Сүхбаатар дүүргийн шүүхийн 254 дүгээр шийтгэх тогтоол

A- A A+
Сүхбаатар дүүргийн шүүхийн 254 дүгээр шийтгэх тогтоол
Эрүүгийн хэргийн төрөл, зүйл хэсэг: 150.2-Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх

ШИЙТГЭХ ТОГТООЛ

2008 оны 08 дугаар сарын 07-ны өдөр                        Дугаар 254                         Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Ч. Хосбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Нарийн бичиг дарга Л. Сарнай
Улсын яллагч Ц.Өлзийжаргал
Шүүгдэгч Р-ын өмгөөлөгч Т. Мөнхтуяа
Шүүгдэгч П-ийн өмгөөлөгч К.Бауржан
нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 105 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р, П нарт холбогдох эрүүгийн хэргийг 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 2008 оны 08- дугаар сарын 01-ний өдөр шүүн хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ….. аймгийн …..суманд …. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, эмэгтэй, .. настай, дээд боловсролтой, философич мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ….. дүүргийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан, 2008 оны 4 дүгээр сарын 22ны өдрөөс албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, ам бүл 3, ээж охины хамт …….. дүүргийн …-хороо, … дугаар байрны … тоотод амьдрах, төрийн гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, П
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, …….. суманд …..оны …дүгээр сарын ..-ний өдөр төрсөн, эмэгтэй, .. настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ …… дүүргийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан, … оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, ам бүл …, нөхөр … хүүхдийн хамт ….. дүүргийн .. дугаар хороо, …байрны … тоотод амьдрах, төрийн гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй . Р
Шүүгдэгч: П нь ….. дүүргийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтсийн даргаар, Р нь мөн байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа ……. дүүргийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтэст “Нэг цэгийн үйлчилгээг” нэвтрүүлэхэд зориулагдан төсөвлөгдсөн 20 сая төгрөгөөс тавилга авахаар 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Б” ХХК-ийн дансаар 8.5 сая төгрөг, 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Б.З” ХХК-ийн дансаар 4.842.800 төгрөг гаргаж авснаас П нь 5.5 сая төгрөг, Р нь 5.165.770 төгрөг хувьдаа бүлэглэн завшиж нийт 10665.770 төгрөгийн, үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөн Р нь 2007 оны 4, 5 дугаар сард “Эм” ХХК-иас түрээсийн төлбөр гэж 700.0 мянган төгрөг шилжүүлсэн 498.800 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2008 он гараад би АНУ явах ёстой байсан бөгөөд 2007 оны 12 дугаар сард явахаар бэлтгэж байх үедээ түрийвчтэй мөнгөө хулгайчид суйлуулснаас санхүүгийн бага зэргийн бэрхшээлд орж замын зардал болон гадаадад байхдаа хэрэглэх хэмжээний мөнгийг хоёр удаа тасалж нийт 5.5 сая төгрөгийг нягтлан Р-ээс зээлж авсан нь үнэн, Уг мөнгийг би Р-ын хувийн мөнгөнөөс зээлж авч байна гэж ойлгосон бөгөөд тэр хэмжээний мөнгө байгаа гэдэгт итгэлтэй байсан. Зээлсэн мөнгөө буцааж өгөх нь тодорхой байсан. Байгууллагын мөнгө гэдгийг сүүлд мөрдөн байцаалтын үед мэдээд төлж барагдуулсан. Төсөвлөгдсөн 20.0 сая төгрөгөөс 10.0 сая орчим нь тавилга худалдан авахад, үлдсэн 10.0 сая нь нэг цэгт ажиллах нийгмийн ажилтнуудын дүрэмт хувцас, бичиг хэрэг, бланк хийхэд зориулагдах ёстой байсан бөгөөд бид тавилгыг төсөвлөгдсөн хөрөнгөөр худалдан авч харин тухайн үед УИХ хэлэлцэх ёстой байсан нийгмийн даатгалын багц хууьд өөрчлөлт оруулах тухай хуулиар нэг цэгт ажиллах албан хаагчдын тоо, хэрэглэх бланк, хэвлэмэл хуудасны стандарт тогтоогдох байсан тул хүлээгдэж байсан юм. Уг мөнгөн хөрөнгийг завших зорилго байгаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Р нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Төсөвлөгдсөн мөнгөн хөрөнгөөс 10 орчим сая төгрөгөөр тавилга худалдан авсан, нэг цэг байгуулах гэрээнд ч тэгж зарцуулахаар заасан байсан. Үлдсэн мөнгийг мөнгөний нярав сейфгүй тул би өөрийн сейфэнд хадгалж байх үед дарга хоёр удаа нийт 5.5 сая төгрөгийг авсан. Тухай үед албаны мөнгөнөөс авч байна гэж би ойлгож байсан. Хавар нэг цэгийн үйлчилгээнд зарцуулсан мөнгөн хөрөнгийн тайлан нэхэгдээд эхлэхээр нь би уг мөнгийг тавилга болон бусад эд хөрөнгө худалдан авахад зарцуулсан мэтээр тавилгын нэг бүрийн үнийг өсгөж хуурамч зарлагын баримтуудыг бүрдүүлсэн. Даргаас авсан мөнгийг нь нэхэж байгаагүй. Миний хувьд үлдсэн 5.165.770 төгрөгийг өөртөө зарцуулснаа хүлээн зөвшөөрнө, гэхдээ буцааж төлөхөөр түр авсан байсан. Түрээсийн төлбөрөөс 498.800 төгрөг завшсан гэсний тухай уг мөнгийг байгууллагын дотоод зардалд л зарцуулсан бөгөөд баримт бүрдүүлээгүйгээс би төлөхөөр болчхоод байгаа юм. Учруулсан хохирлыг бүгдийг төлж барагдуулсан гэв.

Мөн хавтаст хэрэгт буй:
Хохирогч С-ийн мэдүүлэг:”…Манай байгууллагын санхүү, хяналтын хэлтсийн ажилтан А санхүүгийн шалгалт хийсэн. Уг шалгалтаар нэг цэгийн үйлчилгээний мөнгөнөөс 10665770 төгрөг дутсан, мөн түрээсийн төлбөр болох нь тогтоогдсон байна. Иймд дээрх хохирол болох 11164570 төгрөгийг Р, П нараас гаргуулж өгнө үү…/хх-ийн 629-р хуудас/
Гэрч. Д-ийн мэдүүлэг: Гэрээ байгуулж 2007 оны 1-р сарын 6-ны өдөр 20 сая төгрөг шилжүүлсэн. Гэрээг бол 2007 оны 9 сард байгуулсан. Энэ гэрээний биелэлтийг 2007 оны жилийн эцэст дүгнэнэ гэж гэрээ хийсэн . Одоогоор гэрээг албан ёсоор дүгнээгүй байгаа…/хх-ийн 497-р хуудас/
Гэрч Н-ын мэдүүлэг: Манайд 20 сая төгрөг ирсэн. Үүнээс “ Мишээл Экспо” төвөөс төмөр сандлууд, 3 хаалттай ширээ тумбочкатай авч ирсэн, дараа нь “Ю”гэх газраас 7 ширээ тумбочкатай, мөн ресепшиний ширээ, самбар, үйлчлүүлэгчийн ширээ зэргийг авсан. Анун төвөөс даргын өрөөний иж бүрдлийг тэр чигээр нь авсан. 1 ширхэг компьютер авсан. 10 ширхэг сандал зэргийг авсан. Гэтэл энэ авсан бараа нь 20 сая төгрөгөндөө хүрэхгүй байгаа…/хх-ийн 295-298-р хуудас/
Гэрч Д-ын мэдүүлэг: 2008 оны 3-р сарын 15-ны өдөр манай эхнэр төрсөн. Үүнээс нэг хоногийн өмнө төрөхийн өмнөх мөнгөө авах гэж П эгч дээр очсон. Тэгээд өрөөнд нь байж байхад нягтлан Р орж ирээд… О-оо эгчдээ нэг юм бичээд өгөөч … гэж хэлсэн. Тэгэхэд нь Р-ыг дагаж гараад өөрийнх нь өрөөнд ороод бичсэн. Дэлгүүрээс юм худалдаж авахад өгдөг падаан байсан. Тэгээд надад хоосон падаануудаа өгөөд бичигтэй падаанууд дээрх зүйлүүдийг хоосон падаан дээр хуулаад биччих гэж хэлсэн . Хэлснийх нь дагуу бичээд өгсөн…/хх-ийн 510-р хуудас/
Гэрч П-ийн / Анун төвийн худалдагч/ мэдүүлэг: Манайхаас 3 ширхэг шүүгээ, хурлын ширээ нийтдээ нэг ком, 4 сандал, 1 ширхэг дарга сандал, 3 ширхэг уулзалтын сандал, хоёр нүдтэй улаан хүрэн өнгийн шүүгээ 1 ширхэг, гоёл чимэглэлийн зориулалттай цэцгийн вар зэрэг зүйлүүдийг худалдаж авсан. Нийт 2.6 сая төгрөгийн бараа худалдаж авсан байна.
Энэ барааг худалдаж авахдаа мөнгөө бэлнээр тушаасан байна…./хх-ийн 525-р хуудас/

Гэрч Ш-ийн /”Х” ХХК-ийн худалдагч/ мэдүүлэг: 2007 оны 12- сарын 14-ны өдөр СБД-ийн ХХҮХ-ийн Р гээд, мөн дарга нь гээд нэг эмэгтэй байсан. Тэгээд нэхэмжлэх бичүүлээд аваад явсан. Тэгээд авахаар бол эргээд утсаар ярьж байгаад авах эсэхээ шийдье гэж надад хэлж байсан. Ресепшин ширээ 3 ширхэг, 3 хос буйдан, мөн хүлээлгийн сандал нийт 1.790.000 төгрөгийн бараа худалдаж авсан. Манайх Улаанбаатар банкны 2612007372 дугаарын дансаар хүлээж авсан. 2007 оны 1-р сарын 14- ний өдөр ресепшин ширээ 3 ширхэг, 3 хос буйдан, мөн хүлээлгийн сандал нийт 2990000 төгрөгийн баримт дээр би бичилт хийсэн. Гэхдээ Р нь 2008 оны 3- сарын 20-ны хавьцаа манай дээр ирээд хүлээлгийн сандал танай эндээс авсан чинь газраа олохгүй байна. Чи боломжтой бол танайхаас авсан 2 юман дээрээ нэмээд бичээд өгчих гэж гуйсан. Тэгэхээр нь үнийн дүн зөрж байгаа юм чинь болохгүй ш дээ гэсэн. Гайгүй байхаа зүгээр зүгээр гэж хэлээд гуйгаад байхаар нь бичээд өгсөн. Энэ 2990000 төгрөгийн шар өнгийн падаан дээр бичсэн бичиг миний бичиг мөн байна. Өмнөх нэхэмжлэх дээр болон дараа падаан дээр бичүүлсэн баримт дээр нийт 2 удаа бичилт хийж өгсөн…/хх-ийн 524-р хуудас/
Гэрч Ц -ын / “ ЮБОС Монголиа “ ХХК-ийн нягтлан болдогч / мэдүүлэг: “2007 оны 12-р сарын 14-ний өдөр манай дэлгүүрээс ширээ 7 ширхэг, шилэн хаалт 3 ширхэг, самбар маягтын ширээ 1 ширхэг зэргийг худалдаж авсан байна. Нийтдээ 3.226.200 төгрөгийн бараа худалдаж авсан байна. … хөгжлийн банкны … дугаарын манай дансаар 2007 оны 1-р сарын 1-нд 358815 төгрөг, дараа нь 1-р сарын 14-нд 2.867.385 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна…/ хх-ийн 536-р хуудас /
Гэрч Б-ын мэдүүлэг: Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийн дагуу 3 асуудлын хүрээнд шалгалтыг 2008 оны 5-р сарын 1-ний өдрөөс 5-р сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хийсэн. Нэгдүгээрт ХХҮГ-аас төсөвлөсөн 20 сая төгрөгийн зарцуулалтын талаар шалгалтыг хийхэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас … дүүргийн ХХҮХ-т нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэхэд зориулан 20 сая төгрөгийг төсөвлөж 2007 оны 1-р сард ХХҮХ-т шилжүүлсэн байна. 20 сая төгрөгөөс 9.334.230 төгрөгийг нэг цэгийн үйлчилгээг тохижуулахад зарцуулсан байна. Үлдсэн 10665770 төгрөг нь юунд зарцуулсан нь тодорхойгүй бөгөөд санхүүгийн баримт байхгүй байна…/ хх-ийн 580-р хуудас./
“Ю” ХХК-иас авсан тавилгын жинхэнэ зарлагын падаан, Төлбөрийн хүсэлтийн хуулбар, / хх-ийн 303-304, 537-539-р хуудас /
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас шинэ ажил үйлчилгээ туршин нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжлэг үзүүлэх гэрээ. / хх-ийн 201-р худас /
Нэг цэгийн үйлчилгээний тоног төхөөрөмж эд хогшил авсан гэх хуурамч үнийн дүнтэй жагсаалт, тайлан, / хх-ийн 220-221-р хуудас/
Нэг цэгийн үйлчилгээний байрны зориулалтаар авсан бусад бараа тавилгын жинхэнэ санхүүгийн баримтууд / хх-ийн 305-311-р хуудас /
“ Х” ХХК-иас бараа худалдаж авсан жинхэнэ нэхэмжлэх, төлбөрийн хүсэлтийн хуулбар / хх-ийн 300, 530-531-р хуудас /
Р үйлдсэн санхүүгийн хуурамч баримт / хх-ийн 383-386-р хуудас/
“ Бат” хоршооны дансаар 2007 оны 12-р сарын 10-ны өдөр 8.5 сая төгрөг, “ Б” ХХК-ийн дансаар 4.842.800 төгрөг гаргаж авсан төлбөр, зарлагын баримт, / хх-ийн 301, 310-р хуудас/
“ Эм” ХХК-иас түрээсийн төлбөр 700.000 төгрөг тушаасан баримт, / хх-ийн 282, 242-р хуудас /
…дүүргийн ХХҮХ-тэй “ Эм” ХХК-ний хийсэн ажлын байр түрээслэх гэрээ, / хх-ийн 284-р хуудас /
П-г ажилд томилсон тухай тушаал, / хх-ийн 640-р хуудас /
Р-г ажилд томилсон тушаал, / хх-ийн 641-р хуудас /
Шалгалтын ажлын тайлан , / хх-ийн 582-р хуудас /
Хохирлын тооцоо, / хх-ийн 639-р хуудас / зэргийг шинжлэн судлав.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаан дээр яллах болон өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судлагдсан дээр дурдсан нотлох баримтуудыг шүүх бүх талаас нь бодит байдлаар хянаж үзээд.
Шүүгдэгч П нь ……. дүүргийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтсийн даргааар, Р нь мөн байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа буюу 2007 оны 12-дугаар сард батлагдсан төсөв, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хүрээнд зардал гаргах албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж “ Нэг цэгийн үйлчигээг” нэвтрүүлэхэд зориулагдан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тус байгууллагад шилжүүлсэн 20.0 сая төгрөгийг захиран зарцуулахдаа хуурамчаар өсгөсөн үнээр зарцуулалтын тайлангийн баримтыг бүрдүүлж П нь 5.5 сая төгрөг, Р нь 5.165.770 төгрөг гарган өөртөө авсан Р нь түрээсийн тооцоо, төлбөрт хяналт тавих, төлбөрийг хураах нягтлан бодогчийн албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж “ Эм энд Жи” ХХК-иас төлсөн түрээсийн төлбөр 498.800 төгрөгийг хувьдаа авсан болох нь хохирогч С. / хх-ийн 629-р хуудас /, гэрч Д /хх-ийн 497-р хуудас/, гэрч Н / хх-ийн 295-298-р хуудас/, гэрч Б / хх-ийн 487-р хуудас/, гэрч Д / хх-ийн 510-р хуудас/, гэрч П / хх-ийн 525-р хуудас/, гэрч Ш /хх-ийн 524-р хуудас/, гэрч Ц /хх-ийн 536-р хуудас/, гэрч Б /хх-ийн 580-р хуудас/, “Ю” ХХК-иас авсан тавилгын жинхэнэ зарлагын падаан, төлбөрийн хүсэлтийн хуулбар, /хх-ийн 303-304, 537-539-р хуудас/, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас шинэ ажил үйлчилгээ туршин нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжлэг үзүүлэх гэрээ, /хх-ийн 201-р хуудас/, нэг цэгийн үйлчилгээний тоног төхөөрөмж эд хогшил авсан гэх хуурамч үнийн дүнтэй жагсаалт, тайлан, / хх-ийн 220-221-р хуудас/, нэг цэгийн үйлчилгээний байрны зориулалтаар авсан бусад бараа тавилгын жинхэнэ санхүүгийн баримтууд /хх-ийн 305-311-р хуудас, “Хаш” ХХК-иас бараа худалдаж авсан жинхэнэ нэхэмжлэх, төлбөрийн хүсэлтийн хуулбар /хх-ийн 300, 530-531-р хуудас/, Р-н үйлдсэн санхүүгийн хуурамч баримт / хх-ийн 383-386-р хуудас/, “Бат” хоршооны дансаар 2007 оны 12-р сарын 10-ны өдөр 8.5 сая төгрөг, “Б” ХХК-ийн дансаар 4.842.800 төгрөг гаргаж авсан төлбөр, зарлагын баримт,/хх-ийн 301,310-р хуудас/, “Эм” ХХК-иас түрээсийн төлбөр 700.0 төгрөг тушаасан баримт, /хх-ийн 282,242-р хуудас/, …дүүргийн ХХҮХ-тэй “Эм” ХХК-ний хийсэн ажлын байр түрээслэх гэрээ, /хх-ийн 284-р хуудас/, шалгалтын ажлын тайлан/, хх-ийн 582-р хуудас/ зэрэг нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байна гэж дүгнэв.
Шүүгдэгч П өөрийн авсан 5.5 сая төгрөгийг зээлж авсан бөгөөд байгууллагын төсвийн хөрөнгө гэдгийг мэдээгүй, мөн хуурамч баримт бүрдүүлэхэд оролцоогүй гэсэн нь шүүгдэгч Р-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн”…дарга П 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Бат” ХХК-ийн дансаар 8.5 сая төгрөг гаргуулж авснаас надад мөнгө үлдсэн гэдгийг мэдэж байсан, зээлдье гэж хэлээгүй, аваад ир гээд би оруулж өгсөн…5.5 сая төгрөгийг дарга 1 дүгээр гарын үсэг зурж байж авсан… би даргын авсан мөнгийг нэхээгүй, хавар тайлан нэхэгдэхэд өөрийн авсан мөнгийг зардал болгоод хуурамч падаан бичээд өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Д.. 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдөр П эгч дээр очсон. Тэгээд өрөөнд нь байж байхад нягтлан Р орж ирээд … О эгчдээ нэг юм бичээд өгөөч гэж хэлсэн.Тэгэхэд нь Р-г дагаж гараад өөрийнх нь өрөөнд ороод дэлгүүрээс бараа худалдаж авахад өгдөг падаан бичсэн. Надад хоосон падаануудаа өгөөд бичигтэй падаанууд дээрх зүйлүүдийг хоосон падаан дээр хуулаад биччих гэсний дагуу бичээд өгсөн…, гэсэн мэдүүлэг /хх-ийн 510-р хуудас/ болон П нь мөрдөн байцаалтад гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн өгсөн мэдүүлэг зэргээр няцаагдаж П уг гэмт хэрэгт идэвхтэй оролцож Р-тэй бүлэглэн үйлдсэн болох нь нотлогдсон гэж шүүх үзлээ.
П, Р нар нь албан тушаалын байдлаа ашиглаж албаны эрх мэдлээ урвуулан уг гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан албан тушаалын байдлаа урвуулж бусдын эд хөрөнгийг авах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцохоор өөрчилж заасан байх тул П хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 болгон өөрчлөх нь зүйтэй.
П, Р анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч нарын хувийн болон эд хөрөнгийн байдлыг харгалзан торгох ялаар шийтгэх боломжтой байна.
П, Р нар нь гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон.
ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П, Р нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 болон өөрчилсүгэй.
2. П, Р нарыг төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1-д зааснаар П-ийг нийгмийн халамж даатгалын чиглэлийн төрийн байгууллагын удирдах албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 90.000 төгрөгийг 50 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 4.500.000 төгрөгөөр торгох, Р нягтлан бодогчоор ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж тухай үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 90.000 төгрөгийг 50 дахин нэмэгдүүлсэн буюу 4.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар ялтан П, Р нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
5. Ялтан П нар нь цагдан хоригдож байгаагүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт хавтаст хэргээс тусдаа ирүүлсэн эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурьдсугай.
6. Ялтан П,Р нарт бусдын батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчид болон улсын яллагч эс зөвшөөрвөөс 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдаж гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР