Дархан-уул аймаг дахь сум дундын шүүхийн 113 дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Дархан-уул аймаг дахь сум дундын шүүхийн 113 дугаар шийтгэх тогтоол
Эрүүгийн хэргийн төрөл, зүйл хэсэг: 150.3, 233.2, 264.2-Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх

ШИЙТГЭХ ТОГТООЛ

2008 оны 06 дүгээр                                          Дугаар 113                                           Дархан-Уул
сарын 19-ны өдөр аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Д.Цагаандарь нарын бүрэлдэхүүнтэйгээр,
Нарийн бичгийн даргад Ш.Хосбаяр,
Улсын яллагч Е.Сагсай,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, Ж.Эрдэнэбаатар,
Хохирогч Б,
Иргэдийн төлөөлөгч С.Банди, Д.Туваан, Д.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150-р зүйлийн 150.3-т, 264-р зүйлийн 264.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150-р зүйлийн 150.3-т, 233-р зүйлийн 233.2-т зааснаар тус,тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч нарт холбогдох 20623694 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Х, Улаанбаатар хотын үндсэн харъяат, ….онд төрсөн, .. настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт ... сумын
..-р баг ..-р байр .. тоотод оршин суух гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.
Шүүгдэгч: Ч, Хөвсгөл аймгийн үндсэн харьяат, ... онд төрсөн,.. настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл …, эхнэр хүүхдүүдийн хамт … сумын …-р баг ...-р байр, .. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, 2005 оны 11-р сарын 03-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйлийн 148.2-т зааснаар 2080.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.
Шүүгдэгч: Х нь Онцгой байдлын ерөнхий газрын харъяа …….. аймаг дахь Улсын нөөцийн салбарт даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шатахуун, будаа, хивиг, өвс зэргийг хувьдаа авч ашиглан завших, үрэгдүүлэх зэргээр 60.849.530 төгрөгийн буюу онц их хэмжээтэй завшиж үрэгдүүлсэн, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж 2002-2005 онд Ч-д дээд шатны байгууллагын зөвшөөрөлгүйгээр 58.7 тонн будааг Улсын нөөцийн салбараас авахыг зөвшөөрч 9.474.700 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч: Ч нь Онцгой байдлын ерөнхий газрын харьяа ……….. аймаг дахь Улсын нөөцийн салбарт ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж будаа, бэлэн мөнгө зэргийг хувьдаа авч ашиглан 33.628.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан, Улсын нөөцийн салбарын данснаас мөнгө авч ашиглах зорилгоор мөнгөн шилжүүлэг баримт хуурамчаар үйлдэж, ашиглан хохирол учруулсан гэмт хэрэгт тус, тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар яллах, цагаатгах, хөнгөрүүлэх талуудын нотлох баримтуудыг шинэчлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Шүүгдэгч: Х нь 2001-2005 онуудад Онцгой байдлын ерөнхий газрын харъяа ………… аймаг дахь Улсын нөөцийн даргаар ажиллаж байхдаа албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн:
-2004 оны 5 сард байгууллагын будаа тариалахад хэрэглэнэ гэж “ Х” ХХК-ийн нэр дээр 4164200 төгрөгийн шатахуун авч ашиглан хохирол учруулсан гэмт хэргийг
- 2005 оны хавар будаа тариалах зориулалтаар байгууллагаас 62 тонн будаа авч, байгууллагад 9706130 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг
-2005 онд Онцгой байдлын газартай 50000 боодол өвс нийлүүлэхээр гэрээ хийж, 14959 боодол өвсийг нийлүүлж, үлдэгдэл 36141 боодол өвсийг нийлүүлээгүй байхдаа мөнгийг урьдчилан авч хэрэглэж, байгууллагад 43.369.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг
-2005 оны 07 сард “Б” трейд ХХК-ийн будааны тушаасан мөнгөнөөс 3610000 төгрөгийг тушаалгүй авч үлдэн, хувьдаа ашиглаж, байгууллагад нийт 60.849.530 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь доорхи нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
1.Хохирогч, иргэний нэхэмжлэгч. Б-ээс: “2005 онд өвс нийлүүлэх гэрээ хийж 5000 боодол өвс бэлтгэн шилжүүлэхээс 36141 боодол өвс авсан, даваа цасанд боогдсон нэрийдлээр хашаанд авчирч буулгаагүй. Үүний нийт өртөг 1 боодол өвсний 1200 төгрөгөөр тооцоход нийт 43369200 төгрөг болж байна. Иргэний журмаар нэхэмжлэх хивэгний үнийг хасаж тооцно. Мөн Э-ийн хувийн машиныг манай байгууллага авахаар дарга нар ярьж байгаа. Хохирол 7.700.000. төгрөгийн гурил өгсөн. Үлдсэн хохирол төлбөр төлөгдөөгүй .Хохирол төлбөр төлчихвөл гомдол санал гээд байх юм байгууллагын зүгээс байхгүй” гэсэн мэдүүлэг
2.Гэрч Г-ээс.”2005 оны 09 сараас эхэлж Х дарга өвс буулгаж эхэлсэн. Тэгээд өвс бэлтгэсэн газрын зам цасанд хаагдсан гэж байсан.Тухай жилдээ өвсөө бүрэн татаж буулгаагүй .Э ня-бо өөрөө тооцоо хийсэн, акт авчирсан. Би тухай үед буугаагүй өвсийг бууснаар бодож, орлого аваад тооцоо нийлж болж байгаа юм уу гэж хэлсэн . Гэвч болно оо зүгээр гэж байгаад тооцоо хийлгүүлж авсан. Уг өвсийг байгаагаар нь орлогод авч тусгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 хуудас/
3.Гэрч Т-аас: “Б” ХХК-ийн албан ёсны захирал нь би юм. 2006 онд Улсын нөөцийн салбараас будаа аваад 19 сая төгрөгийг манай нөхөр Н-ыг байхад би өөрөө тоолж Х даргад бүгдийг нь хүлээлгэн өгсөн байгаа, ямар ч өр төлбөр байхгүй, Х нь уг мөнгийг бүх будаагаа манайд хэмжээд өгсний дараа бэлнээр авч байсан юм” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 665-666 хуудас/
4.Шинжээчийн дүгнэлт :
-Улсын нөөцийн салбарын дарга байсан Х нь 2005 онд улсын нөөцийн газартай 60 сая төгрөгийн 50.000 боодол бэлтгэн шилжүүлэх гэрээ хийсэн байна.
-2005 оны жилийн эцсийн тооллогоор Улсын нөөцийн салбарын хашаанд буугаагүй ч газар дээрээ байгаа гэдгээр тоологдсон тул дутагдал үүсээгүй байна. Тухайн үед татаж аваагүй 36141 ширхэг боодол өвс буюу 40.050.600 төгрөгийн өвс дутаасан гэж үзэх үндэслэлтэй байна.
-Х нь 2005 оны 5 сард өөрийн нэр дээр 62.01 тн улаан буудай авч 9.706.130 төгрөг 91 мөнгөний өр үүсгэсэн байна. Үүнийг авахдаа дээд газрын зөвшөөрөлгүйгээр өөрөө бараа материал олгох зөвшөөрөл өгч авсан байна.
-Дээрх улаан буудайны үнийг 2007.3.12-ны өдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.
-Х-ын 2005 оны 05 сард авсан улаан буудайн зарлагыг 2006 оны 02-р улиралын тайланд өр авлагаар тусгаж харуулсан байна.
-“Б” ХХК нь 19 сая төгрөгөөс 2006.01.03 –ны өдөр … банкинд бэлэн мөнгөний шилжүүлгийн баримтаар 15.390.000 төгрөгийг тушаасан байна. Өнөөдөрийн байдлаар 3.610.0 төгрөгийн авлагатай
-50.000 боодол өвсийг орлогод авахуулах талаар салбарын дарга Х-ын 2005.09.14-нд гараар бичсэн олгохыг зөвшөөрсөн Х-ын зөвшөөрөл /хх-ийн 190-р хуудас/
-“У” ХХК-д 30.3 тн буудайн үр олгохыг зөвшөөрсөн Х-ын зөвшөөрөл /хх-ийн 193-р хуудас/
-“М” ББН-тэй тооцоо нийлсэн үлдэгдлийн баталгаа/хх-ийн 385-386-р хуудас/
-Шатахуун олгосон зөвшөөрөл, зарлагын падаанууд/хх-ийн 418-420-р хуудас/
-Өвс бэлтгэн нийлүүлэх гэрээ/хх-ийн 547-р хуудас/
-ОБЕГ-ын даргын болон УНГ-ын даргын сэлбэлт хийх хуваарь батлах, тушаал хэрэгжүүлэх нөөцийг нөхөн бүрдүүлэх, тариф шинэчлэн тогтоох, журам батлах,үнэ шинэчлэх тогтоох талаар батлан гаргасан тушаал, журмууд /хх-ийн 554-653-р хуудас/
-Бичиг баримтад үзлэг хийж ХХАА-ы сайдын болон ОБЕГ-ын даргын тушаалуудыг хавсаргаж, хуулбарлан авсан баримт /хх-ийн 680-709-р хуудас/
-Яллагдагч нарын хохирлын хүснэгтүүд / хх-ийн 737-740-р хуудас/
5.Шүүгдэгч Х. -ын : “ Би 2001-2006 онуудад Онцгой байдлын яамны харьяа …. аймаг дахь улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан юм. “Х” ХХК-ийн нэр дээр шатахуун авч, байгууллагын будаа тариалахад зарцуулсан юм. Гэвч байгалийн бэрхшээлээс болоод будаа ургаагүй тул төлбөр болж тавигдсан. 62 тонн будааг намайг эрх мэдлээ хэтрүүлэн бусдад өгсөн гэж байгаа боловч манай онцгой байдлын яамныхан өөрсдөө маш замбараагүй хүмүүст өг гэж хэлчихээд сүүлд нь баримтыг бүрдүүлж өгөөгүй, миний цохолтоор өгсөн гэж би буруудсан юм. Харин би Дээд газрын зөвшөөрлөөр гэрээ байгуулан 50000 боодол өвс бэлдэж мөнгийг авсан нь үнэн. Өвсөө зөөж байтал цас орж сүүлдээ манай байгууллагын хашаанд өвс багтах аргагүй болсон тул авчирч буулгаагүй. Сүүлд нь хяналтын хүмүүс газар дээр нь очиж тоолсон юм. Би нэгэнт гэрээ хийж өвс бэлтгэн нийлүүлж байсан тул эрх мэдлээ урвуулан ашиглаж өвсний үнэ урьдчилан авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. “Б” трейд компанийн мөнгөө авч үлдсэнийг зөвшөөрч байна. Би байгууллагад учируулсан хохирлоо төлж дуусгана. Байгууллагатай төлбөр төлөх талаар тохирсон байгаа. 2-жил ажил төрөл хийгээгүй тул амьдрал их хэцүү байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч: Ч нь 2001-2006 онуудад Онцгой байдлын ерөнхий газрын харьяа … аймаг улсын нөөцийн салбарын ерөнхий нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа

2002 оны 05 сард “У” ХХК-ийн нэрээр 30 тонн будаа авч ашиглан

байгууллагад 4.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг

2003 оны намар “ М” ХХК-аас улсын нөөцийн газарт тушаасан 1.440.000 төгрөгийн будааг хувьдаа авч завшсан гэмт хэргийг

2005 онд ирсэн Ц-н байгууллагад тушаасан төлбөрийн мөнгө болох 1.550.000 төгрөгийн авч хувьдаа авч завшсан гэмт хэргийг

2005 оны 7-р сард 28.7 тонн будааг хувьдаа авч, байгууллагад 4.524.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг

2005 оны 08-р сарын 15-ны өдөр хуурамч баримт үйлдэн улсын нөөцийн газрын данснаас 20.000.000 төгрөгийг авч ашиглан байгууллагад нийт 33.628.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг

Улсын нөөцийн салбарын данснаас мөнгө авч ашиглах зорилгоор мөнгө шилжүүлгийн баримтыг хуурамчаар үйлдэж ашиглаж хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь доорхи үндэслэлүүдээр тогтоогдсон байна.

1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б-ээс: 2002 онд 30 тонн буудайг өөрийн нэр дээр авсан 4.950.000 төгрөг төлөөгүй. 2004 онд Эрдэнэтийн нөөцийн салбараас мах аваад үлдэгдэл 11553000 төгрөгийг Ч нягтлан төлнө. 2006 онд Ч өөрийнхөө нэр дээр 28.7 тонн улаан буудай авсан 452470 төгрөгийг одоо болтол төлөөгүй, 2002 онд Хөвсгөлийн “М” ХХК-д 2437200 төгрөгийн шатахуун өгсөн .Үүнээс 1448000 төгрөгийн улаан буудайг Батсуурьт өгсөн гэж Хөвсгөлөөс хэлсэн, дээрх мөнгө ороогүй. Үлдсэн хохирол төлбөр болох 27.828.00 төгрөг нэхэмжилнэ. Мөн хивэгний үнийг нэхэмжлэхгүй, Хохирол барагдуулж, манай байгууллагыг хохиролгүй болгочихвол гомдол, санал байхгүй гэсэн мэдүүлэг.
2. Гэрч Т-с “Ц гэгч эмэгтэй ……… аймаг дахь Улсын нөөцийн салбарт 2 сая төгрөгийн төлбөр гаргуулахаар шүүхийн шийдвэртэй байсан. Манайх шүүхийн шийдвэрийн дагуу Ц-с 300000 төгрөг бэлнээр авсныг Ч нь манай кассаас бэлнээр авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 462-464 хуудас/
3. Гэрч Ж-ээс: “Ч нь Орхон аймгийн Улсын нөөцийн салбарт Улсын нөөцийн мах байсан ба тэр махыг зарах үед Ч нь тэндээс очиж мах авсан юм байна лээ. Тэрнээс биш байгууллагын журмаар авсан юм байхгүй, одоо уг асуудлаар Ч …. улсын нөөцийн салбарт 1.155.300 төгрөгийн тооцоо, өртэй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 655-656 хуудас/
4. Гэрч Ц-ээс : “Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004.12.14-ны өдрийн 939 тоот шийдвэрээр 2 сая төгрөг улсын нөөцийн салбарт төлөхөөр шийдвэр гарсныг би мэдэж байна. Уг төлбөрөөс 1.350.000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 650.000 төгрөг байгаа. Шийдвэр гүйцэтгэгч Тамирболдод мөнгө, төгрөг өгөөгүй. Харин банкаар шийдвэр гүйцэтгэлийн дансанд 300.000 төгрөг хийсэн. 1.050.000 төгрөгийг Ч-д өгсөн. Ч нь Улсын нөөцийн салбарт ня-бо байсан болохоор би гарын үсэг зуруулаад л өгдөг байсан. Нийт тушаасан мөнгө 1.550.000 төгрөг байв ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 661-662 хуудас/
5. Гэрч Ж-гээс: “Би нөхрийн хамт Б гэдэг жолоочоор 10 тонн будааг 2003 оны намар ……шинжилгээгээр оруулж чанартай, сайн будаа гэж тогтоож өгсөн ба Улсын нөөцийн газрын ня-бо Ч-гээс бэлэн мөнгө 200.000 төгрөгийг аваад бусад мөнгөний зөрүүг түлшний үнэнд шилжүүлж өгөөрэй гээд бид буцацгаасан. Би тэр үеийн ханшаар 1 тонн нь 180.000-185.000 төгрөгөнд тооцож өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/
6. Гэрч Б-аас: гэсэн мэдүүлэг: “2006 оны намар, 9 сарын дунд үе байх намайг аймгийн захиргаан дээр явж байхад Улсын нөөцийн газрын ….. салбарын ерөнхий ня-бо Ч надтай таараад би өвсний гэрээний мөнгө гэж 20 сая төгрөг гаргуулмаар байна, дансаа өгч туслаач гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө “И” гэдэг компаны дансыг Ч-д өгсөн. Тэгээд Ч-гээс мөнгө данснаас гаргасан хувийг авна гэж тохирсон. 3 хоногийн дараа манай дансаар 20 сая төгрөг бэлнээр гарсан. 3 хувийн хүү гэж 600.000 төгрөг манай компани авсан. Үлдсэн мөнгийг Ч өөрөө авсан” /хх-ийн 441 хуудас/
7. Гэрч Т гээс: “2006.08.15-ны өдөр Ч нь надтай гэсэн мэдүүлэг /хх-ийн 465-466 хуудас/”
8. Шинжээчийн дүгнэлт: “- Онцгой байдлын ерөнхий газрын … аймгийн улсын нөөцийн салбарын … төрийн сан банкны … тоот харилцах Данснаас 2006.8.15-ны өдрийн 121 тоот төлбөрийн хүсэлтээр “И” ХХК-ийн … банкан дахь … тоот данс руу 20 сая төгрөг шилжүүлсэн баримт санхүүгийн материалд хавсаргасан байна.
- “И” ХХК руу шилжүүлсэн 20 сая төгрөгөөс 2006.10 сард ня-бо Ч нь 5.8 сая төгрөгийг бэлнээр тушаасан тул одоо үлдэгдэл 14.2 сая төгрөг төлөгдөөгүй үлдсэн байна. /хх-ийн 45-52-р хуудас/
- … аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Л-ийн 2006.10.25-ны өдрийн 36/07/271 тоот акт /хх-ийн 123-р хуудас/
- Ч-д 28 тонн улаан буудай олгохыг зөвшөөрсөн Х-ын зөвшөөрөл /хх-ийн 190-р хуудас/
- ОБЕГ-ын даргын болон УНГ-ын даргын сэлбэлт хийх хуваарь батлах, тушаал хэрэгжүүлэх нөөцийг нөхөн бүрдүүлэх, тариф шинэчлэн тогтоох, журам батлах, үнэ шинэчлэн тогтоох талаар батлан гаргасан тушаал, журмууд /хх-ийн 554-653-р хуудас/
- Бичиг баримтад үзлэг хийж ХХАА-н сайдын болон ОБЕГ-ын даргын тушаалуудыг хавсаргаж, хуулбарлан авсан баримт /хх-ийн 680-709-р хуудас/
- Яллагдагч нарын хохирлын хүснэгтүүд /хх-ийн 737-740-р хуудас /
- Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн гүйцэтгэх хуудас, 939 тоот шүүхийн шийдвэр /хх-ийн 612-616-р хуудас /
- Төлбөр төлсөн тухай баримт /хх-ийн 621-р хуудас /
- Төлбөр төлөгч Ц-нь мөнгө төлсөн гэх баримтууд / хх-ийн 663-664-р хуудас /
- … аймаг дахь Улсын нөөцийн салбараас 2008.4.10-ны өдрийн 50 тоот шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-ийн 676-677-р хуудас /

9. Шүүгдэгч Ч: “Би 2001-2006 онуудад Онцгой байдлын ерөнхий газрын харъяа ………… аймаг дахь салбарын ерөнхий ня-богоор ажиллаж байсан юм. Ажиллах хугацаандаа 2002 оны 05 сард “У” ХХК-ийн нэрээр 30 тонн будаа авч тариалсан боловч, будаа ургаагүй тул үнийг нь төлж чадаагүй юм. 2005 оны 7 сард мөн 28.7 тонн будааг дээд газрын зөвшөөрлөөр авч, тариалсан боловч бас ургаагүй юм. “М” ХХК-ийн будаа болон Орхон аймгийн улсын нөөцийн газрын махыг авч борлуулсан, иргэн Ц тушаасан мөнгийг хувьдаа ашигласан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. 2006 оны 08 сарын 15-ны өдөр хураамж баримт бүрдүүлэн улсын нөөцийн газрын данснаас 20.000.000 төгрөг авч ашигласан нь үнэн. Төлбөрөөс боломжоор төлсөн. Одоо биеийн эрүүл мэндийн байдал муудаад ажил хийж чадахгүй, амьдрал үнэхээр хэцүү байна. Хүүхдүүдтэйгээ түрээсийн байранд амьдарч байна. Төлбөрийг боломжоороо төлсөн. Үлдсэн төлбөрийг төлнө. Харин тэр хивэгний үнэ, Х бид хоёрт ямарч хамаагүй, Дээд газраас ажилгүй болгоно гэхээр нь бид хоёр тэр муудсан хивэгийг төлье гээд хэлчихсэн юм. Томилолтын мөнгийг төлөхгүй. 58.7 тонн будаа бол Х-д ямарч хамаа байхгүй, Би өөрөө яамны хүмүүстэй ярьж байгаад авчихсан будаа байгаа юм. Харин баримт нь бүрдээгүй байж болно. Миний биеийн эрүүл мэндийн байдлыг харж үзэн ялаас чөлөөлж өгөхийг хүсье” гэсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Х-г … аймаг дахь улсын нөөцийн салбарын даргаар ажиллах хугацаандаа албан тушаалынхаа байдлыг урвуулан ашиглаж, байгууллагын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэнээр яллаж ирүүлсэн байх боловч 2008 оны 02 сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд албан тушаалынхаа байдлыг урвуулан ашиглах, эрх мэдлээ хэтрүүлэх гэсэн хасагдсан байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зүйл заалтыг хэрэглэж, шүүгдэгч Х-ын үйлдсэн гэмт хэргийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2-д зааснаар зүйлчлэн өөрчилж, ялыг оногдуулах, шүүгдэгч нь 2004-2005 онуудад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул 2006 оны 06 сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлтэй гэж үзнэ. Түүнчлэн шүүгдэгч Х-ыг 58.7 тонн будаа буюу 9474700 төгрөгийн будааг эрх мэдлээ хэтрүүлэн Ч-д өгсөн гэх үйлдлээр Эрүүгийн хуулийн 264.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг улсын яллагч яллахаас татгалзсан тул шүүх хүлээн авч шүүгдэгч Х-д холбогдох эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж өгсөн гэх 58.7 тонн будаа буюу 9474700 төгрөгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ч нь ялгүйд тооцогдож байгаа, шүүгдэгч Ч нь хүнд өвчний улмаас эмнэлгийн хяналтад байгаа зэргийг шүүгдэгч нарт оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзнэ
Хохирогч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг байгууллагад гаргуулж олгох, харин иргэний журмаар нэхэмжилсэн хивэгний үнийг гаргуулахаас хохирогч өөрөө татгалзсан, томилолтын мөнгө болон бусад хохирлын талаар талууд хоорондоо маргаантай байгаа тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзнэ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 290, 295, 296, 297 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2-д зааснаар гэж өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Х-ын эрх мэдлээ хэтрүүлэн бусдад өгсөн гэх 58.7 тонн будаа буюу 9.474.700 төгрөгийн үйлдлийг улсын яллагч яллахаас татгалзсан тул холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2-д зааснаар шүүгдэгч Х-г Төрийн албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5 / таван / жил хорьж шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар шүүгдэгч Ч-г ногдох хөрөнгөнөөс 300000 төгрөгийг хурааж, шүүгдэгч Ч-г 5 жил 10 хоног / таван жил арван хоног / хорьж шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2-д зааснаар шүүгдэгч Ч-г 6 / зургаан / сарын хугацаагаа баривчлах ял шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан шүүгдэгч Ч-д оногдуулсан ялын хөнгөн ялыг хүндэд нь багтаах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233.2-д зааснаар оногдуулсан 6 сарын баривчлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-д зааснаар оногдуулсан 5 жил 10 хоногийн хорих ялд нь багтааж, / баривчлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногт тэнцүүлэн тооцож / шүүгдэгч Ч-г 5 жил 10 хоног хорьж шийтгэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Х-д оногдуулсан 5 жилийн хорих ялыг, шүүгдэгч Ч-д оногдуулсан 5 жил 10 хоногийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус, тус эдлүүлсүгэй.
8. Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн / 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар шүүгдэгч Х-ын оногдуулсан ялын үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, Иргэний хуулийн 497.1-д зааснаар шүүгдэгч Х-ээс 49.785.930 төгрөг, шүүгдэгч Ч-ээс 27.828.000 төгрөг тус, тус гаргуулж, Онцгой бйдлын газрын харъяа ……….. аймаг дахь улсын нөөцийн салбарт олгосугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-д заасныг үндэслэн ………… аймаг дахь улсын нөөцийн салбараас шүүгдэгч нараас нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
11. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
12. Шүүгдэгч Х-ын 26 сая төгрөгийн, шүүгдэгч Ч-ын 1250000 төгрөгийн эд хөрөнгө битүүмжлэгдсэнийг хүчингүйд тооцсугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсгийн 297.1.4-д заасныг үндэслэн шүүгдэгч Х-д авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсгийн 62.1.5, 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч Ч-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.
15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноос хойш 7 хоногийн дотор уг тогтоолын хувийг прокурор, шийтгүүлсэн буюу цагаатгагдсан этгээд, хохирогчид гардуулж өгөхийг нарийн бичгийн дарга Ш.Хосбаярт үүрэг болгосугай.
16. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор … аймгийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.
17. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсгийн 297.1.4, 306 дугаар зүйлийн 306.1 д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ Д.ОЮУНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР, Д.ЦАГААНДАРЬ