Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 294 дүгээр шийтгэх тогтоол

A- A A+
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 294 дүгээр шийтгэх тогтоол
Эрүүгийн хэргийн төрөл, зүйл хэсэг: 268.1, 269.1-Хээл хахууль авах, Хээл хахууль өгөх

ШИЙТГЭХ ТОГТООЛ

2008 оны 7-р сарын 31-ны өдөр                             дугаар 294                            Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэрэнбалжир даргалж,
Нарийн бичгийн дарга Д. Энхцэцэг
Улсын яллагч Ц.Өлзийжаргал
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Тунгалаг,Т.Мөнхтуяа, Х.Даваахүү, гэрч Н , Б, Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулав.
Тус шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б, Ц нарт холбогдох эрүүгийн 20847107 дугаартай хэргийг 208 оны 7-р сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, ....оны ..-р сарын ..-нд Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ... дүүргийн Замын Цагдаагийн тасагт олон нийттэй харилцах албаны байцаагч ажилтай, ам бүл..., эхнэр хүүхдийн хамт ... дүүргийн ...р хороо, ...р гудамж, ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б
2.Монгол улсын иргэн, ... оны ...р сарын ....-нд ...суманд төрсөн, эмэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа түүхий эд авах цэг ажиллуулдаг, ам бүл..., нөхөр, хүүхдийн хамт ... дүүргийн ....р хороо ...-р гудамж, ...-тоотод оршин суух, Улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ц
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б нь ... дүүргийн ...р хороо, ... ны хуучин эцсийн замын уулзвар орчмыг хариуцсан ... дүүргийн Замын Цагдаагийн тасгийн байцаагчаар ажиллаж байхдаа 2006 оны 5-р сард ... дүүргийн ...-р хороо, ...-р гудамжны ... тоот хашааг машин зам руу сунган барьсныг албан үүргийн хувьд замын хөдөлгөөнд саад учруулахаар нөхцөл байдал үүссэн тохиолдолд хууль тогтоомжид заасан арга хэмжээ авч улмаар харъяа дүүргийн газрын албанд мэдэгдэлгүйгээр хашааны эзэн Ц-гээс 200.0 мянган төгрөгийн хахууль авсан.
Шүүгдэгч Ц нь 2006 оны 5-р сард ... дүүргийн ...р хороо, хуучин эцсийн 4 замын уулзвар орчмыг хариуцсан ... дүүргийн Замын Цагдаагийн тасгийн байцаагч Б-д ... дүүргийн ...-р хороо, ... -р гудамжны ... тоот хашааг сунган барихад албан үүргийн хувьд хориг саад тавиулахгүй байх зорилгоор 200.0 мянган төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгт: Би 2005 оны 7-р сараас 2006 оны 9-р сар хүртэлх хугацаанд ... дүүргийн.... ны хуучин эцсийн уулзвар орчмыг хариуцдаг байсан. Намайг энэ уулзварыг хариуцан ажиллаж байхад ...ны хуучин эцсийн уулзварын баруун урд талын хашааг замын хашлагатай тулгаж сунган хашаа барих гээд шонгийн нүхийг нь ухаж байхад нь манай тасгийн хэрэг бүртгэгч байсан ахмад Л-тэй хамт очоод энд хашаа барьж болохгүй, хашааны эзэн нь байна уу гэхэд нэг залуу уулзаж байсан. Дараа нь хашаагаа бариад эхэлчихсэн байхаар нь Л бид хоёр очоод тэр хавьд зогсож байсан машиныг гуйж хэдэн шонгийн нь машинаар түлхэж суллаж орхиод дахин барьж болохгүй шүү гэж хэлчихээд явсан. Тэр үед хашааны эзэн гэх хүн байгаагүй, харин хашаа барьж байгаа хүмүүс, хашаа буулгуулахгүй гэсэн хэдэн авгай хүүхнүүд хаана юугаа барих нь бидний эрх гэж хэл ам хийгээд байсныг санаж байна. Сүүлд нь цемент цутгаад байхаар нь очоод түүнийг нь өшиглөж буулгаад юу барьж байгаа юм гэхэд хүмүүс жалга руу шууд доошоо буудаг байсныг тэгшилж, явган хүн явах замтай болгож байна гэж байсан. Түүнээс хойш дахиж тэр айлын хашаан дээр очоогүй. Миний хувьд тэр хашааны эзэнийг танихгүй. Тэд нар дахин хашаагаа сунгаагүй юм чинь би юу боллоо гэж тэднээс мөнгө авах вэ дээ. Иймд надад бусдаас хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй гэв.
Шүүгдэгч Ц шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: ... дүүргийн ...-р хороо, ....-р гудамжны ... тоот хашааг 2005 онд хүнээс худалдаж авсан. Манай нөхөр Ба-ны нэр дээр байдаг. 2006 оны хавар хашаагаа хойш нь зам руу сунгасан. Сунгачихсан байхад нь би очиж үзэж байсан. Дараа нь манай нөхөр, Н хоёр над руу утсаар яриад нөгөө сунгасан хашааг чинь цагдаа нар ирээд машинаар буулгаад бөөн юм болж байна гэж хэлж байсан. Тухайн үед нь би ажил ихтэй байсан учир очиж чадаагүй. Би Н-г Б цагдаад мөнгө өг гэж огт хэлж байгаагүй. Энэ Б гэдэг хүнийг ч танихгүй. Уулзаж ч байгаагүй. Одоо хашааг сунгасан юм байхгүй. Тэгээр юу гэж Б-д мөнгө өгөх вэ. Н түүхийн эдийн цэгээ замын хажууд ажиллуулах гэж л Б-д мөнгө өгсөн байх. Тэрнээс надад огт хамаагүй юм. Н бол манай нөхрийн төрсөн дүү. Түүнийг манай нөхөр ... тоотоос нүү гэж хэлсэн юм билээ. Одоо тэр хашаанд миний төрсөн дүү түүхий эдийн цэг ажиллуулж байгаа. Түүнээс болоод надад өсөрхөж намайг Б-д мөнгө өг гэж хэлсэн гэж худлаа мэдүүлэг өгсөн байх гэж бодож байна. Тэрнээс миний хувьд замын цагдаад хахууль өгөх ямар шаардлага байгаагүй гэв.
Гэрч Н шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Манайх ... тоот хашаанд 2005 оны намар буугаад 2007 оны намар 2 жил болоод нүүсэн. Би энэ хашаанд түүхий эд авах цэг дээр өөрийн төрсөн ах Ба-ны эхнэр Ц эгчийн мөнгөөр түүхий эд авдаг, тэгээд Ц эгчтэй тооцоогоо хийдэг байсан. Манайхыг буусны дараа 2006 оны хавар Ц хашааныхаа зүүн талд замын өндөртэй адилханаар цементэн хана босгож гадна талд нь шороогоор дүүргэж тэгшилсэн. Мөн хашааныхаа хойд талыг зам хүртэл сунгасан. Тэхэд замын цагдаагийн байцаагч Б гэдэг хүн ирж хашаагаа зам руу сунгаж болохгүй, замын үзэгдэх орчин хязгаарлагдана гээд барьсан хашааг машинаар мөргөж буулгасан. Тэгээд 3 удаа хашаагаа буулгуулаад татаж ав гэхээр нь татаж авсан. Тэр явдлаас хойш 4-5 хоногийн дараа Ц утсаар надад замын цагдаа Б ирэх байх, ирэхээр нь 200.000 төгрөг өгчихөөрэй гэж хэлсэн. Хэлсэн тэр өдөр нь Б түүхий эдийн цэг дээр ирсэн. Би 200.000 төгрөг цаасанд боогоод Б-д өгсөн. Тэхэд надаас юу ч асуулгүй аваад явсан. Энэ өдрөөс хойш Б харагдаагүй, Б-д мөнгө өгөхөд манай охин З манай дүү С-ийн эхнэр А нар байсан. Тэд нар харсан.Ц хашаагаа хойш нь зам руу сунгахад Б гэдэг замын цагдаа хэд хэдэн удаа ирж хашаагаа буулга гэж шаардаад машинаар дайрч буулгасан. Тэхэд нь би та нар яаж байгаа юм бэ, хүний юмыг гээд Б-тэй барьцалдаж авч байсан. Мөн тэр үед манай ахын машин хашааны гадаа байсан. Тэр машиных нь бичиг баримтыг хураагаад аваад явчихсан. Тэгээд би Б-д өгсөн 200.000 мянган төгрөгийг дээрх явдлаас болж торгож байгаа юм байна, торгуулийн мөнгө гэж ойлгосон гэв.
Гэрч Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ... тоот хашааг худалдаж аваад төрсөн дүү Н-ийг буулгасан. Буусан жилээсээ Н түүхий эд авах цэг ажиллуулж эхэлсэн. Манай эхнэр Н-д мөнгө өгч түүхий эд авахуулаад мөнгөнийхөө тооцоог хийдэг байсан. 2006 оны 5-р сард хашаагаа хойш нь зам руу сунгасан юм. Тэр дүүргийн замын цагдаагийн байцаагч Л, Ба, Б гэсэн 3 цагдаа ирж замын үзэгдэх орчин хязгаарлаж байна гээд сунгаад барьсан хашааг машинаар татаж нураасан байсан. Тэгхэд нь дотогш нь болгоод татсан. Хашаагаа хойш нь сунгалаа, гэж гадаа байсан миний машины бичиг баримтыг цагдаа нар авсан байсан. Б-тэй уулзахад замын үзэгдэх орчин хязгаарлаж хашаа барьсан хүнийг 250.000 төгрөгөөр торгох ёстой гэж хэлж байсан.Тэхээр нь машиныхаа бичиг баримтыг авахаар хэлтэс дээр очиж Л гэдэг хүнтэй уулзахад хашаагаа буулгасан уу гэж асуугаад буулгасан гэхэд 10.000 төгрөгөөр торгож бичиг баримтыг өгсөн. Ц, Н-д юу гэж хэлснийг би мэдэхгүй, хашаагаа татсан юм чинь замын цагдаад мөнгө өгөх шаардлага байгаагүй гэв.
Гэрч Ба шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2006 оны 3-р сараас 2007 оны 3-р сар хүртэл ... дүүргийн ...ны хуучин эцсийн тойрог орчмыг хариуцан ажиллаж байсан. 2006 оны хавар, яг хэдэн сарыг нь санахгүй байна, тойргийн баруун талын хашааг хойш нь зам хүртэл сунгажхашаа барьчихсан байсан . Тэхэд нь манай байцаагч Б бид хоёр хамт очиж хашааны эзэн болох хүнтэй уулзаж хашааг замд тулгаж сунгаж болохгүй гэж хашааг нь буулгуулж татуулж байсан. Харин хашааны зүүн талд, зам дагуу цементээр хана босгосон талаар мэдэхгүй, хашаагаа хойш нь сунгасан байсныг л очиж буулгуулж байсан гэв.
Хавтаст хэргээс мөрдөн байцаалтын шатанд гэрч О өгсөн: ...2006 онд манайх ... дүүргийн ..-р хороо, ... тоот хашаанд хашааг нь хардаг, би Ц эгчийн мөнгөөр өөрийнх цэг дээр түүхий эд авдаг байсан. Ц эгч хашаагаа хойш нь зам хүртэл сунгасан. Тэгээд цагдаа нар ирээд сунгасан хашааг зам руу ойртсон байна гээд буулгаад бариулахгүй нилээд хоног ирсэн. Тэгээд сунгасан хашаагаа буулгаад авсан. Нэг өдөр Б гэдэг цагдаа ирээд Ц эгчийг асуухаар нь би ээжийг дуудсан. Ээж тэр цагдаатай уулзаад цаасанд боодолтой зүйл өгсөн. Цагдааг явсны дараа би энэ юу өгч байгаа юм бэ гэхэд ээж торгуулийн мөнгө гэж хэлсэн. Одоо бол хойд талыг нь нилээд сунгасан тэр байдлаараа байгаа.... Цагдаад мөнгө өгсний дараа л хашааны хойгуур цемент цутгаад гадуур нь хашаагаа барьсан. ... гэсэн мэдүүлэг /хх-10/

М өрдөн байцаалтын шатанд гэрч П өгсөн: ... 2006 онд манайх ... дүүргийн ...-р хороо, ... тоот хашаанд Н эгчийнхтэй хамт байсан. ... Нэг өдөр амраад эгчдээ туслаад байж байхад нэг цагдаа цэгийн гадаа ирээд Н эгчтэй уулзсан. Н эгч гэрт ороод гарч ирэхдээ цаасанд боодолтой юм бариад ирж тэр цагдаад өгсөн. Юу юм бэ гэхэд торгуулийн мөнгө гэсэн. Анх хоосон хашаа байсан. Гэр хашаандаа тулчихсан байдаг байсан. Тэгээд хашаан дотроо гарааш бариад хашаагаа хойш нь 4-5 метр сунгаад цемент цутгасан. Цагдаад мөнгө өгөөд л хашаагаа 4-5 метр сунгасан. 2006 онд хашаагаа сунгаад 2007 онд гарааш барьсан. .. гэсэн мэдүүлэг /хх-13/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С өгсөн: ... ...-р хороо...... тоот хашааг хойш нь зам руу сунгаж барихаар нь Замын цагдаагаас бариулахгүй хашаа сунгуулахгүй гэхээр нь буцааж татахдаа өөрийн үндсэн хашаанаас томруулаад үлдээчихсэн. Энэнийхээ төлөө цагдаад мөнгө өгсөн гэж Н хэлж байсан. /хх-15/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө өгсөн: ...-р хороо ..... тоот хашааг хашааны эзэн Х-тэй очиж хашааг хэмжлээ. Хэмжээрээг хашааны өргөн нь урд үзүүрээс хойд үзүүр хүртэл 27.8 метр, зүүнээс баруун тийшээ 41.8 метр, зүүн талын автозамаас хашааны суурь хүртэл урд талаараа 9.3 метр, хойд талаараа 8 метр байсан. Кадастрийн зөвшөөрөлтэй өөрийн эзэмшлийн газраас өргөн нь 6.9 метр, урт нь 11.3 метрээр хашааг сунгаж барьсан байна. .. гэсэн мэдүлэг /хх-27/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч.Т өгсөн: ... 2006 оны хавар 5-р сарын үед хорооны айлуудад шинээр ноймер тарааж байхад ..-р хорооны ... тоот хашаа нь сунгаагүй хэвээр байсан. Нойморжуулснаас хойш ... тоот хашааг зам руу хойш нь сунгасан байсныг хаанаас буулгасаныг мэдэхгүй буулгасан байсан. ... гэсэн мэдүүлэг /хх-16/
... дүүргийн ....-р хороо, ... тоот хашааны хэмжилт хийсэн тухай тэмдэглэл болон кадастрын зураг /хх-53-59/, Б-ын ажлын байрны тодорхойлолт, Б, Ц нарын ял шийтгэлгүй тухай ял шалгасан баримтууд /хх-55/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинэчлэн судлав. Шүүгдэгч Б нь ... дүүргийн ...-р хороо, ... хуучин эцсийн уулзвар орчмыг хариуцсан ... дүүргийн Замын Цагдаагийн тасгийн байцаагчаар ажиллаж байхдаа 2006 оны 5-р сард ... дүүргийн ...-р хороо, ...-р гудамж, ... тоот хашааг машины зам руу сунган барьсныг албан үүргийн хувьд замын хөдөлгөөнд саад учруулахаар нөхцөл байдал үүссэн тохиолдолд хууль тогтоомжид заасан арга хэмжээ авч улмаар харъяа дүүргийн газрын албанд мэдэгдэлгүйгээр хашааны эзэн Ц-ээс 200.0 мянган төгрөгийн хахууль авсан, шүүгдэгч Ц нь 2006 оны 5-р сард ... дүүргийн 7-р хороо, ... ны хуучин эцсийн ... замын уулзвар орчмыг хариуцсан ... дүүргийн Замын Цагдаагийн тасгийн байцаагч Б нь ... дүүргийн ...-р хороо, ... -р гудамж, ... тоот хашааг сунган барихад албан үүргийн хувьд хориг саад тавиулахгүй байх зорилгоор 200.0 мянган төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч нарын мэдүүлэг, хашааны хэмжилт хийсэн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Прокуророос Б, Ц нарын үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б, Ц нар эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон боловч 2006 оны 6-р сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаанаас өмнө дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэргийн ангилалын хүндэвтэр гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдний үйлдсэн гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1. Б-г хээл хахууль авах, Ц-гээс хээл хахууль өгөх гэмт хэрэгийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар Б-г ... дүүргийн Замын Цагдаагийн тасгийн олон нийттэй харилцах албаны байцаагчийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох, Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. 2006 оны 6-р сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Б, Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, Б, Ц нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоолд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ШҮҮГЧ М.ЦЭРЭНБАЛЖИР