болгон өөрчлөх үндэстэй байна.
Шүүгдэгч нь хүндэвтэр төрлийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн байдлыг ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246-р зүйлийн 246.2, 283, 286, 295, 296, 297, 298-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Прокуророос М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 268-р зүйлийн 268.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг 268.1 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч М-г хээл хахууль авсан, баримт бичигт зориуд худал бичилт хийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайг тогтоосугай.
3. М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-р зүйлийн 268.1-д зааснаар гаалийн байцаагчийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 4 950 000 /дөрвөн сая есөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох, 271-р зүйлийн 271.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 900 000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялуудаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч М-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг гаалийн байцаагчийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 5 850 000 /таван сая найман зуун тавин мянган/ төгрөгөөр торгохоор тогтоосугай.
5. Шүүгдэгч нь 8 хоног цагдан хоригдсон ба түүнээс гаргуулах төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан “Бараанд гаалийн хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл”-ийн хуулбарыг хавтаст хэрэгт үлдээсүгэй.
7. Шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47-р зүйлийн 47.3-т зааснаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
8. М-д оногдуулсан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногын дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, М-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ Х.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ц.ОЮУНЧИМЭГ, Ж.БАЙГАЛЬМАА