Хан-уул дүүргийн шүүхийн 81 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Хан-уул дүүргийн шүүхийн 81 дугаар шийтгэх тогтоол
Эрүүгийн хэргийн төрөл, зүйл хэсэг: 268.2-Хээл хахууль авах

ШИЙТГЭХ ТОГТООЛ
 
2008 оны 05 дүгээр                                            Дугаар 81                                            Улаанбаатар
сарын 15-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч Н.Ичинхорлоо даргалж
Улсын яллагч Ц.Өлзийжаргал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбабаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг, Л.Баасан
Нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С-д холбогдох 310742 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, …онд Улаанбаатар хотод төрсөн … настай эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл …, эхнэр … хүүхдийн хамт … дүүргийн …хороо … тоотод оршин суух, хэрэг үйлдэх үедээ … аймгийн … сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байсан, Монгол улсын ерөнхий прокурорын …оны …сарын …өдрын …тоот тушаалаар прокурорын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн С.
Шүүгдэгч С нь 2003 оны 12 сард … аймгийн сум дундын прокуророор ажиллаж байхдаа “тус больё” гэж урьдчилан амлаж Н-ээр дамжуулан 310742 дугаартай эрүүгийн хэргийн яллагдагч Р, Б, Э нараас 500000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С мэдүүлэхдээ:
2003.06.05-ны өдөр хэрэг бүртгэгч Ч Н-ийн 2 үхэр хулгайлсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Энэ хэрэг түдгэлзүүлсэн байж байгаад мөрдөн байцаалтанд шилжиж ирсэн. Мөрдөн байцаагч О байцаалт явуулсан байсан. 2003.12.12-нд прокурорт хэрэг шилжиж ирсэн. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 гэхэд нилээд маргаантай хэрэг байсан. Прокурор Б хяналт тавьдаг байсан. Надад цохолтоор энэ хэргийг шийд гэж ахлах прокурор өгсөн. Өөрөө 2 хоног уншаад надад 14-15 нд өгсөн. 3 хоногийн дараа танилцуул гэсэн. Энэ хэргийг уншихад мөрдөн байцаалтанд Э ганцаар хэргийг хүлээсэн байдаг. Энэ хэргийг бид гурвуулаа хэлэлцсэн. Би дахин мөрдөн байцаалтанд буцааж шалгуулъя гэж байсан. Б прокурор 145.3-ыг 208.1.3-аар хэрэгсэхгүй болго гэсэн. Ахлах прокурор хэргийг сэргээж мөрдөн шалгах ажиллагаа хий гэсэн.
Би мөрдөн шалгах ажиллагаа хийж Э-ийн зүйлчлэлийг 145.3-ыг 145.1 болгож нөгөө 2-ыг хэрэсэхгүй болгож 145.1-ыг эвлэрснээр хэрэгсэхгүй болгосон. 2007.06.04-05-нд прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас Ба гэдэг хүн ирсэн. Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол үзүүлээгүй. Намайг сэжигтнээр тооцож ЭХ-ийн 268.2, 150.1 –ыг сонсгосон. Би энэ бүгдийг мэдэхгүй хахууль аваагүй гэдгээ анхнаасаа мэдүүлж байсан.
2007.07.05-нд миний албан тушаалыг түдгэлзүүлснийг мэдэгдсэн. Миний хэрэгт шат шатны прокурорт өгч байсан хүсэлтүүд байхгүй байсан. Эрүүгийн хэрэг үүсгэсэн үеэс зохион байгууллалттай хэрэг хүлээлгэх гээд байгаа юм шиг хандсан. Би 500000 төгрөгийн хахууль бусдаас аваагүй. Эхлээд 2-3 сая гэж байснаа дараа нь 500000 болсон. Хэрэгт Н-ийн 4 хуудас өргөдөл байдаг. Дараагийн өргөдөл нь хуулийн хүн зөвлөж бичүүлсэн нь харагддаг.
Н-ээр Ба байцаагч 2 удаа мессэж бичүүлсэн байдаг. Би та нар юу яриад байгаа юм бэ гэж мессэж бичсэн. Энэ М-ын тайлбараас харагдана. Эрүүгийн хэргийг 2007.06.03-нд үүсгэсэн. Гэтэл эрүүгийн хэргийн бүртгэл дээр 2007.06.15-нд 67 гэсэн дугаар авсан байдаг. Энэ нь анхнаасаа л намайг унагаах гэсэн байдлаар хандсан гэж ойлгож байна.
Би гэмт хэрэг үйлдээгүй, надад хамаагүй гэдгээ удаа дараа хэлж байсан. Н-ийн мэдүүлэгт “хуурай дүү” г.м хүч оруулж бичсэн байдаг. 10 сар гаруй мөрдөн байцаалтын ажиллгаа хийхдээ хэт нэг талыг барьж явагдсан. Хавтаст хэрэгт миний гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг нотолсон зүйл бараг байхгүй. Энэ нь хэт нэг талыг барьж явагдсан гэдгийг харуулж байна гэв.
Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:
.. бид нарын хэрэг прокурор дээр шилжээд бид нар прокурор дээр сууж л байдаг байсан. Тэгсэн нэг өдөр С прокурор Р, Б хоёрыг яв гээд намайг ганцааранг нь үлдээсэн. Тэгээд тэр хоёрыг дахиад ийм юм битгий хийгээрэй гээд намайг байж бай гэсэн. Тэгснээ намайг 2-3 хоногийн дараа бас харь амаа татаж яваарай гэж хэлсэн. Энэ хоёр гурав хоногийн хугацаанд надаас юу ч асуугаагүй, тэдийд ир, өдийд ир л гэдэг байсан. Бас надаас чи мөнгө төгрөгтэй юу гэсэн, байхгүй гэсэн чинь мөнгө олж чадах уу гэсэн би чадахгүй гэсэн. .. Харин сүүлд нь сураг сонсоход Р, Б хоёр прокурорт мөнгө өгсөн л гэж байсан. Тэр хоёр яг хэдийг өгснийг мэдэхгүй, тэрийг Эн л сайн мэдэж байгаа. Эн тэрнээс хойш хүргэн ах Р-с ирж байнга мөнгө нэхдэг байсан. Манай хүргэн ах Н-д мөнгө өгөх гэж нэг эр үхрээ алж махалж зараад мөнгийг нь өгсөн, бас хашаанд нь байсан хар банзыг шал хийх гэж байсан бүгдийг нь аваад явсан. Тэрнээс хойш Н Р-аас мөнгө нэхэх нь чимээгүй болсон… Б-ээс би 400000 төгрөг авсан надад мөнгө цаасны хэрэгтэй байна гэж хэлсэн чинь хэргээ даах юм бол чи энэ мөнгийг ав гэсэн гэжээ. /х.х- 53-54/

Р мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:
2004 оны хавар 5 сард Э манай эхнэрийн дүү байгаа юм бас Са буюу Б нартай урд нь миний ээжийн гарыг хугалж байсан Н гэх залуугийн үхэрнээс өс санаж нэг үхэр мөн П гэх хүний үхрээс нэг үхэр тус тус хулгайлж авсан. Ингээд Б-н фургонтой явж хулгай хийсэн юм. Тэгээд энэ хулгайн хэрэгт тэр оныхоо 10 сарын үеэр … сумын цагдаад баригдаад 11 сарын эхээр шалгагдаж байгаад … сумын сум дундын прокурор руу шилжсэн тэнд С прокурор дээр очсон. Тэр үед хамаатны Эн гэдэг хүнд хэргийнхээ талаар хэлээд таньж мэддэг хүн байвал яриад өгөөч гэж хэлсэн. Тэгээд Н чамд 500000 төгрөг байгаа юм уу гэсэн тэгэхээр нь би надад одоо юм алга та аргалаад өгчих гэсэн тэгэхэд би өгчихье гээд бид хоёр цуг С-ийн өөрийн баарны гадаа нь очоод би гадаа нь хүлээж байгаад 20 минут орчим болоод гарч ирээд за өгчихлөө шүү надад таван зууг өгөөрэй гэсэн. Тэгээд хойш нээх удалгүй 10 шахуу хоноод С Б бид хоёрыг та хоёр сум руугаа гэр рүүгээ явж бай гэсэн. Харин Э үлдсэн гэжээ. /х.х- 111/
Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:
.. 2003 оны хавар 5 сарын үед Э над дээр ирээд 2 үхрийн мах ачаад өг гээд гуйгаад нь … гэдэг газар байдаг өвөлжөөн дээр очиж пүнзнээс нь 2 үхрийн мах ачиж аймгийн төвд зах дээр хүргэж өгсөн… Тэгээд намар … сум дээр би согтуудаа тэр хэргийн талаар хүнд хэлчихсэн чинь энэ хэрэг илрээд … сумын цагдаа дээр шалгагдаад тэнд байхдаа бид гурав хэргээ хүлээсэн тэгээд …сум руу очоод бид гурав тохироод Э хэргээ даахаар болоод би Э-д 300000 арай хүрэхгүй төгрөг өгөөд Р харин Эн-д мөнгө өгөхөөр болсон гэжээ. /х.х- 121/
Эн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:
…тэр жилийн намар Р сумын цагдаа дээр байсантай тааралдсан юм. Юу хийж байгаа талаар асуухад энд нэг асуудалтай болчихоод явж байна гэсэн. Тэгээд сүүлд …суман дээр байхад Р надтай уулзаад бид гурав … дээр О байцаагч дээр байгаа одоо прокурор луу шилжинэ гэнэ, та хэлж яриад өгөөч бас ээж нь буюу Я эгч гуйгаад арга чарга юу байна хэлээд өгөөч гээд байхаар нь би хэлээд үзье уулзъя гэсэн. Тэгээд би С-тэй яриад учраа хэлээд манай нөхрийн хамаатны нэг хүн хэрэгт холбогдчихжээ, тэгээд эгч нь чамтай уулзах хэрэг байна гэсэн чинь С өө тийм үү за тэгвэл хүрээд ирэхгүй юу гэсэн. Тэгээд би угаасаа … явах ажилтай байсан болохоор замаараа түүгээр дайрдаг учраас тэр далимаараа уулзъя гэж бодоод Р, Б хоёртой цуг фургонтой явсан. Тэгээд замдаа С-ийн бааран дээр очсон, гэр нь угаасаа цуг байдаг юм билээ. С гэртээ байсан… Тэгээд би өөрөө орж уулзаад Р, Б хоёр гадаа фургондоо үлдсэн. Орж уулзаад би хэлэхдээ баз ахын чинь хамаатан байгаа юм эгч нь нэг 500000 төгрөгтэй л ирлээ гэхэд… ёстой хэцүү шүү дээ за яахав би таныг бодоод л тус больё… гээд 500000 төгрөгийг авсан. .. Гарч ирээд тэр хоёрт 500000 төгрөг өгчихлөө шүү ямар ч гэсэн авчихсан юм чинь гайгүй байлгүй дээ гэсэн. .. Р-ээс дараа нь увуулж цувуулаад мөнгөө авсан. Нэлээд удаж байж цувуулж өгсөн. Нэг намар үхрээ махалж хот руу явж зараад нэлээн хэдэн төгрөг, гурван зуу байхаа өгсөн, сүүлд нь хашаандаа байсан 4м-ийн урттай хар банзнаасаа 30-н хэдэн ширхгийг өгөөд л тооцоо дууссан гэжээ. /х.х-127/
Гэрч Ж мэдүүлэхдээ :
…манай дүү Э, манай нөхөр Р бас Б гэдэг залуу гурвуулаа нийлж байгаад айлын 2 үхэр хулгайлж махлаад зарсан юм шиг байгаа юм. Тэр 3 сумын төв дээр шалгагдаж байгаад дараа нь … руу явсан… нэг өдөр манай нөхөр Б хоёр түрүүлээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь яасан гэсэн чинь одоо гайгүй, ялгүй гарч ирлээ гэсэн. Тэгээд Эн эмчид мөнгө өгөхөөр болсон. 500000 төгрөг өгөхөөр болсон юм шиг байгаа юм. С гэдэг хүнд Эн манай нөхрийн өмнөөс мөнгө өгсөн юм шиг байна лээ. Эн эмчийг гуйсан юм. Тэр мөнгийг өгөхийн тулд нас гүйцсэн хайнагийн эр үхрээ махалж зараад өгсөн. Бас хашаандаа байсан хар банзийг өгсөн. Увуулж цувуулаад л өгсөн гэжээ. /х.х-62/
Хавтаст хэргийн 53-55, 111-117, 127-141, 60-62, 67, 336-467, 91-93, 119, 190, 295-299, 302-306, 411, 533-534, 541-544 хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч С нь … аймгийн сум дундын прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байхдаа 2003 оны 12 сард Эн-ийн гуйлтаар “тус больё” гэж урьдчилан амлаж Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дах хэсэгт заасан хэрэгт холбогдож хэрэг нь прокурорт шилжин ирсэн Р, Б, Э. нарын хэргийг хуульд заасан үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж улмаар Эн-ээр дамжуулан тэд нараас 500000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан Э-ийн мэдүүлэг /х.х-53-55/, Р-ын мэдүүлэг /х.х-11-117/, Б-ын мэдүүлэг /х.х-121-123/, Эн-ийн мэдүүлэг /х.х-127-141/, гэрч Ж-ийн мэдүүлэг /х.х-62/, гэрч С-ийн мэдүүлэг /х.х-67/, гэрч Р-ын мэдүүлэг /х.х-60/, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 2003 оны 12-р сарын 22-ны өдрийн 30 дугаар тогтоол, 2004 оны 01-р сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоол болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгч С-ийн гэмт хэрэг үйлдэж олсон 500000 төгрөгийг хураах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар С хахууль авсан гэдэг нь тогтоогдоогүй эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13.2 дах хэсэгт зааснаар яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд үүнийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С-г хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар С-г прокурорын ажил эрхлэх эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт зааснаар С-с 500000 төгрөгийг хурааж улсын орлого болгосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн …дугаарын номертой 0-2 маркийн цагаан өнгийн … сериалын дугаартай 8997 6990 4101 8617 307F дугаар бүхий СИМ карттай ,… дугаарын цагаан өнгийн батрейтай гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч С нь торгуулийн ялаас ноцтойгоор зайлсхийвэл Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дах хэсэгт зааснаар торгох ялыг хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С-д авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ИЧИНХОРЛОО