Дорноговь аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 24 дүгээр шийтгэх тогтоол

A- A A+
Дорноговь аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 24 дүгээр шийтгэх тогтоол
Эрүүгийн хэргийн төрөл, зүйл хэсэг: 175.2, 268.1, 270.1-Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх, Хээл хахууль авах, Хээл хахууль зуучлах

ШИЙТГЭХ ТОГТООЛ

2008 оны 08 дугаар сарын                                     Дугаар24                                      Дорноговь аймаг
07-ны өдөр

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж
Улсын яллагч Х.Цагаанхүү
Шүүгдэгч Л-н өмгөөлөгч: А.Элбэгсайхан
Шүүгдэгч Н, С нарын өмгөөлөгч Ж.Жаргалсайхан
Нарийн бичгийн дарга Э.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 175-р зүйлийн 175.2, 268-р зүйлийн 268.1, 270-р зүйлийн 270.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л, Н, С нарт холбогдох 20606490 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С , Н , Л нар нь 2006 оны 11-р сарын 03-нд Б-тэй бүлэглэн Монгол улсын хилээр гаргахыг хориглосон эд зүйл болох 31020 кг ган төмрийг хууль бусаар хил гаргасан, С нь Б-ээс хахуулийн мөнгийг зуучлан Л-д 250000 төгрөг, 20000 төгрөгний утасны нэгж хахуульд өгсөн, Л нь С-ээс 250000 төгрөг, 20000 төгрөгний утасны нэгж хахуульд авсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэнд холбогджээ.
1.Шүүгдэгч Монгол улсын иргэн, Улаанбаатар хотын … дүүргийн харъяат, … оны .. сарын ..-нд төрсөн, эрэгтэй, .. настай, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, Хилийн цэргийн …. -р ангид Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтын дарга ажилтай, ам бүл .. , эхнэр хүүхдийн хамт, … сум, ..-р баг, … тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Л.
2.Шүүгдэгч Монгол улсын иргэн, ………аймгийн …… сум, …. онд төрсөн, .. настай, эрэгтэй халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл …, нөхөр … хүүхдийн хамт … сум, … тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн гэх . Н
3.Шүүгдэгч Монгол улсын иргэн, … аймгийн … сумын харьяат, … онд төрсөн, халх, .. настай бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй ам бүл …, эхнэр … хүүхдийн хамт … сум, … баг, ..-р байранд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шангалгүй, 2001 онд Эрүүгийн хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 2004 онд Эрүүгийн Хуулийн 99-р зүйлийн 99.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх С.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Өдрийг нь сайн санахгүй байна, өдөр 13 цагийн орчим байх С хил дээр гадаа гарахын талд байхад ирж уулзаад 5 тонн орчим хаягдал төмөр байна, хилээр эрээн гаргах гэсэн юм гэж асуусан, ер нь анзаарахгүй жаахан юм, гаальтай яриад өгөөч гаргаад өгвөл 250000 төгрөг ч билүү өгье гэсэн. Би болно хил рүү машинаа оруулаад ир гэсэн. Машины дугаар нь …. дугаартай чиргүүлтэй ногоон толгойтой краз машин гэсэн. Тэгээд Э мобикомын нэгж аваад ир гэхэд 20000 төгрөгийн нэгж авчирсан. Би гаалийн хүмүүс болон өөр ямарч хүнтэй яриагүй. Хил хаахаас өмнө 17 цаг 30 минутын өмнө …. дугаартай машин чиргүүлтэй хил рүү ороод ирсэн, шууд яаман дээр яваад очсон, Би ч хараад зогч байсан, ямар ч байсан гаалийн байцаагч Ж шалгасан, би бол машинд ойртоогүй, машин ч цааш хөдлөөд явсан. Хэрэв гаалийн байцаагч Ж шалгаад саатуулсан бол би очих байсан. Тийм юм болоогүй, Ж анзаараагүй ч юм уу, яасныг мэдэхгүй, араас нь С цэнхэр өнгийн УАЗ-469 машинтай гарсан, хилээр бараг хамгийн сүүлд шахуу гарсан гэжээ.
Шүүгдэгч Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2006 оны 11 сарын 03-нд С-тэй уулзахад С уулзаад хилийн ногоон бичиг байхгүй гарах гэсэн юм гэхээр нь хүрээд ир гэж хэлсэн. Өөр зүйл ярилцаагүй 2006 оны 12 сарын 10 орчим цагдаагийн Тү, Ба нар ирж уулз гэхээр нь очиход та 2006 оны 11 сарын 03-нд хилээр их хэмжээний ган төмөр гаргасан байна. С-ээс хахууль авсан байна, хорино гэж тулгаж асуухад айхдаа тийм гэсэн. Энэ хэргийн жинхэнэ эзэн Б, БНХАУ-ын иргэн Мө нараас болж энэ хэрэгт үндэслэлгүй холбогдсон гэдгийг л нотолж шүүх хуралдаанд оролцох ёстой байсан гэж үзэж тэр хүмүүсийг ороцуулж шийдвэрлэж өгнө үү. Би С-д мөнгө төгрөг зээлж байгаагүй. С-ээс мөнгө төгрөг ч аваагүй, С худлаа ярьж байна. Би С-тэй мэндийн зөрөөтэй өнгөрдөг болохоос найз нөхөд биш гэжээ.
Шүүгдэгч Н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2007-11-01-ны өдөр Б таараад Эрээн гарах ачаа байна, ачих уу гэхээр нь зөвшөөрсөн. Төмөр ачина , хөлс 2200 юань буюу 350000 төгрөг өгье гэсэн юм. Ачигч гар нь уг ган төмөр буюу төмөр замын нарийн бүдүүн янз бүрийн рейс төмрийг таслагчаар таслаад ачсан. Тэгээд 2006-11-03-ны өглөө Б өнөөдөр гарна гээд ХЦ-ийн цагаан ногоон бичиг авчирч өгсөн. Татварын бичиг ч байсан. Хил хаах арай болоогүй байсан, гаалийн байцаагч хацар дээрээ мэнгэтэй залуу дугуй дээр гишгээд өнгийж харчихаад хоосон гэсэн шар бичиг өгсөн. Түүнийг аваад штамб даруулаад гарсан гэжээ.
Шүүгдэгч Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэхдээ: Б гэгч 2006 оны 11 сарын 03-нд төмөр ачуулаад 350000 төгрөг өгье гэхээр нь машиндаа ачуулсан. Урагш харахад гаалийн байцаагч Ж шалгаад гарах зөвшөөрөл өгсөн. Түүнийг урд хятадад аваачиж буулгасан. Хойд гэр байрнаас төмөр ачаад Б хил дээр гар гэхээр нь гарсан. Тэр үед төмөр гаргаж л байсан. Тийм учир хориотойг мэдээгүй ба ямарч бичиг баримт бүрдүүлээгүй. Ачихыг бол тэр хүмүүс л ачсан. Энэ төмрийг хууль бусаар гаргаж байгааг тухайн үед мэдээгүй. Гаалийн улсын байцаагч машин дээр гарч үзээд л яв гэсэн, машинаа хураалгамааргүй байна би, хууль бусаар төмөр гаргасан хэрэгт холбогдсондоо гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, тэр Б гэдэг хүнийг оролцуулж уг хэргийг шийдүүлмээр, энэ хүнээс болж өчнөөн хүн хохирч байгааг анхаараач гэжээ.
Шүүгдэгч С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Рейс төмөр гаргуулъя гэж Б надтай ярьж тохироод 700000 төгрөг өгье гэсэн. Би зөвшөөрөөд 700000 төгрөгнөөс 300000 төгрөгийг нь шалганы д/х Л-д өгч Б-ын төмрийг гаргуулсан. Би Л-ээс өөр хүнтэй төмөр гаргуулах талаар яриагүй гэжээ.
Шүүгдэгч С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэхдээ: Т намайг дуудаад би Б-д өртэй юм. 5-6 тонн төмрийг нь гаргаад өг гэсэн. Тэгээд би Б-тэй ярилцсан. Би хил дээр өөрийн унаж явсан … дугаартай машинаараа очоод урагшаа гарах бичиг байхгүй гэдгээ Л-д хэлсэн. Тэр үед 20000 төгрөгний нэгж утсанд нь хийж өгсөн. Н –н машин бол гараад явсан. Л-ээс урьд нь эмчилгээ хийлгэх гэж 400000 төгрөг зээлсэн байсан. Тэгээд 12 сард буцаж орж ирэхдээ тэр хүмүүсээс авсан 700000 төгрөгнөөс 250000 төгрөгийг Л-д өгсөн юм. Бусад гаалийн байцаагч Н нарыг тухайн үед Л гаргаж өгсөн, уулзсан эсэхийг би хараагүй. Би гаалийг ярьж аргалж өгнө гэж Б-с 700000 төгрөг авсан, Б-с болж би 3 сар хоригдсон. Би Л дэд хурандаад мөнгө өгөх нь өгсөн. Б-с болж ийм юм болж байна. Б-г байцуулж байж л хэргийг шийдүүлмээр байна, одоо би нойр булчирхайн хүнд өвчтэй эмчийн хяналтанд байдаг, ийм гэмт хэрэгт холбогдсондоо их харамсаж байна гэжээ.
Яллагдагч Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: М гэх хятад намайг энэ төмөр замын гол төмрийг хилээр гаргаад өгөөч гэж гуйсан юм. Уг төмөр нь уурхайд ашигладаг тэргэнцэр гүйх цариг нарийхан зам байсан. Хориод тонн гэж байсан. Бат гээд манай найз хотоос авчирсан байсан. …… авчираад хилээр гаргаад өгөөч гэхэд нь чадахгүй гэсэн чинь тээврийн зардал гээд 700.000 төгрөг өгсөн юм. М ачих машин олоод өг гэхээр нь Н-ийг олж өгсөн. М Н-тэй яриад хөлс мөнгөө тохирсон. Ачигчийг би олсон, хөлсийг мөн л М тохирсон, Мөн С надтай утсаар яриад ирж уулзаад таны төмрийг гаргаад өгье гэж хэлсэн. Тэгээд 300.000 төгрөг С түрүүлээд авсан. С түрүүлээд УАЗ-469 машинтай явсан ба Н-ийг араас нь явуулсан. С хэнтэй уулзаж гаргасныг мэдээгүй, намайг хил дээр очиход гарчихсан байсан. Тэгээд С бид 2 араас нь Эрээн гасан. Эрээн очоод М-с 400.000 төгрөг С авсан. Тээврийн хөлс 360.000 төгрөг Н-д Мөнхөө өгсөн юм гэжээ.
Гэрч А-нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2006 оны 10 билүү 11-р сард төмөр ачсан. Төмөр замын рейс төмөр байсан. Цаад эзэн нь хятад ч юм уу ямарч байсан.Өн гэдэг залуу ачуулсан. Бид нар зургуулаа байсан нөгөө 5-ыг танихгүй Замын -Үүдийнх биш …ийн залуучууд байсан, төмрийг ногоон толгойтой Краз машинд толгойн тэвш, чиргүүлийн тэвш 2 дээр ачсан юм. Төмрийг тэвшний урттай тэнцүүлж тайрсан. Бид нар гараараа ачсан ба их хүнд байсан бараг 200 кг бол гарна, 3-4 хүн дотроос нь өргөж дээрээс 2 хүн татаж ачсан. Эхлээд дээшээ харуулж нэг үе яваад дараа нь хөмрөөд нэг үе явсан. Амыг нь нийлүүлээд тавьсан байдалтай ачсан. Тэвшин дээр рейс төмрийг ачсаны дараа тэгшхэн болсон эвэндээ ороод шал шиг болсон гэжээ.
Гэрч Б. мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэхтээ: 2006-09-10-нд М над руу утсаар яриад 22 тонн төмөр ачих уу гээд үнэ хөлсөө тохироод ачсан гэжээ.
Гэрч С. мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэхдээ: Би Б Н нарыг танина. 2006 оны 11-р сар өдрийг нь санахгүй байна Б манай гэрт ирээд төмөр замын рейс ган төмөр тайрмаар байна тайраад өгчих гэхээр нь чадахгүй гэхэд тасдагч багажаа өгчих гэхэд нь төмөр тасдагч багажаа өгсөн гэжээ.
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэл эдэлж байсныг шалгах хуудас
2004-08-09-ны өдрийн 85 тоот шүүгдэгч С-тэй холбогдох шийтгэх тогтоолын хуулбар,
Эд зүйлсийн үнэлгээний тодорхойлолт:
1998-01-08-ны өдрийн Монгол Улсын их хурлын “ Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах” тухай тогтоол, түүний хавсралт
2007-12-06-ны Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаагчын шүүгдэгч нарын хэргээс яллаглагч Б нь 2007-08-24-ны өдөр … аймгийн … боомтоор БНХАУ гарсан нь баримтаар нотлогдсон тул түүнд холбогдох хэргийг тусгаарласан тухай тогтоол зэрэг болно.
Шүүгдэгч С, Л, Н. нар нь 2007-11-03-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл болох 31020 кг буюу 1959533.04 төгрөгийн үнэ бүхий ган төмрийг Б-тэй бүлэглэж хууль бусаар нэвтрүүлсэн, шүүгдэгч С нь Б-с хахуулийн мөнгө авч Л-д 20000 төгрөгийн гар утасны нэгж, 250000 төгрөгийг өгсөн, шүүгдэгч Л-нь С-ээс хахуульд 20000 төгрөгийн гар утасны нэгж, 250000 төгрөгийг авсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын өөрсдийн нь харилцан эсрэг мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлгүүд, БНХАУ-ын гаалийн мэдүүлгийн баримт, … боомтоор 2006-11-03-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн тээврийн хэрэгслийн бүртгэл, мөрдөн байцаагчийн туршилт хийсэн тэмдэглэл, туршилтын гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон.
Шүүгдэгч нарын хувьд уг хэрэгт зохион байгуулагчаар оролцсон Б-ыг оролцуулж хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх, боловч, Б нь гадаадад хууль бусаар гарсан нь хавтаст хэргийн материалаар тогтоогдож, түүнд холбогдох хэргийг тусгаарласан байх тул шүүгдэгч нарт энэ хавтаст хэргийг материалд авагдсан нотлох баримтуудыг үндэслэн ял шийтгэл оногдуулахад боломжгүй зүйлгүй, хэргийн үйлдлүүд нь тодорхой байх тул тэдний хүсэлтийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Шүүгдэгч С 2004 оны 08-р сарын 09-нд Эрүүгийн хуулийн 99-р зүйлийн 99.2 зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан боловч ялтай байх хугацаа нь 2006 оны 06-р сарын 23-ны өдрийн Өршөөлийн хуульд хамаарсан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэнд тооцлоо.
Шүүгдэгч нар нь анх удаагаа гэмт хэрэгт болбогдсон байдлыг харгалзан тэднийг заавал нийгмээс тусгаарлалгүй хорихоос өөр төрлийн ял буюу торгох ялыг шүүгдэгч нарт оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Харин энэ хэргийн улмаас урьдчилан хоригдсон шүүгдэгч С-ын 95 хоног, шүүгдэгч Н-ийн 3 хоногийг Эрүүгийн хуулийн 59-р зүйлийн 59.3 зааснаар торгох ялд тэнцүүлж тооцон хасч ял эдэлсэнд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн учир гэмт хэрэгт ашигласан автомашиныг хурааж улсын орлого болгох, машины үнийг шүүгдэгч нарт нь тэнцүүлэн хувааж Н-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283.286.294.297.298-р зүйлүүдэд тус тус заасныг баримтлан
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч С, Н, Л нарыг бүлэглэж Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл болох 31020 кг ган төмрийг хууль бусаар гаргасан. Л албан тушаалын байдлаа урвуулан ашиглан урьдчилан амлан хээл хахууль авсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 12-р зүйлийн 12.1-ийг журамлан 2002 оны 1-р сарын 3-ны өдрийн эрүүгийн хуулийн 175-р зүйлийн 175.2-т зааснаар С-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Н-д 400 цагийн албадан ажил хийлгэх, Л-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эрүүгийн хуулийн 270-р зүйлийн 270.1-д зааснааар шүүгдэгч С-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эрүүгийн хуулийн 268-р зүйлийн 268.1-т зааснаар шүүгдэгч Л-д хил хамгаалах албаны чиглэлээр ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийтгэсүй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57-р зүзйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч С-д оногдуулсан ялуудын хөнгөнийг хүндэд нь багтааж, биечлэн эдлүүлэх ялыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээ буюу 16.200.000 төгрөгөөр тогтоох, шүүгдэгч Л-д оногдуулсан торгох ялуудын хөнгөнийг хүндэд нь багтааж биечлэн эдлүүлэх ялыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 16.200.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.
4. 2006-06-23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6-р зүйлийн 6.1-д зааснаар шүүгдэгч С-ын Эрүүгийн хуулийн 78-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн 59-р зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч С-ны урьдчилан хоригдсон 95 хоног, шүүгдэгч Н-ийг урьдчилан хоригдсон 3 хоногийг тус тус эдэлсэн хугацаанд тооцож, Эрүүгийн хуулийн 59-р зүйлийн 59.3-д зааснаар шүүгдэгч С-ны цагдан хоригдсон 95 хоногийн 1 хоногийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлэн 10.260.000 төгрөгийг хасч тооцон биечлэн эдлэх ялыг 5.940.000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн 59-р зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч Н-ийн цагдан хоригдсон 3 хоногийн 1 хоногийг албадан ажил хийлгэх ялыг 8 цагтай тэнцүүлж нийт 24 цагийг хасч биечлэн эдлэх ялыг 376 цагийг албадан ажил хийлгэх ялаар тус тус тогтоосугай.
6. Энэ хэргийн улмаас шүүгдэгч Л нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг дурьдаж, хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Н өмчлөлийн …. краз маркийн автомашины ….. тоот мөн …. чиргүүлийн …. тоот тус тус тээврийн хэрэгсэлийн гэрчилгээнүүдийг …боомт дэх Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасагт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн 49-р зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэгт ашигласан шүүгдэгч Н-ийн өмчлөлийн …. краз … автомашин, …. чиргүүлийн хамт хурааж, улсын орлого болгож, нэн даруй биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд үүрэг болгосугай.
8. Иргэний хуулийн 497-р зүйл 510-р зүйлийн 510.1-д зааснаар машины үнэнд уг хэрэгт хамтран оролцсон С, Л, Б, Н нарт хувь тэнцүүлэн хувааж, С, Л нараас тус тус 1.550.000 төгрөгийг гаргуулан Н-д олгосугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор мөн шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ А.САЙНТӨГС