Сүхбаатар дүүргийн шүүхийн 354 дүгээр шийтгэх тогтоол

A- A A+
Сүхбаатар дүүргийн шүүхийн 354 дүгээр шийтгэх тогтоол
Эрүүгийн хэргийн төрөл, зүйл хэсэг: 169.1-Хээл хахууль өгөх

ШИЙТГЭХ ТОГТООЛ

2008 оны 11 сарын 10 өдөр                                  Дугаар 354                                  Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч М.Алдар даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нарийн бичгийн дарга: Ч.Даваасүрэн
Улсын яллагч: Л.Бадралт
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Мөнхтуяа нарыг оролцуулан
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С-д холбогдох 2008/399/Э дугаарын индекстэй хэргийг 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Монгол улсын иргэн, ...онд ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, геофизикч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Г” ХХК-д захирлаар ажиллаж байсан, ам бүл ..., эхнэр, хоёр хүүхдийн хамт ...дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, С.
Шүүгдэгч С нь ... оны 08 дугаар сарын 21-ний өдөр Замын Цагдаагийн газрын Бүртгэл техникийн хэлтсийн Тоо бүртгэлийн тасгийн дарга Б-д автомашины азын дугаар авахын тулд 100 ам. доллар буюу 115.171 төгрөгийн хээл хахууль өгөхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэр бүлийнхээ хүнд машин худалдаж авч өгсөн. Тэгээд Замын цагдаагийн газарт очтол “26”-аар эхэлсэн 10 дугаар байсан. Өөр азын дугаар сонгох хүсэлтэй байна гэтэл тасгийн даргатай уулз гэсэн. Бичиг баримтаа аваад Б даргатай уулзахад бичиг баримтыг чинь үзье гэсэн. Тэгээд би бичиг баримтаа өгөхдөө дээр нь 100 ам.доллараа ил тавиад хураамжийн мөнгө 100000 орчим төгрөг болох байх гэж өгсөн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна.
Гэрч Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Маягтын доор байдаг машины марк, үйлдвэрлэсэн он, өнгө, арал, бүхээг, хөдөлгүүрийн дугаартай хэсгийг харахын тулд баримтыг сөхөхөд зуутын нэг ширхэг ам.доллар хавчуулсан байсан. “энэ юун 100 доллар вэ” гэж асуухад “хоолонд орчихоорой ахаа” гэж надад хэлсэн. “Юун хоол вэ” гэсэн чинь “ахаа нэг азын дугаар өгчихөөч, эхнэртээ бэлэг барих гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юун дэмий юм яриад байгаа юм бэ” гэж хэлээд өөрт нь өгсөн. Гэтэл миний гараас баримтаа авахгүйгээр гарын алгаараа түлхээд “ээ ахаа өгчих л дөө” гэж хэлсэн. Ингэхээр нь бичиг баримтыг нь 100 ам.долларын хамт шууд цааш нь тавиад холбогдох газраар нь шалгуулна гэж хэлээд өөрийн дотуур утсаар 102 руу залгаад жижүүр рүү залгаж ерөнхий жижүүртэй яриад надад хүн 100 ам.долларын хахууль өгөх гээд байна гэсэн. Тэгээд байж байтал ЗЦГ-ын хэрэг бүртгэх хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч хошууч Д ирсэн...” /хх-ийн 21-23/
Гэрч Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...тоо бүртгэлийн тасгийн дарга хошууч Б энэ хүн надад авлига өгөх гэж оролдлоо, үүнийг шалгаж өгөөч гэж хэлээд улсын дугаар шинээр авахаар бүрдүүлсэн баримтыг 100 ам.долларын хамт надад өгсөн. Би тэр хүнийг авч гараад дотоод хяналт шалгалтын тасгийн байцаагч ахмад У хүлээлгэж өгсөн...” /хх-ийн 25/
Гэрч М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Замын цагдаагийн газраас иргэдэд азын дугаар болон 4 ижил тоотой, гурван тэгтэй зэрэг дугааруудыг газрын даргын зөвшөөрлөөр, бусдыг би олгодог байсан. Одоо бол надад өөрийн дураар шийдэж азын дугаар гэх ижил дугаар олгохгүй байгаа. Энэ оны эхний улиралд азын дугаарыг дуудлага худалдаагаар оруулж худалдаж байя гэсэн журмыг боловсруулахад Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу аваагүй байна...” /хх-ийн 28/ Тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд яллах болон өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судлагдсан дээрх баримтууд болон Монгол банкны лавлагаа /хх-ийн 26/, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол /хх-ийн 47/, ЗЦГ-ын газраас албан бичиг /хх-ийн 45, 46/ шүүгдэгч С-ын урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 29/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч С нь 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эхнэртээ автомашины азын дугаар авч өгөх зорилгоор Замын Цагдаагийн газрын Бүртгэл техникийн хэлтсийн Тоо бүртгэлийн тасгийн дарга Б-д дээрх дугаарыг авахын тулд 100 ам.доллар буюу 115.171 төгрөгийн хээл хахууль өгөхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Б, Д нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан С-ын 100 ам.доллар, шүүгдэгчээс хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч С нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэв. Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн НВ16816764 D, В2 гэсэн сери дугаар бүхий 100 /нэг зуу/ ам.долларыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С-ыг бусдад хээл хахууль өгөхийг завдсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-ыг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 108.000 төгрөгийг 35 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.780.000 /гурван сая долоон зуун наян мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн НВ16816764 D, В2 гэсэн сери дугаар бүхий 100 /нэг зуу/ ам.долларыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.
6. Шийтгэх тогтоолд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С урьд бусдын батлан даалтад байлгахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ М. АЛДАР