Хан-уул дүүргийн шүүхийн 79А дугаар шийтгэх тогтоол

A- A A+
Хан-уул дүүргийн шүүхийн 79А дугаар шийтгэх тогтоол
Эрүүгийн хэргийн төрөл, зүйл хэсэг: 166.2, 269.1-Татвар төлөхөөс зайлсхийх, Хээл хахууль өгөх

ШИЙТГЭХ ТОГТООЛ

2008 оны 09 дүгээр                                          Дугаар 79А                                           Улаанбаатар хот
сарын 24-ний өдөр

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийг шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, шүүгч Г.Буянжаргал, Д.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга: Б.Цэрэнпүрэв
Улсын яллагч: Хууль цаазын зөвлөх Г.Гэрэлтуяа
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Оюунцэцэг, Н.Олзод,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Х,
Шинжээч: Д.Мөнхцэцэг, С.Наранцэцэг, Ж.Жанилгаан,
Иргэдийн төлөөлөгч: Л.Чимэдлхам, Д.Энхтуяа, Ө.Пүрэв нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1, мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсгийг журамлан тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1, мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч
нарт холбогдох 20746066 тоот эрүүгийн хэргийг 2008 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, …. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ … татварын газарт татварын улсын байцаагч ажилтай байсан, одоо өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл …, нөхөр хүүхдүүдийн хамт ….. дүүргийн ..дүгээр хороо, .. дүгээр байрны… тоотод оршин суух, “Банк санхүүгийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, “Алтан гадас” одонгоор шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Ө.
Шүүгдэгч: Харъяалалгүй иргэн, …. оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын машинист мэргэжилтэй, “В” ХХКомпаний захирал ажилтай, ам бүл …, эхнэр хүүхдүүдийн хамт …дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол, .. дүгээр байрны .. тоотод оршин суух, улсаас авсан гавъя шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ж.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, …. оны .. дүгээр сарын ..-ний өдөр төрсөн, ..настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “В” ХХКомпанид ерөнхий нягтлан бодогч ажилтай, ам бүл …, нөхөр хүүхдүүдийн хамт ….. дүүргийн .. дугаар хороо … байрны .. тоотод оршин суух, улсаас авсан гавъя шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ч,
Шүүгдэгч Монгол улсын иргэн, …. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “В” ХХКомпанид нягтлан бодогч ажилтай, ам бүл …, нөхөр хүүхдүүдийн хамт ….. дүүргийн .. дугаар хороо .. дугаар байрны .. тоотод түр оршин суух, улсаас авсан гавъя шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б,
Шүүгдэгч Ө: Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтэст татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа шалгалтаар илэрсэн зөрчил, төлөх татварын дүнг багасгана гэж урьдчилан амлаж, Ж-с 2005 оны 05 дугаар сард 20 сая төгрөгийн онц их хэмжээний хээл хахууль авсан,
Шүүгдэгч Ж нь өөрийн өмчлөлийн “В” ХХКомпанид 2005 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2005 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд шалгалт хийсэн татварын улсын байцаагч Ө шалгалтаар илэрсэн зөрчил, төлөх татварын дүнг багасгуулахын тулд 2005 оны 05 дугаар сард 20 сая төгрөгийн хээл хахууль өгсөн,
“В” ХХКомпаний захирлаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн 2003-2006 онуудад аж ахуйн нэгж байгууллагын орлогын болон нэмэгдсэн өртгийн онц их хэмжээний татвар ногдох 1.063.882.900 /нэг тэр бум жаран гурван сая найман зуун наян хоёр мянга есөн зуу/ төгрөгийн орлогыг ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй нууж, 412.584.300 /дөрвөн зуун арван хоёр сая таван зуун наян дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн,
Шүүгдэгч Б: 2005 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2005 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд “В” ХХКомпанид татварын шалгалт хийсэн шүүгдэгч Ө, Ж-ээс 20 сая төгрөгийн хээл хахууль авахад зуучилсан,
“В” ХХКомпанид нягтлан бодогчоор ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн 2003-2006 онуудад аж ахуйн нэгж байгууллагын орлогын болон нэмэгдсэн өртгийн онц их хэмжээний татвар ногдох 1.063.882.900 /нэг тэр бум жаран гурван сая найман зуун наян хоёр мянга есөн зуу/ төгрөгийн орлогыг ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй нууж, 412.584.300 /дөрвөн зуун арван хоёр сая таван зуун наян дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн,
Шүүгдэгч Ч: “В” ХХКомпанид ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн 2003-2006 онуудад аж ахуйн нэгж байгууллагын орлогын болон нэмэгдсэн өртгийн онц их хэмжээний татвар ногдох 1.063.882.900 /нэг тэр бум жаран гурван сая найман зуун наян хоёр мянга есөн зуу/ төгрөгийн орлогыг ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй нууж, 412.584.300 /дөрвөн зуун арван хоёр сая таван зуун наян дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө мэдүүлэхдээ:
2007 оны 02 дугаар сард 10 хоног эмнэлэгт хэвтээд гэртээ гарсан бөгөөд шөнийн 23 цагийн үед хаалга тогшихоор нь онгойлгоход мөрдөн байцаах газраас явж байна гэсэн. Би өнөөдөр орой болсон байна маргааш би өөрөө яваад очъё гэсэн чинь хөршийн балконоор дамжаад ороод ирсэн.Тэгээд мөрдөн байцаах газар очоод учраа ол гээд дагуулаад явсан. Очсон чинь 5-6 залуу тойрч зогсоод асуултын дагуу хариул зөв хариулах юм бол гэрт чинь хүргэнэ гэсэн.Тэгээд та 20 сая төгрөгийн хахууль авсан байна. Хэргээ хүлээ гэсэн. Тэгэхээр нь би яагаад хахууль авсан гэж? Гэсэн чинь “В” ХХКомпанийг шалгаж бага татвар тавьсан байна, тиймээс та хахууль авсан, та хахууль авснаа хүлээхгүй бол шоронд хийнэ гэсэн учир шоронд орохгүйн тулд тэдний хэлсний дагуу би 20 сая төгрөг авсан гэж хэлсэн. Би “Гэр хороололын барилгажилт” хадгаламж зээлийн хоршоонд байдаг гэр бүлийн дансаа хэлсэн. Манай гэр бүлийн хүн шахмал түлш хийж сард 500 долларын цалин авдаг. Япон улсад ажилладаг том охин 2005 онд 6000 доллар өгсөн, бага охин маань илтгэл бичиж 2000 ам долларын шагнал авч байсан. Мөн нөхрийн хадгаламжинд байсан мөнгийг би хоршоонд хийсэн юм. Тэр бүх мөнгө манай гэр бүлийн дансанд байсан, гэр бүлийн мөнгө гэдгийг хэлсэн. Би авлигал аваагүй, үйлчилгээ үзүүлсэн, хөнгөлөлт үзүүлсэн зүйлгүй. Нөгөө талаар Ж над руу утсаар яриагүй, би долоон хүнтэй цуг суудаг учир хажууд нь яаж ярьсан байх юм? Ийм боломж байхгүй. Мөн “В” ХХКомпаний нууц дансыг татварын байцаагч мэдэхгүй. Хуулиараа тийм байдаг. Надад хээл хахууль авсан юм байхгүй. Би төсвийн орлого бүрдүүлэх ажил хийж байсан. Хахууль авсан бол би ажлаа худалдсан гэсэн үг. Авлигын газар намайг нэг удаа дуудаж мэдүүлэг аваад байцаагч нь асуултандаа өөрөө хариулаад гарын үсэг зур гэсэн. Тэгэхээр нь миний мэдүүлэг биш учир би гарын үсэг зурахгүй гэсэн. Тэр өдөр миний ээжийн нас барсан нэг жилийн өдөр байсан учраас энэ бүгдийн дараа би авлига аваагүй гэж хэлэх гэсэн юм” гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж мэдүүлэхдээ:
Манай компани 1999 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2002 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ажлын байр шинээр бий болгох үүднээс … банкнаас их хэмжээний зээл авсан, өндөр хүүг төлдөг. Үүнээс болж санхүүгийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн.
Ө байцаагч татварын шалгалт хийж, 2003-2006 он хүртэлх дансны хуулга тайланд тусгаагүй байна гэсэн. Үүнийг удаа дараа санхүүгийн шинжээчид шалгуулсан. 2003-2006 оны татварын тайланг ерөнхий нягтлан гаргаж байсан бөгөөд тайлан гаргах ажиллагаанд Б оролцдоггүй юм. Санхүүгийн тухайд дансандаа тусгаагүй нуусан нь үнэн. Манай компани 1.063.882.900 төгрөгийн орлого олж мөн зардал гарсан учир энэ зардлыг хасч өгөөч гэсэн хүсэлт тавьсан.
Ө байцаагчид авлигал өгөх үндэс байхгүй. Эрүүгийн Цагдаагийн газрын 6-7 залуу манай компани дээр ирээд надаас газрын талаар асууна гэсэн. Мөн “чи Ө байцаагчид хахууль өгсөн байна хэргээ хүлээ” гэж 18 цаг хүртэл манай компаний байранд гаднаас хүн оруулахгүйгээр үзлэг хийгээд шөнө Эрүүгийн цагдаагийн газар аваачиж байцаалт авсан. Би агааргүй орчинд удаан байж чадахгүй учраас уух ус, эмийг маань авчирч өгөөч гэсэн. Тэгээд нэг байцаагч нь эмний нэрийг авч яваад орой 21 цаг хүртэл байж, байгаад энэ эм эмийн санд байхгүй байна гэсэн. Тэгээд шөнө намайг гаргангуут эрүүгийн цагдаагийн газрын хоёр давхарт Хан-Уул дүүрэгт цагдаа байсан Т-тэй таарахад ямар ажилтай явж байгаа юм гэж асуухаар нь учраа хэлсэн чинь би өмгөөлөгч хийж байгаа гэхээр нь цуг байцаалт өгсөн. Тэрээр согтуу байсан. Тухайн үед би их дарамтанд байсан. 6-7 залуу ээлжлэн орж ирээд байцаагаад байсан. Би үнэхээр айж цочирдсон учир хээл хахууль өгсөн гэж хэлсэн.
Тэгээд шөнө 3 цагт ганц худаг руу авч явсан” гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч мэдүүлэхдээ:
“Манай компанийг шалгаж эхлээд бид нарыг бүгдийг нь авч яваад шөнө 3-4 цаг байцаасан. Манай компани их хэмжээний зээл авч өндөр хүү төлдөг, мөн түрээс төлдөг учир санхүүгийн хувьд доголдсон. Тиймээс нэг дансаа нуусан нь үнэн. Үндэсний татварын ерөнхий газрын байцаагч Х бид нарын баримтыг үзээгүй шууд хуулгаар 63 сая төгрөг тавьсан. Бид нар хүсэлт тавьж шалгасан. Өршөөлийн хуулийн дагуу тайлан гаргаж тайлагнасан байгаа. Ө-д тооцооны баримт өгч уулзаж байсан. Б миний дагалдан хийж байгаад хүн хүчний боломж муу байсан учир борлуулалтын менежер болсон. Б нь татварын орлогын мөнгөтэй харьцдаггүй, тайлан гаргадаггүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ:
“Би 2003 оны 11 дүгээр сард “В” ХХКомпанид нягтлан бодогчоор ажилд орсон. 2004 оны 05 дугаар сараас борлуулалтын менежер хийж гадуур явдаг болсон. 2005 оны 5-р сард манайд татварын шалгалт ирэхэд ерөнхий нягтлан намайг шалгалт хийж байгаа Ө байцаагчид туслаад тоог нь тулгаад өг гэсний дагуу хоёр өдөр цуг суусан. Тэгээд Ө байцаагч тайлан зөрлөө, чамд мэдэх юм байна уу гэхэд би мэдэхгүй гэсэн. Тайлан зөрсөн тухай ерөнхий нягтланд хэлсэн. Татварын тайлан нуудаг талаар би бол мэдэхгүй. Тухайн үед би оюутны байранд нөхөртэйгээ хамт амьдардаг байсан учир нэг түлхүүртэй эрт явахгүй бол нөхөр гэртээ ирэх байх гэж л ярьж байсан. Ө байцаагчид хувийн амьдралаа ярьж байгаагүй, түүнээс 8 сая төгрөг авсан зүйл байхгүй. Мөрдөн байцаагч “чи Ө гэж хүнээс 8 сая төгрөг авсан биз дээ” гээд байсан. Би аваагүй юм чинь анхнаас нь тийм мөнгө аваагүй гэдгээ хэлсэн.Ө байцаагч нь үнэхээр надад 8 сая төгрөг өгсөн юм бол миний нэрийг яагаад мэдэхгүй тэр хүн гэдэг юм. Энэ хүнтэй татварын газар зөндөө таардаг байсан. Би бол хэлмэгдэж байна. Мөн их гомдолтой байна. Тэр “Н” зоогийн газар орсон нь үнэн. Энэ хоёрыг уулзуулаад орхисон. Хүний хэлсэн хоёр үгнээс болж өөрийнхөө нэр дээр сэв суулгахыг хүсэхгүй байна” гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч-Үндэсний татварын ерөнхий газрын хяналт, шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч Х мэдүүлэхдээ:
“Улсын мөрдөн байцаах газраас надад … банкин дахь “В” ХХКомпаний татварт тайлагнаагүй 3 дансны, захирал Ж-ын хувийн дансны хуулга зэргийг шалгуулахаар өгсөн бөгөөд эдгээрт шалгалт хийхэд 2003 оны 58.640.6 мянган төгрөгийг … банкин дахь … тоот дансаар, 2004 онд 86.717.3 мянган төгрөг, 2005 оны 359.866.1 мянган төгрөг, 2006 оны 505.033.2 мянган төгрөгийг … банкин дахь захирал Ж-ын ………….. тоот дансаар хүлээн авсан, 2006 оны 53.625.8 мянган төгрөг нийт 1.063.882.9 мянган төгрөгийг аж ахуйн нэгж, байгууллагын орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулалт төлөөгүй нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил илэрсэн тул татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж УМБГазар өгсөн. Би дүгнэлтээ Д, Ө нарын тогтоосон 222280 тоот акт, ”В” ХХКомпаний санхүүгийн баримт, УМБГазраас ирүүлсэн ”В” ХХКомпаний банкин дахь нууц данснуудын хуулгад үндэслэн шалгаж бичсэн. Миний тавьсан 1.063.882.9 мянган төгрөгийн зөрчилд шинжээч Д, Ж нар нь 412.584.300 төгрөгийн аж ахуйн нэгж, байгууллагын орлогын, нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулсан тул үүний дагуу одоо 412.584.300 төгрөгийг “В” ХХКомпаниас нэхэмжилж байна” гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Д мэдүүлэхдээ:
“В” ХХКомпани нь шинээр санхүүгийн нэмэлт баримт материал ирүүлээгүй учир ШШҮТ-ийн ШНББМТовчооны шинжээч С-ийн 2007 оны 06 дугаар сарын 04-ний 053 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж гэж байна. “В” ХХКомпани нь 1.063.882.9 мянган төгрөгийн орлогыг данс бүртгэлд тусгаагүй байна.
Өмнөх шинжээчид ирүүлсэн гэх зарлагын баримтууд нь анхан шатны баримтын шаардлагыг хангахгүй, данс бүртгэлд тусгаагүй, тайлан балансад ороогүй учир хасагдах зардалд орохгүй. “В” ХХКомпаний … банкин дахь … тоот ам долларын дансаар 4403.22 ам долларын орлого 4378.22 ам долларын зарлагын гүйлгээ хийгдсэн байна. Энэ гүйлгээ нь данс дамжуулан орсон, гарсан гүйлгээ гэж үзэн татвар ногдох орлогод оруулан тооцоогүй болно. Тус харилцах дансаар гарсан гүйлгээний анхан шатны баримт байхгүй байгаа бөгөөд банкны хуулгаас харахад самбарын түрээсийн төлбөрийн орлого гэж “Э” ХХКомпаниас орж ирсэн ба энэ ХХКомпанитай харилцдаг гэх ямар нэгэн гэрээ байхгүй байна” гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч С мэдүүлэхдээ:
“В” ХХКомпаний 2003-2004 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд татварын шалгалт хийсэн Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Д, Ө нарын 2005 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 222280 тоот акт, ҮТЕГ-ын татварын улсын байцаагч Х ийн 0300178 тоот дүгнэлт, шинжээч Ж-ийн 2007.06.04- ний өдрийн 53 тоот дүгнэлт, шинжээч Д,.Э нарын гаргасан 2007.08.02- ны өдрийн 074 тоот дүгнэлт бүгд үндэстэй зөв гарсан байна. ТУБ Д, Ө нарын 2005 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 222280 тоот актаар тооцсон зөрчлийг өмнөх 2 удаагийн магадлагаагаар шалгаагүй байх тул бид холбогдох НББ-ийн анхан шатны баримт буюу НӨАТ-ын падаанаар он тус бүрээр түүвэрлэж, тооцоог харьцуулан тулгаж шалгасан болно.
“В” ХХКомпани нь НӨАТ-тай 1.063.882.9 мянган төгрөгийн орлогыг олохын тулд дээрх мөнгөөр худалдаж авсан түүхий эд материал, туслах материалаас үйлдвэрлэлд 2003 онд 116.832.7 мянган төгрөг, 2004 онд 86.583.2 мянган төгрөг, нийт дүнгээр 1.019.500.9 мянган төгрөгийг зарцуулсан байна.
Дээрх 1.019.500.9 мянган төгрөгийн зардал нь татвар ногдох орлогоос хасагдахаар байна” гэв.

-Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Н мэдүүлэхдээ: “В” ХХКомпани нь 1.063.882.900 төгрөгийн орлогыг олохын тулд дээрх мөнгөөр худалдаж авсан түүхий эд, материал, туслах материалаас үйлдвэрлэлд 2003 онд 116.832.7 мянган төгрөг, 86.583.2 мянган төгрөг, 2005 онд 325.140.0 мянган төгрөг, 2006 онд 490.945.0 мянган төгрөг, нийт дүнгээр 1.019.500.9 мянган төгрөгийг зарцуулсан байна. Дээрх 1.019.500.9 мянган төгрөгийн албан татвар ногдох орлогоос хасагдахаар байна. Би бол орлого талыг харсан бөгөөд өмнө нь өөрсдийнх нь ирүүлсэн баримтын хүрээнд дүгнэлт гаргасан учир үндэстэй гэж үзсэн” гэв.
-Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г мэдүүлэхдээ:
Ж надаас мөнгө төгрөг байнга л өгч, авалцаж байдаг, ….нэг удаа 20.0 сая төгрөг авч байсан. …” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/
- Мөрдөн байцаалтын шатанд таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд: Сэжигтэн Б-ийн гэрэл зургийг түүний гадаад төрхтэй төстэй 7 эмэгтэй хүний гэрэл зургийн намт хааж, Ө-өөс таны өмнө өгсөн мэдүүлэгт дурьдсан “В” ХХКомпаний нягтлан гэх танд 20 сая төгрөгийн хахууль өгөхөд зуучилж танаас 8 сая төгрөгийг авсан эмэгтэйн зураг байгаа эсэхийг таньж олно уу гэж мөрдөн байцаагч асуухад Б зургийг зааж, “В” ХХКомпаний нягтлан хийдэг, надад захирлаасаа мөнгө өгөхөд санаачилсан, надаас 8 сая төгрөгийг авсан эмэгтэй мөн байна гэснийг тэмдэглэл болгон үйлдэв. /хх-ийн 124-125 дугаар хуудас/
- Шүүгдэгч Ө, Ж, Ч, Б. нарыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, сэжигтнийг яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүд.
Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шинжээч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Ө … татварын газрын хяналт шалгалтын хэлтэст татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа “В” ХХКомпаний 2003-2004 оны албан татварын ногдуулалт, төлөлт, НӨАТ-ын баталгаажуулалтыг шалгах үедээ шалгалтаар илэрсэн зөрчил, төлөх татварын дүнг багасгана гэж урьдчилан амлаж, тус компаний захирал Ж-ээс 2005 оны 05 дугаар сард 20 сая төгрөгийн онц их хэмжээний хээл хахууль авсан,
Шүүгдэгч Ж татварын улсын байцаагч Ө-д шалгалтаар илэрсэн зөрчил, төлбөрийг багасгахын тулд 20 сая төгрөгийг хээл хахуульд өгсөн,
Шүүгдэгч Б “В” ХХКомпанид татварын ногдуулалт, төлөлт, НӨАТ-ын баталгаажуулах шалгалт хийсэн татварын улсын байцаагч Ө-д 20 сая төгрөгийг хээл хахууль өгч, авахад зуучилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Ө - ийг сэжигтнээр байцаасан тэмдэглэлүүд /хэргийн 324-329 дүгээр хуудас/, Б-г гэрчээр байцаасан тэмдэглэл /хэргийн 336 дугаар хуудас/, шүүгдэгч Ж-г сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хэргийн 350-352 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хэргийн 124 дүгээр хуудас/, гэрч Г-ийн мэдүүлэг, шүүгдэгч Ө-ийн өөрийн нөхрийн нэр дээр ХЗХоршоонд мөнгө хадгалуулсан баримтууд /хэргийн 451-458 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсгүүдэд заасан гэмт хэрэгт гэм буруутай ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж “В” ХХКомпаний захирлаар, шүүгдэгч Ч нь “В” ХХКомпаний ерөнхий нягтлан бодогчоор, шүүгдэгч Б “В” ХХКомпанид нягтлан бодогчоор тус тус ажиллаж байхдаа бүлэглэн 2003-2006 онуудад аж ахуйн нэгж байгууллагын орлогын болон нэмэгдсэн өртгийн онц их хэмжээний татвар ногдох 1.063.882.900 /нэг тэр бум жаран гурван сая найман зуун наян хоёр мянга есөн зуу/ төгрөгийн орлогыг ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй нууж, 412.584.300 /дөрвөн зуун арван хоёр сая таван зуун наян дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь Иргэний нэхэмжлэгч Х-ийн мэдүүлэг, татварын улсын байцаагчийн 2007 онй 03 дугаар сарын 15-ны өдрийн 0300178 тоот дүгнэлт, шинжээч Д-ийн 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 074 дүгээр дүгнэлт, шинжээч На, Жа, Эн, То нарын 2008 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 036 тоот өмнөх шинжээчдийн дүгнэлт үндэслэлийг тогтоосон дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 166 дугаао зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.
Иймд Монгол улсын Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1.2-д зааснаар шүүгдэгч Ж, Ч, Б нарт Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нуусан орлогод ногдох татвар болох 412.584.300 төгрөгийг Ж болон “В” ХХКомпаниас гаргуулж улсын орлогод оруулах, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Ж, Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг, 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б-ээс 8 сая төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө-д ял шийтгэл оногдуулахдаа бага насны хүүхэдтэй хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Татварын өршөөл үзүүлэх тухай 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж , Ч, Б нарт Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-д Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар,
Б-д мөн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Ө онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг гэм буруутайд тооцсугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар Ө-өөс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ө оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт зааснаар Ө-өөс 12 /арван хоёр/ сая төгрөг, Б-ээс 8 /найм/ сая төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар “В” ХХКомпани болон Ж-гээс 412.584.300 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн … дугаартай зорчих үнэмлэх, Ч-н … дугаартай гадаад паспорт, барааны тэмдгийн гэрчилгээ, цэвэр усны сав, хуруу шил зэргийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Ж, Ч нарт буцаан олгосугай.
9. Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Ө-д 5 жил 6 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай.
10. Ял хойшлуулсан хугацаанд ялтан Ө хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.
11. Энэ хэргийн улмаас Ө, Ж нар тус тус 3 хоног цагдан хоригдсон, Ч, Б нар цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
12. Энэ тогтоол танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй дурьдсугай.
13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө, Ж, Б, Ч нарт урд авсан бусдын батлан даалтанд байлгах, эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БААТАР
ШҮҮГЧИД Г.БУЯНЖАРГАЛ, Д.ЭНХТУЯА