Хан-уул дүүргийн шүүхийн 89 дүгээр шийтгэх тогтоол

A- A A+
Хан-уул дүүргийн шүүхийн 89 дүгээр шийтгэх тогтоол
Эрүүгийн хэргийн төрөл, зүйл хэсэг: 148.3, 175.3, 268.2, 269.2-Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх, Хээл хахууль авах, Хээл хахууль өгөх

ШИЙТГЭХ ТОГТООЛ

2008 оны 05 дүгээр                                          Дугаар 89                                            Улаанбаатар хот
сарын 29-ний өдөр

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, шүүгч П.Туяат, Н.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бямбабаатар
Улсын яллагч: П.Оюунцэцэг
Иргэдийн төлөөлөгч: Т.Бадамгарав, Л.Чимэдлхам, С.Бямбадорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Энхчулуу, Р.Оюунцэцэг, Б.Цолмон
Иргэний нэхэмжлэгч: Н.Уранчимэг,
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Урангэрэл
Хохирогч О
Шинжээч А.Азжаргал
Гэрч: Д, А. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэг, 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэг, 268 дугаар зүйлийн 268.1, 268.2 дахь хэсэг, 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б, Т, Ц нарт холбогдох эрүүгийн 20806318 тоот эрүүгийн хэргийг 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Б: … онд Улаанбаатар хотод төрсөн, … настай, Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, социологич мэргэжилтэй, ам бүл …, эхнэр, хүүхдийн хамт … дүүргийн … дугаар хороо, … тоотод оршин суух, тодорхой эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Ц: …онд Улаанбаатар хотод төрсөн, …настай, Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл .., эхнэр, … хүүхдийн хамт ..дүүргийн … хороо, … тоотод оршин суух, хэрэг үйлдэх үедээ Тагнуулын Ерөнхий газрын … аймаг дахь Тагнуулын газарт ажиллаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Т: …онд Улаанбаатар хотод төрсөн, … настай, Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, ам бүл …, эхнэр, хүүхдийн хамт … дүүргийн … хороо, …тоотод оршин суух, хэрэг үйлдэх үедээ … гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Б нь 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хамтран амьдрагч О-с 453800 ам. доллар буюу 531054912 төгрөгийг “урагшаа явж эргэлдүүлнэ” хэмээн хэлж, итгэлийг нь эвдэх замаар залилж, онц их хэмжээний хохирол учруулсан, дээрх мөнгийг 3249200 юань болгон солиулж, онц их хэмжээний валютыг Монгол улсын хилээр хууль бусаар гарахын тулд 2008 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр …ийн Гаалийн газрын гаалийн байцаагч Т-д 500000 төгрөгийн хээл хахууль өгсөн, 2008 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр тагнуулын ажилтан Ц-д 1 сая төгрөг, 10000 юань буюу 16100000 төгрөгийн хээл хахууль өгсөн, 2008 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр онц их хэмжээний валют буюу 324200 юанийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт,
Шүүгдэгч Ц нь Тагнуулын ерөнхий газрын … аймаг дахь Тагнуулын газрын тагнуулын ажилтнаар ажиллаж байхдаа Б-г …ийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч Т-д 500000 төгрөгийн хээл хахууль өгч, 2008 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 453800 ам. доллартай тэнцэх 3249200 юанийг Монгол улсын хилээр хууль бусаар гаргасан үйлдлийг урьдаар мэдсэн атал таслан зогсоохын оронд 2008 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын “Солонго” хоолны газарт Б-тэй уулзаж, дээрх үйлдлийг нь илчлэхгүй байхаар буюу албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, хясан боогдуулах замаар түүнээс 1 сая төгрөг, 100000 юань буюу 16100000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Т нь …ийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа холбогдох хууль журмыг зөрчин, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж буюу Б-р гаалийн зохих бүрдүүлэлт хийлгэлгүйгээр 3249200 юанийг Монгол улсын хилээр хууль бусаар гаргуулж, түүнээс 500000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ:
2008 оны 1-р сарын эхээр 671400 долларыг У, эхнэр О нартай хамт Эрээн хот руу авч явсан. Тэнд очоод долларыг юань болгоод ирж буцаад ирсэн. 19-нд 453800 долларыг авч Эрээнд очиход урьд нь цагаан сарын өмнө ийм хэмжээний долларыг юань болгоод гарч болж байсан мөртлөө 2 хоногийн дараа гаргахгүй болсон байсан. Авч явсан доллароо 3249000 юань болгоод тэр өдөртөө Замын-Үүдийн тээшинд юмаа хийж, хоносон. Маргааш нь хил гарахаар очиж деклараци авч яваа мөнгөө үнэн зөвөөр нь бичээд нэвтрэх гэтэл нэвтрүүлэхгүй бүрдүүлэлт хийх, хүн амын орлогын албан татварын дэвтэр гээд 2 давхарт очиж уулз гэсэн. Тэгэхээр нь 2 давхарт гартал нөгөө хүн нь байхгүй байхаар нь дахин доошоо бууж бүрдүүлэлтийн тасгийн тэнд очиж Ө эгч рүү залгаж терроризмтой тэмцэх тухай ямар хууль гараад гаргахгүй болсон талаар асуух санаатай залгасан чинь нөхөр Л авахаар нь хил гаргахгүй байна хүн амын орлогын албан татварыг дэвтэр олж чадах уу гэхэд болно гэж хэлэхээр нь Ө эгчийн утсыг нь авсан. Тэгээд залгахад хуралтай байна ярьж байгааг чинь ойлгохгүй байна, би нэг хүн явуулъя гасэн. Тэгээд удалгүй нэг залуу ирж Т гэдэг байцаагчтай уулзуулсан. Тэгээд учир байдлаа хэлэхэд тэрээр намайг өрөөндөө оруулж суулгаад Ө эгч гуйсан болохоор бүтээж өгье гээд паспорт аваад 5 цаг 40 минутын үед орж ирээд сүүлийн машин явах гэж байна гээд намайг машинд суулгасан. Тэгээд машинд суугаад паспортоо харсан чинь штамп дарагдсан байсан. Намайг хилээр гарах асуудлыг бүтээж өгсөн болохоор 500000 төгрөгийг өгөхөд авахгүй байхаар нь Т-тэй цуг машинд суух гэж гарахдаа ширээн дээр нь тавиад гарсан. Улаан өнгийн жип машинд ороход 7-8 хүн чихэж суугаад хил гарсан. Их хэмжээний мөнгөтэй явж байсан болохоор тэр хүмүүстэй хамт ханиндаа Эрээнд очиж буудалд хоносон. 22-ны өдрийн 12 цагийн үед хоолонд орох гээд Солонго ресторанд хоолоо захиалчихаад сууж байтал нэг залуу Б гэж хэн бэ гэхэд нь би гэтэл уулзаадах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би Да, Д нарыг гараад байж бай гээд Ц орж ирээд үнэмлэхээ үзүүлж, хилээр яаж гарсан гэж асуухад Т гаргасан, их хэмжээний мөнгөтэй яваа хэний мөнгө бэ гэхэд нь эхнэр бид хоёрын мөнгө байгаа юм наймаа хийдэг гэж хэлсэн. Тэгээд болгоомжтой яваарай, хэрвээ өөр хүний мөнгө бол улсын орлого болдог юм гээд гарсан. 1 сая төгрөг, 100000 юаныг өгөөгүй. Хилээр буцаж гарвал хууль бусаар хил нэвтэрсэн гээд мөнгийг хураагаад авчих юм байна гэж бодоод Бээжин хот руу явсан. Таксины жолооч Өвөрмонголоос буудал асуухад нэг буудал хэлэхээр нь тэр буудалд буусан. 3-4 хоногийн дараа У, М нартай хамт орж ирсэн. Өвөрмонгол залуучууд бейсболын цохиур модоор зодож, мөнгөө гаргаад ир гэсэн. Цаасан хайрцагтай мөнгө, хар цүнхтэй мөнгийг Эрээнээс авсан чемоданд хийж, шүүгээнд хийсэн байсныг хэлсэн. Миний хувцасны энгэрийн карманд 20 хэдэн мянган юань байсныг аваад бид гурвыг өөр өөр өрөөнд оруулаад мөнгөний хайрцгийн кодыг хэлэхэд 3 сая 50000 юанийг авсан. 10 минутын дараа гаргаж микрод суулгаж их хөлийн газарт буу гээд мөнгийг өгөөд хэрвээ ямар нэгэн асуудал гаргавал хаанаас ч хамаагүй олоод ална шүү гэж хэлсэн. М ах газар, тэнгэрээр аль ч байсан хамаагүй явъя гэхэд У эгч бид гурвын паспортыг авсан гэж хэлсэн. Тэгээд бид 3 Бээжинд хэд хоносон. Монголын элчингийн үүдэнд очиж буудалд нь орох гэхэд У эгч эхлээд ороод 2 өрөө байна та хоёр хамтдаа нэг өрөөнд орчих, би энд ганцаараа хонъё гэж хэлсэн. Мөнгөө тоолох уу гэхэд одоо яах бэ маргааш өглөө болъё гэсэн. Тэгээд өглөө нь бид хоёр босоод У эгчийн байсан өрөөнд ороход хаалга нь түгжээтэй У эгч байхгүй байсан. Тэгэхээр нь тэр хавиар хайсан боловч олдоогүй. Удалгүй У эгч ирж нөгөө үлдсэн мөнгийг банкаар гуйвуулчихлаа бүгдээрээ одоо явъя гэсэн. Түүнээс хойш цүнхтэй мөнгийг хараагүй. Буудалд байхад нь би цагдаад хандаж мөнгөө олж авах талаар өргөдөл гаргая гэхэд У эгч найз руугаа утасдаад хамтдаа уулзаад М ах бид хоёрыг гараад байж бай гэсэн тэгээд ороод ир гээд 3 хуудас материалыг бичвэрийн хэсгийг дарсан энэ дээр гарын үсэг зур Бээжингийн цагдаад гаргах өргөдөл байгаа юм гээд гарын үсэг зуруулсан. Энэ баталгаа гээд байгаа нь У эгч өөрөө бичиж надаар болон М ахаар гарын үсэг зуруулсан бичиг байгаа юм. Бүгдээрээ одоо Эрээн оръё Монголдоо очсонтой ялгаа юу байна гээд яваад Замын-Үүдийн Эрээний цагдаа дээр 1 хоноод Монголд ирсэн. Ийм л юм болсон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т мэдүүлэхдээ:
2008 оны 1-р сарын сүүлээр хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр ажлаа хийж байтал Од утасдаж наана чинь Ч-ийн найз нь гарах гээд болохгүй байна. Чи нэг уулзаадах гэсэн. Бүрдүүлэлт хаасан байсан. Их хэмжээний мөнгөтэй согтуу явж байхаар нь ингэж явж болохгүй. Ийм мөнгөтэй явж байгаа хүмүүс деклараци дээр үнэн зөвөөр мэдүүлээд гардаг байсан. Тэгэхээр нь доошоо бууж Цр байцаагчтай уулзахад 10 минутын дараа хил хаалаа сүүлчийн машин гэхээр нь дээшээ гараад Б-д хэлэхэд хил гаргасанд баярлалаа гээд 5000-тын дэвсгэртэй 1 боодол 500000 төгрөг өгөх гэхэд нь 2-3 удаа буцаагаад түлхээд хайрцагтай мөнгийг нь аваад Б-г өрөөнөөс гаргаад хаалгаа түгжээд доошоо буугаад машинд суулгаад өрөөндөө буцаад ороод ирсэн чинь ширээн дээр нөгөө мөнгө нь байхаар нь сейфиндээ хийсэн. Эрээн орчихоод эргэж уулзана гэхээр нь хадгалж байсан. Жигүүр грандад ажилладаг материал авах гэж явж байна гэхээр нь тусалсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц мэдүүлэхдээ:
Би 1-р сарын 15-нд … аймгийн хилийн цэргийн 46-р отрядад ажиллахаар томилогдож 15-16-нд ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон. Тэгээд жоохон юм цуглуулах гэж …ын боомтоор Эрээн орсон. Тэгээд 2 хоноод хоол идэх гээд сууж байтал хилийн цэргийн ангийн Ад-с их хэмжээний мөнгөтэй хүн хил гарсан тухай яриа сонсогдсон. Маргааш нь Солонго зоогийн газар хоол идэх гээд сууж байтал шоотой цамцтай явж байгаа гэхээр нь гаднах байдлаар нь Б-г таньсан. Хаалгыг нь цохиод Б гэж хүн байна уу гэж асуухад би байна гэхээр нь уулзъя гэхэд Б хамт сууж байсан 2 хүнийг гаргаад уулзсан. Ажлын газрынхаа үнэмлэхийг үзүүлээд юун мөнгөтэй явж байгаа юм, хэний мөнгө бэ гэхэд Б авгай бид хоёрын мөнгө юм наймаа хийх гэж ирсэн гэсэн. Тэгэхээр нь их хэмжээний мөнгө хэнээр гаргуулсан бэ гэхэд Т-р гаргуулсан гэж хэлсэн. Тэгээд мөнгөтэй явж байж архи ууж болж байгаа юм уу, болгоомжтой яваарай гэж хэлсэн. Б-н мөнгө төгрөгийг хараагүй, ямар ч мөнгө аваагүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч У мэдүүлэхдээ:
2008 оны 1-р сарын 10-ны өдөр А-н дүү О-д хүүгүйгээр 453800 ам.доллар зээлдүүлсэн. Энэ нь тухайн үеийн ханшаар 533215000 төгрөг болж байсан. Албан ёсны гэрээ хийгээгүй сүүлд нь нөхөж О-тэй гэрээ хийсэн. Энэ мөнгөний хувьд Эр, Од, Ар, Бя-с 5000 ам.доллар авсан байсны буцаан төлсөн. Мөн Хо-оос 13 сая төгрөг зээлж авсныг би өөрөө буцаан төлсөн. Т гэх хүний авч явсан мөнгөнд Эр, Од 2-оос 45 сая төгрөг, Ар-аас 1400000 төгрөг зээлж авсан. Эдгээр нь төлөгдөөгүй байгаа. Анх О 590000 ам.доллар зээлсэн, 140000 долларыг буцааж авсан, үлдэгдэл мөнгөн дээр гэрээ хийсэн. Т энэ мөнгийг аваад Макао яваад тэнд рулет тоглох гэж байсан гэж надад ярьсан. Мөнгө өгөх хугацаа болсон тул 2008 оны 1-р сарын 20-ны өдөр О-с мөнгөө шаардахад тэрээр манай нөхөр Т нэг удаа том эргэлдүүлээд өгнө гээд мөнгийг чинь авч явсан, маргааш нөгөөдрөөс өгье бид нарын хийх гэж байсан ажил бүтээгүй та тайван байж бай гээд надад хэлсэн. Ингээд 21-ны өдөр Т яваад сураггүй болчихлоо, түүний хойноос ах М, А 2 Замын-Үүд руу явсан гэж хэлсэн. Тэд 22-ны өглөө …боомт дээр очоод Ня гэх хүнээр шалганаар Т-г гарсан эсэхийг шалгуулахад улсын хилээр гараагүй байна гэж мэдсэн. Цагдаагийн байгуллагад хандаад 2008 оны 1-р сарын 22-ны орой 17 цаг 50 минутад БНХАУ руу гарсан болохыг хятадын хилийн бүртгэлээс мэдсэн талаар надад хэлсэн. 2008 оны 1 дүгээр сарын 22-ны үдээс хойш Тө гэх хүн … дугаартай утаснаас О руу яриад түүнийг уулз гэсний дагуу очиход манай харъяа агентлагийн ажилтан Ог, гаалийн байцаагч Т нарт хэлээд Б-г улсын хилээр гаргаад өгсөн чинь хүмүүс баллаад хаячихлаа гэж хэлсэн. Тэгээд … цагдаагийн даргатай яриад үүсээд байгаа асуудлын талаар мэдэгдээрэй гэж хэлсэн байсан. Ингээд 2008 оны 1-р сарын 23-ны орой би … рүү яваад 24-ны өдөр хүргэн ах М-тэй хамт Бээжин рүү явсан 25-нд Бээжинд очсон. Б 200000 гаруй юаныг хил, гааль, тагнуулынханд өгсөн. 550000 орчим юанийг Өвөр Монголчуудад дээрэмдүүлсэн гэж хэлсэн. Би өөрт учирсан хохирол 750000 юань буюу 124500000 төгрөгийг нэхэмжлэнэ гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О-н мэдүүлэгт:
2008 оны 1-р сарын эхээр Б надад чи У эгчтэйгээ яриач, чи бага хүүтэйгээр У эгчээсээ 10-20 сая төгрөг зээлээч хоёрын хооронд 4-5 сая төгрөгтэй Найман шарга дээр зогсож байснаас ахиухан мөнгөтэй зогсох нь дээр юм биш үү гэж хэлж байсан. Ингээд би У эгчээс 590.000 ам.доллар авсан. Хүү яриагүй, 10 хоног хэрэглэж байгаарай гэж өгсөн юм. 2 хоногийн дараа У эгч мөнгөний хэрэг боллоо гээд 140000 ам.долларыг буцааж авсан Ингээд Б бид хоёрын гар дээр 450000 ам.доллар үлдсэн. 2008 оны 1-р сарын 18,19-ны өдрийн аль нэгэнд Б-д 453800 ам.доллар өгөөд явуулсан. Явсан даруйдаа мөнгөө солиулаад Замын Үүд дээр ирлээ гэж ярьж байсан. Б надад чи нэг боломж олгочих, би урагшаа хятад яваад ирье гэж хэлсэн. Б бид хоёр цаашдаа хамтдаа амьдарч орон сууцтай болно гэж төлөвлөж байсан тул би түүнд итгэсэн. Б явснаас хойш 2 хоноод над руу ярьж явсан ажил маань бүтсэнгүй тул өнөөдөр орой хот руу буцлаа гэж Замын Үүдээс төлбөртэй утаснаас ярьсан. Маргааш өглөө дахин вагоноос хоцорчихлоо билет аваад явж байна гэхээр нь урагшаа гарсан юм байх гээд хилийн комьютерт шүүлгэж үзэхэд гарсан тухай бүртгэгдээгүй байна гэж хэлсэн. Хилээр гарахдаа Б нь Т гэх хүнд 500000 төгрөг өгсөн гэж хэлж байсан. Т нь Б-ын паспортон дээр штамп даруулсан гэж хэлсэн. У-аас зээлсэн мөнгөнөөс анх 140000 ам.доллар, Бээжин явахад нь 10000 юань Бээжинд очсон хойно нь 2000 юань зэргийг буцааж өгсөн байгаа. Б бид хоёр хэн хэн нь нэг ч төгрөггүй байхдаа нийлж хүмүүсээс мөнгө зээлж Найман шарга валютын зах дээр арилжаа хийж олсон 3800 ам.доллар байсан юм. Б-с мөнгө төгрөг нэхэмжлэхгүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д мэдүүлэхдээ:
Да, Б ах бид 3 хоолны тусгай өрөөнд орж ирээд уг өрөөний буланд цүнхтэй мөнгийг тавиад дээр нь цаасан хайрцагтай зүйлийг тавьсан байсан. Б-тэй уулзсан хүн гараад явсны дараа Да бид хоёр хоолны тусгай өрөөнд орж хоолоо идэх гэхэд Б ах юун хоол наад хоолоо орхи саяны хүн тагнуулын ажилтан байна. Замын Үүд Эрээнд байсан бүх асуудлыг мэдэж байна. Надад 30 минутын хугацаа өгсөн. Хурдан гаръя гэхэд би цүнхтэй мөнгийг авах гээд очтол цүнхтэй мөнгөний дээр тавьсан цаасан хайрцаган дотор хийсэн пиво Б ахын өмд зэргийг гаргаад хажууд нь тавьсан байсан. Б ахаас цаасан хайрцгаа онгойлгосон юм уу гэхэд саяны хүнд мөнгө өгсөн юм гэж хэлсэн. Энэ бүдүүн нөхөр тагнуулын ажилтан гэж Б ахтай уулзсан хүн мөн байна. Тухайн үед энэ хүн ногоон цоохор олон халаастай цэргийн хувцастай байсан гэжээ. /ХХ 392-393х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ат-ийн өгсөн мэдүүлэгт:
Намайг ээлжтэй байхад 2008 оны 1-р сарын 19, 21-ний өдрүүдийн аль нэгэнд нь байх нэг залуу билет авна гээд 2 хүний хамт гарч яваад 2 цаг 30 минутын үед ирж 207 тоот өрөө сулрахад энэ өрөөнд орсон. Энэ өрөөнд орохдоо би хүнтэй уулзах ажилтай, намайг хүн сураглаад ирвэл байхгүй гэж хэлээрэй гэж захиад билетийг зараад өгөөч гэж 22 цагийн суудлын билетээ надад үлдээсэн юм. Ингээд түүнийг ороод удаагүй байхад урьд нь ирж байсан 2 эмэгтэй түүнийг асууж ирсэн. Манай буудлын дүрэмд хувь хүний нууцыг хадгална гэсэн дүрэмтэй тул би тэр 2 эгчид өндөр залууг эргэж ирээгүй гэж хэлээд явуулсан. Тэр 2 эмэгтэй явсны дараа Замын Үүдийн бололтой 160 см өндөртэй, туранхайвтар эмэгтэй ирсэн. Тэд 10-аад лааз 500 гр-ын Хан брой авсан. Өглөө 8-9 цагийн үед тооцоо хийж 300 юань өгсөн. Би хариултыг Монгол мөнгөөр өгсөн. Тэр залууд билетийг нь зарагдаагүй гэж ирсэн өдрийнх нь орой суудал явахаас өмнө өгч байхад нөгөө хүүхэнд ачаагаа тээшинд байгаа гэж хэлж байсан гэжээ. /ХХ 22-23х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Да-ын мэдүүлэгт:
2008 оны 1-р сарын 21-ний өдөр би Эрээнд 1 бааранд найз Д-тэй хамт орж суусан. Бид хоёрын сууж байсан ширээн дээр өндөр нуруутай ах хүрч ирээд бид хоёртой танилцаад ахын хоёр дүү хоёулаа явж байгаа юм уу, ах нь ганцаараа байна цуг сууя ганцаараа уйдаад байна гэж хэлээд өөрийгөө Б-гий гэж танилцуулсан. Тэгээд бид хоёрыг дайлна гээд таксинд суулгаад Кентей буудалд худалдаж авсан хүүхэнтэй унтахаар орсон. Бид хоёр ч гэсэн тэр буудалд хоносон. Маргааш нь 1-р сарын 22-ны өглөө Б ах Д бид 3 Солонго гэдэг зоогийн газар руу хоол идэхээр орсон. Тэгээд тусгай өрөөнд орж хоол захиалаад байж байтал нэг хүн хаалгаар шагайгаад Б ахыг дагуулж гараад буцаж хамтдаа орж ирээд бид хоёрыг гарч бай гэж хэлээд тэр хоёр уулзахаар үлдсэн. Тэгээд 10 орчим минутын дараа нөгөө хүн түрүүлж гарч ирээд явсан. Бид хоёр өрөө рүүгээ ороход Б ах нилээд яарчихсан хоолоо ч идэхгүй намайг 30 минутын дотор яв гэсэн хугацаа өгсөн ах нь явахгүй бол болохгүй байна. Би түүнээс юун хүн юм бэ гэж асуухад тагнуулын хүн гэж байсан. Б ах явахаар боллоо гээд өрөөнөөс гарах гэж байхад түүний юань хийж байсан хайрцаг нь задарсан байсныг манай найз Д хараад та энэ хайрцгаа задалчихсан юм уу гэж асуухад тэрээр түрүүний хүнд мөнгө өгсөн юм гэж хэлж байсан. 1 цагаан хайрцаганд дүүрэн 100-тын дэвсгэртийн боодолтой юань хийж байхыг би харсан юм. Мөн 1 ширхэг чемодан байсан ба дотор нь бас мөнгө хийсэн гэж хэлсэн Бид хоёрт ах нь машин зардаг бүгдийг нь зарчихаад Макаод болох покерын тэмцээнд оролцохоор явж байна гэж хэлсэн. Би өөрийнхөө паспорт, 900 юанийг барьцаанд тавьсан байсан тул Б ахаас 1000 юань гуйж авсан. Ямар ч байсан буудалд байсан хүнтэй тоглоод 50000 юань алдсан гэж ярьсан. Б ах хөлсөлж авсан машинаараа Бээжин явлаа гээд явчихсан гэжээ. /ХХ 24-25, 219-220х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л-ын мэдүүлэгт:
2008 оны 1-р сарын 21-нд ажил тарах гээд 17 цаг 30 минутын үед гаалийн улсын байцаагч Ма, найз Оч, өндөр залуу настайвтар нэг эрэгтэй хүний хамт Ба гэх хүн эхнэрийн улаан жип машинаар Эрээн рүү гарсан юм. Тэр өндөр залууг манай гаалийн байцаагч Т машины жолоочид хэлж суулгасан. Оч тэр залуугийн хайрцагтай зүйлийг үүрчихсэн тэр залуу дугуйтай хар цүнх чирж ирсэн. Бид миний машинаар Кентей буудалд очсон. Оч Б-тэй 510 тоот өрөөнд орсон. Эхнэр маань дахин утасдаж нөгөө Б гэх залуу чинь машин дотор орчихоод мөнгөө цацаад байна гэсэн. Цацсан мөнгийг нь тоолоход 3 боодол 100-тын дэвсгэртэй 30000 юань, 1 боодол 10000-ын дэвсгэрт буюу 1 сая төгрөг байсан. Машин дотор мөнгө цацаж байхдаа би Бээжин явж байгаа гэж хэлсэн. Хоолны мөнгийг Б төлсөн. 200 юань болсон гэжээ. /ХХ 27-28х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Од-ийн мэдүүлэгт:
2008 оны 1-р срын дунд үеэр миний хуурай эгч Ө Улаанбаатар хотоос надруу утсаар ярьж Ч ахын чинь найз наана чинь янз бүрийн бараатай явж байгаад гааль дээр ямар нэг асуудалтай болсон байна. Миний дүү очиж уулзаад туслаад өгөөч гэж хэлээд надад утасны дугаарыг өгсөн. Би тэр хүнтэй уулзахаар хилийн автозамын шалган нэвтрүүлэх боомт дээр очоод утсаар нь өөртэй нь ярьсан. Өндөр нуруутай 25-30 орчим насны залуу байсан бөгөөд өөрийгөө … компаний менежер ажилтай урагшаа барилгын материал татах гээд явж байгаа юм. Гэтэл миний авч явж байгаа мөнгийг улсын хилээр өнөөдөр гаргах хэмжээнээс их байна гээд гаргахгүй байна. л гарчихмаар байна цаад талын хүмүүс Эрээн дээр ирчхээд маргааш буцах гэж байна гэж хэлсэн. Зохих журмын дагуу гаргах гэхээр банкаар гуйвуулдаг юм байна. Лу-тай ярьсан чинь маргааш бол гээд байна гэж ярьж байсан. Тэгээд гаалийн байцаагч Т-эй яриад тэр хүнийг мөнгөтэй нь хамт улсын хилээр гаргахад нь тусалсан. Т өөрөө гаргасан. Хилээр гарч болохгүй, их хэмжээний мөнгөтэй яваа гэдгийг нь мэдсэн. Бид 3 Т-ийн өрөөнд хамтдаа орцгоосон. Т чиний авч яваа мөнгө их хэмжээтэй байна, хууль ёсны дагуу гарч болохгүй юу гэхэд тэр залуу зайлшгүй гарах шаардлага байна гэж хэлсэн. Т за яахав Ө эгч ярьж байгаа учраас чамд туслахаас өөр арга алга гээд Ө эгчийн хүүхэд Ч-тэй тэр залуу найзын харилцаатай талаар ярьж байсан. Тэгээд хил хаах болсон учир Т за гарцгаая гээд Б-ын хайрцагтай эд зүйлсийг тэврээд гарсан. Б цүнхээ чирээд би араас нь тэр өрөөнөөс гарсан юм. Тухайн үед Б нь Т-д хандаж маш их баярлалаа гэж хэлсэн. Т хэрэггүй яах гэсэн юм бэ гэж хоорондоо ярьж байхыг сонссон. Тухайн үед би буруу хараад хүнээс тамхи авах гээд сууж байсан. Тэр хүнийг явсны дараа Т-ийн өрөөнд ороод машинд бензин хийх гэсэн юм 10000 төгрөг өгөөч гэхэд түрийвчээ уудалж 20000 төгрөг гаргаж надад өгсөн. Ингээд би ажил руугаа явсан гэжээ. /ХХ 29, 216х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ад-гийн мэдүүлэгт:
2008 оны 1-р сарын 21-ний өдөр манайд Замын Үүдийн цогцолбор дээр байж байхад энэ Б нь хил гарах гээд цаасан хайрцагтай зүйл тэвэрсэн, сунгадаг хар чемодан чирчихсэн явж байсан. Б нь ирээд их хэмжээний юань хилээр яаж авч гардаг тухай асуусан. Тэгэхэд нь би Цэ, От гэх гаалийн байцаагч нар дээр очиж их хэмжээний валюттай хүн хилээр ямар журмаар гардаг юм бэ гэж асуусан. Тэд 20 сая төгрөгөөс дээш мөнгөтэй бол бүрдүүлэлт хийдэг юм гэж хэлсэн. Тэр үед хил хаах цаг болсон байсан. Би тэр Б-ын нэрийг деклараци бөглөх гээд паспортоо дэлгэчихсэн байхад нь нэрийг нь харж мэдсэн. Гаалийн байцаагч нар түүнд энэ их хэмжээний мөнгийг банкаар шилжүүлэхгүй яасан юм гэж хэлэхэд банкаар шилжүүлэхэд шимтгэл ихтэй байдаг юм гэж Отгонбаяр хэлж байсан гэжээ. /ХХ 31-32х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г-ын мэдүүлэгт:
2008 оны 1-р сарын 21-ны өдөр би Замын Үүдийн төв талбай дээрээс зорчигч аваад Эрээн хот руу гарах гээд өөрийн УАЗ-469 маркийн … УБГ машинтайгаа зогсож байхад таксигаар нэг өдөр залуу ирсэн. Тэр залуу урагшаа гарах уу гэхэд би тэгнэ гэж хэлсэн. Тэр залуу их хэмжээний бэлэн мөнгө авч явж байгаа, хүмүүстэй холилдон явмааргүй байна 300 юань өгье гэсэн. Хил дээр 14-15 цагийн үед очоод түүний цаасан хайрцагтай зүйлийг авч гааль дээр очсон. Цаасан хайрцагтай зүйл нь 3-4 кг орчим хүнд хар цүнхтэй зүйл нь нилээн хүнд байсан. Гаалийн байцаагч нар тэр залуугийн авч яваа юанийг тооний машин дээр бодоод 500 гаруй сая төгрөг байна гэж хэлж байсан. Надад 300 юань өгсөн гэжээ. /ХХ 33-34х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ад-ын мэдүүлэгт:
2008 оны эхээр Б-тэй утсаар 500000 төгрөг зээлэх боломж байна уу гэж ярьсан. Тэгтэл 2008 оны 1-р сарын дундуур үеэр 1 дэх өдөр Б нь утсаар яриад 500000 төгрөг чиний нэр дээр шилжүүлсэн шүү гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгө хэрэггүй болсон учраас эхнэр О-д дээрх мөнгийг банкнаас шууд авч өгсөн гэжээ. /ХХ 102х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө-ын мэдүүлэгт:
Б-тэй би Замын-Үүд дээр байна хилээр гарах үедээ деклараци дээр мөнгөтэй яваагаа бичсэн чинь цэнхэр дэвтэр банкны баримт нэхээд гаргахгүй байна. Тусалж чадах уу гэж ярьсан. Үдээс хойш өрөөндөө байж байхад … гэсэн дугаартай утаснаас Од энэ залууг чинь гаалиар гаргахгүй байгаа юу байна гэж ярьсан. Үүнээс нилээд хэд хоног өнгөрсний дараа Т надруу утсаар яриад Б гэж ямар хүн юм бэ өөрийгөө … ХХКомпанид ажилладаг их хэмжээний мөнгөтэй гаалиар гарсан. Тэр хүнийг хүмүүс сураад байна гэж надад хэлсэн. Хүү Ч-ээс Б юу хийж байгааг асуухад ченж хийж байгаа гэсэн гэжээ. /ХХ 118-119х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М-ийн мэдүүлэгт:
2008 оны 1-р сард манай авгайн дүү О надтай дайралдаад Б Замын Үүд явсан гэж ярьж байсан. Маргааш нь эхнэрийн дүү А Б их хэмжээний мөнгөтэй Замын Үүд явсан юм байна ирэх хугацаа нь болсон байхад одооо хүртэл ирэхгүй байна хамт Замын Үүд ороод ирье гэж надаас гуйсан гэжээ. /ХХ 192-193х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Са-ийн мэдүүлэгт:
2008 оны 1-р сарын 14-ны өдөр өндөр нуруутай залуу ирээд 160 сая төгрөг, 680000 юань солиулж нийт 277300 төгрөгийг эхнэр О-ийн дансанд хийсэн. Үүний дараа 2008 оны 1-р сарын 20-ны өдөр манай ажилтан Оу дээр ирж 10000 юань зарсан гэж хэлсэн гэжээ. /ХХ-206х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э-ын мэдүүлэгт:
Б Макао ороод 1 жил мөнгөө эргүүлэхэд нилээн сайхан амьдрана гэсэн. Тэгээд надтай хамт амьдарч байгаа залуугийн … дугаарын утсаар найз гэж хэлсэн хүнрүүгээ яриад би мөнгөө аваад явлаа урд нь ярьж байснаараа урагшаа явлаа гэхэд цаанаас нь болж байгаа юм уу гэсэн бололтой би шийдсэн гэж Б хэлээд байсан. Сүүлд нь дугаарыг нь харахад … гэсэн дугаар руу залгасан байсан гэжээ. /ХХ 221-223х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Я-ийн мэдүүлэгт:
Б хамаг мөнгөө аваад урагшаа гарсны урд өдөр О миний гар утас руу залгаад нөхөр маань наана чинь архи уугаад яваад байна. Их хэмжээний мөнгөтэй яваа чи манай нөхрийг олоод мөнгө төгрөг нь хаана байгааг олж ав гэсэн. Б нь миний утсаар 1 хүнтэй яриад би явмааргүй байна. Морсс дээр уулзъя гэж тохирч байсан. Би насанд хүрсэн хүн өнөөдөр явмааргүй байна гэсэн. Цаадуул чинь надад биш мөнгөндөө санаа зовж байгаа биз дээ, яваад очихоор намайг дахиад … явуулахгүй шүү дээ гээд яриад байсан гэжээ. /ХХ-225х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч-ийн мэдүүлэгт:
2008 оны 1-р сарын сүүлээр Б надтай 003 гэсэн гадаад дугаараар ярьсан Тэгээд Ч наагуур чинь юу болж байна, манай эхнэр чам руу ярьж байна уу гэсэн. Би ээжээс Б хүмүүсийн мөнгийг аваад хилээр гарч зугтаасан. Гарч явахдаа над руу яриад миний таньдаг хүмүүсээр хил гаргуулсан байна гэж сонссон зүйлээ хэлээд чи юу болж байгаа юм бэ олон хүнийг эвгүй байдалд оруулаад, одоо ир гэхэд би очвол яах бэ гэж надаас асуусан. Би юу л болов гэж ирээд хүмүүсийн мөнгийг буцааж өг гэж хэлсэн. Ч-ээ найз нь бодож байна болно, магадгүй ойрын хугацаанд очиж байж мэднэ, очихгүй ч байж мэднэ хэрэв очихгүй бол найзыгаа уучлаарай гэж хэлсэн гэжээ. /ХХ-285х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л-ийн мэдүүлэгт:
2008 оны эхээр цагаан сарын өмнө байсан, миний гар утас руу Б яриад би Замын Үүд суман дээр байна, хилээр гарах гэсэн чинь саатаад хүн амын орлогын албан татвар төлдөг цэнхэр дэвтэр хэрэгтэй байна та надад хүн амын орлогын албан татвар төлдөг цэнхэр дэвтэр нээж өгч чадах уу гэсэн. Би тэр дэвтрийг нээж өгөхөд болохгүй зүйл байхгүй, чиний иргэний үнэмлэх, зураг хэрэгтэй гэж хэлсэн. Би өнөөдөр заавал хилээр гарах шаардлагатай гэж хэлж байсан. Тухайн үед Б-г наймаа хийж байгаа юм байна гэж ойлгосон. Хувь хүмүүс өөрийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийж бараа улсын хилээр оруулж ирж байгаа тохиолдолд гаалийн газраас ХАОТ төлдөг дэвтрийн дугаарыг бичиж татварын газарт ирүүлдэг. Татварын байгууллага тухайн хүний дэвтрээр нь татвар төлүүлдэг юм гэжээ. /ХХ-284Х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Оч мэдүүлэгт:
2008 оны 1-р сарын 21-ны 18 цагийн орчим хил хааж байхад хил дээрээс Ба гэдэг жолоочтой улаан өнгийн жийпэнд суусан. Тухайн үед гаалийн байцаагч Т нэг залууг хамт авч яваач гээд машинд суулгасан. Тэр залуу бид хоёр покер тоглосон. Би түүнээс 200 гаруй юань хожсон. Мөн 20000 юань авсан. Нийт 22100 юань авсан. Түүнээс 2100 юань зээлдэж авсан. Цаасан хайрцагнаас мөнгө гаргаж өгч байсан ба тэнд их хэмжээний мөнгө байсан гэжээ./хх-52-53/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц-ийн мэдүүлэгт:
Би 2008 оны 1-р сарын 16 ны өдрөөс 31-ний өдөр хүртэл Замын Үүдийн гаалийн авто замын шалган нэвтрүүлэх цогцолборт Монголын хилээс гарах хэсэг дээр ажиллаж байсан. Манай шалганд ажилладаг Ад гэгч танайхаар их хэмжээний мөнгөтэй хүн хэрхэн яаж гардаг юм бэ гэж асуусан. Би түүнд 20 сая төгрөгөөс дээш мөнгөтэй бол гаалийн бүрдүүлэлт хийгээд банкны баримтаа бүрдүүлээд гарч болно гэж хэлсэн.15 цаг өнгөрч байхад Ад-гийн нөхрийн машинд сууж хил гарах гэж байсан залуу хүрч ирээд би 3240000 юаньтай хил гарах гэж байгаа юм гэж хэлээд мөнгөн дүнгээ зорчигчийн гаалийн мэдүүлэгт бичсэн гээд үзүүлсэн. Хуудсыг үзэхэд 3240000 гэсэн тоо бичсэн, нэр нь гаргагдахааргүй сараачиж бичсэн байсан. Би түүнд ингэж болохгүй гаалийн бүрдүүлэлт хий гээд гаалийн бүрдүүлэлтийн өрөөг зааж өгсөн. Тэр залуу цүнхтэй болон хайрцагтай юмаа жолоочид үлдээгээд бүрдүүлэлтийн өрөө рүү яваад алга болсон.17 цаг өнгөрч байхад нөгөө залуу дахин би гармаар байна, намайг Эрээн дээр барилгын мөнгө авах хүмүүс хүлээгээд байна, зорчигчийн хуудсан дээр бичээд гарч болдог биз дээ гэж уурлах аястай болохоор нь би түүнийг болохгүй зохих журмынхаа дагуу гарна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа гаалийн байцаагч Т хүрч ирээд энэ залуу яасан юм бэ уг нь зорчигчийн хуудсан дээр мөнгөө бичсэн байна гэж хэлсэн. Наадах чинь монгол мөнгөөр 500 сая төгрөгтэй явж байна. Гаалийн бүрдүүлэлт хий гээд буцаасан юм гэж хэлсэн. Ингэж байтал хил хаагдлаа гээд хүмүүс гарцгаасан. Энэ үед сүүлийн гарсан хүмүүстэй тэр залууг Т гаргаад явуулсан байсан. Манай журмаар 20 сая төгрөгөөс дээш мөнгөний дэвсгэрттэй яваа хувь хүн тухайн мөнгийг авч явахдаа банкны зөвшөөрлийн бичиг авч барааны гаалийн мэдүүлэг бичиж гарах ёстой. Ингэж хил нэвтэрхэд тухайн мөнгөнөөс ямар нэгэн татвар, шимтгэл төлдөггүй гэжээ. /ХХ-54х/
Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүдэгч Б нь 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр У, О нартай хамтран ашиг олох зорилгоор эргэлдүүлж байсан мөнгөний үлдэгдэл болох 453800 ам.долларыг өөрийн хамтран амьдрагч О-с валютын ханшны зөрүүгээс ашиг олох гэж авч яваад Замын Үүд болон БНХАУ-ын Эрээн Бээжин хотод өөрийн болон бусдын хэрэгцээнд зарж ашигласан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар хохирол учруулж байгаа үйлдэл мөн байна. Гэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үзэхэд энэ хэргийн хохирогч нь О биш У болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хохирогчоор У-г тогтоосон тогтоол болон мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор байцаасан болох нь хавтаст хэргийн 20-21 дугаар хуудсанд байна.
Б нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар хохирол учруулсан үйлдэл нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Э, Д, Да, Оч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Б нь авч явсан 453800 ам.долларыг юаниар солиулан авч явахдаа нийт 2 сая төгрөг 154400 юанийг бусдад өгч, хоол болон бусад зүйлд зарсан, хохирогч У нь 2500000 юанийг БНХАУ-ын Шангуун ХХК-ны дансанд тушаасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх 196-198/
Иймд Б-с дээрх мөнгөний үлдэгдэл болох 104580 ам.доллар буюу 122776920 төгрөгийг гаргуулан хохирогч У-д олгох нь зүйтэй байна.
Мөн дээрх онц их хэмжээний гадаад валютыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь гэрч Од, Ад,Ө, П нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Улсын хилээр онц их хэмжээний гадаад валютыг нэвтрүүлэхдээ гаалийн улсын байцаагч Т-д 500000 төгрөгийн хахууль өгсөн, хил нэвтэрсний дараа дээрх бүх байдлыг мэдсэн тагнуулын албаны ажилтан Ц-д 1 сая төгрөг, 100000 юань буюу 16100000 төгрөгийг хээл хахууль өгсөн хээл хахууль өгсөн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц нь 2008 оны 1-р сарын 22-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын “Солонго” хоолны газарт Б-тэй уулзаж түүнийг хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрүүлж, илчлэхгүй байхаар амлаж, хясан боогдуулах замаар их хэмжээний буюу 1 сая төгрөг, 100000 юань буюу 16100000 төгрөгийн хээл хахууль авсан болох нь гэрч Д, Да нарын, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б-ын өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т нь …ийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж Б-р гаалийн зохих бүрдүүлэлт хийлгэлгүйгээр 3249200 юанийг Монгол улсын хилээр хууль бусаар гаргуулж түүнээс 500000 төгрөгийн хээл хахууль авсан болох нь шүүгдэгч Б болон өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйлийн 148.3 дах хэсэг, 269-р зүйлийн 269.2 дах хэсэг, 175-р зүйлийн 175.3 дах хэсэгт зааснаар, Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдэж олсон шүүгдэгч Ц-ын 16100000 төгрөг, Т-ийн 500000 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн дүгээр 283, 296, 297, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Б-ыг бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэгт, бусдад хээл хахууль өгсөн гэмт хэрэгт, онц их хэмжээний валютыг хууль бусаар Монгол улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт,
Ц-ыг хясан боогдуулах замаар их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэгт,
Т-г албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж хээл хахууль авсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн12.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаарх 1 /нэг/ сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5/таван/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар 5/таван/ жил 1 /нэг/ сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар 5 /таван/ жил 1 /нэг/ сар хугацаагаар хорих ялаар,
Ц-ыг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахьхэсэгт зааснаар 800000 /найман зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /таван/ жил 6/зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар,
Т-г мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар Гаалийн улсын байцаагчийн албан тушаал эрхлэх эрхийн 2/хоёр / жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, /таван/ жил /хоёр/ сар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /таван/ жил1 /нэг/ сар хугацаагаар хорих ялын зарим болох 6 /зургаан/ сар, мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /таван/ жил 1 /нэг/ сар хорих ялын зарим болох 4 /дөрвөн/ сарыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 /зургаан/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсгүүдэд зааснаар Б-д оногдуулсан 6 /зургаан/ жилийн хорих ял, Ц-д оногдуулсан 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Ц-с 16100000 /арван зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийг, Т-с 500000 / таван зуун мянга/ төгрөгийг тус тус хурааж улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б-ын цагдан хоригдсон 81 / наян нэг/ хоног, Ц-ын цагдан хоригдсон 78 /далан найм/ хоног, Т-ийн 3 /гурван/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Е-… дугаартай гадаад паспортыг шүүгдэгч Б, … дугаартай хадгаламжийн дэвтрийг Ц, Т-ээс хураагдан ирсэн Экол /Екоl/ маркийн, АС… дугаартай хийн гар бууг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа буцаан олгосугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б-ээс 122776920 /нэг зуун хорин хоёр сая долоон зуун далан зургаан мянга ёсөн зуун хорин/ төгрөгийг гаргуулан хохирогч У-д олгосугай.
9. Т-д авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2008 оны 05 дугаар сарын 29 ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б, Т, Ц нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БААТАР
ШҮҮГЧИД П.ТУЯАТ